| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамдорж Мандалбаяр |
| Хэргийн индекс | 101/2024/08815/И |
| Дугаар | 210/МА2025/00547 |
| Огноо | 2025-04-02 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 04 сарын 02 өдөр
Дугаар 210/МА2025/00547
******* сууц өмчлөгчдийн холбооны
нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч Э.Энэбиш, Б.Мандалбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
******* сууц өмчлөгчдийн холбооны нэхэмжлэлтэй,
*******д холбогдох,
Дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар үйлчилгээний зардалд 1,474,530 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Б.Мандалбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Ариунзул нар оролцов.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч ******* сууц өмчлөгчдийн холбоо нь хариуцагч *******д холбогдуулан дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар үйлчилгээний зардалд 1,474,530 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нь 1,072,500 төгрөгөөс бусад 402,030 төгрөгт холбогдох хэсгийг эс зөвшөөрч маргасан.
Тодруулбал, нэхэмжлэгч нь 2023 оны 10 дугаар сараас 2024 оны 10 дугаар сар хүртэлх хугацааны дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар үйлчилгээний зардалд 1,474,530 төгрөг нэхэмжилсэн бол, хариуцагч нь ******* сууц өмчлөгчдийн холбооны удирдах зөвлөлийг оршин суугчдын хурлаар сонгоогүй, хэрхэн яаж сонгогдсон нь тодорхой бус, хууль бус шийдвэрээр ирц бүрдээгүй байхад дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар үйлчилгээний зардлыг 129,000 төгрөг болгож нэмснийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөний улмаас шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.
3. Хэрэгт авагдсан ******* сууц өмчлөгчдийн холбооны 2024 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн бүх гишүүдийн хурлын тогтоолд 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн тус сууц өмчлөгчдийн холбооны үйл ажиллагааны зардлын төлбөрийг 79,900 төгрөг, гараашны төлбөрийг 21,500 төгрөг, засвар үйлчилгээ, урсгал засварын төлбөрийг 1 м.кв талбай тутамд 200 төгрөгөөр тооцож авахаар шийдвэрлэжээ. /х.х-ийн 8/
******* нь ******* сууц өмчлөгчдийн холбооны бүх гишүүдийн хурал холбогдох хуульд заасан журмын дагуу зохих ёсоор хуралдаагүй тул орон сууцны дундын өмчлөлийн ашиглалт, засвар, үйлчилгээний зардлыг 129,000 төгрөг болгож нэмснийг зөвшөөрөхгүй, үүнтэй холбогдуулан 2024 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр зохион байгуулсан гэх сууц өмчлөгчдийн холбооны бүх гишүүдийн хуралд оролцсон гишүүдийн нэрс, ирц, хурлаар хэлэлцсэн асуудлын талаарх үйл баримтыг тодруулахаар нэхэмжлэгчээс нотлох баримт гаргуулах тухай хүсэлт гаргасан байна. /х.х-ийн 25, 77/
4. Гэтэл анхан шатны шүүх хариуцагчийн энэхүү хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д Хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримт нь төрийн болон албаны нууц, байгууллагын нууц, хүний эмзэг мэдээлэлтэй холбоотой; өөр улс, орон нутагт байгаа учраас зохигч тэдгээрийг өөрөө олж авах боломжгүй; түүнчлэн туршилт, үзлэг, таньж олуулах, шинжилгээ хийлгэх, гэрчийн мэдүүлэг авах тохиолдолд нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлнэ гэж заасанд нийцээгүй байна. Учир нь,
4.1 Нэхэмжлэгч нь орон сууцны дундын өмчлөлийн ашиглалт, засвар, үйлчилгээний зардлыг нэхэмжлэхдээ 2024 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн бүх гишүүдийн хурлын шийдвэрийг үндэслэн нэхэмжилснийг хариуцагч нь бүх гишүүдийн хурал холбогдох хуульд зааснаар зохих ёсоор хуралдаагүй гэсэн үндэслэлээр татгалзсан байхад үүнийг хэрэгт хамааралгүй гэж дүгнэсэн нь учир дутагдалтай болжээ.
Хэдийгээр хариуцагч ******* нь дээрх сууц өмчлөгчдийн холбооны бүх гишүүдийн хуралд өөрийн биеэр оролцоогүй, мөн хурлаас гаргасан шийдвэрийн хүчин төгөлдөр байдлын талаар маргаан үүсгээгүй гэх боловч тэрбээр Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.3-т хурлын тогтоол, тэмдэглэлтэй танилцах, үнэн зөв эсэхийг хянах гэж зааснаар нэхэмжлэгч ******* сууц өмчлөгчдийн холбооноос холбогдох баримтыг шаардах эрхтэй.
4.2 Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3-т Шүүх зохигч аль нэг талын хүсэлтээр эсрэг талаас нотлох баримтыг албадан гаргуулж болно гэж заасан.
Тодруулбал, нэхэмжлэгч ******* сууц өмчлөгчдийн холбоо нь 2024 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн бүх гишүүдийн хурал зохих ёсоор болсон гэсэн үндэслэлээр орон сууцны дундын өмчлөлийн ашиглалт, засвар, үйлчилгээний зардалд 1,474,530 төгрөгийг нэхэмжилж байгаа бол хариуцагч *******ын хүсэлтэд дурдсан баримтуудыг танилцуулах үүрэгтэй.
Анхан шатны шүүх хариуцагчийн сууц өмчлөгчийн хурлын тогтоол, тэмдэглэлтэй танилцах, үнэн зөв эсэхийг хянах, нягтлах эрхийн хүрээнд нэхэмжлэгчээс үүнтэй холбоотой нотлох баримт гаргуулах хүсэлт гаргасныг хангаагүй атлаа хариуцагчийг 2024 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн бүх гишүүдийн хурлын шийдвэрийн талаар тусдаа нэхэмжлэл гаргаагүй, түүнчлэн хариу татгалзлын үндэслэлээ нотлоогүй гэж дүгнэсэн нь зохигчийн мэтгэлцэх зарчимд нийцээгүй байна.
5. Иймд, нотлох баримтыг шүүх дутуу бүрдүүлж хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасан үндэслэлд хамаарах тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Давж заалдах шатны шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчлийн улмаас анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож байгаа тул материаллаг эрх зүйн дүгнэлт өгөхгүй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 197/ШШ2025/00770 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 38,550 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дугаар зүйлийн 7511.2 дахь хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөнөөс бусад тохиолдолд давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх тул талууд гомдол гаргах эрхгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ
ШҮҮГЧИД Э.ЭНЭБИШ
Б.МАНДАЛБАЯР