| Шүүх | Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Халзанхүүгийн Гэрэлмаа |
| Хэргийн индекс | 144/2024/00216/И |
| Дугаар | 203/МА2025/00020 |
| Огноо | 2025-04-09 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 04 сарын 09 өдөр
Дугаар 203/МА2025/00020
2025 оны 04 сарын 09 өдөр Дугаар 203/МА2025/00020 Даланзадгад сум
Б.*******гийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Дэлгэрмаа даргалж, шүүгч Х.Гэрэлмаа, шүүгч Л.Угтахбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Өмнөговь аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 144/ШШ2025/00030 дугаар шийдвэртэй, Б.*******гийн нэхэмжлэлтэй, О.*******д холбогдох
Гэм хорын хохирол 400,523,486 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Нармандахын гаргасан давж заалдах гомдлоор 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч шүүгч Х.Гэрэлмаагийн танилцуулснаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Нармандах /цахим/, хариуцагч О.*******, хариуцагчийн өмгөөлөгч Д.Оюунбаатар /цахим/, нарийн бичгийн дарга А.Ариунаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэл болон нэмэгдүүлсэн шаардлагын агуулга: ...Өмнөговь аймгийн ******* сумын ******* багийн ******* суурьшлын бүс Их ******* гудамж ******* тоотод байх манай ******* гэр ахуйн дэлгүүрт О.*******ын буруутай үйлдлийн улмаас 2024 оны 07 дугаар сарын 29-ний өдөр гал гарч их хэмжээний хохирол учирсан. Уг гал О.*******ын Өмнөговь аймгийн ******* сумын ******* багийн ******* суурьшлын бүс Их ******* гудамж 59 тоотоос эхэлж гарсан бөгөөд уг хэргийг цагдаагийн байгууллага хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгасан.
Хэрэг цагдаагийн байгууллагад шалгагдаж байхад галын шалтгааныг тогтоож шинжээчийн дүгнэлт гарсан бөгөөд О.*******ын хайхрамж болгоомжгүй, аюулгүй байдлыг хангаагүй тог цахилгаанаас болж гал гарсан болсон болох нь тогтоогдсон.
Хэрэг гэмт хэргийн шинжгүйн улмаас ******* сумын Онцгой байдлын газарт үргэлжлүүлэн шалгагдсан. Уг гал түймрийн улмаас ******* гэр ахуйн дэлгүүр бүхэлдээ, дэлгүүрт зарагдаж байсан бараа ихэнх нь шатаж үлдсэн бараа нь дахин ашиглах боломжгүй болсон.
Манай дэлгүүр болон бараанд эрх бүхий байгууллагаас мэргэжлийн шинжээчээр дүгнэлт гаргуулж дэлгүүрийн барилгыг 67,193,120 төгрөгөөр, зарагдаж байсан барааг 82,880,146 төгрөгөөр тус тус үнэлэгдсэн. Надад нийт 150,073,266 төгрөгийн хохирол учирсныг нэхэмжилнэ.
Би дэлгүүрээ ажиллуулж байхдаа сард ойролцоогоор 50,000,000 төгрөгийн орлого олдог байсан ба олох байсан орлого 50,000,000 төгрөг нэхэмжилнэ. Шинжээчийн дүгнэлт гаргуулахад миний зүгээс үнэлгээний төлбөрт 450,220 төгрөгийг үнэлгээний Дамно компанид төлсөн бөгөөд энэ мөнгийг нэхэмжилнэ. Иймд О.*******аас шатсан дэлгүүр, барааны үнэ 150,073,266 төгрөг, шинжээчийн зардал 450,220 төгрөг, 2024 оны 9-12 сарын буюу 4 сарын орлого 200,000,000 төгрөг, нийт 400,523,486 төгрөгийг О.*******аас гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн тайлбарын агуулга:
Миний бие Өмнөговь аймаг, ******* сум ******* багийн Цагаан хад суурьшлын бус, Их Цагаан хад гудамж 59 тоотод ажлын хувцасны дэлгүүр ажиллуулдаг бөгөөд 2024 оны 07 дугаар сарын 29-ний өдрөөс 30-нд шилжих шөнө манай дэлгүүрийн ар хэсгээс гал гарч улмаар манай дэлгүүр болон Б.*******гийн ******* гэр ахуйн барааны дэлгүүр галд өртөж, бид хэн хэн нь эд хөрөнгөөрөө хохирсон. Тухайн болсон асуудалд цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагаа явуулсан бөгөөд миний бие гал юунаас болж гарсан, хэн нэгний санаатай болон болгоомжгүй үйлдлээс болж гарсан эсэх зэргийг тогтоолгож галын улмаас учирсан хохирлыг барагдуулах хүсэлтэй байгаагаа холбогдох байгууллагуудад илэрхийлсэн.
