| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Цэнд |
| Хэргийн индекс | 181/2023/05996/И |
| Дугаар | 210/МА2025/00421 |
| Огноо | 2025-02-26 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 02 сарын 26 өдөр
Дугаар 210/МА2025/00421
|
|
|
*******-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 сарын 11-ний өдрийн 181/ШШ2024/04453 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч *******-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч *******д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт нийт 244,569,500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нинжбадгар нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:
1.1. ******* нь Сонгинохайрхан дүүрэгт газар худалдан авч, барилга барих зориулалтаар 2022 оны 05 сарын 10-ны өдөр тус ББСБ-аас сарын 3 хувийн хүүтэй, 1 сарын хугацаатай, 60,000,000 төгрөг зээлсэн.
Талууд гэрээний хугацааг 6 сараар 2 удаа сунгасан боловч одоо хүртэл зээлээ төлөөгүй. Иймд үндсэн зээл 50,000,000 төгрөг, хүү 14,054,080 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,607,700 төгрөг, нийт 65,662,500 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн. Энэ шаардлагаа 7,219,700 төгрөгөөр нэмэгдүүлж, 72,882,200 төгрөг гаргуулна.
Зээлийн гэрээний үүргийг барьцаа хөрөнгө болох ******* дүүрэг, ******* хороо, ******* тоот үл хөдлөх эд хөрөнгөөр хангуулж өгнө үү.
1.2. Мөн дээрх шалтгаанаар ******* нь 2022 оны 11 сарын 01-ний өдөр тус ББСБ-аас сарын 3.2 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай, 60,000,000 төгрөг зээлж авсан боловч төлөөгүй. Иймд үндсэн зээл 60,000,000 төгрөг, хүү 23,103,100 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,527,600 төгрөг, нийт 84,630,700 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа 13,937,700 төгрөгөөр нэмэгдүүлж, 98,568,400 төгрөг гаргуулна.
Үүргийн гүйцэтгэлийг ******* дүүрэг, ******* хооо, ******* тоотод байрших ******* м.кв талбай бүхий хоёр өрөө орон сууцаар хангуулж өгнө үү.
1.3. Хариуцагч нь 2022 оны 05 сарын 17-ны өдөр тус ББСБ-аас 50,000,000 төгрөгийг сарын 3 хувийн хүүтэй, 1 сарын хугацаатай зээлж авсан. Гэрээний хугацааг 6 сараар 2 удаа сунгасан боловч одоо хүртэл зээл, хүү төлөгдөөгүй.
Иймд үндсэн зээл 50,000,000 төгрөг, хүү 13,709,600 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,538,700 төгрөг нийт 65,248,300 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн. Уг шаардлагаа 7,219,700 төгрөгөөр нэмэгдүүлж, 73,118,900 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.
2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын агуулга:
2.1. Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний хүү болон хугацаанд маргаан байхгүй. Монгол Улсын Их Хурал 2021 оны 05 сарын 21-ний өдөр Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийг шинэчлэн найруулж, баталсан. Тухайн хуулийн үйлчлэл нь 2021 оны 07 сарыг 01-ний өдрөөс дагаж мөрдөхөөр журамласан. Монгол Улсын Их хурлаас 2021 оны 05 сарын 21-ний өдөр 1995 онд батлагдсан Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо зээлийн үйл ажиллагааны тухай хуулийг хүчингүй болгосон. Хүчингүй болгосон хуулийн үйлчлэлийг 2021 оны 07 сарын 01-ний өдрөөр дагаж мөрдөх журмын тухай хуулиар зохицуулж өгсөн. Гэтэл тухайн банк бус санхүүгийн байгууллага *******тэй 2022 оны 05 сарын 10-ны өдөр, 05 сарын 17-ны өдөр мөн оны 11 сарын 11-ний өдөр тус тус зээлийн гэрээнд эрх зүйн харилцааг үүсгэхдээ хүчингүй болсон, хүчин төгөлдөр бус хууль тогтоомжийг удирдлага болгож тухайн иргэнд зээлийн гэрээнд эрх зүйн харилцаа үүсгэж, зээл олгосон.
