Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2025/00504

 

 

*******,*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч Т.Гандиймаа, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 191/ШШ2025/00616 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: *******, дунд үйлдвэрийн газар

Хариуцагч: *******, *******, *******, *******

Нэхэмжлэлийн шаардлага: 129,347,187 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгүүдээр хангуулах иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалан илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагч *******-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч *******, ******* нарын өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1 *******, *******, ******* нар нь *******, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сантай 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдөр 88/2018/З-5 зээлийн гэрээ байгуулж, 800,000,000 төгрөгийг 60 сарын хугацаатай, жилийн 3 хувийн хүүтэй Ноос ноолуур болон оёмол бүтээгдэхүүний үйлдвэрийг өргөжүүлэх төслийн зориулалтаар зээлсэн. Мөн 88/2018/5-5тай барьцааны гэрээ байгуулж, *******гийн өмчлөлийн, улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг, *******, гудамж, , хаягт байрлах, 88,98 м.кв талбайтай, конторын зориулалттай үл хөдлөх хөрөнгө, *******ийн өмчлөлийн, улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, , , , гудамж, байр, 4 дүгээр давхар хаягт байрлах, 494,23 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг тус тус барьцаалсан.

1.2 Зээлдэгч нь зээлийн гэрээний дагуу төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүй, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн. Иймд *******-аас алданги 129,315,187 төгрөг, нотариатын зардал 32,000 төгрөг, нийт 129,347,187 төгрөг гаргуулж, барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч *******-ийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1 ******* нь 2011 оноос хойш жижиг дунд үйлдвэрлэл бодитоор эрхэлж ажилласаар ирсэн ба жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төрийн бодлогын хүрээнд зээлийн шалгуурыг хангаж, 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Зээлийн гэрээ байгуулж, 800,000,000 төгрөгийг 60 сарын хугацаатайгаар Ноос ноолуур болон оёмол бүтээгдэхүүний үйлдвэрийг өргөжүүлэх зориулалтаар зээлсэн.

******* үндсэн зээл 800,000,000 төгрөг, хүү 73,287,333 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан. Хамгийн сүүлийн төлбөрийг 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдөр буюу зээлийн гэрээ, түүний нэмэлт, хавсралтаар тохиролцсон өдрөөс 8 хоногийн өмнө бүрэн төлж дуусгавар болгосон.

2.2 Харамсалтай нь энэ хугацаанд буюу 2020 оны 11 сараас эхлэн дэлхий нийтийг хамарсан Ковид -19 цар тахал тархаж, Засгийн газраас бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэн ихэнх байгууллага, аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг зогсоосон. Энэхүү гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн нөлөөллийн улмаас үйлдвэрлэл явуулах, борлуулалт хийх, орлого олох боломжгүй байсан ба компанийн гаргасан төлөвлөгөө биелж чадаагүй гэжээ.

3. Хариуцагч *******, ******* нарын тайлбар, татгалзлын агуулга:

3.1 ******* нь *******, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сантай 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдөр 88/2018/3-5 зээлийн гэрээ байгуулж, 800,000,000 төгрөгийг 60 сарын хугацаатай, жилийн 3 хувийн хүүтэй зээлсэн. Иймд зээлдэгч 800,000,000 төгрөгийг 60 сарын хугацаанд жилийн 3 хувийн хүүгээр тооцоод төлөх үндсэн үүрэг хүлээсэн.

3.2 Хэрэгт авагдсан баримт, нөхцөл байдлуудаас үзвэл манай байгууллагын буруутай үйлдэл буюу хугацаа хэтрүүлсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. Гэрээний хугацаа 2023 оны 10 дугаар сарын 14-ний өдөр дуусгавар болох байсан. Энэ хугацаанд үндсэн зээл болон хүү төлж барагдуулах үүргээ биелүүлсэн. Мөн үндсэн үүргээ биелүүлж дууссан байхад гэрээнд заагдаагүй хөшүүрэг гэх 129,315,187.17 төгрөгийг нэхэмжлэх үндэслэл тогтоогдохгүй байна.

3.3 Түүнчлэн, ямар хугацааны үлдэгдлээс тооцоолол гаргаж байгаа нь тодорхойгүй байна. Хөшүүрэг гэх санхүүгийн баримтыг шүүхэд ерөнхий байдлаар гаргаж өгөөд, шүүх бид нарын өмнөөс алдагдсан эрх ашиг зөрчигдсөн нөхцөл байдлыг тогтооно гэдэг байдлаар хандаж болохгүй. Мөн Force majeure-ийн гэрчилгээнд заасан нөхцөл байдал гэрээний хэрэгжилтийн хугацаанд үүссэн болох нь тогтоогдсон. Иймд хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэл нь гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээгээр нотлогдож байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

4.1 Иргэний хуулийн 22 зүйлийн 222.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч *******,*******ын *******-иас нийт 129,347,187.17 төгрөг гаргуулах тухай, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгүүдээр хангуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******, дунд үйлдвэрийн газар хариуцагч *******, *******, *******, ******* нарт холбогдуулан гаргасан нийт 129,347,187.17 төгрөг гаргуулах тухай, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч *******т холбогдох нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч *******,*******ын нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэсэн.

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

5.1 Ковид-19 цар тахлын нөлөө дэлхий дахиныг хамарч Монгол Улсад ч гэсэн сөрөг нөлөөллийг бий болгосон бөгөөд үүнийг Монголын худалдаа аж үйлдвэрийн танхим гэрчилж тус компанид 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 02/413 дугаар Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээ олгосон байна. Нэхэмжлэгчийн зүгээс тус компаниас 2019 оны 1 сараас 2023 оны 10 дугаар сарын 05-ны хооронд үүссэн 129,315,187.17 төгрөгийн алдангийг нэхэмжилсэн бөгөөд шүүх үүнийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Алдангийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ дээрх гэрчилгээг үндэслэл болгосон боловч уг давагдашгүй хүчин зүйл хэдэн онуудад болсон талаар үнэлэлт өгөөгүй.

Тодруулбал уг гэрчилгээ нь Монгол Улсын Засгийн газраас 2020 оны 11 дүгээр сараас 2021 оны 04 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл хугацаанд 9 удаагийн бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж, иргэн хуулийн этгээдийн үйл ажиллагааг хязгаарласныг гэрчилсэн юм.

5.2 Нэхэмжлэгчийн зүгээс зээл төлөлтийн дэлгэрэнгүй хуулгыг нотлох баримтаар өгсөн бөгөөд уг хуулгаас алдангид нэхэмжилсэн 129,315,187 төгрөг хэдэн онуудад үүссэн талаар харах бүрэн боломжтой байсан Гэтэл шүүх энэ хугацааг харгалзан үзэлгүй Иргэний хуулийн 22 зүйлийн 222.2 дахь хэсгийг баримтлан 2019-2023 онуудад бодогдсон алдангийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь хууль буруу хэрэглэсэн гэж үзэж байна. 2022 оноос хойш Ковид-19 цар тахлаас үүдэлтэй хөл хориог ахиж тогтоогоогүй бөгөөд иргэн, хуулийн этгээдийн үйл ажиллагаа хэвийн горимд шилжсэн. Тиймээс 2022-2023 онуудад үүссэн алдангиас чөлөөлөх үндэслэл байхгүй гэж үзэж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагчаас 129,315,187.17 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

6. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч талын тайлбарын агуулга:

6.1 Нэхэмжлэгчийн зүгээс зээлийн гэрээний хариуцлага буюу алдангийн төлбөрийг шаардаж нэхэмжлэл гаргасан. Үндсэн зээлийн төлбөр болон талуудын хооронд байгуулагдсан гэрээгээр тохиролцсон хүүгийн төлбөрийг гэрээнд заасан хугацаанд 100 хувь төлж барагдуулсан. Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимаас гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээг гаргуулж хэрэгт хавсаргасан. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс Монгол Улсын Засгийн газраас 2020 оны 11 дүгээр сараас эхэлж, 2021 оны 04 дүгээр сар хүртэлх хугацаанд нийт 9 удаа шийдвэр гаргаж, хөл хорио тогтоосон гэж үзэж, тухайн хугацаанд давагдашгүй хүчин зүйлийн нөхцөл байдалтай байсан гэж буруу ойлгож, тайлбарладаг. Гэвч тухайн үед бэлэн байдлын зэрэгт шилжиж, үйл ажиллагаа явуулах аж ахуйн нэгжийн жагсаалтад хариуцагч байгууллагын нэр байгаагүй.

