Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Пүрэвдоржийн Соёл-Эрдэнэ |
Хэргийн индекс | 128/2023/0347/З |
Дугаар | 001/ХТ2024/0130 |
Огноо | 2024-11-29 |
Маргааны төрөл | Татвар, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2024 оны 11 сарын 29 өдөр
Дугаар 001/ХТ2024/0130
“Д” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газрын
Татварын улсын байцаагч нарт холбогдох
захиргааны хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч, шүүгч: М.Батсуурь
Шүүгчид: Г.Банзрагч
Х.Батсүрэн
Ц.Цогт
Илтгэгч шүүгч: П.Соёл-Эрдэнэ
Нарийн бичгийн дарга: Б.Зэнээмэдрээ
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 128/ШШ2024/0329 дүгээр шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 221/МА2024/0486 дугаар магадлалтай,
Хэргийн оролцогчид: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.Х, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, Б.Б, хариуцагч П.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.А, Ц.Т, Ч.Б нарыг оролцуулан,
Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 382 дугаар хэлэлцүүлэх тогтоолтой хэргийг, “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн” эсэх, “эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” эсэх гэсэн үндэслэлээр, нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэлийн шаардлага: 2022 оны 09 дугаар сарын 07-ны өдрийн ******* дүгээр нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулах,
2.Хэргийн нөхцөл байдал: “Д” ХХК нь ***** аймгийн ****** сумын Булган-Уул гэх газарт, 25 гектар талбай бүхий ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй бөгөөд татварын улсын байцаагч нараас 2018-2021 оны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт хийхэд 2018 онд 15,856 тонн, 2019 онд 10649 тонн, 2020 онд 7980 тонн, 2021 онд 8171 тонн, нийт 42659 тонн хайлуур жоншийг экспортод гаргаж борлуулсан, 2018-2019 онд татварын тайлан гаргаагүй, 2020-2021 онд үйл ажиллагаа эрхлээгүй Х тайлан гаргасан байх ба хариуцагчаас “ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөөгүй” гэж, 4,750,624,377 төгрөгийн төлбөр тогтоосон байна.
3.Нэхэмжлэгч хуулийн этгээдээс: “... Жоншны үнэ тогтоодог бирж байхгүй, жонш нь биржийн бус бүтээгдэхүүн тул олон улсын аль ч бирж дээр үнэ зарладаггүй. хувийн www.indmin.com гэсэн цахим хаяг дээрх үнийг зах зээлийн үнэ гэж үзэхгүй, Тянжиний мянган км зам туулж очих газарт байгаа үнэ бол тээврийн хөлс, бусад зардал нэмэгдсэн үнэ юм. Манайх Бор-Өндөр, Чойр өртөөнд ачиж байгаа зардал орсон үнэ бөгөөд үүнээс цаашхи тээвэрлэх үнийг ОХУ-ын компани төлнө, 198 доллараар гэрээ хийсэн байхад 298 доллараар төл гэж байгаа нь олоогүй орлогод татвар ногдуулж байна. Жишиг үнийн аргыг ашиглах байсан. АМНАТ төлөгдсөн жоншны бүтээгдэхүүн дээр дахин АМНАТ төлбөр ногдуулж 1 төрлийн татварыг давхардуулж оногдуулсан, манай тайланг хүлээн авахгүй буцаах боломжтой атал буцаагаагүй, зөв гэж хүлээн авсан атлаа олон жилийн дараа буруутгаж, эрсдэлд оруулсан” гэж,
4.Хариуцагч Татварын ерөнхий газрын харьяа Том татвар төлөгчийн газрын улсын байцаагч нараас: “... Жишиг үнийн аргыг хэрэглэхгүй учир нь хуульд зааснаар олон улсын зах зээлийн үнийг хэрэглэнэ, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр нь орлоготой уялдахгүй, төрийн өмчийг ашиглуулсны төлөө авах төлбөрөө тогтоож байгаа, хасагдах зардал гэдэг зохицуулалт байхгүй, нэхэмжлэгч компани нь АМНАТ-аа төлсөн аж ахуй нэгж болон хувь хүнээс жонш худалдан авсан гэх тайлбар нь татварын албаны мэдээллийн сан болон бусад холбогдох баримтаар нотлогдоогүй бөгөөд хөндлөнгийн мэдээллээр АМНАТ төлсөн жоншийг бусдаас худалдан аваагүй байсан” гэж тус тус маргасан.
