| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатар Бадрах |
| Хэргийн индекс | 101/2024/08314/И |
| Дугаар | 210/МА2025/00606 |
| Огноо | 2025-04-14 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 04 сарын 14 өдөр
Дугаар 210/МА2025/00606
*******ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, шүүгч Э.Энэбиш, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 191/ШШ2025/01619 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: *****ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *****т холбогдох,
зээлийн гэрээний үүрэгт 40,500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *****, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *****, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Е.Нуршаш нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
Миний бие 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 45,000,000 төгрөгийг өөрийн охин *****т зээлдүүлсэн. Учир нь, *****ийн хүү, миний зээ ***** нь тоглоомын газрын үйл ажиллагаа явуулж байгаа, түрээсийн төлбөр нь нэхэгдээд байна түр зээлээч гэж хэлсэн. Улмаар энэ талаар гаргасан охиныхоо хүсэлтийн дагуу данс руу нь 45,000,000 төгрөг шилжүүлсэн ч өнөөдрийг хүртэл зээлсэн мөнгөө төлөөгүй.
Надад 4,500,000 төгрөг өгсөн ба охин, зээ хүү хоёулаа утсаа блоклож надтай харилцахаа больсон. Зээлийн үлдэгдэл 40,500,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.
2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:
***** нь 2022 оны 10 дугаар сард зээ хүү *****эд бизнес хийж байгаа тул өөрийнхөө хашаа байшингийн нөхөн олговроос туслалцаа үзүүлж, тусламж өгье гэсэн. Ингэхдээ надаар дамжуулж өгье, бүхлээр нь өгвөл хамаагүй зарцуулчих байх гэж байсан. Тухайн үед би, *****ийг бага байхад эмээ нь хадгаламжийг нь зарцуулсан тул түүний оронд буцалтгүй тусламж үзүүлж өгч байна гэж ойлгосон. Мөн ээжийнхээ хэлсний дагуу шаардлагатай үед хүү ***** рүү мөнгийг нь шилжүүлж байсан. Уг мөнгийг би өөртөө хэрэглээгүй, миний дансаар дамжуулж, хянуулж, шилжүүлснээс өөр ямар нэгэн гэрээ хийж буцааж өгөх тохиролцоогүй.
Иймд, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *****ээс 40,500,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *****т олгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 360,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 360,450 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
Хэргийн үйл баримт, хэрэгт цугларсан нотлох баримтаар ***** нь зээлдэгч биш болох нь тогтоогдсон. Харин ***** нь *****эд мөнгө зээлсэн, ***** нь зээлээс 4,500,000 төгрөг төлсөн байдаг. Нэхэмжлэгч нь *****ийн дансаар дамжуулж 45,000,000 төгрөгийг *****т зээлсэн ба ***** нь зуучлагчийн үүрэгтэйгээр тухайн харилцаанд оролцсон.
Шүүх Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт заасан "Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно" гэж заасныг мөнгө дансаараа хүлээн авсан хүнийг шууд утгаар зээлдэгч хэмээн тодорхойлж хуулийг буруу тайлбарласан.
Зээлдэгч ***** нь хэний дансаар хэрхэн мөнгө хүлээн авсан нь энэ хэрэгт төдийлөн ач холбогдолгүй. ***** нь дансаараа өөр этгээдийн зээлсэн мөнгийг хүлээн авч, дамжуулан өгч байхад зээлдэгчийн өмнөөс үүрэг хүлээлгэж хуулийг буруу тайлбарласан.
Иймд, шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн гаргасан тайлбарын агуулга:
Би, охин *****т 45,000,000 төгрөг зээлсэн, зээ хүү *****эд зээлээгүй. Мөнгөө авч чадахгүй олон жил болж байна.
Иймд, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.
2. Нэхэмжлэгч ***** нь хариуцагч *****т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 40,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч гэрээний тал биш гэсэн үндэслэлээр эс зөвшөөрч маргасан.
3. Хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлэхэд 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдөр нэхэмжлэгч *****ээс хариуцагч *****ийн эзэмшлийн Голомт банк дахь * тоот данс руу 45,000,000 төгрөгийг орлого гэх гүйлгээний утгаар шилжүүлсэн үйл баримт тогтоогдсон байна.
3.1. Энэ үйл баримтад үндэслэн анхан шатны шүүх зохигчийн хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр гэж үндэслэл бүхий дүгнэжээ.
Учир нь, хариуцагч ***** нь нэхэмжлэгчээс хүлээн авсан 45,000,000 төгрөгөөс зөвхөн 17,750,000 төгрөгийг хүү ***** рүү шилжүүлж, үлдэгдэл мөнгөн хөрөнгийг өөрийн дансаар бусад руу шилжүүлэх, зээл төлөх, хэрэглээний төлбөр төлөх зэргээр захиран зарцуулжээ. Өөрөөр хэлбэл, хариуцагч нь нэхэмжлэгчээс хүлээн авсан мөнгөн хөрөнгийг өмчлөлдөө хүлээн авч, өөрийн хүсэл зоригийн дагуу захиран зарцуулсан байна. Үүнд түүний хүү ***** рүү мөнгө шилжүүлсэн үйл баримт ч мөн хамаарчээ.
Иймд, анхан шатны шүүхээс хариуцагч нь нэхэмжлэгчээс авсан мөнгөн хөрөнгийг хэрхэн зарцуулахаа өөрөө шийдвэрлэж байсан, түүний гаргасан нэхэмжлэгчээс мөнгө зээлээгүй, хүү ***** авсан гэх татгалзал үндэслэлгүй гэж эрх зүйн дүгнэлт өгч нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт нийцжээ.
3.2. Нэхэмжлэгч зээлийн мөнгөн хөрөнгийг хариуцагчид хүлээлгэн өгсөн болохоо нотолсон. Энэ тохиолдолд хариуцагчид тухайн мөнгөн хөрөнгийг нэхэмжлэгч нь *****эд буцалтгүй тусламж болгож өгсөн гэх тайлбараа нотлох үүрэг ногдох боловч үүнийгээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотолж чадаагүй.
4. Харин анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байсан *****ээс гэрчийн мэдүүлэг авч үнэлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.8.1-д нийцээгүй байна.
Өөрөөр хэлбэл, ***** нь анхнаасаа хариуцагч *****ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилогдон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байсан учир түүнийг хэргийн талаар хувийн ашиг сонирхолгүй хөндлөнгийн гэрч этгээд гэж үзэхэд учир дутагдалтай байна.
Иймд, гэрч *****ийн мэдүүлгийг шүүх үнэлэхгүй бөгөөд энэ талаар гаргасан зөрчил нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасан шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэх ноцтой зөрчилд хамаарахгүй болно.
5. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүх маргааны үйл баримтыг зөв тогтоож, холбогдох хуулийг үндэслэл бүхий тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 191/ШШ2025/01619 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 360,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР
ШҮҮГЧИД Э.ЭНЭБИШ
Т.БАДРАХ