6.2 Гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээгээр талуудын хооронд байгуулагдсан гэрээний үүргийг гүйцэтгэх боломжгүй болсныг 2018-2022 оны санхүүгийн тайланг харьцуулан үзэхэд тогтоогдсон. Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан. 1980 оны Бараа худалдах, худалдан авах олон улсын гэрээний тухай Нэгдсэн Үндэсний байгууллагын конвенцод Force majeure-ийн нөхцөл байдал үүссэн тохиолдолд талууд харилцан тохиролцож, гэрээнд өөрчлөлт оруулах эсхүл хариуцлагаас чөлөөлөгдөх асуудлыг шийдвэрлэхээр зохицуулсан. Уг зохицуулалтын дагуу гэрээгээр тохиролцсон хугацаанд үүргээ гүйцэтгэсэн учраас хариуцлагаас чөлөөлөгдөх асуудлыг шийдвэрлүүлэх ёстой.

6.3 Нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлохдоо хэзээний, хэдэн төгрөгөөс алданги тооцож нэхэмжилж байгаагаа тодорхойлоогүй. Хариуцагчийн зүгээс гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, зээлийн үндсэн төлбөр, хүүгийн төлбөрийг хугацаанд нь төлж дуусгасан гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

2. Нэхэмжлэгч *******, дунд үйлдвэрийн газар нь *******, *******, *******, ******* нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт алданги 129,315,187 төгрөг, нотариатын зардал 32,000 төгрөг, нийт 129,347,187 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

2.1 Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь хариуцагч *******ид холбогдох шаардлагаасаа татгалзсаныг шүүх баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасантай нийцсэн байна.

3. *******, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан болон *******, ******* нар 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдөр 88/2018/З-5тай зээлийн гэрээ байгуулсан. Гэрээгээр *******, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан нь 800,000,000 төгрөгийг жилийн 3 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай зээлдүүлэх, *******, ******* нар уг зээлийг тохирсон хугацаанд гэрээнд заасан хүүгийн хамтаар буцаан төлөх, төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.1 хувийн алданги төлөх нөхцөлийг тус тус харилцан тохиролцжээ. /1хх 8-11/

3.1 Мөн өдөр талуудын хооронд 88/2018/Б-5 Үл хөдлөх эд хөрөнгийн барьцаа /ипотек/-ны гэрээ байгуулагдсан. Гэрээгээр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор *******гийн өмчлөлийн, улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг, *******, Бага тойруу гудамж, , хаягт байрлах, 88.98 м.кв талбайтай, конторын зориулалттай үл хөдлөх хөрөнгө, *******ийн өмчлөлийн, улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, , , , гудамж, байр, 4 дүгээр давхарт байрлах, 494.23 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, *******гийн өмчлөлийн, улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, , хороо, хороолол, , байр, тоот хаягт байрлах, 55.52 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг тус тус барьцаалсан. /1хх 14-17/

3.2 Улмаар *******, дунд үйлдвэрийн газар болон ******* 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдөр 88/2018/З-52-1 дугаартай Зээлийн гэрээнд оруулах нэмэлт өөрчлөлт гэрээгээр зээлийн эргэн төлөлтийг 2023 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хүртэл болгон өөрчлөлт оруулсан байна. /1хх 12-13/

4. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан хүчин төгөлдөр зээлийн гэрээ байгуулагдсан гэж дүгнэсэн нь үндэслэлтэй.

4.1 Хариуцагч тал зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж байсан, 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдөр буюу гэрээний хугацаа дуусахаас өмнө зээлийг төлж дуусгасан үйл баримт тогтоогдсон, талууд үүнд маргаагүй. /1хх 21-22/

5. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 22 зүйлийн 222.2 дахь хэсэгт заасныг буруу тайлбарлан хэрэглэж, хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасны дагуу үнэлээгүй байна.

5.1 Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимаас 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдөр *******-д Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл /Force majeure/-ийн гэрчилгээ олгосон байна. Уг баримтаар тухайн үед хариуцагч гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлээс шалтгаалан зээлийн төлбөрийг хугацаа хэтрүүлж төлсөн гэх байдлыг эргэлзээгүй нотлохгүй байна. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх уг баримтыг үндэслэн нэхэмжлэгчийг алданги шаардах эрхгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй болжээ.

6. Зээлийн гэрээний 1.5-д Зээлдэгч энэ гэрээний дагуу төлөх зээлийн үндсэн төлбөр болон хүүгийн төлбөрийг энэ гэрээнд заасан хугацаанд эргэн төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн дүнд 0.1 хувийн алданги тооцно гэж заасан. Уг тохиролцоо нь Иргэний хуулийн 23 зүйлийн 232.6 дахь хэсэгт нийцсэн байна.

6.1 Хэдийгээр зээлийн гэрээнд алдангийн талаар заасан боловч нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар шаардаж буй алдангийн хэмжээ, үндэслэлээ баримтаар нотлох үүрэгтэй.

Нэхэмжлэгч алдангийн тооцооллын үндэслэлээ бусад баримтаар нотлоогүй байна. Нэхэмжлэгчээс шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн, хэргийн 21-2 талд авагдсан Зээл төлөлтийн дэлгэрэнгүй хуулга гэх баримтад алдангийн талаар тусгаагүй байх бөгөөд уг баримтад хөшүүргийн төлбөр гэж бичсэнийг Иргэний хуулийн 23 зүйлийн 232.6 дахь хэсэгт заасан алданги гэж тодорхойлсон. Уг баримтаар хариуцагчаас 2019 оны 1 сарын 31-ний өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл нийт 129,315,187 төгрөгийн алдангийг нэхэмжлэгч шаардах эрхтэй гэж үзэх үндэслэл бүрэн тогтоогдоогүй байна. Учир нь, тухайн баримт нь нэг талын буюу нэхэмжлэгчийн үйлдсэн баримт байх тул уг баримтад заасан тооцооллыг нэхэмжлэгч нь бусад баримтаар нотлох үүрэгтэй. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь зээл олгох мэргэжлийн оролцогчийн хувьд шаардах эрхээ дээрх баримтаас бусад баримтаар нотлох үүрэгтэй. Нөгөөтэйгүүр, хариуцагч тухайн баримтад тусгасан алдангитай холбоотой үнийн дүнгийн талаар тайлбар гаргаагүй нь талууд маргаагүй гэж үзэх үндэслэл болохгүй.

7. Иймд давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийг шаардлагын үндэслэлээ баримтаар нотлоогүй гэж дүгнэн, анхан шатны шүүхийн дүгнэлтийг өөрчилж, шийдвэрийг шийдлийн хувьд хэвээр үлдээж, хууль хэрэглээний өөрчлөлт оруулна. Энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй.

8. Нэхэмжлэгч нь нотариатын зардал төлсөн гэх байдлаа баримтаар нотлоогүй байх тул анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас нотариатын зардалд 32,000 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт нийцсэн. Талууд үүнд гомдол гаргаагүй. Харин анхан шатны шүүх Иргэний хуулийн холбогдох зүйл, хэсгийг баримтлаагүйг зөвтгөнө.

9. Түүнчлэн, шүүх үндсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хангах үндэслэлгүй.

10. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 191/ШШ2025/00616 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 23 зүйлийн 232.6, 219 дүгээр зүйлийн 219.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул *******-д холбогдох, 129,347,187 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай *******,*******ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 17 зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД

 

ШҮҮГЧИД Т.ГАНДИЙМАА

 

М.БАЯСГАЛАН