Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 04 сарын 14 өдөр

Дугаар 210/МА2025/00605

 

 

 

 

 

 

******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Б.Мандалбаяр, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 191/ШШ2025/01746 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: ***** ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: ***** ХХК-д холбогдох,

түрээсийн гэрээний үүрэгт 16,141,110 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *****, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *****, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Ариунзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

2023 оны 08 дугаар сарын 29-ний өдөр ***** ХХК-ийн өмч болох ***** улсын дугаартай САТ-140 маркийн автогрейдрийг операторын хамт түрээслэх, ***** ХХК нь түрээсийн төлбөрт сарын 30,000,000 төгрөг төлөх гэрээг байгуулсан.

Улаанбаатар хотоос автогрейдрийг 2023 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Хэнтий аймгийн Норовлин сумын автозамын ажил гүйцэтгэж байгаа газар хүлээлгэж өгснөөс хойш 2023 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хүртэл нийт 67 хоног ажиллаад өвлийн улирал эхэлсэнтэй холбоотой ажил дуусаж, буусан.

Энэ хугацааны түрээсийн төлбөрийг ***** ХХК нь нийт 57,044,335 төгрөг гэж тооцож 34,903,225 төгрөг төлсөн, үлдэх төлбөрт 22,141,110 төгрөг төлнө гэх баримтыг 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдөр үзүүлсэн. Энэ тооцоог хүлээн зөвшөөрөөд үлдэх төлбөрийг төлөхийг удаа дараа шаардахад 2024 оны 03 дугаар сарын 23-ны өдөр 4,000,000 төгрөг, 05 дугаар сарын 30-ны өдөр 2,000,000 төгрөг өгсөн.

Иймд түрээсийн төлбөрийн үлдэгдэл 16,141,110 төгрөгийг гаргуулж өгнө үү.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

Түрээсийн төлбөрийн үлдэгдэл 16,041,110 төгрөгийг төлөх боломжгүй. Учир нь ***** улсын дугаартай автогрейдерын оператор * нь манай компанийн түрээсэлж байсан экскаваторыг өөрийн дураар асаах үйлдэл хийхдээ эфир ашиглаж байгаад эд ангийг шатааж хохирол учруулсан. Уг хохирлоо барагдуулаагүй явсан учир 12,452,000 төгрөгийн хохирлыг ***** ХХК нь бусдад төлж барагдуулсан.

Мөн ***** болон ***** ХХК цахим төлбөрийн баримт мэдээллийн санд оруулаагүй. Энэ нь ***** ХХК-д төлбөр болж нэмэгдсэн. Асах боломжгүй болсон эвдэрсэн экскаваторыг Улаанбаатар хот руу ачиж чадахгүй, сэлбэг хүлээх хугацаанд харж байсан ажилчдын цалин, бусад зардлыг мөн нэмж тооцно.

Иймд тус компанид учруулсан хохирол их байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д зааснаар хариуцагч ***** ХХК-иас 16,141,110 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *****д олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 238,655 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 238,655 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн.

 

4. Хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

Анхан шатны шүүх нэхэмжлэл гаргах эрхгүй этгээдийн нэхэмжлэлийг хүлээн авч хууль зөрчсөн. ***** нь ***** ХХК-ийн хувьцаа эзэмшигч эсэхийг шүүх шалгаагүй.

Манай компанийн замын ажилд зориулж иргэн *оос экскаватор мөн түрээсийн журмаар авч ажиллуулж байсан. Уг экскаватор нь асахаа больсон байхад нь * хэнээс ч зөвшөөрөл авалгүй өөрөө дур мэдэн асаах үйлдэл хийхдээ эфир ашиглаж байгаад шатааж хохирол учруулсан. * өөрөө ч эвдэлсэн гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа.

Шүүх гал гарсан нөхцөлийг галын шинжээчийн дүгнэлтээр тогтоодог ба тухайн үед шинжээч ажиллуулаагүй байна гэжээ. Нэгэнт шатаасан хүн нь үйлдлээ хүлээн зөвшөөрөөд байхад заавал галын шинжээч ажиллуулах шаардлагагүй.

***** ХХК-ийн операторын буруутай үйлдлээс болж экскаватор шатсан тул манайх гуравдагч талд төлсөн төлбөр, сэлбэгийн мөнгийг нэхэмжлэгчид төлөх төлбөрөөс хасаж тооцно.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.

 

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

Би ***** ХХК-ийг төлөөлж түрээсийн гэрээг байгуулсан. Дараа нь итгэмжлэлээ өгсөн. Хариуцагч түрээсийн төлбөр төлөх ёстой болох нь тогтоогдсон. Экскаватор манай ажилтны буруугаас болж шатсан гэх асуудал баримтаар тогтоогдоогүй. Авторгрейдерийн оператор нь ***** ХХК-тай хөдөлмөрийн гэрээ байгуулсан ажилтан байдаг. Иймд шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянаад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч ***** ХХК нь хариуцагч ***** ХХК-д холбогдуулан түрээсийн гэрээний үүрэгт 16,141,110 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.

Хариуцагч түрээсийн гэрээний үлдэгдэл мөнгөн төлбөрийн үүрэгт маргаагүй, харин нэхэмжлэгч байгууллагын ажилтан нь гэм хорын хохирол учруулсан гэх үндэслэлээр нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргажээ.

 

2.1. Энэхүү маргаанд анхан шатны шүүх нэхэмжлэгчийг ***** гэж тодорхойлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт нийцээгүй байна.

Учир нь ***** ХХК нь 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдөр *****д ***** ХХК-тай байгуулсан түрээсийн гэрээтэй холбоотой асуудлаар компанийг төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргах эрх олгосон итгэмжлэл олгожээ.

Уг итгэмжлэлд үндэслэн ***** 2024 оны 08 дугаар сарын 23-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байгааг анхан шатны шүүх анхааралгүй нэхэмжлэгчээр түүнийг тодорхойлсон. Хэдийгээр дээрх итгэмжлэлийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өгсөн байх боловч шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.1-д зааснаар хэргийн оролцогчид эрх, үүрэг тайлбарлах замаар нэхэмжлэгчийг зөв тодорхойлох ёстой.

Энэ алдаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасан шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэх ноцтой зөрчилд хамаарахгүй буюу давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой байна.

 

2.2. Хэргийн үйл баримтыг дүгнэхэд ***** ХХК нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт зааснаар хуульд заасан эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзэж эрхээ сэргээлгэхээр нэхэмжлэл гаргасан байх тул нэхэмжлэгчээр дээрх компанийг тодорхойлж шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй.

Үүнтэй холбоотойгоор хариуцагчийн гаргасан эрх олгогдоогүй этгээд нэхэмжлэл гаргасан гэх гомдлыг хангахгүй.

 

3. 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдөр ***** ХХК нь өөрийн өмчлөлийн ***** улсын дугаартай автогрейдерийг аж ахуйн үйл ажиллагаа явуулахад нь зориулж шилжүүлэхээр, ***** ХХК нь түрээсийн төлбөрт 1 сарын 30,000,000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцсон байна.

Гэрээг ***** ХХК-ийг төлөөлж ***** байгуулсан бөгөөд түүнийг тухайн компанийг төлөөлж гэрээ байгуулсан болохыг 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдөр олгосон итгэмжлэлээр ***** ХХК зөвшөөрсөн.

 

3.1. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх заасан түрээсийн гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр гэж зөв дүгнэсэн.

*****д олгосон итгэмжлэл, түрээсийн зүйл болох автогрейдерийн өмчлөгч бөгөөд өөрийн ажилтнаар автогрейдерийг түрээсийн хугацаанд ажиллуулсан зэрэг үйл баримтаар ***** ХХК нь түрээсийн гэрээний түрээслүүлэгчийн шаардах эрхийг хэрэгжүүлэх эрхтэй болох нь тогтоогдсон.

 

3.2. Түрээсийн гэрээ 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдрөөс 11 дүгээр сарын 05-ны өдөр хүртэлх хугацаанд хэрэгжихэд нийт түрээсийн төлбөр 57,044,335 төгрөг болсноос түрээслэгч нь 41,903,225 төгрөгийг төлж, үлдэх 16,141,110 төгрөг төлөөгүй байна.

Энэ үйл баримт, тооцоололд хариуцагч мэтгэлцээний эсрэг байр суурь илэрхийлээгүй.

Иймд анхан шатны шүүх хариуцагчаас түрээсийн гэрээний үүрэгт 16,141,110 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт нийцжээ.

 

4. Харин анхан шатны шүүх хариуцагчийн гаргасан гэм хорын хохиролтой холбоотой тайлбарт эрх зүйн дүгнэлт өгснийг хүчингүй болгох үндэслэлтэй байна.

 

4.1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2 дахь хэсэгт сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай тооцогдох байвал шүүх сөрөг нэхэмжлэлийг үндсэн нэхэмжлэлтэй хамт шийдвэрлэнэ гэж заасан.

Уг зохицуулалтын агуулгаар талууд нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагын хүрээнд мэтгэлцээнийг өрнүүлэхээр байна.

Энэ хэргийн хувьд нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан үүргийн эрх зүйн буюу гэрээний үүрэг шаардаж нэхэмжлэл гаргасан. Уг тохиолдолд талуудын үүргийн эрх зүйн хүрээнд үүссэн маргаанд шүүх дүгнэлт өгөх ёстой.

Гэтэл анхан шатны шүүх маргааны хүрээнээс хальж хариуцагчийн гаргасан гэм хорын хохирол, түүнд холбогдох үйл баримтын талаар дүгнэлт өгсөн нь дээрх хуулийн зохицуулалтад нийцээгүй байна.

 

4.2. Хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж мэтгэлцэх эрхийг эдлэх боловч энэ нь нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагын хүрээнд байх ёстой.

Өөрөөр хэлбэл, үүргийн эрх зүйн маргаанд гэм хорын эрх зүйд үндэслэсэн татгалзлыг хүлээн авч хамтатган дүгнэлт өгч шийдвэрлэхгүй.

 

4.3. Түүнчлэн анхан шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1, 86 дугаар зүйлийн 86.1 дэх хэсэгт заасныг зөрчиж гэм хор учруулсан гэх үйл баримт, гэм буруугийн талаар дүгнэлт өгсөн байх боловч гэм хорын эрх зүйн маргааныг үүргийн эрх зүйн маргаантай хамтатган шийдвэрлэхгүй учир шийдвэрийг хүчингүй болгож, зөрчлийг арилгуулах шаардлагагүй.

 

4.4. Иймд хариуцагчийн гаргасан гэм хорын хохирол, үйл баримтад холбогдох гомдлыг хангахгүй. Хариуцагч нь өөрт учирсан гэх гэм хорын хохиролтой холбоотой асуудлаар жич нэхэмжлэл гаргах эрх нээлттэй болохыг дурдвал зохино.

 

5. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн хэргийн оролцогчийг зөв тодорхойлоогүй, маргаанд хамааралгүй үйл баримтад дүгнэлт өгсөн алдааг залруулж, шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 191/ШШ2025/01746 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад *****д гэснийг ***** ХХК-д гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 238,655 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР

 

ШҮҮГЧИД Б.МАНДАЛБАЯР

 

Т.БАДРАХ