2.2. Талуудын хооронд байгуулагдсан 3 төрлийн зээлийн гэрээний 2 дугаар зүйлд зээлдэгчийн эрх, үүргийг тодорхойлж өгсөн бөгөөд 2.2.5 дахь заалт дээр үндсэн өр бодогдох нэмэгдүүлсэн хүүг төлнө, 2.2.13 дахь заалт дээр зээлийн гэрээний хугацаа дууссан ч үндсэн зээл нэмэгдүүлсэн хүүг эргүүлэн төлөлт хүртэлх хугацаанд зээл ашигласан хугацааны хүү болон нэмэгдүүлсэн хүүгээс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй гэдэг ерөнхий нөхцөлийг зээлийн гэрээний нөхцөлд оруулж өгсөн.
Шинэчлэн найруулагдсан Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж мөнгөн хөрөнгийн шилжүүлэг зээлийн үйл ажиллагааны тухай хуульд банк эрх бүхий хуулийн этгээдээс олгож байгаа зээл дээр 1 удаагийн шимтгэл авахыг хуулиар хүлээн зөвшөөрсөн. Гэтэл тухайн банк бус санхүүгийн байгууллага иргэн зээл олгохдоо зээлийн гэрээг олгосныхоо дараа шимтгэл авдаг. 300,000 төгрөг, 650,000 төгрөг, 250,000 төгрөгийн шимтгэлүүд аваад байгаа нь мөн ижилхэн хүчингүй болсон хуулиар зөвшөөрөгдөөгүй, шинэ мөрдөгдөж байгаа хуулийг хүлээн зөвшөөрсөн учраас шинэ хуулийг буцаан хэрэглэх ойлголт Иргэний хуульд байх боломжгүй. Бид зөвхөн гэрээ байгуулагдсан хугацааныхаа гэрээгээр тохиролцсон хугацааныхаа хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хамт төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа.
2.3. Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь талуудын байгуулсан гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т заасны дагуу хууль зөрчсөн хэлцэл юм. Нэхэмжлэгч анх 2023 оны 12 сарын 13-ны өдөр тус шатны шүүхэд 2 төрлийн нэхэмжлэлийн шаардлага гаргахдаа 65,248,300 төгрөгийн нэг шаардлага, мөн өдөрт 65,662,500 төгрөг гэж гаргасан. 2024 оны 03 сарын 06-ны өдөр 84,630,700 төгрөг, эдгээрийн нийлбэр нь 210,541,500 төгрөг болж байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагаа гэрээ болгон дээр ихэсгэсэн байдаг. Ихэсгэсэн шаардлагынх нь нийлбэр үнийн дүн 29,280,720 төгрөг, эдгээрийг нэмэхэд 239,570,220 төгрөг болж байна.
2.4. Мөн нэхэмжлэгч нь тусгай зөвшөөрөлтэй эсэх асуудал байгаа. 2013-2016 он хүртэл тусгай зөвшөөрөлтэй байсан. Түүнээс хойш зөвшөөрөлгүй байгаа гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч *******гээс 244,569,500 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******-д олгож,
Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан ******* нь зээлийн төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд барьцааны зүйл болох хариуцагч *******гийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн ******* дугаартай, ******* дүүргийн ******* хороо, ******* тоот хаягт байрлалтай ******* м.кв талбайтай, оффисын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, хариуцагч *******гийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн ******* дугаартай, ******* дүүргийн ******* хороо, ******* тоот хаягт байрлалтай ******* м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, хариуцагч *******гийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн ******* дугаартай, ******* дүүргийн ******* хороо, ******* тоот хаягт байрлалтай ******* м.кв талбайтай, 2 өрөө, орон сууцыг албадан худалдан борлуулах замаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,261,145 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******гээс улсын тэмдэгтийн хураамжид 2,261,145 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******-д олгож шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:
4.1. Зээлийн гэрээнд заасан дараах үгийн шууд утгыг анхан шатны шүүх анхаарч үзээгүй. Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний зорилгод Иргэний хуулийн 451-453 дугаар зүйл, Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хууль, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийг үндэслэн зээлдүүлэгчээс зээл олгон, маргаан үүсвэл уг хууль тогтоомжийн хүрээнд шийдвэрлэнэ. гэж зааснаас үзэхэд гэрээний эрх, үүрэг, хариуцлагатай холбоотой ямар нэгэн маргаан гарвал Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн хүрээнд шийдвэрлэнэ гэсэн ойлголт.
Иймээс нэхэмжлэгч *******-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд нь дээрх хуулийн хүрээнд хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг хариуцагчаас шаардаж байна хэмээн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт тайлбарладаг.
Гэтэл, анхан шатны шүүх Иргэний хуулийн 19******* зүйлийн 198.2 дахь хэсгийн зохицуулалтыг буруу тайлбарлан ...талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний үндэслэх хэсэг болон зорилгод Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль гэж бичсэн хэдий ч талуудын хоорондын хэлэлцэн тохирч байгуулсан гэрээний доторх агуулга, зохицуулалт нь 2021 оны 05 сарын 21-ний өдөр батлагдсан Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийг баримталж, гэрээг байгуулсан байна гэж дүгнэсэн нь ойлгомжгүй.
4.2. Анхан шатны шүүх 3 төрлийн зээлийн гэрээний аль нөхцөлийн утга нь ойлгомжгүй гэж үзэж түүний агуулгыг гэрээний бусад нөхцөл болон ерөнхий агуулгатай хэрхэн харьцуулах замаар тодорхойлж гэрээг тайлбарласан эсэх үндэслэл бүхий дүгнэлтийг хийхгүйгээр холбогдох хуулийг баримталж, гэрээг байгуулсан байна гэж дүгнэсэн нь учир дутагдалтай байна.
4.3. Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 2.9 дэх заалтад банк бус санхүүгийн зээл олгох үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг Санхүүгийн зохицуулах хороо олгоно. Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д банк бус санхүүгийн үйл ажиллагаа гэж Санхүүгийн зохицуулах хорооноос зөвшөөрөл авсан аж ахуйн нэгжийн эрхэлж байгаа энэ хуулийн 7.1-д заасан үйлчилгээг үзүүлнэ гэж заасан.
Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нэхэмжлэгч *******-д Санхүүгийн зохицуулах хорооноос зээл олгох үйл ажиллагааг 2013-2016 он хүртэлх хугацаанд тусгай зөвшөөртэйгөөр явуулж байсан тогтоогддог боловч 2016 оноос хойш уг иргэний хэрэг анхан шатны шүүхээр шийдвэрлэгдэх хүртэлх хугацаанд тусгай зөвшөөрөлтэйгөөр зээлийн үйл ажиллагаа явуулж байсан эсэх нь баримтаар тогтоогдоогүй. Хариуцагч талаас уг асуудлыг хөндөн ярьж нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бас нэгэн үндэслэл болгон маргадаг боловч анхан шатны шүүхээс маргаж буй энэ асуудлын хүрээнд эрх зүйн дүгнэлт хийгээгүй.
Иймд зээлийн гэрээний үндсэн зээлийн үлдэгдэл болох 149,458,350 төгрөгийг хүлээн зөвшөөрч, үлдэх 95,111,150 төгрөгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэжээ.
5. Давж заалдах журмаар гаргасан гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:
5.1. Нэхэмжлэгч байгууллага нь 2010 онд байгуулагдсан. 15 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байна. Анх зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг 3 жилийн хугацаагаар олгодог байсан. Одоо тусгай зөвшөөрлийг хугацаагүй олгодог болсон.
Нэхэмжлэгч нь зээлийн гэрээнд заасан нэршлийг өөрчлөөгүй боловч мөнгөн хөрөнгийн шилжүүлгийн гүйлгээг хийсэн. Нэхэмжлэгч байгууллага нь зээлдэгчийн харилцах дансанд мөнгийг шилжүүлсэн. Энэ нь мөнгөн хөрөнгийн шилжүүлэг мөн болно. Нэр томьёо өөрчлөгдсөн боловч агуулга нь өөрчлөгдөөгүй. Тус зээлийн гэрээг хүчин төгөлдөр гэж үзнэ.
