| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Боролзойн Халиун |
| Хэргийн индекс | 186/2019/0535/Э |
| Дугаар | 568 |
| Огноо | 2019-07-08 |
| Зүйл хэсэг | 10.1, |
| Улсын яллагч | Б.Байгалмаа |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 07 сарын 08 өдөр
Дугаар 568
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж, шүүгч Ё.Цогтзандан, П.Ариунболд нарын бүрэлдэхүүнтэй,
улсын яллагч Б.Байгалмаа,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номинзул,
иргэдийн төлөөлөгч П.Өлзий-Очир,
шүүгдэгч Л.Ж, түүний өмгөөлөгч Ю.Тогмид,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Мягмардорж нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгтзаасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Цахир овгийн Л.Жд холбогдох эрүүгийн 1911012390466 дугаартай хэргийг 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Цахир овгийн Л.Ж, 1983 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Төв аймагт төрсөн, 35 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, Нарантуул-2 зах дээр ачигч ажилтай, ам бүл 7, ээж, эхнэр, бага насны 4 хүүхдийн хамт Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг, 12 дугаар хороо, Булгийн задгай тоотод оршин суух хаягтай,
урьд Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 386 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн,
Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 19-ны өдрийн 807 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж уг ялыг 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдөр биелүүлж дуусан, регистрийн дугаарНФ,
Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/;
Шүүгдэгч Л.Ж нь 2019 оны 04 дүгээр сарын 23-ны орой 22-23 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн задгай тоотын гадна М.Баасандоржтой хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан толгойн тус газар нь чулуугаар цохиж хүнийг алсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Л.Ж нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Талийгаач орой 22 цагийн үед манай гэрт согтуу байдалтай, архи аваад орж ирсэн. Авчирсан архийг нь уугаад байж байхад хоёулаа зодолдъё гээд бид хоёр гадаа гарсан. Гадаа байхад миний дээр гарч суугаад хоолой боогоод байхаар нь би хажуудаа байсан чулууг газраас авч цохисон. Тэгэхэд талийгаач толгойгоо бариад миний дээрээс боссон. Хохирогчид гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Миний буруу...” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Мягмардорж нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Гомдол, саналгүй. Баримтаар гаргаж өгсөн хохирлоо нэхэмжилж байна...” гэв
Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх 6/
Хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх06-12/
Цогцосны гадна биед үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх13-15/
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Мягмардорж нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ:“...Би Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо Булгийн 17-795 тоотод хүү Баасандоржийн хамт амьдардаг. Талийгаач хүү маань архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг. Би 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өглөө 08 цаг өнгөрч байхад гэрээсээ гараад ажилдаа явсан. Ажлаасаа 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 11 цагийн үед буугаад гэртээ ирсэн чинь талийгаач гэрийн баруун талын өөрийн унтдаг орныхоо урд хөнжлөө дэрлээд хэвтэж байсан ба хивсэн дээр бөөлжис болсон байсан...