5.Анхан шатны шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Үүнд:
5.2.Ашигт малтмалын тухай хуулийн 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн нэмэлт өөрчлөлтийг Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 04 дүгээр тогтоолоор үндсэн хууль зөрчсөн гэж дүгнэн, холбогдох хэсгийг хүчингүй болгосон хэдий ч дахин 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр нэмэлт, өөрчлөлт, түүнийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1 дүгээр зүйлд 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс 11 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд ашигт малтмалыг өөрийн хэрэгцээнд ашигласан, худалдсан, экспортолсон, эсхүл худалдахаар ачуулсан доор дурдсан этгээд нь 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр баталсан “Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн дагуу энэ хугацаанд хамаарах ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг тооцож улсын төсөвт төлнө” гээд 1.2-т “Ашигт малтмал экспортолсон этгээд” гэж заасан байх тул хариуцагч нарын гаргасан маргаан бүхий акт хуульд нийцжээ.
5.3.Засгийн газрын 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 81 дүгээр тогтоолоор баталсан Биржийн болон зах зээлийн үнийн эх сурвалжийн нэр зарлах тухай тогтоолын 2 дугаар хавсралтын хүснэгтийн 5 дугаарт хайлуур жонш Хятадын хайлуур жоншны бүтээгдэхүүний FOB үнэ (www.indmin.com) гэж нэрлэсэн ... нэхэмжлэгчийн биржийн үнээр төлбөр ногдуулсан нь үндэслэлгүй гэх тайлбар үндэслэлгүй байна гэжээ.
6.Давж заалдах шатны шүүх дараах үндэслэлээр шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Үүнд:
6.1.Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрт албан татвар ногдох бөгөөд хайлуур жоншны хүдэр, баяжмалыг нөөц ашигласны үндсэн болон нэмэлт төлбөр ногдуулан төсөвт төлөхөөр зохицуулсан байна.
6.2.Татвар төлөгч татвар ногдох зүйл, татвараа үнэ зөв тодорхойлж, тайлагнах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй, тайлагнаагүй гэжээ.
7.Нэхэмжлэгч компанийн захирал хяналтын журмаар гаргасан гомдолдоо:
7.1.Гадаадын зах зээлд жишиг үнийг тодорхойлох боломжгүй тохиолдолд тусгай зөвшөөрөл эзэмшигчийн мэдүүлсэн борлуулалтын орлогыг үндэслэн нөхөн татвар ногдуулах уу, эрх бүхий этгээдийн нийтэд зарласан үнийн мэдээлэл байхгүй бол статистикийн үнийн мэдээлэл ашиглах уу гэдгийг шийдэх ёстой байтал Татварын ногдлыг жишиг үнийн аргаар тодорхойлох журмын 2.2.6-д заасан уул уурхайн бүтээгдэхүүний үнийг Ашигт малтмалын тухай хуулийн 47.14-т заасан эх үүсвэрийн ашиглаж нөхөн ногдуулалтын акт тавьсан шийдвэр нь үндэслэлгүй.
7.2.Бидний зүгээс АМНАТ-ийг огт төлөөгүй биш төлсөн, гагцхүү бидний төлөлтийг Монголын татварын албан зөв байна хэмээн удаа дараа тайлангаа тайлан хүлээн авч байсныг анхаарч үзэх хэрэгтэй.
7.3.Байцаагч нар нь тооцоолол дээр алдаа гаргаж жоншны ачилт болгон дээр болон зарим үед дээж өгөх бүрт сар бүр жишиг үнэд өөрчлөлт орж байсныг харгалзан үзэхгүйгээр татвар ногдуулсан нь үндэслэлгүй.
7.4.Манай компани нь жоншны нөөцийг ашиглаж олборлосон уул уурхайн компаниудаас худалдан авч зөвхөн экспортод гаргах худалдааны бизнес эрхэлсэн бөгөөд энэ тохиолдолд жонш олборлогч компаниуд нь АМНАТ-аа хуульд заасан үүргийнхээ дагуу төлсөн гэдэг тайлбарыг татварын улсын байцаагч нар шалгаж үзэхгүйгээр нөхөн ногдуулалтын акт ногдуулсан. Өөрөөр хэлбэл нэг төрлийн бүтээгдэхүүн дээр 2 удаа буюу татварыг давхардуулан ногдуулсан.
7.5.Бодит үнээр биш харин олон улсын жишиг үнэ гэх хийсвэр үнээр тооцож татвар ногдуулж байгаа хууль хэрэглээний хувьд илэрхий ноцтой зөрчилд тооцогдоно. Уурхайн аман дээрх жоншны үнэ болон ачилт хийсэн, тээвэрлэж төмөр замын өртөө хүргэсэн, улсын хил хүртэл тээвэрлэгдсэн нэгж жоншны үнэ хүртэл харилцан адилгүй нэмүү өртөг, зардал шингэсэн үнэтэй байдаг.
