Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 430

 

 

 

 

 

 

 

      2019         5             02                                   2019/ШЦТ/430

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж,

          нарийн бичгийн дарга Д.Хандсүрэн,

          улсын яллагч П.Бямбасүрэн,

          шүүгдэгч Ө.Баасанжаргал нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Шаргалзуут овогт Өсөхбаярын Баасанжаргалыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1909007810218 дугаартай хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

          Монгол Улсын иргэн, 1990 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, "СУ" ХХК-нд тогооч ажилтай, ам бүл 5, эцэг, эх дүү нарын хамтаар Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 81 дүгээр гудамж1136А тоотод оршин суудаг,

          2011 оны 8 дугаар сарын 04-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 сар 15 хоногийн хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлсэн,

          2012 оны 3 дугаар сарын 29-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн,

          2014 оны 9 дүгээр сарын 15-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж, 2015 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр ялын хугацаа дуусаж суллагдсан, Шаргалзуут овогт Өсөхбаярын Баасанжаргал, /регистрийн дугаар УП 90091311/,

         

          Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

          Яллагдагч Ө.Баасанжаргал нь 2019 оны 02 дугаар сарын 18-наас 02 дугаар сарын 19-нд шилжих шөнийн үүрийн 05 цагийн үед Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, 6 буудлын орчим тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцож байхдаа хохирогч М.Тэмүүжинг автомашиныхаа холын гэрлийг шилжүүлсэнгүй гэх шалтгаанаас хоорондоо маргалдан улмаар зодож эрүүл мэндэд нь “тархи доргилт, хамар ясны хугарал, зүүн нүдний зовхи, хамрын нуруу, уруулд шалбаралт, цус хуралт, хавантай” гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

         

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Ө.Баасанжаргал шүүхийн хэлэлцүүлэгт “…Миний биед хохирол учирсан. Харилцан зодоон байсан. Тэмүүжин намайг боосон, миний уруул шалбарсан. Анхны өгсөн мэдүүлэгт байцаагч энэ талаар мэдүүлээгүй. Хохирогчийн биед хохирол учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Харилцан зодоон байсныг харгалзан үзээгүйд гомдолтой байна...”гэв.

түүний мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагчаар өгсөн: “…би Тэмүүжингийн нүүр тус газар нь баруун зүүн гараараа хоёр удаа цохисон, намайг цохьсны дараа хамар нь
шалбарсан байсан, М.Тэмүүжингийн биед учруулсан энэ гэмтлүүдийг би хүлээн
зөвшөөрч байна....” гэсэн мэдүүлэг /хх-12/,

 

хохирогч М.Тэмүүжин мөрдөн байцаалтад өгсөн “...найзууд болох Эрдэнэбаатар, Ялагдашгүй нарын хамтаар 22-30 УББ улсын дугаартай Тоёота акуа маркийн машинаа жолоодоод явж байтал урд тоёота марк 2 маркийн автомашинтай хүн огцом, огцом тоормослоод байхаар яаж яваад байгаа юм бэ? яагаад тоормослоод байгаа юм бэ? гэж хэлээд хажуугаар нь өнгөрөөд явтал марк араас гүйцэд түрүүлж урдуур дарж орж ирээд зогссон ба марк-2 машины жолоочтой хамт явж байсан улаан курткатай залуу чи чадахгүй шүү барахгүй шүү гээд хажуугаар орж ирээд гараараа нүүр руу 4-5 удаа цохисон, зүүн талын нүдний доод зовхи хавдаж цус хурсан, хамар мурийж шалбарсан, дээд уруул дотор талдаа язарсан гэмтэл учирсан, шүүх эмнэлэгт үзүүлсэн баримт 8000 төгрөг, тархины томографийн зураг авсан, 120000 төгрөгийн баримт байгаа, өөр нэхэмжлэх баримт байхгүй…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 13-14, 15/,

 

гэрч Э.Бат-Эрдэнэ “...найз Баасанжаргалын хамт машинтай явж байсан, араас хурц гэрэл тусгасан машин ирсэн тэгээд би машиныхаа тоормосыг бага багаар гишгээд байсан чинь нөгөө хурц гэрэл тусгасан машин миний машины урдуур хурдтай шахаад ороод ирсэн тэгээд би нөгөө машиныг гүйцэд түрүүлээд шахаад зогсоосон, ирээд машины жолооч болох одоо мэдсэнээр М.Тэмүүжинтэй маргалдаад Тэмүүжинг түлхсэн, тэгээд би Баасанжаргалыг чи боль машиндаа суу гэж хэлээд зогсож байтал Баасанжаргал Тэмүүжингийн нүүр хэсэг, зүүн нүд тал руу нь баруун гараараа хоёр удаа цохисон…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 17/,

 

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний ¹2532 тоот актын “…М.Тэмүүжингийн биед тархи доргилт, хамар ясны хугарал, зүүн нүдний зовхи,
хамрын нуруу, уруулд шалбаралт, цус хуралт, хавантай гэмтэл тогтоогдлоо. ...Дээрх
гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой. …ШЭГЗТЖ-н 2.4.1 зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хөнгөн зэргийн гэмтэл болно. …Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт тогтонгид нөлөөлөх болно…” гэсэн дүгнэлт /хх-22/,

 

Шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-38/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх-37/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-28/, хувийн байдлыг тодорхойлсон баримт /хх-42-45/, хохирлын баримт /хх-26-27/, Мөрдөн байцаалтын ажиллагааг дуусгаж, хэргийн материалыг байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчид танилцуулсан тэмдэглэл /хх-46-47/ зэргийг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

 

Шүүгдэгч Ө.Баасанжаргал нь 2019 оны 02 дугаар сарын 18-наас 02 дугаар сарын 19-нд шилжих шөнийн үүрийн 05 цагийн үед Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, 6 буудлын орчим тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцож байхдаа хохирогч М.Тэмүүжинг автомашиныхаа холын гэрлийг шилжүүлсэнгүй гэх шалтгаанаас хоорондоо маргалдан улмаар зодож, эрүүл мэндэд нь “тархи доргилт, хамар ясны хугарал, зүүн нүдний зовхи, хамрын нуруу, уруулд шалбаралт, цус хуралт, хавантай” гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь дээр дурьдсан хохирогч М.Тэмүүжин, гэрч Э.Бат-Эрдэнэ нарын мэдүүлгүүд, Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний ¹2532 тоот актын дүгнэлт, шүүгдэгч Ө.Баасанжаргалын сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр мэдүүлсэн мэдүүлэг, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон.

Шүүгдэгч Ө.Баасанжаргалыг хохирогч М.Тэмүүжингийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.

 

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч М.Тэмүүжинд хөнгөн хохирол учирсан бөгөөд тэрээр эмчилгээний зардалд баримтаар 128.000 төгрөг нэхэмжилсэн байх тул уг хохирлыг шүүгдэгч Ө.Баасанжаргалаас гаргуулж, хохирогч М.Тэмүүжинд олгож, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний хэргийн журмаар жич нэхэмжлэх эрхтэй.

 

Шүүгдэгч Ө.Баасанжаргалын дээрх үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлуудын аль аль нь тогтоогдсонгүй.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

   

1.Шүүгдэгч Шаргалзуут овогт Өсөхбаярын Баасанжаргалыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

  

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ө.Баасанжаргалд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан Ө.Баасанжаргал нь торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг тайлбарласугай.

 

4.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Ө.Баасанжаргалаас 128.000 төгрөгийг гаргуулж хохирогч М.Тэмүүжин (РД:ЧР8004115)-д олгож, хохирогч М.Тэмүүжин нь цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний хэргийн журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

5.Шүүгдэгч Ө.Баасанжаргал нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

8.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ө.Баасанжаргалд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             З.БОЛДБААТАР