| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Загдаагийн Болдбаатар |
| Хэргийн индекс | 185/2019/0378/Э |
| Дугаар | 432 |
| Огноо | 2019-05-03 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | Г.Цогтгэрэл |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 05 сарын 03 өдөр
Дугаар 432
2019 5 03 2019/ШЦТ/432
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж,
улсын яллагч Г.Цогтгэрэл,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Хандсүрэн,
шүүгдэгч А.Т, түүний өмгөөлөгч Л.Азжаргал нарыг нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Т-д холбогдох эрүүгийн 1809051551302 дугаартай хэргийг 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1993 оны 3 дугаар сарын 18-ны өдөр Орхон аймагт гөрсөн, 26 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, А.Т-п,
Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Яллагдагч А.Т нь 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо, 36 дугаар гудамжны 483 тоотын гадна иргэн С.Галхүүгийн эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар дээрэмдэн авсан,
Улмаар яллагдагч А.Т нь иргэн С.Галхүүгийн түрийвчнээс нь авсан барьцаалан зээлдүүлэх газрын бичиг баримтыг ашиглан 2018 оны 10 сарын 21-ний өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Шинэ гэмтлийн автобусны буудлын хажууд байрлах Саммит зочид буудлын Б1 давхарт үйл ажиллагаа явуулдаг барьцаалан зээлдүүлэх газарт очиж “би дүү нь байгаа юм, барьцаанд тавьсан гар утсыг нь авах гэсэн юм” гэж хэлэн С.Галхүүгийн иргэний үнэмлэхийг үзүүлэх замаар хуурч, Huawei 6-psmart маркийн гар утсыг авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтыг шинжлэн судлав.
Шүүгдэгч А.Т шүүхийн хэлэлцүүлэгт “…Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...”гэв.
түүний мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагчаар өгсөн: “…Би зүйл хэсгийг хүлээн зөвшөөрч байна. 2018 оны 10 дугаар сарын 18-ны орой 23 цагийн орчим би Баянгол дүүргийн. нутаг дэвсгэрт хорооллын эцсийн буудлаас 2 залуу гар өргөхөөр нь авсан. ...Дамба орно гэсэн. Тэгээд Дамба явсан. ...Галхүү гэх ах өөрөө машинаас буугаад явсан. Тэгтэл нөгөө хүн нь үлдсэн. Би үлдсэн хүнээс мөнгөө өг гэж хэлсэн. Тэгтэл нөгөө хүн буугаад явсан хүнийг энэ хүн өгнө гэж хэлсэн. Тэгээд хүлээгээд сууж байтал нөгөө түрүүлж буусан Галхүү гэх хүн буцаад хүрээд ирсэн. ...Нөгөө түрүүн үлдсэн байсан залуу нь буугаад явсан. ...Галхүү таксины мөнгө байхгүй гээд байсан... би гар утсыг нь аваад хэтэвчин дотор байсан иргэний үнэмлэхийг авсан. ...Тэгээд 3 хоногийн дараа нөгөө хүний иргэний үнэмлэхийн гадуур ороосон цаас нь ломбардны бичиг байсан. Уг бичгийн дагуу хороололд байрлах ломбарднаас очиж нөгөө хүний иргэний үнэмлэхийг үзүүлэн “би дүү нь байгаа юм” гэж хэлээд гар утсыг нь 160.000 төгрөгөөр аваад хэд хоног барьж байгаад зар тавиад 350.000 төгрөгөөр зарсан...” гэсэн мэдүүлэг /хх-6-7/,
