Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 001/ХТ2017/01359

 

О

Хилийн чанд дахь өмчийг удирдах газар,

Холбооны улсын үйлдвэрийн газрын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 101/ШШ2017/01384 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 1418 дугаар магадлалтай, 

Нэхэмжлэгч О Хилийн чанд дахь өмчийг удирдах газар, Холбооны улсын үйлдвэрийн газрын нэхэмжлэлтэй

Хариуцагч Д.Г-т холбогдох,

Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 9 дүгээр байрны 15 тоот орон сууцыг албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Белозеров Василий Владимировичийн гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.        

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.В.Белозеров, хэлмэрч И.Чойжамц, хариуцагч П.Галсанпунцаг, гуравдагч этгээд Ж.Галт, нарийн бичгийн даргаар Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгчийн хэрэг эрхлэх газрын Хилийн чанд дахь төрийн өмчийг удирдах Улсын үйлдвэрийн газар нь Монгол Улсын нутаг дэвсгэр дээр байгаа Оросын Холбооны Улсын өмчийн нийт үл хөдлөх эд хөрөнгө, үүний дотор Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар бичил хороолол, 9 дүгээр орон сууцтай холбоотой ажлуудыг хариуцан, ашиглалт хамгаалалтын талаар үүрэг хүлээсэн байгууллага болно. Бид хууль ёсны дагуу өмчлөх эрхээ хэрэгжүүлэх гэтэл тухайн 15 тоот орон сууцанд дураараа аашлан, хууль бусаар амьдарч байгаа иргэн Д.Г- нь манай байгууллагын хууль ёсны дагуу эрхээ эдлэхэд саад учруулж байгаа болно.

Иргэний хуулийн өмчлөх эрхийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт Өмчлөгч хууль эсвэл гэрээгээр олгогдсон өөр этгээдийн эрхийг зөрчихгүйгээр хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дагуу өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр захиран зарцуулах, хадгалах, эзэмших, өмчлөх эрхтэй болно. Өмчлөх эрхийн гэрчилгээ болон тус байрыг эзэмших, ашиглах гэрээ байхгүй иргэн нь манай эрхийг санаатайгаар зөрчиж байна. Энэ 9 дүгээр байрны 1 дүгээр орц дахь орон сууцнуудыг цааш нь түрээслэх, ашиглалт хамгаалалтыг хариуцахаар манай байгууллага иргэн Ж.Галттай гэрээ байгуулсан бөгөөд энэ гэрээний хугацаа дууссан. Мөн Ж.Галттай байгуулсан Д.Г-ийн гэрээний хугацаа ч дууссан. Гэтэл удаа дараа манай байгууллагыг шүүхэд өгч хэдэн жил шүүхээр явуулж, энэ хугацаанд байрандаа байсаар л байна.

Иймд Д.Г-т гэр бүлийн гишүүдийнхээ хамт тус орон сууцыг албадан чөлөөлөхийг даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа:

Энэ байрны 1 орцонд 15 айл байдаг юм. Ганцхан надтай ярьж байгааг би гайхаж байна. Нэхэмжлэгч тал Д.Г-ийг байрнаас нь гаргачихвал бусад нь мөн гарна гэж бодсон байх. Нэхэмжлэлийн шаардлагад Д.Г- болон бусад иргэд гэсэн байна. Нэхэмжлэлийн шаардлагадаа Д.Г-ийг гэр бүлийн гишүүдийн хамт гэж бичих ёстой байсан. Үүнийг харахад Д.Г- болон бусад иргэдийг гэж бичсэн нь нөгөө 14 иргэдийг хэлж байна гэж ойлгогдож байна. Миний бие 2000 оны 06 дугаар сард энэ байранд орсон. Миний дараа 14 айл цуварч орсон. Би тухайн үед “Оюуны ундраа” ХХК-д хуулийн зөвлөх ажилтай байсан. “Оюуны ундраа” ХХК нь зарим айлд энэ байрыг бэлэглэсэн, мөн худалдаж байсан. Тухайн үед “Оюуны ундраа” ХХК-ийн охин компанитай 2005 онд албан ёсны гэрээ байгуулж, 1 м.кв талбайг 0.55 ам.доллараар түрээсэлж байсан.