5.2. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т заасан хууль зөрчсөн гэж хуулийг хориглох хэм хэмжээг зөрчсөн эсхүл хуулийн шаардлага хангаагүй хэлцэлд хамаарах ба энэ зөрчил нь хэлцлийн эрх зүйн үндэслэлтэй байх зарчимд нийцэхгүй байна. Энэ талаар Улсын дээд шүүхээс тайлбарласан. Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний удиртгал хэсэгт хүчингүй болсон хуулийн нэрийг бичсэн нь үйл ажиллагааны илэрхий алдаа. Уг алдааг гэрээ байгуулах үед хариуцагч анхаараагүй. 2021 оны 05 сарын 21-ний өдрийн Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн дагуу эрх харилцаанд оролцохоор хүсэл сонирхлоо илэрхийлсэн. Хүчин төгөлдөр гэрээ байгуулагдсан. Иймд хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, гомдлын зарим хэсгийг хангав.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 244,569,500 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, үндэслэлээ ... ******* нь ... талуудын хооронд байгуулсан гэрээ нь хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцэл, тус банк бус санхүүгийн байгууллага нь зээлийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан, гэрээнд заасан хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөхийг хүлээн зөвшөөрнө, нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэхдээ тооцооллын алдаа гаргасан, нийт 239,570,220 төгрөг төлсөн гэж тайлбарлан, зохигч маргажээ.
3. *******, *******, ******* нар гурван зээлийн гэрээ байгуулсан, 2022 оны 05 сарын 10-ны өдрийн ЗГ22/49 дугаартай зээлийн гэрээгээр зээлдэгч ******* нь 60,000,000 төгрөгийг газар худалдан авах зориулалтаар сарын 3 хувийн хүүтэй, 1 сарын хугацаатай;
2022 оны 05 сарын 17-ны өдрийн ЗГ22/50 дугаартай зээлийн гэрээгээр 50,000,000 төгрөгийг барилгын материал худалдан авах зориулалтаар сарын 3 хувийн хүүтэй, 1 сарын хугацаатай;
2022 оны 11 сарын 01-ний өдрийн зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь 60,000,000 төгрөгийг сарын 3,2 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлдүүлэх, зээлдэгч *******, ******* нар гэрээний дагуу зээл, түүний хүүг төлөх, гэрээгээр тогтоосон хуваарийн дагуу үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүү тооцож төлөх, нэмэгдүүлсэн хүүг төлөгдөөгүй үндсэн зээлээс зээлийн хүүгийн 20 хувиар тооцох нөхцөлийг тус тус талууд харилцан тохиролцжээ. /1хх-6-8, 59-61,142-144/
4. Талууд гэрээ байгуулсан, зээлдүүлэгчээс шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг зээлдэгч *******, ******* нар хүлээн авсан үйл баримтад маргаангүй. Харин гэрээний хүчин төгөлдөр байдал болон хэтэрсэн хугацааны хүү болон нэмэгдүүлсэн хүү төлөх үндэслэлийн талаар маргасан байна.
5. Анхан шатны шүүх, хэргийн нотлох баримтыг үндэслэн талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа үүссэн гэж тодорхойлон, гэрээний хүчин төгөлдөр байдал, шаардах эрхийн үндэслэлийн талаар зөв дүгнэсэн.
5.1. Зээлдүүлэгч *******-ийн үндсэн эрхлэх үйл ажиллагааны чиглэл нь зээлийн үйл ажиллагаа болох нь хэрэгт авагдсан хуулийн этгээдийн улсын бүртгэлийн *******тай гэрчилгээгээр тогтоогдсон.
5.2. Зөвшөөрлийн тухай хуулийн 2.2 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсгийн зохицуулалтаас үзвэл, байгалийн баялаг, төрийн нийтийн өмчийг хязгаартайгаар ашиглуулахаар олгосон зөвшөөрлийг хугацаатай олгоно, бусад зөвшөөрлийг хуульд заасан тохиолдолд хугацаагүй олгож болохоор заажээ.
5.3. Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт Зөвшөөрлийн тухай хуульд зааснаас гадна дараах шаардлагыг хангасан этгээдэд банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг Санхүүгийн зохицуулах хороо хугацаагүйгээр олгоно гэж заасан байна.
