Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 1177

 

 

 

 

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС     

 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж  

нарийн бичгийн дарга: Д.Амуундарь

улсын яллагч: Ба.Эрдэнэбаатар

хохирогч: Э.Уянга

шүүгдэгч өөрийгөө  өмгөөлж оролцов:

шүүгдэгч: Т.А нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг,11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Б  овогт  Т А холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж  ирүүлсэн 1906002300743  дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 7 дугаар сарын 05-ны  өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

                                                                                                   

Шүүгдэгчийн   биеийн байцаалт:

          1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б  овогт  Т А, 19 оны 10 дугаар  сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод  төрсөн,  настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг,  ам  бүл 3, эхнэр, хүүхдийн хамт   оршин суудаг,  улсаас авсан гавьяа шагналгүй, 2006 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Баянзүрх дүүргийн шүүхийн 425 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дах хэсэгт зааснаар 3 жил 01 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг хорих ялыг тэнсэж нэг жилийн хугацаагаар хянан харгалзаж байсан, 2011 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн Баянзүрх дүүргийн шүүхийн 567 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.1, 216 дугаар зүйлийн 216.2, 223 дугаар зүйлийн 223.1, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсгүүд зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдэлсэн, 2012 оны 3 дугаар сарын 16-нд ялын хугацаа дуусч суллагдсан, РД: ,

Холбогдсон хэргийн талаар:

          Т.А нь 2018 оны 12 дугаар сарын 30-ны шөнө архи өгсөнгүй гэсэн шалтгаанаар зодож эрүүл мэндэд нь зүүн талд 6.7.10 дугаар хавирганы зөрөөтэй далд хугарал, цээжний хөндийн хий /300 мл/ цус 1200 мл хуралдалт бүхий хүнд хохирол учруулсан, тархи доргилт, зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий  хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

          Шүүхэд талуудын  гаргасан  дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь шинжлэн судлав.

          Шүүгдэгч Т.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.

           Хохирогч Э.У шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Тухайн өдөр бид хоёр гадуур хүнсээ цуглуулж байгаад гэртээ ирээд манай нөхөр мах татаж байгаад баяр болж байгаа юм чинь ганц хоёр татчих уу гэж асуухаар нь би зөвшөөрсөн. Тэгээд би өөрөө мөн ганц пиво уусан байсан. Тэгээд маргалдаж байгаад би юм шидэж муухай зан эхлээд гаргаад, ууж байсан архийг нь нуучихсан. Тэгээд тэр архийг манай хүүхэд авах гэж байгаад шинэ жилээр хэрэглэх гэж байсан архитай хамт татаад хагалсан. Миний шанаа руу нэг удаа, хавирга руу хоёр удаа цохисон. Тэгээд гэмтэл дээр хүргэгдээд 7 хоног хэвтсэн. Би өөрөө ажил хийдэггүй. Хүүхдийн эмчилгээ, хоол унданд бүх мөнгөө зарцуулдаг. Эмчилгээнд 480.000 төгрөг зарцуулсан. Үүнээс талыг нь даатгалаас гаргасан. Талыг нь манай нөхөр гаргасан гэв.

         Шүүгдэгч  Т.А мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ:  2018 оны 12 дугаар сарын 30-ны орой эхнэр хүүхдийн хамт гэртээ бууз хийж байгаад эхнэртэйгээ тамхи гарч авах асуудлаас болоод маргалдсан. Сүүлдээ манай эхнэр манай ээжийг янхан гичий гэж хэлэхээр нь би уурлаад эхнэрийн нүүрэнд нь гараараа хоёр удаа, хавирга луу нь хоёр удаа цохиход гаднаас хадам ээж А орж ирж салгаад намайг гарч өөр газар хоно гээд гэрээс гаргасан. Би гэрээсээ гараад Да хүрээ захын манаачын байранд нь гуйж хоночихоод өглөө нь 11.00 цагийн орчимд гэртээ очсон. Тэгээд эхнэрийн хамт үлдсэн буузаа чимхээд байж байтал хадам ээж цахилгаан болохгүй байна янзлуулах хүн байна уу гэхээр нь би гараад найзыгаа авч ирэх замдаа 300 граммын архи авч уусан. Тухайн өдөр манай эхнэрийн дүү ирээд надтай маргасан ба тэрээр цагдаа дуудаж намайг өгсөн. Манай эхнэр манай ээжийг янхан гэхээр нь миний уур хүрээд эхнэрээ зодчихсон юм. Би өмнө нь эхнэртэйгээ маргалдсан чинь манай эхнэр цагдаа дуудаад өгсөн юм. Өөр зодож цохисон асуудал байхгүй гэжээ. /хх-ийн 12/

          Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, /хх-н 5-6/

         Хохирогч Э.У  мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2018 оны 12 дугаар сарын 30-ны өдөр нөхөр А бид хоёр гадуур явж шинэ жилээр хэрэглэх зүйлээ авчихаад гэртээ 16.00 цагийн орчимд ирсэн. Тэгээд орой нь бууз хийгээд сууж байгаад манай нөхөр нэг шил архи ганцаараа уусан. Тэгээд давраад шинэ жилээр хэрэглэх гэж байсан архийг ууна гэснээс болоод бид хоёр маргалдсан. Тэгээд намайг зодож баруун шанаа руу нэг удаа, зүүн талын хавирга луу хоёр удаа цохиход би амьсгал авч чадалгүй эвхрээд унасан. Нөхөр маань тэр үед гэрээсээ гараад удаж байгаад орж ирээд унтаад өгсөн. Маргааш нь гайгүй байж байгаад орой нь би шууд ухаан алдаж унасан байсан. Тэгээд манай ээж түргэн дуудаж намайг үзүүлсэн. А тухайн үед нилээн согтуу байсан харин би арай гайгүй байсан гэжээ. /хх-н 8-10/                  

          Гэрч Н.А мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2018 оны 12 дугаар сарын 31-ны шөнө 02.00 цаг өнгөрч  байхад манай охин У хаалга нүдээд цустайгаа холилдсон орж ирсэн. Яасан бэ гэхэд нөхөр А нь зодсон гээд орж ирээд ийм болгочихлоо гэсэн. Би цагдаа дуудах гэтэл А зөрөөд гараад явчихсан юм гэжээ. /хх-н 13-15/

          Гэрч С.Н мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Би А, У хоёртой гэр бүлийн найзууд байгаа юм. Энэ хоёр 10 жилд байхаасаа л үерхэж нөхөрлөж байгаад гэр бүл болсон юм. Энэ хоёр хамтран амьдраад 15 жил болж байгаа. Энэ хоёр 14 настай нэг хүүтэй. Хүү нь өвчнөөс болоод хөгжлийн бэрхшээлтэй болсон юм. У хүүхдээ хараад гэртээ байдаг юм. А ажил төрөл хийж гэр бүлээ авч явдаг юм. Би өмнө нь эхнэрээ зодож байхыг мэдэхгүй юм байна. Сүүлд А эхнэрээ зодоод гэмтээсэн гэнэ гэж сонссон гэжээ. /хх-н 18-20/

          Гэрч Д.А мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: А, У хоёр багадаа нэг ангид хамт сурч байгаад сүүлдээ гэр бүл болсон юм. У аав нь нас барчихсан ээжтэйгээ хамт амьдардаг юм. Энэ хоёр хамтран амьдраад 20 орчим жил болж байгаа. Суугаад удаагүй нэг хүүтэй болсон юм. 2003 онд байх хүү нь өвчин тусаад хөгжлийн бэрхшээлтэй болсон юм. Уянга хүүгээ хараад байнга гэртээ байдаг юм. А гэр бүлээ тэжээх гээд ажил төрөл хийдэг юм. А хүүгийнхээ өвчнөөс болоод сэтгэл санаагаар унаж архи уудаг болсон. Түүнээс эхнэрээ зодож байхыг би хараагүй сонсоогүй. А уг нь их сайн залуу байгаа юм гэжээ. /хх-н 21-23/

          Шинжээч томилж,шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 69/

          Хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн 928 тоот шинжилгээ:

           1.Э.У биед зүүн талд 6,7,10 дугаар хавирганы зөрөөтэй далд хугарал, цээжний хөндийн хий /300 мл/, цус /1200 мл/ хуралдалт, тархи доргилт, зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогоогдлоо

            2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.

            3.Э.Уянгын биед учирсан цээжний битүү гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Харин бусад гэмтлүүд нь дангаараа болон нийлээд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

            4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-н 70/

          Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-н 71-72/

          Э.У гэмтэл согог судлалын үндэсний төвийн өвчний түүхийн хуулбар /хх-н 45-68/

         Т. иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 27/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 28-29/, оршин суух газрын тодорхойлолт /хх-н 24-26/ шийтгэх тогтоолуудын хуулбарууд /хх-н 32-38/, гэрлэлтийн гэрчилгээний хуулбар /хх-н 43/

         Т.А хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай тогтоол /хх-н 83-84/

          Т.А Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн тогтоол, /хх-н 77/, прокурорын тогтоол /хх-н 78-79/, яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 80-82/ зэрэг болно.

         Т.А нь 2018 оны 12 дугаар сарын 30-ны шөнө  архи өгсөнгүй гэсэн шалтгаанаар зодож эрүүл мэндэд нь зүүн талд 6.7.10 дугаар хавирганы зөрөөтэй далд хугарал,цээжний хөндийн хий /300 мл/ цус 1200 мл хуралдалт бүхий хүнд хохирол учруулсан, тархи доргилт, зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий  хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг   тус тус үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна.Үүнд:

          Хохирогч Э.У  мөрдөн шалгах ажиллагааны үед  өгсөн ... Тэгээд орой нь бууз хийгээд сууж байгаад манай нөхөр нэг шил архи ганцаараа уусан. Тэгээд давраад шинэ жилээр хэрэглэх гэж байсан архийг ууна гэснээс болоод бид хоёр маргалдсан. Тэгээд намайг зодож баруун шанаа руу нэг удаа, зүүн талын хавирга луу хоёр удаа цохиход би амьсгал авч чадалгүй эвхрээд унасан. Нөхөр маань тэр үед гэрээсээ гараад удаж байгаад орж ирээд унтаад өгсөн. Маргааш нь гайгүй байж байгаад орой нь би шууд ухаан алдаж унасан байсан. Тэгээд манай ээж түргэн дуудаж намайг үзүүлсэн. А тухайн үед нилээн согтуу байсан харин би арай гайгүй байсан гэсэн мэдүүлэг  /хх-н 8-10/  

          Хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн 928 тоот шинжилгээний шинжээчийн дүгнэлтээр Э.У биед зүүн талд 6,7,10 дугаар хавирганы зөрөөтэй далд хугарал, цээжний хөндийн хий /300 мл/, цус /1200 мл/ хуралдалт, тархи доргилт, зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо                        3.Э.У биед учирсан цээжний битүү гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Харин бусад гэмтлүүд нь дангаараа болон нийлээд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.       

          Шүүгдэгч  Т.А мөрдөн шалгах ажиллагааны үед  өгсөн ... гэртээ бууз хийж байгаад эхнэртэйгээ тамхи гарч авах асуудлаас болоод маргалдсан. Сүүлдээ манай эхнэр манай ээжийг янхан гичий гэж хэлэхээр нь би уурлаад эхнэрийн нүүрэнд нь гараараа хоёр удаа, хавирга луу нь хоёр удаа цохисон. Манай эхнэр манай ээжийг янхан гэхээр нь миний уур хүрээд эхнэрээ зодчихсон юм. Би өмнө нь эхнэртэйгээ маргалдсан чинь манай эхнэр цагдаа дуудаад өгсөн юм. Өөр зодож цохисон асуудал байхгүй гэсэн мэдүүлэг /хх-ийн 12/ зэрэг болно.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

          Т.А нь эхнэрийгээ ээжийгээ янхан гэж хэллээ гэж уурлан нүүрэнд нь гараараа хоёр удаа, хавирга луу нь хоёр удаа цохисоноос Э.У биед цээжний битүү гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулсан, хөнгөн  хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн  гэм буруутай болохыг тогтоож хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.          

           Т.А нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй  болохыг дурьдах нь зүйтэй.           

          Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

          Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн  хувийн байдал, учирсан хохирол, хор уршигийн шинж чанар, мөн хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан тухайн зүйл хэсэгт заасан торгох ялын доод хэмжээгээр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.  

         Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.

 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.4. 36.6, 36.7, 36.8, 36.10,36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-д заасныг  удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Б овогт Т А Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан  гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутай болохыг тус тус  тогтоосугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Т.А 450 нэгжтэй тэнцэх хэмжээний 450.000 төгрөгөөр торгох ялаар, мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн  1 дэх хэсэгт зааснаар 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний 10.000.000 төгрөгөөр торгох ялаар  тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т.А оногдуулсан торгох ялуудыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 10.450.000 төгрөгөөр торгох ялаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  Т.А нь торгох ялыг 3 жилийн дотор нэг сард 290.277 төгрөг хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан Т.А нь торгох ялыг шүүхийн тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.

6. Т.А нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.

7. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Т.А авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй,   битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Т.А нь бусдад төлөх төлбөргүй  болохыг  тус тус дурьдсугай.

9. Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч,  хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч  өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор  давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэй, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах  эрхтэйг дурьдсугай.

10. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Т.А авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

      

 

 

                 ДАРГАЛАГЧ                                  С.ПҮРЭВСҮРЭН