Цагдаагийн байгууллагын шалгалтын ажиллагааны явцад гал хаанаас эхэлж гарсан, гал гарсан шалтгаан нөхцөлийг тогтоолгохоор шинжээч томилсон боловч Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын гал түймрийн улсын хяналтын байцаагчийн 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 085/12 дугаартай дүгнэлтээр галын шалтгаан нөхцөлийг тогтоох боломжгүй гэж үзсэн.
Өмнөговь аймгийн ******* сум дахь Сум дундын Прокурорын газрын 2024 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 334 дугаартай прокурорын тогтоолоор хэн нэгэн этгээдийн буруутай үйлдлийн улмаас гал гарсан гэх үйл баримт тогтоогдохгүй байна. Болсон асуудал нь гэмт хэргийн шинжгүй байна гэж үзэж хэрэг бүртгэлийн хэрэг нээхээс татгалзаж шийдвэрлэсэн.
Өөрөөр хэлбэл О.******* миний буруутай үйлдлээс болж гал гарсан гэж тогтоосон зүйл байхгүй. Иймд Б.******* нь гал гарсан асуудалд намайг буруутгаж, надаас хохирол нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй, хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар Б.*******гийн нэхэмжлэлтэй О.*******д холбогдох гэм хорын хохиролд 400,523,486 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, ******* дугаар зүйлийн *******.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,318,517.43 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:
1. Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан 2024 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 334 дугаартай прокурорын тогтоол 4 хуудас, Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын гал түймрийн улсын хяналтын байцаагчийн 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 085/12 дугаартай дүгнэлт 2 хуудас нотлох баримтыг тус тус шинэ нотлох баримтаар гаргаж өгсөн.
Дээрх нотлох баримтуудыг шүүх хүлээж авахдаа өмнө гаргаж өгөх боломжтой байсан эсэхийг тодруулаагүй, шинээр гаргаж өгсөн нотлох баримтуудыг нэхэмжлэгч талд танилцуулаагүй, нотлох баримтаар хүлээн авах эсэх талаар хэлэлцээгүй, энэ талаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс тайлбар аваагүй шууд хүлээн авч шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн. /шүүх хуралдааны тэмдэглэлийн 2-р тал/
Ингэснээрээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.2 дахь хэсэгт Хэрэг хянан шийдвэрлэхтэй холбогдолтой нэмэлт тайлбар, нотлох баримтыг урьд нь гаргах буюу санал болгох бололцоотой байсан боловч шүүх хуралдааны үед гаргасан нь хүндэтгэн үзэх шалтгаантай гэж шүүх үзвэл түүнийг хүлээн авч, шинжлэн судлах шаардлагатай бол шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулж болно." гэж заасныг зөрчсөн.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд заасан хэргийн оролцогчийн эсрэг талын шаардлага, тайлбар, татгалзал, түүнийг нотлох баримттай танилцах, тэдгээрт тайлбар өгөх, шүүх хуралдааны бусад оролцогчдод асуулт тавих, мэтгэлцэх эрхийг эдлүүлээгүй, ноцтой зөрчсөн болно.
2. Мөн шүүх хуралдаан явуулах дарааллыг тогтоохдоо ... хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судална, нотлох баримт шинжлэн судалсантай холбоотойгоор асуулт, хариулт явуулна... гэж тогтсон боловч бичгийн нотлох баримт шинжлэн судалсан дараа шүүх хуралдааны оролцогчдод бие биеэсээ асуулт асуух боломжийг олгоогүй шүүх хуралдааныг дуусгасан. /шүүх хуралдааны тэмдэглэлийн 12-р тал/
Хариуцагчийн өмгөөлөгч нь шинжлэн судалж байгаа нотлох баримтуудаасаа хэсэгчлэн уншиж сонсгож байсан бөгөөд миний хувьд ямар баримт хэрэгт авагдсаныг бүрэн ойлгоогүй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1 дэх хэсэгт Нотлох баримт шинжлэн судалсны дараа шуух хуралдаан даргалагч нэмж тодруулах зүйл байгаа эсэхийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчөөс асууна. гэж заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн.
Хуулийн энэхүү зохицуулалт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дээрх нөхцөл байдлуудаас мэтгэлцэх зарчмын дагуу тодруулах болон дахин асуулт асуух боломжийг олгосон атал шүүх оролцогчийн энэхүү эрхийг зөрчлөө.
