Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 420

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж,

          нарийн бичгийн дарга Д.Хандсүрэн,

          улсын яллагч П.Бямбасүрэн,

          хохирогч Х.Нанжид,                                                                                     

         шүүгдэгч Н.Ц нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт Н.Ц-г холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1909004230220 дугаартай хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1990 оны 6 дугаар сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа барилгын ажил эрхэлдэг, ам бүл-6, эх, дүү нарын хамтаар ял шийтгэлгүй, Н.Ц,

  

          Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

          Яллагдагч Н.Ц нь Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Шарга морьтын зуслангийн задгай тоот буюу гэртээ 2019 оны 01 дүгээр сарын 16-наас 01 дүгээр сарын 20-ны хооронд гэр бүлийн хамаарал бүхий хүн буюу хамтран амьдрагч Х.Нанжидад агсам согтуу тавьж, улмаар зодож эрүүл мэндэд нь “баруун гарын богтос ясны далд, зөрөөгүй хугарал, зүүн нүдний алим, зүүн зовхинд цус хуралт, хамарт зулгаралт” гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учруулсан, урьд нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ байнга агсам согтуу тавьж 3-4 удаа зодож байсан, 2018 оны 6 дугаар сард Х.Нанжидын толгойн тус газарт сандлаар цохиж гэмтээж байсан нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэнээр хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

                                                           

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Н.Ц шүүх хуралдаанд “...Тухайн өдөр надтай өнгөрсөн жил хамт ажиллаж байсан залуу найз охинтойгоо хамт манай гэрт ирсэн. Бид нар согтууруулах ундаа хэрэглэсэн. Хамт ирсэн эмэгтэй нь манай эхнэрт хардалт үүсгэх яриа эхлүүлсэн. Манай хүн уурандаа ганцаараа нэлээн уусан. Би хэвтэж байгаад бөөлжих гээд байна гэхэд манай хүн “...тэгээд наанаа бөөлжөөч...” гээд цамцаараа нүүрэн дээр дарсан. Би босож ирээд түлхэхэд гараараа дараад эвгүй унасан. Уурлаад гараа зүсэх гээд хутга авахаар нь би булааж авсан. Намайг хутга барьж байгааг согтуудаа хараад өөрийг нь гэмтээх гэж байна гэж бодсон байх. Цагдаад хутга мэс гаргасан гэж мэдүүлэг өгснийг нь мэдээгүй хэргээ хүлээж байна гэж хэлсэн. Дараа нь найзаасаа тэр талаар мэдсэн. Батбаярынд байх үед бид 2 харилцан муудсан. Эхлээд над руу сандал шидэхээр нь би зөрүүлээд шидсэн. Байнга маргалддаг зүйл байхгүй. Найзуудын хажууд ганц нэг удаа маргасан. Уурлах үед нь түлхэж байсан. Гар хүрсэн зүйл байхгүй. Хүүхэдтэйгээ байдаг учир биед нь гар хүрч маргах зүйл байдаггүй. Найзуудтайгаа уулзаад хардалтаас болж маргасан...” гэв.

түүний мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагчаар мэдүүлсэн: “…Нанжидын биед хоёр гурван удаа л гар хүрч зодсон, хамтран амьдрагч Х.Нанжидыг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хутгаа гэртээ хайгаад олохгүй байгаа, хэргийн дараа л хутга алга болсон…” гэсэн мэдүүлэг /хх-57-58/,

 

Хохирогч Х.Нанжидын шүүх хуралдаанд “...Бид нар найзынд нь сууж байсан. Миний хуучин нөхөр над руу залгаснаас болж бид 2 маргалдсан. Би уурандаа сууж байсан сандлаа шидсэн. Над руу зөрүүлж шидээд миний толгой хагарсан. Би цагдаа дуудаагүй. Цагдаа ирэхээр нь харилцан муудсан, миний буруутай үйлдэл байсан учир гомдолгүй гээд өргөдлөө буцаасан. Дараа нь Цогтжаргалтай хамт ажиллаж байсан Сүхээ манайд ирсэн. Найз хүүхэн нь “...танай нөхөр надад хандраад тэвэрч аваад байна...” гэж хэлсэн. Би уурандаа 1 том шар айргийг ганцаараа уусан. Манай хүн бөөлжлөө гэхээр нь би өмсөж байсан цамцаараа нүүрэн дээр нь дарсан. Намайг зөрүүлээд түлхсэн. Би уурлахаараа уураа барьж чаддаггүй. Гараа зүсчих гээд байдаг. Би нэлээн согтолттой байсан. Цогтжаргал, Сүхбат нар хутга барьчихсан зууралдаж байхаар нь над руу дайрсан байна гэж бодсон. Маргааш нь уучлалт гуйгаад бид 2 эвлэрсэн. Маргааш нь мөн ажлын найзууд нь ирсэн. Намайг гараараа түлхсэнийг нь би уурандаа намайг алгадсан гэж хэлсэн. Намайг байнга зоддог, хорьж цагддаг гэж хэлээгүй. Миний хэлээгүй зүйлийг бичсэн байсан. Цогтжаргал 2 удаа гар хүрсэн нь үнэн. Гомдол саналгүй, нэхмэжлэх зүйлгүй...” гэв.