Тэгээд 14 цагийн үед гэртээ ирсэн чинь талийгаач яг хэвэндээ хэвтэж байхаас гадна, амьсгал нь нэгэл ондоо байхаар нь 102 дугаарт залгаад манай хүү архи уудаг юм. Ухаан, мэдрэлгүй байна гэсэн чинь намайг 103 утсанд ханд гэсэн. Тэгээд би 103-руу залгаад дуудлага өгсөн чинь эхлээд цагдаа ирээд, араас нь түргэн ирж үзээд архины гүн хордлого байна, авч явна гээд намайг машиндаа суулгаад 1 дүгээр эмнэлэг орж тархины зураг авахуулсан чинь тархины баруун талдаа цус хуралттай байна гээд гэмтлийн эмнэлэг рүү авч явсан. Гэмтлийн эмнэлэг дээр 15 цаг өнгөрч байхад ирээд 20-30 минутын дараа манай хүү нас барсан. 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өглөө орныхоо урд хэвтэж байхад нь харахад талийгаачийн нүүр нь бага зэрэг цус болж хатсан байсан...” гэх мэдүүлэг. /хх 23-25/
Гэрч Т.Энхжаргал нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Би нөхөр Ж болон хадам ээж Даваа нарын хамт Нарантуул-2 захын мах, махан бүтээгдэхүүн болон дайвар махны хэсэгт ажилладаг юм. Манайх Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо Булгийн 17- 797в тоотод оршин суудаг. 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр зах дээр ажиллаж байхад манай нөхөр Ж 18:00 цагийн үед түрүүлээд гэртээ харина гээд явсан. Ингээд би 20 цагийн орчим тараад харьж явахад Ж өөрийн ах Болдоо болон бэр эгч Анхтуяа нартай хамт урдаас уруудаад ирж таараад эмнэлэг рүү хамаатныхаа хүн дээр очно гэж байсан. Ж болон Анхтуяа хоёр архи уучихсан, ..ах ньэрүүл байхаар нь та нар согтуу эмнэлэг дээр очоод хэрэггүй, зүгээр мөнгө шилжүүлчих гээд 20.000 төгрөг шилжүүлсэн. Ингээд доошоо буугаад гуанзанд ороод Жагаа болон Болдоо ах хоёр хоол идээд бид нар гараад дэлгүүрээс нэг шил 0.75 литрийн хараа архи аваад гэртээ ирсэн. Болдоо ах, Анхаа хоёр гэртээ орсон. Жагаа бид хоёр гэртээ ортол талийгаач Баасандорж манай гэрт ирээд сууж байсан тэгээд авчирсан архиа задлаад уух гэж байхад Анхаа эгч манай гэрт орж ирсэн. Тухайн үед талийгаач нилээд их архи уусан байдалтай байсан бөгөөд бид нар нөгөө архиа уугаад би согтоод нам унтаад өгсөн. Тэгээд маргааш өглөө нь 08:00 цаг гэж сэрээд Жагаа бид хоёр ажилдаа явсан. Манай нөхөр талийгаач хоёр хоорондоо маргалдсан эсэхийг мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх 43-44/
Гэрч Л.Болдбаатар нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Би Чингэлтэй дүүргийн ТҮК-д ачигчаар ажилладаг бөгөөд 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр ажлаа тараад гэртээ ирэхэд манай эхнэр Анхтуяа архи уучихсан жаахан халамцуу байсан. ...манай дүү Ж ирсэн...Ж бид хоёр хоол идээд, дэлгүүр ороод Ж 1 шил 0.75 литрийн Хараа архи авсан. Тэр архинаас би нэг л удаа уугаад эхнэр Анхтуяагийн хамтаар гэртээ орсон. Ж, Энхжаргал нар нөгөө архиа аваад гэр лүүгээ явсан. Би гэртээ орж ирээд байж байтал манай эхнэр Жы гэр лүү орохоор явсан ба би ядраад байсан болохоор гэртээ үлдээд унтсан. Тэгээд маргааш нь өглөө нь 07:00 цаг гээд босоход манай эхнэр гэртээ ирээгүй байсан тул би хувцасаа өмсөөд Жы гэрт ороход манай эхнэр болон Ж, Энхжаргал нар унтаж байсан...” гэх мэдүүлэг /хх 48-49/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 1005 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:
“...Талийгаач нь гавал тархины битүү гэмтлүүдийн улмаас тархи хавагнаж, дарагдаж нас баржээ.
Талийгаачид ил харагдах зулайн хуйханд няцарсан шарх, зүүн хөлөнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
Зүүн шилбэний цус хуралт нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн, гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй, үхэлд нөлөөлөөгүй.
Зулайн хуйхны няцарсан шарх нь хатуу мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх, үхэлд хүргэсэн гавал тархины гэмтэлтэй шууд шалтгаант холбоотой.
Шууд үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй.
Талийгаачийн цусанд спиртийн зүйл илрээгүй.
