| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сосорбурамын Соёмбо-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 105/2017/0160/Э |
| Дугаар | 341 |
| Огноо | 2017-05-16 |
| Зүйл хэсэг | 215.2., |
| Улсын яллагч | оролцоогүй |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 05 сарын 16 өдөр
Дугаар 341
Л.Эрдэнэбилэгт холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Даваасүрэн даргалж, шүүгч Д.Очмандах, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Ялтан Л.Эрдэнэбилэгийн өмгөөлөгч Б.Эрдэнэболор,
Нарийн бичгийн дарга Б.Болорчимэг нарыг оролцуулан,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Чингис даргалж хийсэн шүүх хуралдааны 2017 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 160 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан Л.Эрдэнбилэгийн гаргасан давж заадлах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн 201601080486 дугаартай хэргийг 2017 оны 5 дугаар сарын 8-ны өдөр хүлээн авч, шүүгч C.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Далай нуга овогт Лхагвасүрэнгийн Эрдэнэбилэг, 1990 оны 2 дугаар сарын 10-ны өдөр Баянхонгор аймгийн Эрдэнэцогт суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, токарьчин мэргэжилтэй, Зэвсэгт хүчний 065 дугаар ангид планшетчин ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Налайх дүүргийн 4 дүгээр хороо, Их Амын 16 дугаар гудамж, 7 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:ВТ9021011/,
Л.Эрдэнэбилэг нь согтуугаар 2016 оны 10 дугаар сарын 13-ны өглөө 7 цаг 30 минутын орчим Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо “Оргил” худалдааны төвийн урд замд “Nissan March” загварын, 57-53 УБЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.1-д заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдлөгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна.” 2.7-д “Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно: а/ согтууруулах ундаа ...хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг зөрчсөний улмаас онхолдож зорчигч Б.Солонгын биед хүндэвтэр, Д.Амаржаргалын биед хүнд, Н.Мөнхзаяагийн биед хөнгөн, Ө.Сарантуяагийн биед хүндэвтэр зэргийн гэмтэл тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Тээврийн прокурорын газраас: Л.Эрдэнэбилэгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Л.Эрдэнэбилэгийг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүндэвтэр, хүнд зэргийн гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар Л.Эрдэнэбилэгийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 4 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар Л.Эрдэнэбилэгт оногдуулсан 4 сарын баривчлах ялыг тодорхой дэглэм бүхий байранд эдлүүлж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан нэмэгдэл ялыг үндсэн ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар Л.Эрдэнэбилэгээс гэм хорын хохиролд 2.339.633 төгрөгийг гаргуулан хохирогч Ө.Сарантуяад олгож, хохирогч Ө.Сарантуяа нь гэм хорын хохирлын баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Л.Эрдэнэбилэгт урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж, эдлэх ялыг 2017 оны 3 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.
Ялтан Л.Эрдэнэбилэг гаргасан давж заалдах гомдолдоо: “...Миний бие эхнэр, хүүхдийн хамт амьдардаг. Зэвсэгт хүчний 065 дугаар ангид цэргийн албан хаагчаар ажилладаг. Нэгдсэн үндэсний байгууллагын энхийг сахиулах ажиллагаанд явахаар сонгон шалгаруулалтад орж тэнцээд бэлтгэл, сургалтад хамрагдаж байсан юм. Эхнэр ажилгүй, хоёр настай хүүхдээ хардаг тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 4 сарын баривчлах ялыг тэнсэж, хянан харгалзаж хөнгөрүүлж өгнө үү...” гэжээ.
Ялтны өмгөөлөгч Б.Эрдэнэболор тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Л.Эрдэнэбилэгийн үйлдсэн гэмт хэрэг, хэргийн зүйлчлэлийн талаар маргах зүйлгүй. Харин Л.Эрдэнэбилэг нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг бөгөөд цэргийн албан хаагч ба энхийг сахиулах ажиллагаад тэнцэж, сургалтад хамрагдаж байсан зэрэг хувийн байдлуудыг нь харгалзан үзэж ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү...” гэв.
ХЯНАВАЛ:
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 308 дугаар зүйлд зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр бус хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.
Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь “хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх” хуулийн шаардлагыг хангаагүй байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Прокуророос Л.Эрдэнэбилэгийг согтуугаар 2016 оны 10 дугаар сарын 13-ны өглөө 7 цаг 30 минутын орчим Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо “Оргил” худалдааны төвийн урд замд “Nissan March” загварын, 57-53 УБЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.1-д заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдлөгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна.” 2.7-д “Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно: а/ согтууруулах ундаа ...хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг зөрчсөний улмаас онхолдож зорчигч Б.Солонгын биед хүндэвтэр, Д.Амаржаргалын биед хүнд, Н.Мөнхзаяагийн биед хөнгөн, Ө.Сарантуяагийн биед хүндэвтэр зэргийн гэмтэл тус тус учруулсан гэмт хэрэгт холбогдуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.1 дэх хэсэгт “Шүүхэд хэрэг хэлэлцэх ажиллагаа нь зөвхөн шүүгдэгчийн хувьд, гагцхүү түүнийг шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор явагдана” гэж заажээ. Шүүхэд хэрэг хэлэлцэх ажиллагаа нь зөвхөн шүүхэд шилжсэн яллагдагч буюу шүүгдэгчийн хувьд, гагцхүү түүний прокурорын яллах дүгнэлтээр шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор явагдах ёстой гэж үзвэл Л.Эрдэнэбилэгт холбогдох гэмт хэрэгт ял сонсгож, мөрдөн байцаалт явуулж, прокуророос яллах дүгнэлт үйлдсэн хэргийг хянан шийдвэрлэх учиртай.
Прокуророос Л.Эрдэнэбилэгийг согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож бусдын биед хүндэвтэр, хүнд гэмтэл учруулсныг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн атал анхан шатны шүүх зөвхөн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүндэвтэр, хүнд зэргийн гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулсан байна. Уг байдлаас дүгнэвэл анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дах хэсэгт заасан “…Энэ хэргийг согтуугаар үйлдсэн…” гэх хүндрүүлэх нөхцөл байдлыг шийдвэрлэлгүй орхигдуулсан нь ойлгомжгүй байх бөгөөд дээрх хуулийн заалтыг ноцтой зөрчжээ.
Үүнээс гадна анхан шатны шүүх Л.Эрдэнэбилэгт ял шийтгэл оногдуулахдаа согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсоныг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тооцож, ял оногдуулахдаа харгалзан үзсэн хэмээн хууль зүйн дүгнэлт хийсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 56.1-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал нь уг хуулийн тусгай ангийн тодорхой зүйл, хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинж болж байгаа бол түүнийг ял оногдуулахдаа харгалзаж үзэхгүй” гэсэн хуулийн заалтад нийцэхгүй байгааг цаашид онцгойлон анхаарвал зохино.
Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Л.Эрдэнэбилэгт холбогдох хэргийг шүүх хуралдааны ажиллагаанаас эхлэн, дахин хянан хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Дээрх үндэслэлүүдийн улмаас давж заалдах шатны шүүх ялтан Л.Эрдэнэбилэгийн гаргасан давж заалдах гомдлыг энэ удаад хэлэлцэх боломжгүй байгааг тэмдэглэж байна.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2 дахь заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: