Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 210/МА2025/00520

 

 

*******-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Ч.Цэнд, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 191/ШШ2025/01218 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: *******

Хариуцагч: *******

Нэхэмжлэлийн шаардлага: гэрээний үүрэгт 1,372,358 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалан илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1 ******* нь *******-аас 2021 оноос эхлэн эм, эмнэлгийн хэрэгсэл худалдан авч, хамтран ажиллаж эхэлсэн бөгөөд бидний хувьд барааг хүлээн авсан тухайн сардаа төлбөрийг төлж байхаар харилцан тохиролцсон. Гэвч ******* нь 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн хооронд хийсэн 9 удаагийн худалдан авалтын нийт үнийн дүн 2,865,758 төгрөгөөс 1,493,400 төгрөгийг төлсөн. Төлбөрийн үлдэгдэлтэй холбоотойгоор *******-тай 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн дотор багтаан төлж барагдуулах тухай тооцооны үлдэгдлийн баталгаа үйлдсэн.

1.2 Иймд хариуцагчаас эм, эмнэлгийн хэрэгсэл худалдан авсан үлдэгдэл төлбөр 1,372,358 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1 ******* нь *******-аас эм, эмнэлгийн хэрэгсэл худалдан авч байгаагүй, худалдан авах тухай хүсэлт илэрхийлж байгаагүй, худалдах, худалдан авах гэрээг байгуулж байгаагүй тул *******-д төлөх төлбөргүй.

2.2 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн дотор багтаан төлбөрийн үлдэгдлийг төлж барагдуулах тухай тооцооны үлдэгдлийн баталгаанд хариуцагчийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд гарын үсэг зураагүй, компанийн тэмдэг дарагдаагүй. Уг баримтад манай компанийн нэрийг бичиж, гарын үсэг зурсан ******* нь манай компанид хамааралгүй, мөн *******т *******-аас эм, эмнэлгийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ байгуулах, тооцооны үлдэгдэл баталгаажуулах баримт үйлдэх эрх олгосон итгэмжлэл олгоогүй.

2.3 нь манай компанитай 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдөр түрээсийн гэрээ байгуулж, Сүхбаатар дүүргийн ******* хороо, ******* хотхоны 6******* байрны тоот оффисын талбайг 12 сарын хугацаатай түрээсэлсэн. Тухайн байрыг эмийн сангийн зориулалтаар ашиглаж байсан. Улмаар гэрээний хугацаа 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдөр дуусгавар болж ******* нь талбайг чөлөөлж өгсөн.

2.4 Зарлагын падаанд компанийн нэр бүтэн бичигдээгүй, хуулийн этгээдийн нэрийг буруу бичсэн, хаяг, регистрийн дугаар бичигдээгүй.

Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

3.1 Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч *******-иас Худалдах худалдан авах гэрээний үүрэгт 1,372,358.50 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******-нд олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дах хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 36,908 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 36,908 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1 Талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэх боломжгүй. Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэгт зааснаар хэлцэл нь талуудын хүсэл зоригийн илэрхийллээр үүсэж, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар хэлцэл нь нөгөө тал хүлээн авснаар хүчин төгөлдөр болдог. -ийн зүгээс нэхэмжлэгчийн дурдсан эм, эмнэлгийн хэрэгслийг худалдан авах хүсэл зоригийг илэрхийлж байгаагүй, мөн *******-ийн хүлээлгэн өгсөн гэх эм, эмнэлгийн хэрэгслийг хүлээн аваагүй.

4.2 Зарлагын падаанд -ийн оноосон нэр буруу, регистрийн дугаар лого, тамга тэмдэг байхгүй байгаа нь, мөн хариуцагч эм, эмнэлгийн хэрэгслийг хүлээн аваагүй нь бидний хооронд гэрээний харилцаа үүсээгүй болохыг нотолж байна.

4.3 Тооцооны үлдэгдлийн баталгаа-д гарын үсэг зурсан гэх хүн нь манай компанийн ажилтан, төлөөлөх бүрэн эрх бүхий этгээд биш. Мөн манай компаниас түүнд итгэмжлэл олгосон удаа байхгүй. нь манай компанитай 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Түрээсийн гэрээ байгуулж, Сүхбаатар дүүргийн хороо, ******* хотхоны 6******* байрны тоот оффисын талбайг 12 сарын хугацаатай түрээсэлсэн ба тухайн байрыг эмийн сангийн зориулалтаар ашиглаж байсан. Түрээсийн гэрээний хугацаа 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдөр дуусгавар болж нь талбайг чөлөөлж өгсөн. Манай компани нь нэг хувьцаа эзэмшигчтэй бөгөөд хувьцаа эзэмшигч нь гүйцэтгэх захирлын чиг үүргийг хэрэгжүүлдэг.

4.4 Тухайн барааг хүлээн авсан гэх эмийн санч нар манай компанид хамааралгүй хүмүүс бөгөөд Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын газраас ирүүлсэн бүртгэлд ...******* нь 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдөр харилцагч байгууллагаар бүртгүүлсэн... тул дээр дурдсан падаан дээр гарын үсэг зурсан гэх эмийн санч нарт манай компаниас нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн бүртгэл байхгүй болох нь тогтоогдож байна.

