Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 11 өдөр

Дугаар 184/ШШ2016/00568

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг би тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүргийн 1-р хороо, Толгойт 59-р гудамж 88 тоотод оршин суух, эмэгтэй, ИЗ57022202 регистрын дугаартай, Зэгэл овогт Мянганы Лхамсүрэнгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн 29-р хороо, 21-р хороолол, “Интер төв”-ийн 2-р давхар 203 тоотод байрлах, “Номтын ам” ХХК-д холбогдох

гэрээний үүрэг 50 900 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй  хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.Лхамсүрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Жаргалсайхан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Анхмаа оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч М.Лхамсүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Номтын ам” ХХК-тай 2014 оны 12 дугаар сарын 09-ний өдөр “Орон сууцны хөрөнгө оруулалтын” гэрээ байгуулж Сонгинохайрхан дүүргийн 19-р хорооны нутаг дэвсгэрт байрлах 240 айлын “Шинэ ирээдүй” 16-н давхар орон сууцны “С” блокны 11 давхарт 148 тоот 46,36 м.кв талбай 2 өрөө байрыг захиалж 1 м.кв-г 1 100 000 төгрөгөөр тохиролцож гэрээ байгуулсан. Гэрээний 1.5-д орон сууцыг 2014 оны 4 дүгээр улиралд ашиглалтанд оруулж хүлээлгэж өгөхөөр тохиролцсон боловч өнөөдрийг хүртэл дуусаагүй байна. Миний зүгээс “Номтын ам” ХХК-д гэрээ хийсэн өдөр 42 200 000 төгрөг, дансаар 1 800 000 төгрөг, 2015 оны 5 дугаар сарын 04-ний өдөр 1 900 000 төгрөг, 2015 оны 9 дүгээр сарын 10-ны 5 000 000 төгрөг, нийт 50 900 000 төгрөгийг төлсөн.

“Номтын ам” ХХК-тай гэрээ байгуулснаас хойш 1 жил 6 сарын хугацаа өнгөрч байхад барилга бүрэн баригдаагүй, дүүргэлт огт хийгдэхгүй, хэзээ ашиглалтанд орох нь тодорхойгүй байна.

Иймд “Номтын ам” ХХК-иас гэрээний үүргээ биелүүлэхгүй байгааг үндэслэн орон сууцны хөрөнгө оруулалтын гэрээний дагуу төлсөн 50 900 000 төгрөгийг гаргуулж өгнө гэв.

 

Хариуцагч “Номтын ам” ХХК-ийн төлөөлөгч Ш.Жаргалсайхан шүүхэд гаргасан тайлбартаа:

М.Лхамсүрэнгийн нэхэмжилж буй 50 900 000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Иймд хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэв.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч М.Лхамсүрэн, хариуцагч “Номтын ам” ХХК-д холбогдуулан гэрээний үүргийн биелэлтэд 50 900 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч “Номтын ам” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг маргаангүйгээр бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийн баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Хариуцагч “Номтын ам” ХХК-ийг Ш.Жаргалсайхан нь 2016 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 42 тоот итгэмжлэлээр бүрэн хэмжээгээр төлөөлөн оролцсон болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-т заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

 

          1. М.Лхамсүрэнгийн нэхэмжлэлтэй “Номтын ам” ХХК-д холбогдох гэрээний үүргийн биелэлтэд 50 900 000 төгрөг гаргуулах тухай хэргийн хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

          2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар хариуцагч “Номтын ам” ХХК-иас 412 450 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 412 450 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

          3. Шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

          4. Зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                                        С.ОЮУНЧИМЭГ