Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 210/МА2025/00546

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

*******ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Д.Нямбазар, Б.Мандалбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 197/ШШ2025/00729 дугаар шийдвэртэй,

 

*******ийн нэхэмжлэлтэй,

*******т холбогдох,

 

Хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Б.Мандалбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулан барьцаа хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ ... шинжээч орон сууцыг үнэлэхдээ зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн, үнэлгээ хийхдээ ашиглалтад орсон он, барилгын чанар нь зөрүүтэй орон сууцтай харьцуулсан нь эргэлзээтэй, үндэслэлгүй, зах зээлийн бодит үнийг тогтоогоогүй... гэсэн бол, хариуцагч нь хариу тайлбартаа ... шийдвэр гүйцэтгэх ажиллагааг Иргэний хууль болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу явуулсан ... гэсэн байна.

 

3. Хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмаар үнэлэхэд дараах үйл баримт тогтоогджээ. Үүнд:

 

3.1. ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 101/ШШ2024/01167 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 210/МА2024/00938 дугаар магадлалаар *******ээс 33,645,439 төгрөг гаргуулж ******* ХК-д олгуулах, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн, /х.х-ийн 78-89/

 

3.2. ******* нь шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай 2024 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 101/ШЗ2024/21503 дугаартай захирамж болон 2035 тоот гүйцэтгэх хуудсыг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, ******* дүүрэг, , 1лол, 42 дугаар байр, 13 тоот хаягт байрлах 32 м.кв талбайтай орон сууцыг 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн тогтоолоор хураан авч, /х.х-ийн 77, 90-91, 95-96/

 

3.3. Улмаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгч ******* болон орон сууцны өмчлөгч ******* нар дээрх орон сууцыг 250,000,000-280,000,000 төгрөгөөр үнэлсэн бол, төлбөр авагч ******* ХК-иас 130,000,000 төгрөгийн үнийн зөрүүтэй санал өгсөн тул хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 11/85 тоот тогтоолоор ******* ХХК-ийн хөрөнгийн үнэлгээчин Б.ыг шинжээчээр томилсон нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 55 дугаар зүйлийн 55.2.2 дахь хэсэгт тус тус нийцсэн байна. /х.х-ийн 103-106/

 

4. Хэрэгт цугларсан баримтаар нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэл тогтоогдохгүй байна.

 

4.1. Хөрөнгийн үнэлгээний ******* ХХК-ийн 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн үнэлгээний тайланд уг орон сууцыг 135,476,800 төгрөгөөр үнэлсэн бөгөөд хөрөнгийн үнэлгээг тогтоохдоо тухайн хөрөнгөтэй ижил төрлийн хийгээд байршлын хувьд ойролцоо худалдахаар нийтэд саналын дуудлага гаргасан 3 объектыг зохих шалгуураар сонгон авч харьцуулалт хийх замаар зах зээлийн хандлагын аргаар үнэлж тогтоосон байх тул Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-т заасныг зөрчөөгүй гэж үзнэ. /х.х-ийн 112-146/

 

Тодруулбал, хөрөнгийн үнэлгээний шинжээч зохигчийн маргаж буй орон сууц оршин буй газарт худалдахаар санал болгосон 3 өрөө орон сууцуудын зах зээлийн үнийг харьцуулан судалж, барьцаа хөрөнгийн үнэлгээг тогтоосныг буруутгахгүй учир энэ талаарх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хүлээн авахгүй.

 

Зүй нь, нэхэмжлэгч ******* нь төлбөр төлөгч этгээд болохын хувьд барьцаа хөрөнгийн үнийг 135,476,800 төгрөгөөс их буюу 280,000,000 төгрөгийн үнэтэй гэж маргаж буй тохиолдолд үүнийг нотлох үүрэг хүлээх бөгөөд анхан шатны шүүх нь нэхэмжлэгчийг нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа нотлоогүй гэж дүгнэсэн нь үндэслэлтэй.

 

4.2. Мөн нэхэмжлэгч нь шинжээчийг тухайн орон сууцыг 1997 онд ашиглалтад орсон байхад 1990 онд ашиглалтад орсон гэж үзэж, улмаар уг онтой ижил орон сууцтай харьцуулж үнэлгээ гаргасан нь үндэслэлгүй гэж маргасан боловч тэрээр энэхүү орон сууцыг 1997 онд ашиглалтад орсон гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д тус тус зааснаар нотлоогүй байна.

 

Өөрөөр хэлбэл, зохигчийн зүгээс тус орон сууцыг хэзээ ашиглалтад орсон эсэхийг тодруулахаар нотлох баримт бүрдүүлэх хүсэлтийг шүүх хүлээн аваагүй гэсэн тайлбарын хувьд нэхэмжлэгч нь үүнийг өөрөө тодруулах боломжгүй байсан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй учир дээрх үндэслэлээр анхан шатны шүүх талуудын нотлох баримт бүрдүүлэх хүсэлтийг хангаж шийдвэрлээгүйг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гэж үзэхгүй.

 

4.3. Түүнчлэн хөрөнгийн үнэлгээний тайланд хуучнаар 32 м.кв талбайтай тус орон сууцны талбайн хэмжээг ашигтай цэвэр талбайд шилжүүлж 50 м.кв талбайгаар тооцож үнэлгээг тогтоосон нь орон сууцны талбайн хэмжээ зөрүүтэй гэж шууд дүгнэх үндэслэл болохгүй тул хөндлөнгийн шинжээч томилох ёстой байсан гэсэн нэхэмжлэгчийн гомдлыг хүлээн авахгүй.

 

Анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг зөв тогтоож, нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж хэргийг хянан шийдвэрлэсэн байх тул шийдвэрийг өөрчлөхгүй.

 

Харин анхан шатны шүүх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт заасан зохицуулалт нь төлбөр төлөгчийн битүүмжлэгдсэн, барьцаалагдсан, хураагдсан хөрөнгийг гүйцэтгэх баримт бичгийн шаардлагын гүйцэтгэлд тооцон суутгах тохиолдолд үйлчлэх зохицуулалт байхад шийдвэрийн үндэслэх хэсэгт талуудын маргаанд хамааралтай байдлаар тайлбарлаж хэрэглэсэн нь оновчгүй болсон байгааг үүгээр нэмж дурдана.

 

5. Иймд, дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 197/ШШ2025/00729 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дугаар зүйлийн 7511.2 дахь хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөнөөс бусад тохиолдолд давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх тул талууд гомдол гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ

 

ШҮҮГЧИД  Д.НЯМБАЗАР

 

Б.МАНДАЛБАЯР