Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 215/МА2025/00008

 


Н.А-ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай


Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Баттогтох даргалж, шүүгч Ц.Оюун-Эрдэнэ, Ч.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар, 
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 305/ШШ2025/00091 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: *********** улс, ******* хот, **********, *** хаягт оршин суух, Х овгийн Н.А-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Говь-Алтай аймгийн ****** сумын ********* багт оршин суух, М.А-д холбогдох,
Говь-Алтай аймгийн ****** сумын *** -р баг, ********* гудамж, *** тоот хаягт байрлах 2000 мкв хаваржаа “***********”, Говь-Алтай аймаг ****** сум *** -р баг, *********, ********* гудамж, *** тоот хаягт байрлах 2000 мкв өвөлжөөг “*********” тус тус хууль бусаар эзэмшихгүй байлгахыг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч Ч.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.М нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Нэхэмжлэгч Н.А нь Говь-Алтай аймгийн ****** сумын ********* багийн ********* байрлах нэгж талбарын ********* дугаартай 2000 мкв хэмжээтэй, иргэний эрхийн улсын бүртгэлийн “*********” дугаарт бүртгэлтэй хаваржаа, Говь-Алтай аймаг ****** сумын ********* багийн, ******* байрлах, нэгж талбарын ********* дугаартай, 2000 мкв хэмжээтэй иргэний эрхийн бүртгэлийн “*********” дугаарт бүртгэлтэй өвөлжөөг тус тус М.А-ийн хууль бус эзэмшлээс чөлөөлж, хууль бусаар эзэмшихгүй байхыг даалгуулахаар шаарджээ.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: “Миний нөхөр М.Г нь 2022 оны 03 дугаар сарын 06-ны өдөр зуурдаар нас барсан. Хүү бид хоёр өвлөгчийн хувьд Говь-Алтай аймгийн ****** сумын Засаг даргын А/*** дугаар шийдвэрийн дагуу уг хаваржаа, өвөлжөөний газруудыг эзэмших болсон. 
Гэтэл хадам эгч буюу хариуцагч М.А нь бидний зөвшөөрөлгүйгээр 2023 оноос хойш уг өвөлжөө, хаваржааг хууль бусаар эзэмшиж, бидний эзэмших эрхэд саад болж байгаа учраас дээрх нэхэмжлэлийг гаргасан.” гэж тайлбарлажээ.  

Хариуцагч тал хариу тайлбартаа: М.Г нь хариуцагч М.А-ийн төрсөн дүү. М.Г нь 2022 онд нас барсан. Нас барах хүртлээ хүүтэйгээ хамт амьдардаг байсан. Хэдийгээр гэрлэлтээ цуцлуулаагүй боловч 2015 оноос хойш эхнэрээсээ тусдаа хүүтэйгээ амьдардаг байсан. Нэхэмжлэгч Н.А нь 2017 онд Солонгос явсан гэж ярьдаг. Солонгос явсанаас хойш М.Г нь хүүтэйгээ, ээжтэйгээ амьдарч байгаад 2022 онд нас барсан. Нас барахаасаа өмнө 1 жил буюу 2021 онд малчны зээлээ төлөх гэсэн юм өвөлжөө хаваржаагаа зарахаас гэхээр нь хүнд өгч байхаар би авъя гэхэд нь тэгвэл надад зээл хаах 6 сая төгрөг өгчих. Тэгвэл би зээлээ хаачихмаар байна гэхээр нь А зургаан сая төгрөгийг өөрийнхөө данснаас дүүдээ авч өгөөд, дүү нь дансандаа хийсэн байдаг. Ингээд өвөлжөө хаваржаагаа нэр дээрээ шилжүүлж авч чадалгүй байтал М.Г нь нас барсан. 
Өвөлжөө, хаваржааны мөнгийг нь өгснөөс хойш М.А тухайн өвөлжөө хаваржааны газрын татваруудыг төлж байсан. 
Хамт амьдарч байсан гэдэг утгаараа М.Г хүү, М.Г ээж хоёр өмч хөрөнгийг өвлөх асуудал яригдаж, маргаж байх хугацаанд ээж нь бас нас барсан. 
М.Г ээж нь нас барангуут нэхэмжлэгч Н.А өвийн асуудлыг нээлгэж, миний худалдаж авсан өвөлжөө хаваржааны гэрчилгээг нэр дээрээ шилжүүлж авсан байсан. 
Би уг өвөлжөө, хаваржааг дүүгээсээ худалдаж авсан, хууль ёсны эзэмшигч нь учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: Сөрөг нэхэмжлэлийн нэхэмжлэгч М.А нь Говь-Алтай аймгийн ****** сумын ********* багийн ********* нэртэй, нэгж талбарын ********* дугаар бүхий, эрхийн бүртгэлийн ********* дугаарт бүртгэлтэй, 2000 мкв талбай бүхий өвөлжөөний зориулалттай газар,
Говь-Алтай аймгийн ****** сумын 1-р багийн нутаг ********* байрлах  нэгж талбарын ********* дугаар бүхий, ********* эрхийн бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн, 2000 мкв талбай бүхий, хаваржааны зориулалтын газруудын шудрага эзэмшигч нь М.А болохыг тогтоож газар эзэмших эрхийг М.А-д шилжүүлэхийг Н.А-д даалгуулахаар шаарджээ.