“Оюуны ундраа” ХХК дундаас нь ашиг олж байсан. Ингээд явсаар байгаад 2012 онд иргэн Ж.Галт гарч ирсэн. Нэхэмжлэгч намайг Ж.Галттай гэрээ байгуулаагүй, үнэ төлбөргүй, хууль бусаар амьдарч байна гэж байна. Би Ж.Галттай гэрээ байгуулсан. 2013 онд гэрээний хугацаа дууссан. Дахин гэрээ сунгах талаар Ж.Галтын зүгээс болон Орос улсын байгууллагын талаас ямар нэгэн шаардлага гаргаагүй. Ж.Галт гуравдагч этгээдийн байр сууриас шүүхэд тайлбар өгсөн байна. Өөрсдөө санаачилж гэрээгээ сунгах эрх зүйн үр дагавартай. Би ингэж шүүхээр явснаар 2014 онд 9 дүгээр байрыг улсын бүртгэлд бүртгүүлж, өмчлөгчөөр нь ОХУ-г бүртгүүлсэн. Хэрэв миний бие маргаан үүсгэж захиргааны шүүхээр яваагүй бол өнөөдрийг хүртэл энэ 9 дүгээр байр бүртгэлгүй байх байсан. 2014 он хүртэл ямар ч бүртгэлгүй байсан. Бид Монголын нэг бүртгэлтэй компанийн зөвшөөрлөөр түрээсийн гэрээ байгуулж, төлбөрөө төлж ирсэн. Би энэ хугацаанд нэхэмжлэгчтэй гэрээ байгуулаагүй ч “Оюуны ундраа” ХХК-ийг буруу зүйл хийж байна гэж үзэж, сайн дураараа Худалдаа хөгжлийн банкны нэхэмжлэгчийн дансанд түрээсийн төлбөрийг төлж байсан.

2012 онд нөхөр Ж.Галттай гэрээ байгуулж, түүний хувийн хаан банкны дансанд төлбөр төлж байсан. 2013 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр хамгийн сүүлд мөнгө тушааж, Ж.Галттай холбоо барихад гэрээ дахин хийхгүй гэх зүйл ярьж байсан тул дахиж түрээсийн төлбөр төлөөгүй. Миний ганц алдаа 2013 оны 09 дүгээр сараас нэхэмжлэгчийн дансанд сайн дураараа төлбөр хийгээд явах байж гэж бодож байна. Би өөрийн оршин суугчийнхаа эзэмшигчийн хувьд үүргийг биелүүлж байсан. Иймд энэ нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд шүүхэд гаргасан тайлбартаа:

Миний бие хамгийн сүүлд 2013 онд нэхэмжлэгч байгууллагатай гэрээ байгуулсны үндсэн дээр тус байрны оршин суугч нартай гэрээ байгуулсан. Надтай гэрээ байгуулснаараа хууль ёсны оршин суугч болно. Тийм учраас дараа нь асуудал үүсвэл аль ч шүүх дээр очсон та бүхэн хууль ёсоор оршин суух эрх чинь үүсч байгаа юм гэж би тайлбарлан өгч зарим айлтай гэрээ байгуулсан. Хэсэг иргэд чамтай гэрээ байгуулахгүй гэж байсан. 2012 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Д.Г-тай түрээсийн гэрээг 1 жилийн хугацаатай байгуулсан. Түрээсийн гэрээний хугацаа 2013 оны 09 дүгээр сард дуусахад Д.Г-т гэрээний хугацаа чинь дуусч байна, та сунгах уу гэхэд хариу хэлээгүй. Сүүлд дахиж уулзаад гэрээгээ яах гэж байна, гэрээгээ байгуулах уу гэхэд, наадхаа ураад хаячих гээд гэрээгээ сунгаагүй. Тэгээд тэр цагаас хойш захиргааны хэргийн шүүх дээр хэрэг үүсгэж явсан. Тийм учраас энэ хүний өөрийнх нь хүсэл зоригоор түрээсийн гэрээ үргэлжлээгүй дууссан. Энэ Баянзүрх дүүрэг, 15 хороолол, 5 хэсэг, 9 байрны 15 ширхэг байрыг түрээслэх гэрээг Хилийн чанд дахь төрийн өмчийн газартай 2012 онд байгуулж, 2013 онд улсын бүртгэлд бүртгүүлсэн учир 2013 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөр тус байгууллагатай гэрээ байгуулсан. Би энэ байгууллагатай гэрээ байгуулсан түрээслэгчийн хувьд түрээсээ авч, Орос улсын талд төлөх үүрэг хүлээдэг. Гэтэл Д.Г- гэх мэт хүмүүс түрээсийн төлбөрөө төлөхгүй амьдарч байгаагаас болж би цааш нь төлбөрийг нь төлж чадахгүй өрөнд орж эхэлсэн.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй байна гэжээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 101/ШШ2017/01384 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, 9 дүгээр байрны 15 тоот орон орон сууцыг хариуцагч Д.Г-ийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Д.Г-аас 70 200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 1418 дугаар магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 101/ШШ2017/01384 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгожээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

Оросын Холбооны Улс хэргийн материалд хавсаргасан өмчлөх эрхийн тухай гэрчилгээгээр нотлогдож байгаа Улаанбаатар хотын БЗД, 5-р хорооны 9 дугаар орон сууц, үүний дотор 15 тоотын өмчлөгч байгаа юм. ОУ-ын эрх зүй болон Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу өөрийн өмчөө аливаа халдлагаас хамгаалах эрхтэй юм. Д.Г- нь өмчлөгчийн эд хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаа талаар ямар нэгэн нотлох бичиг баримт гаргаагүй байна.

Хариуцагчийн иш үндэс болгосон Баянзүрх дүүргийн шүүхийн 442 тоот шийдвэр, Нийслэлийн давж заалдах шүүхийн 131 тоот магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн 649 тоот тогтоол ба бусад бичиг баримтуудад хянагдаж байсан ажиллагаанд ямар нэгэн нотлох утга байхгүй, учир нь энэ тохиолдолд нэхэмжлэлийн шаардлага нь өөр зүйл, үндэслэл, агуулгатай юм. Ийм учраас анхан шатны шүүх хариуцагчаас гаргасан бичиг баримтыг нотлох баримтаар хянаагүй юм. Ерөнхий түрээслэгчийн ажиллаагүй улмаас хүчин төгөлдөр байгаа түрээсийн гэрээ байхгүй гэж хариуцагчийн тайлбар нь нэгдүгээрт, бодит байдал нийцэхгүй, хоёрдугаарт, 4 жилийн туршид өмчлөгчийн эд хөрөнгөд хууль бусаар амьдрах, эзэмших хүндэтгэн үзэх шалтгаан биш юм. Ерөнхий түрээслэгч болон өмчлөгчөөс заасан өрөө тасалгааг чөлөөлөх талаар удаа дараа хариуцагчид хандаж байсан юм. Өөрийн эрхийн хүрээнд өмчлөгч нь өмчөө өөрийн үзэмжээр ашиглах мөн бусад этгээдэд өмчөө ашиглуулах талаар нөхцлийг тогтоох эрхтэй юм. Шүүхийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагад ямар нэгэн материаллаг нөхөн төлбөр бүхий шаардлага агуулаагүй бөгөөд зөвхөн хууль бус эзэмшлээс өмчөө чөлөөлүүлэх гэсэн агуулгатай байсан, учир нь өмчлөгч тус эд хөрөнгөө бие даан ашиглах бодолтой байгаа юм.

Анхан шатны шүүх шудрага, хууль ёсны шийдвэр гаргасан, учир нь объект дээр өмчлөх эрх нь тогтоогдож батлагдсан, харин хариуцагчид эзэмших эсвэл ашиглах эрх нь өнөөдрийн байдлаар огт байхгүй юм. Дээрх илэрхийлсэн зүйлийг харгалзан, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 1418 тоот магадлалыг хүчингүй болгох, учир нь шүүхээс заасан бичиг баримт нь уг ажиллагаанд ямар нэгэн нотлох утга учиргүй бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэрийг хууль ёсны болохыг хүлээн зөвшөөрч, хэвээр нь үлдээнэ үү гэжээ.               

                                                                         ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлал үндэслэл муутай болжээ. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, нэхэмжлэлийг хангасан байх ба эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэхдээ хууль хэрэглээний болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны алдаа гаргаагүй байна.