түүний мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагчаар мэдүүлсэн: “…Нэргүйн Цогтжаргал гэдэг хүнтэй 2018 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр танилцаад удалгүй 805 дугаар цэргийн ангийн ард түрээсийн байранд хамтран амьдарч эхэлсэн, 2018 оны 6 сарын эхээр Н.Ц нь Дарь эхэд байдаг найзынхаа гэрт архи ууж байгаад намайг модон сандлаар миний толгой руу нэг удаа цохисноос  болоод миний толгой хагараад гэмтлийн эмнэлэгт би түргэний машинаар хүргэгдэж 4 оёдол тавиулж байсан, түүнээс хойш архи дарс уусан үедээ байнгын зодож нүдэх болсон, 2018 оны 6 болон 07 сард гурав дөрвөн удаа зодож байсан бөгөөд зодсон үедээ намайг гэрээс гаргахгүй байж байгаад миний биед учирсан хавдаж хөхөрсөн гэмтлийг нь зүгээр болгочхоод байдаг байсан, ер нь сүүлдээ хутга барьж агсам согтуу тавьдаг болоод байгаа. Хамгийн сүүлд 2019 оны 01 дүгээр сарын 16-ны орой намайг гэртээ байж байхад архи уусан байдалтай найзтайгаа болон түүний найз эмэгтэйтэй хамт ирээд нэлээд согтоод над руу уурлаж агсарч байгаад гал тогооноос хутга аваад намайг хутгалахаар дайраад миний нүүр руу далайгаад хатгах гэхэд нь түүний найз Сүхээ нь түүнийг хойш нь татсан тулдаа миний хамрыг хутганы үзүүр нь шүргээд өнгөрсөн, бөгөөд Н.Ц над руу дайраад миний үснээс зулгааж, дээрээс дараад зодож байхдаа миний баруун гарын шууны ясыг хугалчихсан. ...Маргааш өглөө нь сэрчхээд надаас уучлалт гуйж байсан боловч үдээс хойш нь гарч явчхаад орой нь бас л архи уугаад орж ирээд намайг алгадаж зодоод байсан, өчигдөр буюу 2019 оны 01 дүгээр сарын 20-ны орой Хараа гэдэг найзтайгаа бас архи уугаад нэлээд согтоод над руу агсан тавих гээд байхаар нь би айсандаа болоод цагдаад хандсан, би цагдаа дуудах, гомдол гаргах гэхээр Н.Ц нь байнгын уучлалт гуйгаад, амлалт өгөөд байдаг болохоор нь уучилдаг байсан, гэтэл сая хутгаар миний нүүрийг зүсэх гэж оролдсоноос нь хойш би маш их айгаад байна…”  гэсэн мэдүүлэг /хх-13-14, 17-18/,

 

Гэрч Н.Хашхүүгийн "... Нанжидын хамтран амьдрагч залууг нь хараагүй, урьд нь Нанжидын зүүн нүднийх нь хажуу талд хөхөрсөн байсан бөгөөд тэр талаар нь асуухад мод хагалж байгаад санаандгүй цохичихсон юм гэж хэлж байсан..." гэсэн мэдүүлэг /хх-30/,

 

Гэрч Я.Наранцэцэгийн "... төрсөн дүү Н.Ц нь хүн чанартай, их томоотой, хүнд тусархуу, танилцсан хүүхэн нь надад таалагдаагүй, Цогтжаргал охиндоо хувцас авна гэж ярьж байсан боловч өнөөдөр ингээд цагдаа дээр байж байгаад гайхаж байна..." гэсэн мэдүүлэг /хх 32-33/,

    

     Гэрч Н.Цогт-Ирээдүйн "... Цогтжаргалын ахын хувьд хэлэхэд хүнд их итгэмтгий, гэнэн зантай, буруу найз нөхөдтэй нийлж асуудалд орчих гээд байдаг, урьд нь амьдрал зохиож байсан, эхнэр нь салсан, хүүхэд нь манай ээж дээр өсөж байгаа..." гэсэн мэдүүлэг /хх 37/,

 