ХЯНАВАЛ:
8.Анхан болон давж заалдах шатны шүүхээс хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
9.Улсын Их Хурлаас Ашигт малтмалын тухай хуулийг 2006 онд батлахдаа уг хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д “ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь уурхайн эдэлбэрээс олборлож худалдсан, эсхүл худалдахаар ачуулсан болон ашигласан бүх төрлийн бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээнээс тооцож, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг улсын төсөвт төлнө” гэж заасан, энэ тохиолдолд “Д” ХХК нь ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч байх бөгөөд улсын хилээр Оросын Холбооны Улсад худалдахаар гаргасан хайлуур жоншинд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөх үүрэгтэй байна.
10.Уг зохицуулалтын агуулга нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч нь “ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч” бөгөөд өөрийн эзэмшлийн тусгай зөвшөөрөлтэй талбай, уурхайн эдэлбэрээс ашигт малтмал олборлосон, уг ашигт малтмалаа худалдсан, худалдахаар ачуулсан тохиолдолд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөх ба энэ тохиолдолд нэхэмжлэгчээс “өөрийн уурхайн талбайгаас олборлоогүй, бусдаас худалдан авсан” гэж маргаж байгаа боловч татварын хяналт шалгалтын үед болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад энэ талаар, тухайлбал, бусдаас хайлуур жонш худалдан авсан тухай баримт гаргаж өгөөгүй, нотлогдоогүй тул нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй.
11.Хэдийгээр Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх зохицуулалтыг хууль тогтоогчоос 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар “Доор дурдсан этгээд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч байна: ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч; ашигт малтмал экспортолсон этгээд; Монголбанк, түүнээс эрх олгосон арилжааны банканд алт тушаасан этгээд” гэж өөрчилсөн боловч энэ нь тусгай зөвшөөрөл эзэмшигч нэхэмжлэгч хуулийн этгээдийн тухайд агуулга адилхан, ямар нэг өөрчлөлт ороогүй тул нэхэмжлэгч нь экспортолсон хайлуур жоншиндоо ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөх үүрэгтэй байна.
12.Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-т “энэ хуулийн 47.1[1]-д заасан борлуулалтын үнэлгээг дараах журмаар тооцно” гэж, 47.2.1-д “экспортод бүтээгдэхүүн гаргасан бол олон улсын худалдаанд хүлээн зөвшөөрөгдсөн тухайн сарын дундажыг тогтоох зарчмыг үндэслэн тухайн бүтээгдэхүүний, эсхүл түүнтэй адил төстэй бүтээгдэхүүний олон улсын зах зээлийн үнийг баримтлан” гэж зааснаар нөөц ашигласны төлбөрийг тухайн бүтээгдэхүүний зах зээлийн үнээс тооцох зохицуулалттай байна.
13.Мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.12-т “Экспортын бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээний үндэслэл болгох олон улсын жишиг үнэ тогтоодог биржийн нэрийг тухайн бүтээгдэхүүний нэр төрлийг харгалзан Засгийн газар нийтэд зарлана” гэж заасан, энэ дагуу татварын улсын байцаагч нар Засгийн газрын 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 81 дүгээр “Биржийн болон зах зээлийн үнийн эх сурвалжийн нэр зарлах” тухай тогтоолыг хэрэглэж, борлуулалтын үнэлгээг тооцон, төлбөр тогтоосон нь хууль зөрчөөгүй, нэхэмжлэгчийн “жоншны үнэ тогтоодог бирж байхгүй, жонш нь биржийн бус бүтээгдэхүүн тул олон улсын аль ч бирж дээр үнэ зарладаггүй” гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй.
14.Харин нэхэмжлэгчийн “хувийн www.indmin.com гэсэн цахим хаяг дээрх үнэ бол зах зээлийн үнэ биш” гэх гомдол нь энэхүү маргааны үйл баримтад хамааралгүй, хариуцагч нь эрх бүхий этгээд болох Засгийн газрын тогтоолд нэрлэн заасан үнийн эх сурвалжийг хэрэглэсэн, уг үнэ нь “зах зээлийн үнэ мөн эсэхийг тогтоогоогүй” гэж татварын улсын байцаагчийг буруутгах үндэслэлгүй байна.
15.Нэгэнт Засгийн газраас тогтоосон экспортын бүтээгдэхүүний үнийн эх сурвалж байгаа тохиолдолд Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2.3-т заасан “борлуулалтын орлогыг үндэслэх” зохицуулалт хэрэглэгдэхгүй, иймд энэ талаарх нэхэмжлэгчийн гомдлыг хангах үндэслэлгүй.