Иймээс *******-ийн банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээд гэж үзнэ.
5.4. Талууд зээлийн гэрээг бичгээр байгуулж, зээлдүүлэгч нь гурван зээлийн гэрээний дагуу мөнгөн хөрөнгийг тус тус зээлдэгчийн данс руу шилжүүлсэн болох нь *******гийн ******* банк дахь ******* дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулгад тусгагдсан орлогын дүнгээр тогтоогдсон байна. /хх93, 94, 100/ Иймд тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзнэ. Гэрээ хүчин төгөлдөр тул гэрээний нэг тал нөгөө талаасаа шаардах эрхтэй.
6. Хариуцагч нь нэхэмжлэлийг гардаж аваад шүүхээс тогтоосон хугацаанд татгалзлын үндэслэл, түүнийг нотолсон баримтаа шүүхэд ирүүлээгүй, нэхэмжлэгч талаас шүүхэд гаргаж өгсөн зээлийн тооцооллын баримтыг өөр баримтаар үгүйсгэж, мэтгэлцээгүй тул дээрх гурван зээлийн гэрээний үүргийг тогтоосон хугацаанд бүрэн гүйцэтгээгүй гэж үзнэ.
7. Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж заасан. Мөн Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэгт зааснаар зээлдэгч зээлийг зээлийн гэрээнд заасны дагуу төлөөгүй, эсхүл хууль, зээлийн гэрээнд заасан үндэслэлээр зээлдүүлэгчийн нэг талын санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалсан бол зээлийг бүрэн эргүүлэн төлөх хүртэлх хугацаанд зээлийн үндсэн хүү, зээлийн гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй.
8. Талууд гэрээ тус бүрийн 1.7-д зээлдэгч нь гэрээнд заасан хуваарийн дагуу төлөгдөх зээлийн төлбөрийг хугацаанаас нь хожимдуулсан тохиолдолд зээлийн дүнгээс үндсэн зээлийн хүүгийн 20 хувиар нэмэгдүүлсэн хүү тооцож авах, 4.3 дахь заалтаар Зээл төлөгдөх хугацаа дууссан нь гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийг зээлийн үндсэн өрөө төлж дуустал үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүргээс чөлөөлөхгүй гэж тус тус харилцан тохиролцсон нь дээрх хуулийн зохицуулалтад нийцсэн тул зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш хүү болон нэмэгдүүлсэн хүү тооцохгүй гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн татгалзал болон давж заалдах гомдол хуулийн үндэслэлгүй.
9. Анхан шатны шүүх хариуцагчийн гүйцэтгээгүй үүргийг тооцохдоо хэрэгт авагдсан зээлийн тооцоолол, дансны хуулга зэрэг нотлох баримтуудыг тухайн хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүйн улмаас шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна. Давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудад үндэслэн шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, дараах байдлаар залруулан дүгнэх боломжтой гэж үзлээ.
Нэхэмжлэгч нь 3 зээлийн гэрээний үүргийг 2024 оны 04 сарын 20-ны өдрийг хүртэл хугацаагаар тооцон үндсэн зээл, зээлийн хүү, хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилсэн.
9.1. Тодруулбал, 2022 оны 05 сарын 10-ны өдрийн зээлийн гэрээний тухайд:
Хэргийн 18-19 дэх талд авагдсан Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээгээр талууд зээлийн гэрээний хугацааг тус бүр 6 сараар хоёр удаа сунгасан, гэрээний хугацаа 2023 оны 07 сарын 10-ны өдөр дуусгавар болжээ.