Нэхэмжлэгч О “Хилийн чанд дахь өмчийг удирдах үйлдвэр” Холбооны Улсын Үйлдвэрийн газар нь хариуцагч Д.Г-т холбогдуулан өөрийн өмчлөлийн орон сууцыг чөлөөлүүлэх талаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Хариуцагч Д.Г- нэхэмжлэлийг зөвшөөрөөгүй байна.

Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, Лхагвасүрэнгийн гудамж, 9 дүгээр байр, 5 давхар угсармал барилгад байршилтай 3025 мкв талбай бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө нь Оросын Холбооны Улсын өмч мөн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогджээ. ОХУ-ын өмчлөх эрх үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-2204008826 дугаарт бүртгэгдсэн, өмчлөгчид 000341499 дугаартай гэрчилгээ олгогдсон байна.

Хариуцагч Д.Г- нь дээрх хаяг дахь орон сууцны барилгын 15 тоот, 44 мкв талбай бүхий 3 өрөө орон сууцыг өмчлөгч болон түүнийг төлөөлөх эрх бүхий этгээдийн зөвшөөрлөөр хууль ёсоор эзэмшиж байгаа гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна. Хариуцагч тухайн орон сууцыг “СУУББО” ХХК-тай 2005 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн “орон сууц түрээслүүлэх гэрээ”-ний дагуу 5 жилийн хугацаагаар эзэмшсэн, мөн О “Хилийн чанд дахь өмчийг удирдах үйлдвэр” Холбооны Улсын Үйлдвэрийн газартай гэрээ бүхий иргэн Ж.Галттай 2012 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр 1 жилийн хугацаатай байгуулсан 2 дугаартай түрээсийн гэрээгээр 2013 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл эзэмших эрхтэй байсан нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогджээ. Энэ хугацаанаас хойш хариуцагч тухайн орон сууцыг эзэмших эрхтэй болохыг тодорхойлох баримт хэрэгт байхгүй байна.

Дээрх гэрээнүүд нь түрээсийн гэж нэрлэгдсэн боловч гэрээний талууд орон сууц хөлслөх гэрээ байгуулсан болох нь гэрээний агуулгаас тодорхой байна.

Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1.-д зааснаар орон сууц хөлслөх гэрээгээр хөлслүүлэгч нь сууцны зориулалттай байшин, сууц, орон сууцны өрөөг хөлслөгчийн эзэмшилд шилжүүлэх, хөлслөгч нь хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг ба мөн зүйлийн 302.4.-т зааснаар орон сууц хөлслөх гэрээнд энэ хуулийн холбогдох заалтууд нэгэн адил хамаарна.

Иргэний хуулийн 296 дугаар зүйлийн 296.1.-д зааснаар эд хөрөнгө хөлслөх гэрээний хугацаа дууссан боловч хөлслөгч эд хөрөнгийг үргэлжлүүлэн ашигласаар байгааг хөлслүүлэгч татгалзаагүй бол гэрээг тодорхой бус хугацаагаар тухайн нөхцлөөр сунгасанд тооцдог боловч эд хөрөнгийн өмчлөгч эд хөрөнгөө буцаан авахаар шаардсан нөхцөлд гэрээг сунгагдсан гэж үзэх үндэслэлгүй бөгөөд хөлслөгчийн эзэмшил хууль бус болно. Мөн хуулийн 295 дугаар зүйлийн 295.1-д зааснаар эд хөрөнгө хөлслөх гэрээ дуусгавар болоход хөлслөгч эд хөрөнгийн ердийн буюу гэрээгээр тохиролцсон элэгдлийг тооцон тухайн эд хөрөнгийг хөлслүүлэгчид буцааж өгөх үүрэгтэй.

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1.-д зааснаар өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй бөгөөд нэхэмжлэгч маргааны зүйл болж буй орон сууцны өмчлөгч мөн болох нь тогтоогдсон, хариуцагч тухайн орон сууцыг эзэмших эрхтэй болохоо баримтаар нотлоогүй нөхцөлд шүүх орон сууцыг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангасан нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Баянзүрх дүүргийн шүүх 2006 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 442 дугаар шийдвэрээр ОХУ-ын Г.В.Плехановын нэрэмжит Эдийн засгийн академийн Монгол дахь салбарын нэхэмжлэлтэй “Зарубежстрой в Монголий” ХХК-д холбогдох, ОХУ-ын Ерөнхийлөгчийн дэргэдэх Гадаад дахь өмчийг удирдах албаны бие даасан шаардлагатай, түрээсийн гэрээг хүчингүй болгуулах сөрөг нэхэмжлэлтэй, Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороололд байрлах 9, 10 дугаар байрыг “Зарубежстрой” ХХК-ийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хянан шийдвэрлэжээ.