Талийгаач нь 1 дүгээр бүлгийн цустай байна...” гэх дүгнэлт /хх 54-46/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн тусгай шинжилгээний газрын биологийн шинжээч, цагдаагийн ахмад М.Өнөржаргалын 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 2701 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:
“...Хэргийн газрын үзлэгээр бэхжүүлж авсан гэх модны хэсгүүд дээр цус илэрсэн. Уг цус нь 0/1 бүлгийн харъяалалтай байна...” гэх дүгнэлт /хх 60/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчС.Одончимэгийн 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 5134 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд: “...Л.Жы биед хэсэг газрын үзлэг хийхэд биед ил харагдах гэмтэлгүй, биед эрүүл мэндийг сарниулах гэмтэл тогтоогдохгүй байна...”/хх 63/
Шүүгдэгч Л.Ж нь мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар мэдүүлэхдээ: “...Баасандорж орж ирээд ямарч шалтгаангүйгээр шууд надад агсам тавиад банди минь хоёулаа зодолдох уу? гэхээр нь би чи юу гээд байгаа юм гэсэн. ...намайг цохиж өшиглөөгүй ба миний өмсөж байсан энгэртээ цахилгаантай ноосон цамцны захаар боогоод газах унгаагаад өөрөө миний дээр гараад хоолой боосон. Тэгээд миний амьсгал боогдоод байхаар нь би баруун гараа явуулаад газраас чулуу аваад толгойн тус газар нь цохь...намайг боож байсан гараа тавьхаар нь түүнээс салаад гэрлүүгээ орсон. Миний араад талийгаач орж ирээд уучлалт гуйсан. ...толгойноос нь цус гарсан байсан...” гэх мэдүүлэг /хх86-88/
Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх 95/, иргэний үнэмлэхийн хуулбар /хх 93/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид хохирол төлбөр төлсөн тухай баримт /хх 182/ зэргийг шинжлэн судлалаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Л.Ж нь 2019 оны 04 дүгээр сарын 23-ны орой 22-23 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн задгай тоотын гадна М.Баасандоржтой хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан толгойн тус газар нь чулуугаар цохиж хүнийг алсан гэмт хэрэгтгэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх 6/, хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 06-12/, цогцосны гадна биед үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 13-15/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Мягмардоржын “...тархины баруун талдаа цус хуралттай байна гээд гэмтлийн эмнэлэг рүү авч явсан. Гэмтлийн эмнэлэг дээр 15 цаг өнгөрч байхад ирээд 20-30 минутын дараа манай хүү нас барсан. 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өглөө орныхоо урд хэвтэж байхад нь харахад талийгаачийн нүүр нь бага зэрэг цус болж хатсан байсан...” гэх мэдүүлэг. /хх 23-25/, гэрч Т.Энхжаргалын “...Жагаа бид хоёр гэртээ ортол талийгаач Баасандорж манай гэрт ирээд сууж байсан тэгээд авчирсан архиа задлаад уух гэж байхад Анхаа эгч манай гэрт орж ирсэн. Тухайн үед талийгаач нилээд их архи уусан байдалтай байсан бөгөөд бид нар нөгөө архиа уугаад би согтоод нам унтаад өгсөн. Тэгээд маргааш өглөө нь 08:00 цаг гэж сэрээд Жагаа бид хоёр ажилдаа явсан. Манай нөхөр талийгаач хоёр хоорондоо маргалдсан эсэхийг мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх 43-44/, гэрч Л.Болдбаатарын мэдүүлэг /хх 48-49/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 1005 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх 54-46/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн тусгай шинжилгээний газрын биологийн шинжээч, цагдаагийн ахмад М.Өнөржаргалын 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 2701 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх 60/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч С.Одончимэгийн 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 5134 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх 63/, шүүгдэгч Л.Жы “...чулуу аваад толгойн тус газар нь цохь...намайг боож байсан гараа тавьхаар нь түүнээс салаад гэрлүүгээ орсон. Миний араад талийгаач орж ирээд уучлалт гуйсан. ...толгойноос нь цус гарсан байсан...” гэх /хх 86-88/мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Л.Жы хүнийг алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх, шүүгдэгч Л.Жд ял шийтгэхэд хохирогчийн нэхэмжилсэн оршуулгын зардлыг төлсөн, гэмт хэрэг гарахад хохироргчийн буруутайүйл ажиллагаа нөлөөлсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5/тав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял оногдуулахаар шийдвэрлэв.
Шүүх шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Мягмардорж нь оршуулгын зардалд нийт 1.194.200 /нэг сая нэг зуун ерэн дөрвөн мянга хоёр зуу/ төгрөг нэхэмжилснийг шүүгдэгч Л.Ж нь төлсөн байна. Мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Мягмардорж нь “...гомдол, санал байхгүй...” гэсэн болно.
Хэрэгт битүүмжилсэн эд хөрөнггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Л.Ж нь нийт 75 хоног цагдан хоригдсоныг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Цахир овгийн Л.Жыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алсангэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Л.Жд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5 /тав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Л.Жд оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Л.Жы энэ хэрэгт цагдан хоригдсон нийт 75 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.
5. Хэрэгтбитүүмжилсэн эд хөрөнггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Жд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХАЛИУН
ШҮҮГЧИД Ё.ЦОГТЗАНДАН
П.АРИУНБОЛД