Хариуцагч ******* нь 2022 оны 05 сарын 10-ны өдрөөс 2023 оны 01 сарын 06-ны өдрийг хүртэл хугацаанд зээлийн хүүд 12,664,200 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 355,100 төгрөг тус тус төлж, 2023 оны 01 сарын 06-ны өдөр үндсэн зээлд 10,000,000 төгрөг, уг өдрөөс 2023 оны 03 сарын 10-ны өдрийг хүртэл зээлийн хүүд 4,704,700 төгрөг төлсөн, үүнээс хойш гэрээний үүргээ гүйцэтгээгүй үйл баримт зээлийн дансны мэдээлэл, хариуцагчийн депозит дансны хуулга зэрэг баримтуудаар тогтоогдсон. /хх12, 93-111/
Гэрээний дагуу хариуцагчийн гүйцэтгэх үүргийг тооцвол, 60,000,000 х3%=1,800,000 төгрөг, 2022.05.10-2023.01.06-ны өдрийг хүртэл 7 сар, 24 хоногийн хүүд 14,040,000 төгрөг төлөх ёстой байснаас 12,664,200 төгрөг төлсөн. 2023.01.06-ны өдөр 10,000,000 төгрөг төлснийг нэхэмжлэгч үндсэн зээлээс хасч тооцсон байна.
2023.01.06-наас 04.10-ны өдрийг хүртэл зээлийн хүүд 4,704,700 төгрөг төлжээ.
2023 оны 04 сарын 10-ны өдрөөс 2024 оны 04 сарын 20-ны өдрийг хүртэл 12 сар, 10 хоногийн зээлийн хүү 18,500,000 /50,000,000 х 3%=1,500,000 х 12 сар, 10 хоног/ төгрөг болж байна.
Үүнээс үзвэл, хариуцагч нь 2022 оны 05 сарын 09-ний өдрөөс 2024 оны 04 сарын 20-ны өдрийг хүртэл зээлийн хүүд 32,540,000 төгрөг төлөхөөс 17,368,900 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 355,100 төгрөг тус тус төлжээ.
Иймд хариуцагч нь 2022 оны 05 сарын 10-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт буюу үндсэн зээл 50,000,000 төгрөг, зээлийн хүүд 15,171,100 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 2,811,000 төгрөг, нийт 67,982,100 төгрөг төлөх үүрэгтэй байх тул уг гэрээний үүрэгт шаардсан 72,882,200 төгрөгийн нэхэмжлэлээс 4,900,100 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэл тогтоогдож байна.
9.2. 2022 оны 05 сарын 17-ны өдрийн ЗГ22/50 дугаартай зээлийн гэрээний үүргийн тухайд:
Хариуцагч *******гийн хүсэлтээр гэрээний хугацааг 2023 оны 07 сарын 17-ны өдрийг хүртэл сунгасан үйл баримтад талууд маргаангүй. /хх134-135/
Нэхэмжлэгч нь уг гэрээний үүргийг 2024 оны 05 сарын 01-ний өдрийг хүртэл хугацаагаар тооцон 73,118,900 төгрөг нэхэмжилсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасантай нийцэж байна.
Учир нь, нэхэмжлэгчээс шүүхэд ирүүлсэн зээлийн дансны мэдээлэл бичмэл нотлох баримтаар 2022 оны 06 сарын 20-ны өдрөөс 2023 оны 04 сарын 17-ны өдрийг хүртэл хугацаанд хариуцагчаас зээлийн хүүд 14,991,800 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 295,900 төгрөг төлснөөс өөр үүрэг гүйцэтгээгүй байна.
Хариуцагч нь уг нотлох баримтыг өөр баримтаар үгүйсгэж маргаагүй тул 2022 оны 05 сарын 17-ны өдрөөс 2024 оны 05 сарын 01-ний өдрийг хүртэлх 23 сар, 23 хоногийн зээлийн хүүг тооцвол 35,650,000 төгрөг байна. Үүнээс төлсөн 14,991,800 төгрөгийг хасвал, 20,658,200 төгрөг төлөхөөр байх боловч нэхэмжлэгч тал 20,268,500 төгрөг зээлийн хүүд нэхэмжилсэн. Иймээс дээрх гэрээний үүрэгт буюу үндсэн зээл 50,000,000 төгрөг, зээлийн хүү 20,268,500 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,850,400 төгрөг, нийт 73,118,900 төгрөг хариуцагчаас гаргуулах шаардлагад холбогдох хэсгийг бүхэлд нь хангах үндэслэлтэй.