Анхан шатны шүүх гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг бүхэлд нь хангаж, үндсэн болон сөрөг шаардлагыг хэрэгсэхгүй болгосон бол Нийслэлийн давж заалдах шатны шүүх 2006 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 431 дүгээр магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгосон байна. Харин Улсын Дээд шүүх 2006 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 649 дүгээр тогтоолоор давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний болон найруулгын өөрчлөлт оруулжээ.

Улсын Дээд шүүх 2012 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн и\112 дугаар тогтоолоор шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас анхан, давж заалдах, хяналтын шатны шүүхийн дээрх шийдвэр, магадлал, тогтоолыг хүчингүй болгож, хэргийг ердийн журмаар хянан шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаажээ.

Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж, 2015 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 194 дүгээр тогтоолоор О дэргэдэх Хилийн чандад байгаа төрийн өмч хөрөнгийг удирдах нэгдсэн газрын нэхэмжлэлтэй Г.Эрдэнэбилэгсайхан, Ч.Одонхүү, Ч.Бомбиш, З.Банзрагч, Б.Оюунтуяа, Ц.Оргил, Г.Найдандорж, Ж.Эрдэнэбаатар, П.Гэрэлчимэг, Ш.Даваадагва, Д.Бархас, Ж.Хуяг, Д.Шагдар, Б.Цоожчулуунцэцэг, Д.Г- нарт холбогдох хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх, орон сууцны шудрага эзэмшигчээр тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг маргааны зүйл, нэхэмжлэлийн үндэслэлийн талаар өөр хэрэг Захиргааны хэргийн шүүхээр хянан шийдвэрлэгдэж байгаа учир хэрэгсэхгүй болгожээ.

Маргааны зүйл болж буй орон сууцыг өмчлөх эрхийн бүртгэлийн талаарх маргаан захиргааны хэргийн шүүхээр эцэслэн шийдвэрлэгдсэн, шүүх бүртгэлийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон талаар зохигчид анхан болон давж заалдах шатны шүүхэд тодорхой тайлбарласан байна.

Захиргааны хэргийн шүүхийн дээрх шийдвэр хэрэгт авагдаагүй, мөн шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэр, магадлал, тогтоолыг хүчингүй болгосон Улсын Дээд шүүхийн 2012 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн и\112 дугаар тогтоолын хуулбар хувь нотариатаар гэрчлүүлээгүйгээр нотлох баримтын шаардлага хангаагүй гэх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байх боловч дээрх байдал нь анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох, хэргийг дахин хянан хэлэлцүүлэх үндэслэл болохгүй байна.

Захиргааны хэргийн шүүхээр хэлэлцэгдсэн улсын бүртгэлийн талаарх маргааны шийдвэрлэлтийн талаар талууд маргаагүй, шүүхийн уг шийдвэр нэхэмжлэгчийн шаардах эрхийг үгүйсгэх, хязгаарлах нөхцөл болоогүй тул дээрх баримт хэрэгт авагдаагүй байх нь энэ хэргийн шийдвэрлэлтэд нөлөөлөхгүй болно. Мөн Улсын Дээд шүүхийн тогтоолын хуулбарын үнэн зөв байдлын талаар талууд маргаагүй, уг нотлох баримтыг хэргийн оролцогч гаргаж өгсөн боловч тухайн баримт нь шүүхийн эрх зүйн акт бөгөөд шүүхийн цахим хуудсанд нийтэд албан ёсоор нээлттэй тавигддаг учир нотлох баримтын хэлбэрийн дээрх зөрчлийг шийдвэрийг хүчингүй болгох, хэргийг дахин хянан хэлэлцүүлэх шалтгаан болгох шаардлагагүй гэж үзнэ.

Дээрх үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгуулж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээлгэх талаар хяналтын журмаар гаргасан  нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах боломжтой гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Монгол Улсын иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 1418 дугаар магадлалыг хүчингүй болгож, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 101/ШШ2017/01384 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Г.ЦАГААНЦООЖ

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН