| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатар Бадрах |
| Хэргийн индекс | 181/2024/03998/И |
| Дугаар | 210/МА2025/00592 |
| Огноо | 2025-04-11 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 04 сарын 11 өдөр
Дугаар 210/МА2025/00592
*******-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, шүүгч Э.Энэбиш, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 191/ШШ2025/00942 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: *****,
Хариуцагч: *****,
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: ***** ХХК.
үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *****, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *****, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Минжин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
Монголын олон улсын арбитрын 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 402 дугаар шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааны хүрээнд хариуцагч нь хөрөнгийн үнэлгээний ***** ХХК-иар Төв аймгийн Баян сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах нэхэмжлэгчийн эзэмшлийн нэгж талбарын * дугаартай 51,839 м.кв талбайтай, нэгж талбарын * дугаартай 344,207 м.кв талбайтай, нэгж талбарын * дугаартай 342,426 м.кв талбайтай, нэгж талбарын * дугаартай 59,999 м.кв талбайтай, нэгж талбарын * дугаартай 80,000 м.кв талбайтай нэгж талбарын * дугаартай 50,000 м.кв талбайтай газар болон уг газарт байрлаж байгаа машин пүү, ажилчдын байр, техникийн гражийг үнэлүүлсэн.
Хөрөнгийн үнэлгээчин дээр дурдсан 6 нэгж талбар бүхий газар, уг газарт байрлаж буй эд хөрөнгийг нийтдээ 6,544,655,842 төгрөгөөр үнэлснийг зөвшөөрөхгүй.
Төлбөр төлөгч нь дээрх хөрөнгийг 15,000,000,000 төгрөгөөр үнэлж байгаа тухайгаа урьдчилан мэдэгдсэн. Гэвч ***** ХХК-ийн үнэлгээчин үнэлгээ гаргахдаа төмөр замын салаа бухий уг газарт хэрэгжих гэж буй Тээвэр ложистикийн иж бүрэн цогцолбор'' төслийн ач холбогдлыг тооцоолж үнэлгээнд тусгаагүй.
Ийнхүү бизнесийн ач холбогдлын хувьд улсын хэмжээнд төдийгүй бүс нутгийн хэмжээнд эдийн засаг, улс төрийн стратегийн ач холбогдолтой төсөл хэрэгжүүлэх гэж буй 6 нэгж талбар газрыг 6,544,655,842 төгрөгөөр үнэлсэн нь үндэслэлгүй.
Иймд, ***** ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү.
2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:
Арбитрын шийдвэрийг биелүүлэх шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагдаж үнэлгээ хийгдсэн.
Иймд, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд шүүхэд хариу тайлбар ирүүлээгүй.
4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар нэхэмжлэгч *****-ийн гаргасан хариуцагч *****т холбогдох үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн.
5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
Нэхэмжлэгч 6 нэгж талбар бүхий газарт "*****" ХХК-тай хамтран Монгол Улсын төдийгүй бүс нутгийн хэмжээнд үйлчилгээ үзүүлэх нийт 69,569 сая ам.долларын төсөвт өртөгтэй, 2,4 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт шаардагдах "Тээвэр ложистикийн иж бүрэн цогцолбор" байгуулж ашиглах төсөл хэрэгжүүлэх зорилготой бөгөөд үүнийг харгалзан тухайн газруудыг бүхэлд нь 15,000,000,000 төгрөгөөр үнэлж байгаа тухайгаа хариуцагчид урьдчилан мэдэгдсэн.
***** ХХК нь хөрөнгийн үнэлгээ гаргахдаа Тээвэр ложистикийн иж бүрэн цогцолбор'' төслийн ач холбогдлыг тооцоолж үнэлгээнд тусгаагүй.
Хэрэгт нэхэмжлэлийг хангах үндэслэл болох "Тээвэр ложистикийн иж бүрэн цогцолбор"-ын бизнес төлөвлөгөөний "Техник эдийн засгийн үнэлгээ"-ний урьдчилсан тайлан болох 97 хуудас нотлох баримтыг өгсөн ч анхан шатны шүүх эдгээр нотлох баримтыг харгалзан үзсэн эсэх нь шийдвэрт тусгагдаагүйгээс шийдвэр нотлох баримтад тулгуурлалгүй гарсан.
Нэхэмжлэгчийг шүүхэд гомдол гаргах хугацаа хэтрүүлсэн гэж байгаа боловч энэ нь хариуцагчийн шийдвэрийг эс зөвшөөрч, дээд шатны удирдлагад гомдол гаргасантай холбоотой.
Иймд, шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү.
6. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:
Үнэлгээ Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд нийцэж гарсан. Мөн нэхэмжлэгч нь үнэлгээнд гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн. Иймд, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.
7. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд гомдолд бичгээр тайлбар ирүүлээгүй, шүүх хуралдаанд оролцоогүй.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.
2. Нэхэмжлэгч ***** нь хариуцагч *****т холбогдуулан хөрөнгийн үнэлгээг хийхдээ үнэлүүлсэн газар дээр хэрэгжих төсөл, хөрөнгө оруулалтыг харгалзан үзээгүй гэх үндэслэлээр үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасан.
Хариуцагч нь үнэлгээ хуульд нийцсэн гэж нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ***** ХХК бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцсон боловч өөрийн байр суурийг илэрхийлж тайлбар гаргаагүй.
3. Монголын олон улсын арбитрын 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 402 дугаар шийдвэрээр *****-иас 967,365,597 төгрөг гаргуулж БНХАУ-ын ***** ХХК-д олгохоор шийдвэрлэжээ /1хх 129-135/.
3.1. Дээрх шийдвэрийн дагуу явагдсан шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар төлбөр төлөгч Төв аймгийн Баян сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах *****-ийн эзэмшлийн нэгж талбарын * дугаартай 51,839 м.кв талбайтай, нэгж талбарын * дугаартай 344,207 м.кв талбайтай, нэгж талбарын * дугаартай 342,426 м.кв талбайтай, нэгж талбарын * дугаартай 59,999 м.кв талбайтай, нэгж талбарын * дугаартай 80,000 м.кв талбайтай нэгж талбарын * дугаартай 50,000 м.кв талбайтай газар болон уг газарт байрлаж байгаа машин пүү, ажилчдын байр, техникийн гражийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4, 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсэгт зааснаар 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр битүүмжилж, 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдөр хураасан байна /1хх 136-152/.
3.2. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд хураасан хөрөнгийн үнийн талаар тохиролцоогүй тул шийдвэр гүйцэтгэгчийн 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн тогтоолоор Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т зааснаар шинжээчээр ***** ХХК-ийг томилжээ.
Шинжээч нь 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдөр *****-ийн эзэмшлийн нэгж талбарын * дугаартай 51,839 м.кв талбайтай, нэгж талбарын * дугаартай 344,207 м.кв талбайтай, нэгж талбарын * дугаартай 342,426 м.кв талбайтай, нэгж талбарын * дугаартай 59,999 м.кв талбайтай, нэгж талбарын * дугаартай 80,000 м.кв талбайтай, нэгж талбарын * дугаартай 50,000 м.кв талбайтай 6 нэгж талбар бүхий газрыг 5,831,933,482 төгрөгөөр, бусад хураагдсан хөрөнгийг 712,722,360 төгрөгөөр, нийт 6,544,655,842 төгрөгөөр үнэлсэн /1хх 158-186/.
3.3. Хариуцагчийн зүгээс дээрх үнэлгээний тайланг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т заасны дагуу 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдөр төлбөр төлөгч *****-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *****д мэдэгдэж, танилцуулсан байна /1хх 187, 189-191/.
3.4. Эдгээр үйл баримтыг анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар зөв тогтоосон.
4. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтад үндэслэн нэхэмжлэгч нь шүүхэд гомдол гаргах хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн гэж дүгнэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасан зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ.
4.1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д талууд эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо үнэлгээний тайланг мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргана гэж заасан.
Нэхэмжлэгч нь 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдөр эд хөрөнгийн үнэлгээний тайлантай танилцсан атлаа 2024 оны 07 дугаар сарын 26-ны өдөр шүүхэд уг үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасан нь дээрх гомдол гаргах хуулийн хугацааг хэтрүүлсэн байна.
4.2. Ийнхүү гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн нь хүндэтгэн үзэх шалтгаантай байсан болохыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нотлоогүй.
Мөн үнэлгээтэй холбоотой гомдол гаргахад урьдчилан шийдвэрлэх журмыг хуульд заагаагүй тул энэ талаарх нэхэмжлэгчийн гомдлыг хүлээн авах үндэслэлгүй. Түүнчлэн шүүхэд нэхэмжлэл гаргахаас урьд хариуцагч байгууллагад энэ асуудлаар гомдол гаргасан баримт хэрэгт авагдаагүй болохыг дурдвал зохино.
4.3. Нэгэнт нэхэмжлэгч нь үнэлгээнд гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн тул үнэлгээний талаар маргах эрхээ алдана.
Иймээс ***** ХХК-ийн 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн үнэлгээний талаар шүүхээс эрх зүйн дүгнэлт өгөхгүй.
5. Дээрх байдлаар анхан шатын шүүх гомдол гаргах хугацааны талаар үндэслэл бүхий эрх зүйн дүгнэлт өгсөн байх тул шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 191/ШШ2025/00942 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР
ШҮҮГЧИД Э.ЭНЭБИШ
Т.БАДРАХ