Иймд анхан шатны шүүх нь хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуульд заасан журмыг зөрчсөн, нэхэмжлэгч талын эрхийг ноцтой зөрчсөн бөгөөд зөрчлийг давж заалдах шатны шүүхээс арилгах боломжгүй тул Өмнөговь аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 144/ШШ2025/00030 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасны дагуу Б.*******гийн нэхэмжлэлтэй, О.*******д холбогдох, иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Нармандахын гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзлээ.
Нэхэмжлэгч Б.******* нь О.*******ын буруутай үйлдлийн улмаас гал гарч гэр ахуйн барааны дэлгүүр нь шатаж их хэмжээний хохирол учирсан гэж дэлгүүр, шатсан барааны үнэ, олох байсан орлого нийт 400,523,486 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч О.******* нь миний буруутай үйлдлээс болж гал гарсан гэж тогтоосон зүйл байхгүй, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж маргажээ.
Анхан шатны шүүх: Б.*******гийн гаргасан гэм хорын хохиролд 400,523,486 төгрөгийг О.*******аас гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Нармандах эс зөвшөөрч анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэргийн оролцогчийн мэтгэлцэх эрхийг эдлүүлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн тул шийдвэрийг хүчингүй болгох агуулгатай давж заалдах гомдлыг гаргажээ.
Давж заалдах шатны шүүхээс хэргийг хянахад хэргийн болон шүүх хуралдаанд оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсгийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1 дэх хэсгийн 168.1.3-т зааснаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Анхан шатны шүүхийн шүүх хуралдааны тэмдэглэлд хариуцагчийн өмгөөлөгч Д.Оюунбаатар нь анхан шатны шүүх хуралдаан дээр шинэ нотлох баримтаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан 2024 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 334 дугаартай прокурорын тогтоол /4 хуудас/, Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын гал түймрийн улсын хяналтын байцаагчийн 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 085/12 дугаартай дүгнэлт /2 хуудас/-ийг гаргаж өгсөн байх ба дээрх нотлох баримтуудыг шүүх хүлээж авахдаа өмнө гаргаж өгөх боломжтой байсан эсэхийг тодруулахгүйгээр хүлээн авч, нотлох баримтуудыг нэхэмжлэгч талд танилцуулаагүй, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс тайлбар авахгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлжээ. /1-р хх 223-р хуудас/
Мөн хуралдаан даргалагчаас шүүх хуралдаан явуулах дарааллыг тогтоохдоо ... хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судална, нотлох баримт шинжлэн судалсантай холбоотойгоор асуулт, хариулт явуулна... гэж тогтоосон боловч нотлох баримтуудыг шинжлэн судалсны дараа шүүх хуралдааны оролцогчдод бие биеэсээ асуулт асуух эрхийг олгоогүй байна. /1-р хх 228-р хуудас/
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.2 дахь хэсэгт Хэрэг хянан шийдвэрлэхтэй холбогдолтой нэмэлт тайлбар, нотлох баримтыг урьд нь гаргах буюу санал болгох бололцоотой байсан боловч шүүх хуралдааны үед гаргасан нь хүндэтгэн үзэх шалтгаантай гэж шүүх үзвэл түүнийг хүлээн авч, шинжлэн судлах шаардлагатай бол шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулж болно." гэж, мөн хуулийн 112 дугаар зүйлийн 112.1 дэх хэсэгт Нотлох баримт шинжлэн судалсны дараа шүүх хуралдаан даргалагч нэмж тодруулах зүйл байгаа эсэхийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчөөс асууна. гэж заасныг тус тус зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.
Иймд анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд заасан хэргийн оролцогчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдлэх эрхийг эдлүүлээгүй буюу эсрэг талын шаардлага, тайлбар, татгалзал, түүнийг нотлох баримттай танилцах, тэдгээрт тайлбар өгөх, шүүх хуралдааны бусад оролцогчдод асуулт тавих, мэтгэлцэх эрхийг эдлүүлээгүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол, тайлбар үндэслэлтэй тул давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэсэн тул давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,318,518 төгрөгийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Нармандахад шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсгийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1 дэх хэсгийн 168.1.3-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Өмнөговь аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 144/ШШ2025/00030 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Нармандахын давж заалдах гомдлыг хангасугай.
2. Б.*******гийн нэхэмжлэлтэй О.*******д холбогдох иргэний хэргийг дахин шийдвэрлүүлэхээр Өмнөговь аймгийн ******* сум дахь сум дундын шүүхэд буцаасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Нармандахын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,318,518 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ДЭЛГЭРМАА
ШҮҮГЧИД Л.УГТАХБАЯР
Х.ГЭРЭЛМАА