9.3. 2022 оны 11 сарын 01-ний өдрийн ЗГ22/82 дугаартай зээлийн гэрээний тухайд:
Тус зээлийн гэрээний хугацаа 2023 оны 11 сарын 01-ний өдөр дууссан. Нэхэмжлэгч нь уг зээлийн гэрээний үүргийг 2024 оны 09 сарын 01-ний өдрийг хүртэл хугацаагаар тооцон үндсэн зээл 60,000,000 төгрөг, зээлийн хүүд 34,717,800 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 3,850,000 төгрөг, нийт 98,568,400 төгрөг нэхэмжилж, зээлийн тооцооллыг баримтаар шүүхэд өгчээ.
Уг баримтаас үзвэл, хариуцагч тал 2022 оны 12 сарын 30-ны өдрөөс 2023 оны 03 сарын 10-ны өдрийн хооронд зээлийн хүүд 7,574,800 төгрөг төлснөөс өөр үүрэг гүйцэтгээгүй байна.
Талуудын баталсан зээлийн эргэн төлөлтийн хуваариар, хариуцагч нь 2022 оны 12 сарын 01-ний өдрөөс эхлэн сар бүрын 01-ний өдөр зээлийн хүү төлөх үүрэг хүлээсэн. Энэ өдрөөс нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 2024 оны 09 сарын 01-ний өдрийг хүртэл 22 сарын зээлийн хүүг тооцвол, 39,600,000 /60,000,000 х3%=1,800,000 х22 сар/ төгрөг байх ба үүнээс 7,574,800 төгрөгийг хасвал, 32,025,200 төгрөг болж байна.
Мөн нэмэгдүүлсэн хүүд 3,600,000 /60,000,000 х0.6%=360,000 х10 сар/ төгрөг, нийт 95,625,200 /үндсэн зээл 60,000,000 төгрөг, зээлийн хүү 32,025,200 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3,600,000/ төгрөг хариуцагч төлөхөөр байх тул нэхэмжлэлийн шаардлагаас 2,943,200 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, энэ талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлтэй.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагч *******гээс гурван зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд нийт 236,726,200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *******-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 7,843,300 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журамд нийцнэ.
10. *******, ******* нар 2022 оны 05 сарын 10-ны өдөр БГ22/49 дугаартай Зээлийн барьцааны гэрээ байгуулж, *******гийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн ******* дугаартай, ******* дүүргийн ******* хороо, ******* тоот хаягт байрлалтай ******* м.кв талбайтай, оффисын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг, 2022 оны 05 сарын 17-ны өдөр БГ22/50 дугаартай Зээлийн барьцааны гэрээгээр мөн *******гийн өмчлөлд бүртгэлтэй, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаартай, ******* дүүргийн ******* хороо, ******* тоот хаягт байрлалтай ******* м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, 2022 оны 11 сарын 01-ний өдөр БГ22/82 дугаартай Зээлийн барьцааны гэрээгээр *******гийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн ******* дугаартай, ******* дүүргийн ******* хороо, ******* тоот хаягт байрлалтай ******* м.кв талбайтай, 2 өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг тус тус зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаалахаар харилцан тохиролцон, гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн байна. /1хх-9-10, 62-63, 145-146/
Энэ үйл баримтад талууд маргаангүй. Дээрх гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасан шаардлага хангасан хүчин төгөлдөр байна.
Анхан шатны шүүх, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ******* нь зээлийн гэрээний үүргийг биелүүлээгүй тохиолдолд зээлийн барьцаа хөрөнгүүдийг хуульд заасан журмын худалдан борлуулж зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. Шийдвэрийн энэ хэсэгт хариуцагч давж заалдах гомдол гаргаагүй тул давж заалдах шатны шүүх дүгнэлт өгөх шаардлагагүй гэж үзсэн болно.
Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 сарын 11-ний өдрийн 181/ШШ2024/04453 дугаар шийдвэрийн
Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******гээс 236,726,200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *******-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 7,843,300 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж,
Тогтоох хэсгийн 3 дахь заалтын 2,261,145 гэснийг 1,341,581 гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 633,506 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ЭНХБАЯР
ШҮҮГЧИД Б.МАНДАЛБАЯР
Ч.ЦЭНД