| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэлэнгийн Батгэрэл |
| Хэргийн индекс | 186/2019/0208/Э |
| Дугаар | 277 |
| Огноо | 2019-04-05 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Хулан |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 04 сарын 05 өдөр
Дугаар 277
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж,
нарийн бичгийн дарга О.Отгонцэцэг,
улсын яллагч Ц.Хулан,
шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан, Харгана овогт Б.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1911002980258 дугаартай хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1959 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Хэнтий аймгийн Дадал суманд төрсөн, 60 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо Согоотын 63-850 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Харгана овогт Б.Б/РД: СФ/,
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ Б.Б нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.Б нь согтуугаар 2019 оны 01 дүгээр сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо Согоотын 63-850 тоотод иргэн Т.Алтантулгатай унт гэж хэллээ хэмээн маргалдаж, улмаар хутгаар түүний зүүн сугыг зүсэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь
шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,
шүүгдэгч Б.Бын мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн: "...Надад сонсгож байгаа Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялыг хүлээн зөвшөөрч байна. ..би цагаан сарын дараа Алтантулгад эмчилгээний зардал гэж 500.000 төгрөг өгсөн байгаа..." гэх мэдүүлэг /хх-ийн 18х/.
хохирогч Т.Алтантулгын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2019 оны 01 дүгээр сарын 11-12-нд шилжих шөнө 00:00 цаг өнгөрөөгөөд би гэррүүгээ харьсан. ..Б араас согтуу орж ирээд амандаа бувтнаад юу яриад байгаа нь мэдэгдэхгүй байхаар нь би Б ахыг гэртээ ороод унт гэсэн чинь Б ах унтах унтахгүйгээ чамаар заалгахгүй шүү гэхээр нь аятайхан хэлж байхад ороод унтаарай гэж хэлээд би мах идэж байсан хутгаа би ширээн дээр тавиад эргэж хараад тамхиа авах гэсэн чинь Б ах ширээн дээр байсан хутгыг аваад миний зүүн талын суга орчим хутгалсан. ..надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй..." гэх мэдүүлэг /хх-ийн 14х/.
Гэрч Ч.Нансалмаагийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...Алтантулга Быг хүүхдүүд унтаж байна та гар гэж байх шиг байсан. Тэгээд л түс тас хийх чимээ гараап л юу болов гэсэн чинь Б Алтантулгыг хутгалчихсан цагдаа сэргийлэх болоод явсан... Би Бтай амьдраад 11 жил болж байна. Албан ёсны гэрлэлтийн баталгаагүй. Б намайг зодож цохиж, дарамталдаг асуудал байхгүй..." гэх мэдүүлэг /хх-ийн 18х/.
Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 1324 дугаартай дүгнэлт: "...Т.Алтантулгын биед зүүн суганд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой..." /хх-ийн 21х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Иймд шүүгдэгч Б.Быг бусдын биед хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Б.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулах прокурорын саналыг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд хуульд заасан журам зөрчигдөөгүй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 8,9 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Харгана овогт Б.Быг хүний биед хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Бт 500 /таван зуу/ нэгж буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх зааснаар Б.Быг торгуулийн ялыг төлөх хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг дурдсугай.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 26 см урттай, хар өнгийн иштэй, бариул хэсгийг шар өнгийн даавуугаар ороосон 1 /нэг/ ширхэг хутгыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгасугай.
6. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
7. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.БАТГЭРЭЛ