Хохирогч Ц.Эрдэнэбатын “…2018 оны 10 дугаар сарын 21-ний өдөр манайд барьцаанд тавьсан Huawei 6-psmart маркийн гар утсыг Тэлмэн гэдэг хүн “уг утсыг манай ах барьцаанд тавьсан. Одоо мөнгийг нь өгөөд авах гэсэн юм. Манай ах хөдөө байгаа. Би утсыг нь өгч явуулах гэсэн юм” гэж орж ирсэн. Би “зөвхөн өөрт нь өгнө” гэж хэлээд түүний гар утас руу залгатал утас нь холбогдохгүй байсан. Тэгтэл нөгөө хүн надаас гуйгаад “өнөөдөр явуулахгүй бол болохгүй” гээд байсан. Тэгэхээр нь “чи тэгвэл надад өөрийнхөө бичиг баримтыг үлдээгээд яв” гэж хэлсэн. Тэгтэл нөгөө залуу бичиг баримтаа үлдээхгүй гээд гараад явсан. Тэгэхээр нь хүлээгээд байж байтал хэсэг хугацааны дараа нөгөө залуу орж ирээд “би бичиг баримтаа үлдээгээд наад гар утсыг чинь авъя” гэсэн. Тэгэхээр нь би өгөөд явуулсан юм. Манай байгууллагад ямар нэгэн хохирол учирсан зүйл байхгүй. С.Галхүү гэдэг хүн 150.000 төгрөгөөр барьцаанд тавьсан. Харин авсан хүн нь Тэлмэн гэх хүн 160.500 төгрөгөөр авсан...” гэсэн мэдүүлэг /хх-29-30/,
Хохирогч С.Галхүүгийн “...2018 оны 10 дугаар сарын 18-ны орой би 20-21 цагийн үед 3, 4 дүгээр хорооллын эцсээс такси бариад өөрийн гэр болох Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо, 36-483 тоот гэрийнхээ гадаа иртэл таксины жолоочтой таксины үнэ хөлснөөс болж маргалдаж надаас 23.000 төгрөг нэхэхээр нь би “хорооллоос гэр рүүгээ таксидаж олон удаа явж байсан, арай ч ийм мөнгө гарч байгаагүй” гэж хэлээд бид 2 маргалдаж би машинаас буутал таксины жолооч бууж ирээд миний үүрч явж байсан үүргэвчтэй цүнхийг авна гээд цүнхнээс татаад байсан. Яг тэр үед миний пальтоны халааснаас нокиа маркийн гар утас болон түрийвч авахаар нь би “наана чинь чухал бичиг баримт байгаа” гэж хэлэхэд намайг шууд түлхэж унагаагаад зугтаагаад явсан. Тэгээд... Баянгол дүүргийн Шинэ гэмтлийн автобусны буудал, Саммит буудлын Б1 давхарт байрлах Эрдэнэбат эзэнтэй ломбарданд 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдөр “Huawei 6-psmart маркийн гар утсаа 150.000 төгрөгөөр барьцаалан зээлдүүлэх газар тавьсан байсан бөгөөд. ...11 дүгээр сарын 02-ны өдөр тус барьцаалан зээлдүүлэх ломбардандаа очоод утсаа авах гэтэл тус ломбардыг ажиллуулдаг гэх Эрдэнэбат нь “таны дүү гэх Амарбаясгалан овогтой Тэлмэн гэгч залуу ирээд аваад явсан” гэсэн. Тэгээд би тус ломбардны хүнтэй уулзтал намайг 2018 оны 10 сарын 18-ны өдөр намайг дээрэмдсэн гэх таксины жолооч миний бичиг баримтаар нэр барин Huawei 6-psmart маркийн гар утсыг ломбарднаас ломбардны хүүтэй хамт 160.500 төгрөг төлөөд аваад явсан байсан. Тус ломбарднаас авч явахдаа миний иргэний үнэмлэх болон өөрийнхөө жолооны үнэмлэхийг үлдээгээд явсан байсан. ...Эд зүйлийн үнэлгээг хийлгэхэд төгрөг болсон уг мөнгөө гар утасны үнэлгээн дээр нэмж авмаар байна. ...Энэ хүн түрийвч буцаан өгсөн гэж худлаа хэлээд байна. ...Ломбардны бичиг бол миний түрийвчийн халаасанд байсан тийм болохоор тэр хүн авсан байх ёстой. ...Гомдолтой байна. Хохирлоо бүрэн авмаар байна…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 23, 26/,
Шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-66/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-65/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх-64/, Мөрдөн байцаалтын ажиллагааг дуусгаж, хэргийн материалыг байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчид танилцуулсан тэмдэглэл /хх-97-99/ зэргийг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.