Сөрөг нэхэмжлэлийн нэхэмжлэгч М.А сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: Уг газруудыг өөрийн дүү М.Г-аас 2021 онд худалдан авсан боловч эзэмших эрхийг шилжүүлж авч амжаагүй байхад 2022 онд дүү М.Г гэнэт нас барсан тул уг эд хөрөнгийг эзэмших эрхийг шилжүүлж өгөхийг Н.А-аас шаардах эрхтэй гэж тайлбарлажээ.

Сөрөг нэхэмжлэлийн хариуцагч Н.А-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Д сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа: “М.Г, М.А нарын хооронд худалдах худалдан авах гэрээний эрх зүйн харилцаа үүссэн эсэх, уг үл хөдлөх эд хөрөнгийг хуульд заасны дагуу шилжүүлсэн эсэх нь нотлох баримтаар нотлогдоогүй.
Н.А нь зохих журмын дагуу хүсэлтээ гаргаж өвийн журмаар уг өвөлжөө, хаваржааг эзэмшсэн тул сөрөг нэхэмжлэл үндэслэлгүй.” гэж маргажээ. 

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.
2. Үндсэн нэхэмжлэлийн шаардлага: Нэхэмжлэгч Н.А нь Говь-Алтай аймгийн ****** сумын ********* багийн ********* байрлах нэгж талбарын ********* дугаартай 2000 мкв хэмжээтэй, иргэний эрхийн улсын бүртгэлийн “ ********* ” дугаарт бүртгэлтэй хаваржааны газар, Говь-Алтай аймаг ****** сумын ********* багийн, ******* байрлах, нэгж талбарын ********* дугаартай, 2000 мкв хэмжээтэй иргэний эрхийн бүртгэлийн “ ********* ” дугаарт бүртгэлтэй өвөлжөөг тус тус М.А-ийн хууль бус эзэмшлээс чөлөөлж, хууль бусаар эзэмшихгүй байхыг даалгуулахаар шаарджээ.

3. Үндсэн нэхэмжлэлийн нэхэмжлэгч Н.А шаардлагын үндэслэлээ: “Нөхөр М.Г нь 2022 оны 03 дугаар сарын 06-ны өдөр зуурдаар нас барсан. Хүү бид хоёр өвлөгчийн хувьд Говь-Алтай аймгийн ****** сумын Засаг даргын А/*** дугаар шийдвэрийн дагуу уг хаваржаа, өвөлжөөний газруудыг эзэмших болсон. 
Гэтэл хадам эгч буюу хариуцагч М.А нь бидний зөвшөөрөлгүйгээр 2023 оноос хойш уг өвөлжөө, хаваржааг хууль бусаар эзэмшиж, бидний эзэмших эрхэд саад болж байгаа учраас дээрх нэхэмжлэлийг гаргасан.” гэж тайлбарлажээ.  

4. Үндсэн нэхэмжлэлийн хариуцагч тал хариу тайлбартаа: М.Г нь хариуцагч М.А-ийн төрсөн дүү. М.Г нь гэрлэлтээ цуцлуулаагүй боловч 2015 оноос хойш эхнэрээсээ тусдаа ээж, хүүтэйгээ амьдарч байгаад 2022 онд нас барсан. Нас барахаасаа 1 жилийн өмнө буюу 2021 онд малчны зээлээ төлөх гэсэн юм өвөлжөө хаваржаагаа зарахаас гэхээр нь М.А нь хүнд өгч байхаар би авъя гээд 6,000,000 төгрөгийг өөрийнхөө данснаас авч өгсөн. Ингээд өвөлжөө хаваржаагаа нэр дээрээ шилжүүлж авч чадалгүй байтал М.Г нь нас барсан. 
Өвөлжөө, хаваржааны мөнгийг нь өгснөөс хойш М.А тухайн өвөлжөө хаваржааны газрын татваруудыг төлж байсан. 
Хамт амьдарч байсан гэдэг утгаараа М.Г хүү, М.Г ээж хоёр өмч хөрөнгийг өвлөх асуудал яригдаж, маргаж байх хугацаанд ээж нь бас нас барсан. 
М.Г ээж нь нас барангуут нэхэмжлэгч Н.А өвийн асуудлыг нээлгэж, өвөлжөө хаваржааны гэрчилгээг нэр дээрээ шилжүүлж авсан байсан. 
Би уг өвөлжөө, хаваржааг дүүгээсээ худалдаж авсан, хууль ёсны эзэмшигч нь учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.
 
5. Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: Сөрөг нэхэмжлэлийн нэхэмжлэгч М.А нь Говь-Алтай аймгийн ****** сумын ********* багийн ********* нэртэй, нэгж талбарын ******* дугаар бүхий, эрхийн бүртгэлийн ********* дугаарт бүртгэлтэй, 2000 мкв талбай бүхий өвөлжөөний зориулалттай газар,
Говь-Алтай аймгийн ****** сумын 1-р багийн нутаг ********* байрлах  нэгж талбарын ********* дугаар бүхий, ********* эрхийн бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн, 2000 мкв талбай бүхий, хаваржааны зориулалтын газруудын шудрага эзэмшигч нь М.А болохыг тогтоож газар эзэмших эрхийг М.А-д шилжүүлэхийг Н.А-д даалгуулахаар шаарджээ.

6. Сөрөг нэхэмжлэлийн нэхэмжлэгч М.А сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: Уг газруудыг өөрийн дүү М.Г-г амьд байхад түүнээс худалдан авсан боловч эзэмших эрхийг шилжүүлж аваагүй байхад дүү М.Г нас барсан тул уг эд хөрөнгийг надад шилжүүлэхийг Н.А-аас шаардах эрхтэй гэж тайлбарлажээ.

7. Сөрөг нэхэмжлэлийн хариуцагч Н.А-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Д сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа:
“М.Г, М.А нарын хооронд худалдах худалдан авах эрх зүйн харилцаа үүссэн эсэх, уг үл хөдлөх эд хөрөнгийг хуульд заасны дагуу шилжүүлсэн эсэх нь нотлох баримтаар нотлогдоогүй.
Н.А нь зохих журмын дагуу хүсэлтээ гаргаж өвийн журмаар уг өвөлжөө, хаваржааг эзэмшсэн тул сөрөг нэхэмжлэл үндэслэлгүй.” гэж маргажээ. 

8.  Дээр дурдсан өвөлжөө хаваржааны газрыг эзэмших эрхийг М.Г нь нас барахаасаа өмнө М.А-д худалдсан эсэх үйл баримт зохигчийн маргааны зүйл болжээ.
9. Энэ үйл баримтыг бодитой тогтоох нь үндсэн болон сөрөг нэхэмжлэлийг үндэслэлтэй шийдвэрлэхэд ач холбогдолтой байна.

10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2. дахь хэсгийн 25.2.2 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй.

11. Тодруулбал иргэний эрх зүйн нотлогооны үүргийн хуваарийн дагуу үйл явдал болсон гэж үзэж байгаа тухайн оролцогч уг үйл явдал болсон гэдгийг тэргүүн ээлжинд нотлох үүргийг хүлээнэ.
Энэ нь ямар нэгэн үйл явдал болсон гэдгийг нотлох нь үйл явдал болоогүй гэдгийг нотлохоос илүү хялбар, аливаа үйл явдал болсон бол нотлох баримт үлддэг, харин үйл явдал болоогүй тохиолдолд нотлох баримт үлдэх боломжгүй гэж үздэг онолын үндэслэлээс улбаатай.
12. Тиймээс Н.А нь маргаан бүхий өвөлжөө, хаваржааг Н.А хууль бусаар эзэмшиж байгаа болохыг, харин  М.А нь маргаан бүхий өвөлжөө хаваржааны газрыг худалдан авсан гэдгээ тэргүүн ээлжинд нотлох улмаар зохигч өөр өөрсдийн татгалзлыг нотлох үүргийг тус тус хүлээнэ.  

13. Үндсэн нэхэмжлэлийн нэхэмжлэгч Н.А нь маргаан бүхий өвөлжөө хаваржааны газрыг М.А хууль бусаар эзэмшиж байгааг нотлохоор тухайн газруудыг нөхөр нь болох М.Г эзэмшиж байгаад нас барсан, дараа нь Н.А уг газар эзэмших эрхүүдийг шилжүүлэн авсан талаарх нотлох баримтуудыг шүүхэд гаргажээ. 

14. Гэвч М.Г нь маргаан бүхий өвөлжөө, хаваржааны газрыг эзэмшиж байсан бөгөөд Н.А нь уг газруудыг эзэмших эрхийг өвлөн авсан үйл баримтын талаар хариуцагч маргаагүй байна.  

15. Үндсэн нэхэмжлэлийн нэхэмжлэгч талаас өөрийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотлох, хариуцагч М.А-ийн “Өвөлжөө, хаваржааг худалдан авсан учраас уг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй” гэсэн агуулга бүхий татгалзал, сөрөг нэхэмжлэлийн үндэслэлийг няцаах хэрэгт хамааралтай, ач холбогдолтой нотлох баримтыг гаргаагүй байна.

16. Гэтэл анхан шатны шүүх М.Г, М.А нарын хооронд өвөлжөө, хаваржааг худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэх байдал нотлох баримтаар тогтоогдоогүй, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “М.Г банкны зээлээ төлөх зорилгоор М.А-д маргаан бүхий өвөлжөө, хаваржааг 6,000,000 төгрөгөөр худалдсан боловч өвөлжөө, хаваржааг шилжүүлж чадаагүй байхад М.Г нь нас барсан” талаарх тайлбар нь гэрч Н.Х-ийн “М.А, М.Г нар өвөлжөө, хаваржаа шилжүүлэх, газар шилжүүлэх ауудлаар надтай уулзаж байгаагүй. Нотариатаар ороод ирсний дараа хэдийд ч шилжүүлэх боломжтой” гэх мэдүүлгээр няцаагдаж байна гэж тус тус дүгнэжээ. 

17. Гэрч Н.Х-ийн дээрх мэдүүлэг нь маргаантай холбоотой үйл баримтыг нотлоогүй өөрөөр хэлбэл маргаан бүхий өвөлжөө хаваржааны газар эзэмших эрхийг худалдах худалдан авах гэрээ М.А, М.Г нарын хооронд байгуулагдсан эсэхийг нотлох буюу үгүйсгэхэд ач холбогдолтой мэдээлэл агуулаагүй байхад анхан шатны шүүх хариуцагч талын тайлбар уг гэрчийн мэдүүлгээр няцаагдаж байна гэж үнэлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх зарчимд нийцээгүй байна.  

18.  М.А-ийн зүгээс сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа нотлохоор “2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Хаан банк дахь өөрийн эзэмшлийн 53*********** дугаар данснаас 6,000,000 төгрөгийн зарлага гаргасан тухай мэдээлэл бүхий депозит дансны хуулга (хх 97), М.Г нь 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Төрийн банкнаас авсан 10,000,000 төгрөгийн зээлийн эргэн төлөлтөд 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр 6,000,000 төгрөг төлсөн тухай мэдээлэл агуулсан М.Г малчны зээлийн дансны харилцагчийн хуулга (хх 99) зэргийг гаргасан байна. 

19. Мөн М.А-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг нотлохоор “М.Г эзэмшлийн нэгж талбарын ********* дугаартай, ********* дугаартай, ********* багийн өвөр голд байрлалтай өвөлжөө, хаваржааны газрын төлбөр 2019 оноос 2021 онд газрын төлөгдөөгүй, 2022-2023 онд тус тус 36000 төгрөгийн газрын төлбөр төлсөн тухай, М.Г эзэмшлийн нэгж талбарын *********, ********* дугаартай, ********* багийн *********байрлалтай өвөлжөө, хаваржааны газрын төлбөр 2021 онд төлөгдөөгүй, 2022 онд 24000 төгрөг, 2023 онд 34908 төгрөг  тус тус төлөгдсөн тухай мэдээллийг агуулсан” газрын төлбөрийн тооцоо нийлсэн тухай 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн актыг (хх 49-50) шүүхэд гаргаж өгсөн байна. 
20. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс тухайн газруудыг худалдаж авснаас хойш газрын төлбөрийг М.А төлж байсан болох нь уг баримтаар тогтоогдож байгаа гэж тайлбарласан байх бөгөөд анхан шатны шүүх  энэ нотлох баримтуудын талаар дүгнэлт хийгээгүй байна. 

21. Сөрөг нэхэмжлэлийн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс    М.Г-д банкны зээлийн эргэн төлөлт хийхэд мөнгө хэрэгтэй болсон тул өвөлжөө, хаваржааны газрыг эзэмших эрхээ зарна гэсний дагуу уг газрыг М.А худалдан авч үнэ болох 6,000,000 төгрөгийг төлсөн” гэж тайлбарлаж байгаа нь түүний Хаан банк дахь данснаас 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр 6,000,000 төгрөг авсан тухай мэдээлэл агуулсан депозит дансны хуулга, М.Г нь 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Төрийн банкнаас авсан 10,000,000 төгрөгийн зээлийн эргэн төлөлтөд, 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр 6,000,000 төгрөг төлсөн тухай мэдээлэл агуулсан зээлийн дансны хуулга, М.Г нь 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдөр зээлийн эргэн төлөлтөд 6,000,000 төгрөг төлөх ёстой байсан тухай МN*********** дугаартай зээлийн дансны төлбөрийн хуваарь зэрэг нотлох баримтуудтай цаг хугацаа, учир зүйн хувьд тохирч байна. 

22. Түүнчлэн “М.А нь уг газрыг худалдан авсан цагаасаа хойш газрын төлбөрийг төлж байсан” гэсэн тайлбар нь газрын төлбөрийн тооцоо нийлсэн тухай актад тусгагдсан 2019-2021 онуудад газрын төлбөр төлөгдөөгүй, 2022-2023 онуудад төлөгдсөн тухай мэдээлэл, М.Г нь 2022 оны 03 дугаар сарын 06-ны өдөр нас барсныг 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдөр бүртгэсэн тухай нас барсны бүртгэлийн лавлагаа зэргээр нотлогдож байна. 

23. Тодруулбал 2022 оны 03 дугаар сараас хойш буюу М.Г-г нас барснаас хойш М.А нь маргаан бүхий газрын төлбөрийг төлж байсан болох нь нотлогдож байна.

24. Сөрөг нэхэмжлэлийн нэхэмжлэгч М.А-ийн тайлбар, нотлох баримт нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх бөгөөд сөрөг нэхэмжлэлийн хариуцагч М.А-ын эдгээр тайлбар нотлох баримтыг нь няцаан үгүйсгэсэн нотлох баримтыг гаргаагүй байна.

25. Дээр дурдсан байдлуудаас үндэслэн дүгнэвэл үндсэн нэхэмжлэлийн нэхэмжлэгч М.А нь нэхэмжлэлийн үндэслэл шаардлагаа нотлож чадаагүй, М.А нь маргааны зүйл болсон газрыг хууль бусаар эзэмшиж байгаа гэдгийг нотлож чадаагүй байна.

26. Харин сөрөг нэхэмжлэлийн нэхэмжлэгч М.А нь уг өвөлжөө, хаваржааны газрын эзэмших эрхийн үнийг М.Г-д төлж худалдан авсан, 2021 оноос хойш эзэмшиж байгаа болох нь тогтоогдсон байна.

27. Өөрөөр хэлбэл сөрөг нэхэмжлэлийн нэхэмжлэгч нь уг газруудыг эзэмших эрхийг худалдан авч мөнгийг төлсөн үйл баримтад холбогдох нотлох баримтуудыг шүүхэд гаргаж, үндсэн нэхэмжлэлийн татгалзал, сөрөг нэхэмлэлийн шаардлага, үндэслэлээ тодорхойлсон байх бөгөөд анхан шатны шүүх зохигчийн хооронд үүссэн маргааны зүйл, маргааны зүйлтэй холбоотой үйл баримтыг зохигчийн шүүхэд гаргасан нотлох баримтад тулгуурлан зөв тогтоож чадаагүйгээс хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу хэрэглэсэн, давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг зөвтгөн өөрчлөх боломжтой байна. 

28. М.А, М.Г нарын хооронд 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр тухайн маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгө эзэмших эрхийг 6,000,000 төгрөгөөр худалдах худалдан авах хэлцэл хийгдэж, М.А нь гэрээний үүргийн дагуу 6,000,000 төгрөгийг шилжүүлсэн болох нь М.А-ийн шүүхэд гаргасан дээрх нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

29. Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.
30. Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт хэлцлийг хуульд заасан хэлбэрээр, хуульд заагаагүй бол талууд хэлэлцэн тохиролцож амаар буюу бичгээр хийхээр заасан бөгөөд худалдах-худалдан авах гэрээг заавал бичгээр байгуулахыг шаардаагүй.
31. Үндсэн нэхэмжлэлийн нэхэмжлэгч талаас “М.Г, М.А нарын хооронд худалдах худалдан авах эрх зүйн харилцаа үүссэн эсэх, уг үл хөдлөх эд хөрөнгийг хуульд заасны дагуу шилжүүлсэн эсэх нь нотлох баримтаар нотлогдоогүй гэсэн агуулга бүхий тайлбар гаргасан боловч, хэлцэл хүчин төгөлдөр эсэх талаар маргаагүй.

32. Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.2 дахь хэсэгт өвлөгч өвлөн авсан өвийн хэмжээгээр өвлүүлэгчийн үүргийг хүлээхээр заасан байна.

33. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэг, Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.2 дахь хэсэгт заасны дагуу М.А нь маргаан бүхий газруудыг эзэмших эрхийг шилжүүлэхийг Н.А-аас шаардах эрхтэй байна. 
34. Гэвч уг газар эзэмших эрх нь М.А-ын нэр дээр бүртгэсэн тул уг бүртгэлийг хүчингүй болгож, М.А-ийн нэр дээр бүртгэл хийхийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэл эрхлэх улсын бүртгэлийн байгууллагад даалгаснаар М.А-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага бодитойгоор хангагдах боломжтой  байна.
35. Тиймээс Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар Н.А-ын Говь-Алтай аймгийн ****** сумын ********* багийн ********* байрлах нэгж талбарын ********* дугаартай 2000 мкв хэмжээтэй, иргэний эрхийн улсын бүртгэлийн “*********” дугаарт бүртгэлтэй хаваржаа, Говь-Алтай аймаг ****** сумын ********* багийн, ****** байрлах, нэгж талбарын ********* дугаартай, 2000 мкв хэмжээтэй иргэний эрхийн бүртгэлийн “*********” дугаарт бүртгэлтэй өвөлжөөг тус тус М.А-ийн хууль бус эзэмшлээс чөлөөлж, хууль бусаар эзэмшихгүй байхыг даалгуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, 
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэг, 512 дугаар зүйлийн 512.2 дахь хэсэг,  9 дүгээр зүйлийн 9.4.3 дахь хэсэгт зааснаар М.А-ийн Говь-Алтай аймгийн ****** сумын ********* багийн ********* нэртэй, нэгж талбарын ********* дугаар бүхий, эрхийн бүртгэлийн ********* дугаарт бүртгэлтэй, 2000 мкв талбай бүхий өвөлжөөний зориулалттай газар,
Говь-Алтай аймгийн ****** сумын *** -р багийн нутаг ********* байрлах  нэгж талбарын ********* дугаар бүхий, ********* эрхийн бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн, 2000 мкв талбай бүхий, хаваржааны зориулалтын газруудын эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, уг газруудыг эзэмшигчээр М.А-г бүртгэхийг Улсын бүртгэлийн газарт даалгаж Н.А-ийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.3, 167.1.4 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 305/ШШ2025/00091 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар Н.А-ын Говь-Алтай аймгийн ****** сумын ********* багийн ********* байрлах нэгж талбарын ********* дугаартай 2000 мкв хэмжээтэй, иргэний эрхийн улсын бүртгэлийн “*********” дугаарт бүртгэлтэй хаваржаа, Говь-Алтай аймаг ****** сумын ********* багийн, ********* байрлах, нэгж талбарын ********* дугаартай, 2000 мкв хэмжээтэй иргэний эрхийн бүртгэлийн “*********” дугаарт бүртгэлтэй өвөлжөөг тус тус М.А-ийн хууль бус эзэмшлээс чөлөөлж, хууль бусаар эзэмшихгүй байхыг даалгуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 2. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэг, 512 дугаар зүйлийн 512.2 дахь хэсэг,  9 дүгээр зүйлийн 9.4.3 дахь хэсэгт зааснаар М.А-ийн Говь-Алтай аймгийн ****** сумын ********* багийн ********* нэртэй, нэгж талбарын ********* дугаар бүхий, эрхийн бүртгэлийн ********* дугаарт бүртгэлтэй, 2000 мкв талбай бүхий өвөлжөөний зориулалттай газар, Говь-Алтай аймгийн ****** сумын *** -р багийн нутаг ********* байрлах нэгж талбарын ********* дугаар бүхий, ********* эрхийн бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн, 2000 мкв талбай бүхий, хаваржааны зориулалтын газруудын эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, уг газруудыг эзэмшигчээр М.А-г бүртгэхийг Улсын бүртгэлийн газарт даалгаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчилж, Н.А-ийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэсүгэй. 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хариуцагч М.А-аас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Н.А-аас 70.200 төгрөгийг гаргуулж улсын тэмдэгтийн хураамжид төлүүлсүгэй.  

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлээр хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Ш.БАТТОГТОХ

                       ШҮҮГЧИД                            Ц.ОЮУН-ЭРДЭНЭ

                                                        Ч.ЭНХТӨР