Гэрч М.Баттуяагийн "... манай гэрт байх хугацаанд нэг л удаа Цогтжаргал Нанжид руу сандал шидэж толгойг нь оносон тул би цагдаа дуудаж байсан, цагдаа ирэхэд Цогтжаргал манай гэрээс гараад явсан, Нанжид нь би Цогтжаргалд гомдол саналгүй, битгий барьж аваарай, би дуудлага өгөөгүй, гомдол санал байхгүй, гээд дуудлагыг буцааж байсан, Цогтжаргал, Нанжид хоёр хардалтаас болж маргалдсан..." гэсэн мэдүүлэг /хх-41-42/,

Хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээний ¹1546 тоот актын “…Х.Нанжидын биед баруун гарын богтос ясны далд, зөрөөгүй хугарал, зүүн нүдний
алим, зүүн зовхинд цус хуралт, хамарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.  ...Дээрх гэмтлүүд мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр үүссэн байх боломжтой. …Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэг хамаарна. ...Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй... ” гэсэн дүгнэлт, /хх-25/,

 

Шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-62/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх-64/, Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-63/,  Хувийн байдлыг тогтоосон баримт /хх-31-35/ Мөрдөн байцаалтын ажиллагааг дуусгаж, хэргийн материалыг байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчид танилцуулсан тэмдэглэл /хх-71-72/ зэргийг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

Шүүгдэгч Н.Ц нь Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Шарга морьтын зуслангийн задгай тоот буюу гэртээ 2019 оны 01 дүгээр сарын 16-наас 01 дүгээр сарын 20-ны хооронд гэр бүлийн хамаарал бүхий хүн буюу хамтран амьдрагч Х.Нанжидад агсам тавьж, улмаар зодож, эрүүл мэндэд нь “баруун гарын богтос ясны далд, зөрөөгүй хугарал, зүүн нүдний алим, зүүн зовхинд цус хуралт, хамарт зулгаралт” гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учруулсан болох нь дээр дурьдсан хохирогч Х.Нанжид, гэрч Н.Хашхүү, Я.Наранцэцэг, Н.Цогт-Ирээдүй, М.Баттуяа нарын мэдүүлгүүд, Хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээний ¹1546 актын дүгнэлт, шүүгдэгч Н.Цын сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлэг, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон.

Шүүгдэгч Н.Цын гэр бүлийн хамаарал бүхий хамтран амьдрагч Х.Нанжидыг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул Н.Цын дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирогч Х.Нанжид нь энэ хэрэгтээ холбогдуулан ямар нэгэн нэхэмжлэл гаргаагүй бөгөөд тэрээр мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн тул шүүгдэгч Н.Цыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Н.Цын дээрх үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудын аль аль нь тогтоогдсонгүй.

 

Шүүх шүүгдэгч Н.Цд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний үйлдсэн хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа, хохирогч нь гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй гэсэн, мөн түүний хувийн байдал зэргийг харгалзан түүнд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх боломжтой гэж үзлээ.

Харин шүүгдэгч Н.Ц нь дээрх согтуугаар үйлдсэн, мөн гэр бүлийн харилцан хамаарал бүхий хүнд хүчирхийлэл үйлддэг болох нь хэрэгт авагдсан баримтаар хангалттай нотлогдон тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.2, 3.3 дахь хэсгүүдэд заасан үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтоох нь зүйтэй гэж үзэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Н.Ц нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдав.

 

Үүнээс гадна улсын яллагч яллах дүгнэлтийн “Тэмдэглэх нь” болон “Тогтоох нь” хэсэгт шүүгдэгч Н.Цын үйлдсэн гэмт хэргийг талаар бичихдээ “...урьд нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ байнга агсам согтуу тавьж 3-4 удаа зодож байсан, мөн 2018 оны 6 дугаар сард Х.Нанжидын толгойн тус газарт сандлаар цохиж гэмтээж байсан,...” гэж шүүгдэгчийн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйлдлийг илүү нарийвчлан тодруулах үүднээс бичсэн, энэ хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй тул шүүх шаардлагагүй гэж үзэж хассан болохыг тэмдэглэх нь зүйтэй.   

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дахь хэсэгт заасан зүйл заалтуудыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Н.Ц-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан буюу хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Н.Цд хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч Н.Цд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.2-т заасан “Зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах”, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 3.3-т заасан “Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэхийг хориглох” хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээг тэнссэн хугацаанд хэрэглэж, түүнд хяналт тавих үүргийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

4.Шүүгдэгч Н.Ц нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

5.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

6.Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

7.Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Цд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхийг дурдсугай.

 

 

                       

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     З.БОЛДБААТАР