Шүүгдэгч А.Т нь 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо, 36 дугаар гудамжны 483 тоотын гадна иргэн С.Галхүүгийн эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан,
улмаар шүүгдэгч А.Т нь иргэн С.Галхүүгийн түрийвчнээс нь авсан барьцаалан зээлдүүлэх газрын бичиг баримтыг ашиглан 2018 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Шинэ гэмтлийн автобусны буудлын хажууд байрлах Саммит зочид буудлын Б1 давхарт үйл ажиллагаа явуулдаг барьцаалан зээлдүүлэх газарт очиж “би дүү нь байгаа юм, барьцаанд тавьсан гар утсыг нь авах гэсэн юм” гэж хэлэн С.Галхүүгийн иргэний үнэмлэхийг үзүүлэх замаар хуурч, Huawei 6-psmart маркийн гар утсыг авсан болох нь дээр дурьдсан хохирогч Ц.Эрдэнэбат, С.Галхүү нарын мэдүүлэг, барьцаат зээлийн гэрээ, шүүгдэгч А.Тгийн сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр мэдүүлсэн мэдүүлэг, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон.
Шүүгдэгч А.Т нь 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо, 36 дугаар гудамжны 483 тоотын гадна иргэн С.Галхүүгийн эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг,
улмаар шүүгдэгч А.Т нь иргэн С.Галхүүгийн түрийвчнээс нь авсан барьцаалан зээлдүүлэх газрын бичиг баримтыг ашиглан 2018 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Шинэ гэмтлийн автобусны буудлын хажууд байрлах Саммит зочид буудлын Б1 давхарт үйл ажиллагаа явуулдаг барьцаалан зээлдүүлэх газарт очиж “би дүү нь байгаа юм, барьцаанд тавьсан гар утсыг нь авах гэсэн юм” гэж хэлэн С.Галхүүгийн иргэний үнэмлэхийг үзүүлэх замаар хуурч, Huawei 6-psmart маркийн гар утсыг авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг тус тус бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул түүнийг дээрх гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэв.
Шүүх, шүүгдэгч А.Тд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2-т зааснаар оногдуулсан ялуудыг тус тусад нь эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Тд оногдуулсан хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтов.
Шүүгдэгч А.Тгийн зүгээс хохирогч Ц.Эрдэнэбат, С.Галхүү нарт учруулсан хохирлоо шүүхийн шатанд бүрэн төлсөн болох нь хохирогч Ц.Эрдэнэбат, С.Галхүү нарын шүүхэд ирүүлсэн хүсэлтээр тогтоогдож байх тул А.Тг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Тгийн цагдан хоригдсон 63 /жаран гурав/ хоногийг түүний эдлэх ялаас хасч тооцох нь зүйтэй.
Энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, хураагдан ирсэн эд мөрийн баримтгүй болохыг тус тус дурьдав.
Үүнээс гадна мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч А.Тд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахдаа түүнд өмнө буюу Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 152 дугаар захирамжаар авсан Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгоогүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 4-т “...Энэ зүйлийн 1.4, 1.5, 1.6-т заасан таслан сэргийлэх арга хэмжээг бусад таслан сэргийлэх арга хэмжээтэй давхардуулан авахгүй.” гэж заажээ.
Иймд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 152 дугаар захирамжаар шүүгдэгч А.Тд авсан Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгох нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч А.Т-г бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
мөн хуурч, баримт бичиг ашиглаж, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Тг 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар,
мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2-д зааснаар ялтан А.Тд энэ тогтоолоор оногдуулсан ялуудыг тус тусад нь эдлүүлсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Тд оногдуулсан хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар А.Тгийн цагдан хоригдсон 63 хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.
6.Шүүгдэгч А.Т нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
7.Шүүгдэгч А.Тд урьд авсан Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, шүүгдэгч А.Тд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, түүний эдлэх ялыг 2019 оны 5 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн тоолсугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Тд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.БОЛДБААТАР