16.Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2.3-т “дотоод, гадаадын зах зээлд борлуулсан бүтээгдэхүүний зах зээлийн жишиг үнийг тодорхойлох боломжгүй тохиолдолд тусгай зөвшөөрөл эзэмшигчийн мэдүүлсэн борлуулалтын орлогыг үндэслэн” гэж борлуулалтын үнэлгээг тооцох аргачлалын заасан буюу “зах зээлийн жишиг үнийг тодорхойлох боломжгүй нөхцөл” үүссэн байх урьдчилсан нөхцөл заасан, энэ тохиолдолд тухайн бүтээгдэхүүний олон улсын зах зээлийн үнээс нөөц ашигласны төлбөр тогтоохоор хуульчилсан байна.
17.Татварын ерөнхий хуулийн (2008 он) 18 дугаар зүйлийн 18.1-д “Татвар төлөгч дараах үүрэг хүлээнэ:” гэж, 18.1.1-д “татвар ногдох зүйл, татвараа үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх”, 45 дугаар зүйлийн 45.1-д “Татвар төлөгч татварын тайланг хуулиар тогтоосон хугацаанд, батлагдсан загвар, зааврын дагуу үйлдэж, харьяалах татварын албанд тушаана” гэж заасныг нэхэмжлэгч хуулийн этгээд зөрчсөн, татвараа үнэн зөв тодорхойлж, тайлагнаагүй, энэ талаар анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна.
18.Нэхэмжлэгчээс “манай тайланг хүлээн авахгүй буцаах боломжтой атал буцаагаагүй, зөв гэж хүлээн авсан атлаа олон жилийн дараа буруутгаж, эрсдэлд оруулсан” гэх гомдлын тухайд хэрэгт нэхэмжлэгч хуулийн этгээд тайлан гаргасан, тайлангаа татварын улсын байцаагчид илгээсэн тухай баримт байхгүй, уг тайланг татварын алба хүлээж аваагүй тухай баримт байхгүй, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.8-д “хэргийн оролцогч өөрт байгаа нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй нь шүүхийг буруутгах үндэслэл болохгүй” гэж заасан тул энэ асуудлаар гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хангах үндэслэлгүй.
19.Түүнчлэн нэхэмжлэгчийн “ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгдсөн жоншны бүтээгдэхүүн дээр дахин төлбөр ногдуулж, нэг төрлийн татварыг давхардуулж оногдуулсан” гэх гомдол нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдохгүй байна.
20.Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.4-т “Улсын дээд шүүх давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу хянан үзэх замаар хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангана” гэж зааснаар ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн тухайд бүтээгдэхүүн экспортод гаргасан, дотоодод борлуулсан, ашигласан тохиолдолд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөхөөр хууль хэрэглээний нэгдмэл байдал тогтсон буюу хууль хэрэглээний зөрүү үүсээгүй, Улсын дээд шүүхийн тогтоолоос өөрөөр шийдвэрлээгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
21.Тухайлбал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдаанаар, “А” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Сүхбаатар дүүргийн татварын улсын байцаагч нарт холбогдох 2023 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 47 дугаар тогтоолд “… ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч нь төмрийн хүдрийг … гадаад улсад бүртгэлтэй компанид худалдсан этгээд, эсхүл дотоодын зах зээлээс худалдан авч өөрөө экспортод гаргаж байгаа этгээд буюу тухайн ашигт малтмалыг захиран зарцуулах эрх бүхий этгээд байх тул …” гэж, “Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Татварын ерөнхий газрын улсын байцаагч нарт холбогдох 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 177 дугаар тогтоолд “… нэхэмжлэгч өөрийн уурхайн талбай дээр өөрөө олборлолт хийгээгүй, … бусдаас худалдан авсан гэдэг нь тогтоогдохгүй байх тул ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөх үүрэгтэй” гэж тус тус дүгнэж байжээ.
22.Дээрх үндэслэлүүдээр шийдвэр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь
1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 128/ШШ2024/0329 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 221/МА2024/0486 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгч “Д” ХХК-ийн гомдлыг хангахгүй орхисугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.5-д зааснаар Улсын дээд шүүхийн хяналтын шатны тогтоол нь шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧИД Г.БАНЗРАГЧ
Х.БАТСҮРЭН
Ц.ЦОГТ
П.СОЁЛ-ЭРДЭНЭ
[1] 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар “47.16” гэж өөрчилсөн