Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 184/ШШ2016/00993

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг би

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүргийн 1-р хороо, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай-3, “Голомт банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн 25-р хороо, Хайрхан 24-р гудамж 77 тоотод оршин суух, эмэгтэй, МЭ73021200 регистрийн дугаартай, Боржигон овогт Зооёогийн Цолмон холбогдох

зээлийн гэрээний үүргийн биелэлт 1 399 977 төгрөг гаргуулах тухай хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч “Голомт банк” ХХК-ийн зээл хариуцсан дэд захирал Т.Нямсүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Иргэн З.Цолмон нь “Макс групп” ХХК-ийн Берлин 50 төвд ажиллаж байхдаа буюу 2013 оны 7 дугаар сарын 16-ны өдөр Голомт банктай ЗГ1105076741 дугаартай “Зээл болон барьцааны гэрээ”-г байгуулан 2 500 000 төгрөгийг 24 сарын хугацаатай, жилийн 18 хувийн хүүтэй зээлж авсан. Зээлдэгч нь 2014 оны 7 дугаар сараас эхлэн зээл төлөлтийн хуваариа удаа дараа зөрчин, төлбөрийн хоцрогдол бий болгож эхэлсэн бөгөөд зээлдэгчийн талаар судлахад жирэмсний амралттай 6-р сард ажилдаа орно гэж байв. Зээлдэгч нь Сэлэнгэ аймагт амьдарч байгаад хэсэг хугацаанд хамаатны айлдаа Баянзүрх дүүрэг Улиастайд амьдарсан. Одоо хуучин хаягтаа амьдарч байгаа гэсэн болно.

Иймд зээлдэгч З.Цолмонгоос үндсэн зээлийн үлдэгдэл 1 226 452 төгрөг, үндсэн хүү 173 524 төгрөг, нийт 1 399 977 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

            Хариуцагч З.Цолмон шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

            “Голомт банк” ХХК-ийн нэхэмжилсэн 1 399 977 төгрөгийг 2016 оны 10 дугаар сарын 30-ны өдөр бүрэн төлж барагдуулах хүсэлтэй байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ. 

           

            Нэхэмжлэгч “Хас банк” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Мандах шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

            Хариуцагчийн саналыг хүлээн зөвшөөрч байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч “Голомт банк” ХХК нь хариуцагч З.Цолмонд холбогдуулан гэрээний үүргийн биелэлт 1 399 977 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч З.Цолмон нь ”Голомт банк” ХХК-иас 2013 оны 7 дугаар сарын 16-ны өдөр 2 500 000 төгрөгийн 24 сарын хугацаатай, 18 хувийн хүүтэй зээлсэн болох нь нэхэмжлэгч хариуцагч нарын тайлбар, ЗГ1105076741 тоот зээлийн гэрээ  гэсэн баримтуудаар тогтоогдож байна.

Нэхэмжлэгч “Голомт банк” ХХК нь хариуцагч З.Цолмонгоос 1 399 977 төгрөг нэхэмжилсэн ба хариуцагч нь 1 399 977 төгрөгийг 2016 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн дотор бүрэн төлөхийг зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

 

1. Нэхэмжлэгч “Голомт банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч З.Цолмонд холбогдох  1 399 977 төгрөг гаргуулах тухай хэргийн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар 2601025961 тоот данснаас 18 675 төгрөг, хариуцагчаас 18 675 төгрөг  тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 37 350 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Зохигчид 1 399 977 төгрөгийг 2016 оны 10 дугаар сарын 30-ны өдөр төлөхөөр тохиролцсон болохыг дурдсугай.

 

4. Шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

5. Зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                               С.ОЮУНЧИМЭГ