4.5 Дээрх эм, эмнэлгийн хэрэгслийг хариуцагчид хүлээлгэн өгсөн нь эргэлзээтэй. Мөн хүлээн авсан гэх зарлагын падааныг хаана үйлдсэн нь тодорхойгүй. Эм, эмнэлгийн хэрэгслийг хүлээн авсан эмийн санч нараас оролцуулж хэргийг шийдвэрлэх нь талуудын хооронд үүсээд буй маргааныг үнэн, зөвөөр шийдвэрлэхэд ач холбогдолтой байсан.

Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөөгчийн тайлбарын агуулга:

5.1 Нэхэмжлэгчийн зүгээс *******-д эм, эмнэлгийн хэрэгсэл хүргэж өгсөн. 2018 оны 09 дүгээр сараас 2019 оны 09 дүгээр сар хүртэлх хугацаанд тухайн эмийн санг түрээслэн үйл ажиллагаа явуулж байсан гэх боловч энэ нь уг хэрэгт хамааралгүй. Учир нь, манай байгууллагын зүгээс 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс мөн оны 08 дугаар сарын 17-ны өдрийн хооронд хариуцагчид эм нийлүүлж байсан.

5.2 Хариуцагчийн зүгээс тухайн үед ямар ажилчид ажиллаж байсныг тодорхойлж чадаагүй. 2022 онд ******* нь нийгмийн даатгалын шимтгэл төлөгчөөр улсын бүртгэлийн байгууллагад бүртгэгдсэн. 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдрийг хүртэлх хугацаанд тухайн эмийн санг хэн хариуцаж ажиллуулж байсан нь тодорхойгүй. Манай байгууллагын зүгээс тухайн үед ******* уг эмийн санг ажиллуулж байсан гэж үзэж байна гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянаад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 1,372,358 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3. Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ ...2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн хооронд хариуцагч нь 2,865,758 төгрөгийн эм, эмнэлгийн хэрэгсэл худалдан авч, 1,493,400 төгрөгийг төлсөн. Үлдэх 1,372,358 төгрөгийг төлөөгүй гэж тодорхойлсон.

3.1 Хариуцагч нэхэмжлэлийн үндэслэлийг ...эм, эмнэлгийн хэрэгсэл худалдан авч байгаагүй, худалдан авах тухай хүсэлт илэрхийлж байгаагүй, талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүсээгүй тул хариуцахгүй гэж үгүйсгэн маргажээ.

4. Хэргийн 6 дугаар талд авагдсан Тооцооны үлдэгдлийн баталгаа гэх баримтад нэхэмжлэгч байгууллагын нэрийн өмнөөс нягтлан бодогч ажилтай нь төлөгчийн нэрийн өмнөөс нягтлан бодогч ажилтай тэй тус хоёр байгууллага хоорондын тооцоо болох 2021 оны 0******* сарын 01-ний өдрөөс 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийг дуустал хугацаанд өгч авалцсан зүйлээ хоёр байгууллагад хөтлөгдөж буй нягтлан бодох бүртгэлийн дэлгэрэнгүй ба хураангуй бүртгэлийн бичилтээр нэг бүрчлэн тулж үзэхэд 1,372,359 төгрөгийн өртэй гарсныг харилцан батлав гэжээ. Мөн 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Хаан банк дахь нэхэмжлэгчийн эзэмшлийн дугаар дансанд дугаар данснаас гоо анирс фарм гэх гүйлгээний утгатай 1,493,400 төгрөгийг шилжүүлсэн байна. /хх 53/ Түүнчлэн, хэргийн 7-15 дугаар талд Зарлагын падаан гэх баримт авагдсан байна.

4.1 Мөн хэргийн 34-36 дугаар талд ******* болон нарын хооронд байгуулагдсан гэх түрээсийн гэрээ авагдсан байх бөгөөд гэрээний 3.2-т түрээслүүлэгч *******-ийн банк дахь харилцах дансыг Хаан банкны гэж заасан.

4.2 Дээрх нотлох баримтыг анхан шатны шүүх хэрэгт хамааралтай талаас нь үнэлж, Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасныг зөв тайлбарлан хэрэглэж, талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан эм, эмнэлгийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь үндэслэлтэй болжээ. Өөрөөр хэлбэл, хариуцагч нь ...талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүсээгүй, эм, эмнэлгийн хэрэгслийг нэхэмжлэгчээс худалдан аваагүй гэх боловч 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдөр хариуцагчаас 1,493,400 төгрөгийг нэхэмжлэгчид шилжүүлсэн үйл баримт болон тооцооны үлдэгдлийн баталгаа, зарлагын баримт зэргээр хариуцагч нь нэхэмжлэгчээс нийт 2,865,758 төгрөгийн эм, эмнэлгийн хэрэгсэл худалдан авч, үүнээс 1,493,400 төгрөгийг төлж, үлдэх 1,372,358 төгрөгийг төлөөгүй үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоосон байна. Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...талуудын хооронд гэрээний харилцаа үүсээгүй гэх давж заалдах гомдлыг хангахгүй.

4.3 Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг. Хариуцагч нь худалдах, худалдах авах гэрээний үүрэгт 1,372,358 төгрөгийг нэхэмжлэгчид төлөөгүй тул нэхэмжлэгч нь уг мөнгөн хөрөнгийг хариуцагчаас шаардах эрхтэй. Иймд анхан шатны шүүх хариуцагчаас худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 1,372,358 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт нийцсэн байна.

5. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 191/ШШ2025/01218 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагч *******-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 36,908 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

ШҮҮГЧИД Ч.ЦЭНД

М.БАЯСГАЛАН