Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 08 өдөр

Дугаар 184/ШШ2016/00516

 

Хариуцагч нарын зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг би тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн 8-р хороо, Ерөнхий сайд Амарын гудамж Хас банк төв албаны байр, “Хас” банкны нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн 11-р хороо, Овоот 1-24 тоотод оршин суух, эрэгтэй, ИП64020177 регистрийн дугаартай, Магсаржавын Эрдэнэбаатар,

Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн 11-р хороо, Овоот 1-24 тоотод оршин суух, эмэгтэй, ХМ68091461 регистрийн дугаартай, Базрайгийн Одгэрэл нарт холбогдох

гэрээний үүрэг 56 118 670 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Наранбаатар, М.Эрдэнэбаатар, Б.Одгэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цэнд-Аюуш оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч “Хас” банкны захирал Г.Оргилболд шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Зээлдэгч М.Эрдэнэбаатар нь 2013-9-6-ны өдөр “Хас” банктай 1030012630 дугаар барьцаат зээлийн гэрээ, 1030012630-01 дугаар баталгаат ипотекийн гэрээ байгуулж 60 000 000 төгрөгийн зээлийг 36 сарын хугацаатай жилийн 25,2 хувийн хүүтэй эргэлтийн хөрөнгийн зориулалтаар авсан.

Энэ гэрээнд нь Б.Одгэрэл хамтран буюу нөхөх хариуцлага хүлээх үүрэгтэй хамтран үүрэг гүйцэтгэгчээр оролцсон.

Зээлийн барьцаанд дараах хөрөнгийг барьцаалсан. Үүнд:

Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүрэг 11-р хороо овоот 1-24 тоотод байрлах Ү-2201010648 тоот улсын бүртгэлийн дугаартай 300 м.кв талбайтай хувийн сууц граж, УБ хот СХД 11-р хороо овоот 1-24 тоотод байрлах Г-2201014244 өмчлөх эрхийн гэрчилгээтэй 520 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, УБ хот СХД 11-р хороо овоот 1-24/а тоотод байрлах Ү-2201023057 өмчлөх эрхийн гэрчилгээтэй 223 м.кв талбайтай үйлчилгээний  зориулалттай үл хөдлөх, УБ хот СХД 11-р хороо овоот 1-24/а тоотод байрлах Г-2201000487 өмчлөх эрхийн гэрчилгээтэй 547,57 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг тус тус барьцаалсан.

Зээлдэгч М.Эрэдэнбаатар нь 1030012630 дугаар зээлийн гэрээний гол нөхцөл болох хавсралтад  заасан эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлийн төлбөрийг төлөх үүрэгтэй боловч 1030012630 дугаар зээлийн гэрээний төлбөрийг 2014-07-сараас хойш сар бүр хугацаа хэтрүүлж хуримтлуулсаар ирсэн. Зээлдэгч нь 2016-04-20 хүртэл зээлийн төлбөр болон хүүгийн төлбөрт нийт  37 784 540 төгрөг төлсөн боловч сар бүр хугацаа хэтрүүлж зээлийн төлбөрөө хуримтлуулж гэрээний үүргээ ноцтой зөрчиж байна.

Зээлдэгч М.Эрдэнэбаатар болон хамтран үүрэг гүйцэтгэгч Б.Одгэрэл нарт гэрээний үүргээ биелүүлэхийг удаа дараа мэдэгдэж шаардаж байсан боловч төлбөр төлөх талаар арга хэмжээ авахгүй банкны зүгээс очиж уулзаж утсаар холбоо барихад бага хэмжээгээр төлөлт хийх төлбөр төлөхөөр тохиролцсон нөхцөлөөр төлбөрөө төлөхгүй “Бизнесээс  орж ирэх орлого муу байна хашаа байшин зарагдахгүй байна” гэх зэргээр зээл төлөхгүй байх үйлдлүүдийг гаргаж барьцаат зээлийн гэрээний 3,4,2    3,4,3-д заасан үүргээ биелүүлэхгүй биелүүлэхээс санаатай зайлсхийж гэрээний үүргээ ноцтой зөрчин өнөөдрийг хүрлээ. Үндсэн зээл 36 874 254 төгрөг, зээлийн хүү 18 506 364 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 723 553 төгрөг, нотариатын зардал 14 500 төгрөг, нийт 56 118 670 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч “Хас” банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Наранбаатар шүүхэд гаргасан тайлбартаа:

Бид сая ярилцаж тохиролцсон. Хариуцагч нар нь 56 118 670 төгрөгийг маргаангүй төлнө гэсэн. Гэхдээ 2016 оны 10 дугаар сарын 08-ны дотор төлнө гэсэн тохиролцсон. Би үнийн дүнг багасгах эрх байхгүй гэдгийг хариуцагч нарт ойлгуулсан. Гэхдээ улсын тэмдэгтийн хураамжийг багасгаж болох юм гэв.

 

Хариуцагч М.Эрдэнэбаатар шүүхэд гаргасан тайлбартаа:

Миний бие М.Эрдэнэбаатар нь 2013.06.13-ны өдөр “Хас” банкнаас өөрийн эрхэлж буй бизнесээ өргөжүүлэх зорилготой 60 сая төгрөгийн зээлийг  36 сарын хугацаатай авч эргэлтийн хөрөнгийг нэмэгдүүлэх зорилготой ашигласан юм. Зээл авсан эхний хугацаанд манай үйл ажиллагаа хэвийн ажиллаж зохих төлбөрийг сар бүр тогтмол төлж байтал 2014-07 сараас бидний үйл ажиллагаа явуулдаг СХД-ийн 11-р хорооны овоотын 1-24-ийн хойд талын зам “баянхошууны хойд чиглэлийн” замын өргөтгөл засварын ажил эхэлж бидний бизнесийн үйл ажиллагаа бүрэн зогссон. Өөрөөр хэлбэл Улаанбаатар хотын захирагчийн алба Авто замын газраас дээрхи ажлыг зохион байгуулсан юм. Бидний энэ эрсдлийг тооцолгүй бизнесийн хэвийн үйл ажиллагаанд саад учруулснаар зээлийн гэрээний төлбөрийг төлбөрийг төлөх боломжгүй болж банкны эдийн засагч болон удирдлагуудад энэ бодит тохиолдсон эрсдлийн тухай болон бизнесийн үйл ажиллагаа зогссон зээлийн төлбөр төлөх боломжгүй болсон тухай санал хүсэлтээ удаа дараа илэрхийлж зээлийн гэрээнд  өөрчлөлт оруулж өөрчлөх тухай хүсэлтээ гаргасан боловч харамсалтай нь бидний дээрх хүсэлтийг хүлээж аваагүй өнөөдрийг хүргэсэн юм. Энэ байдалд маш гомдолтой байгаа бөгөөд банк зээлийн гэрээг нэг хэв  маягаар хийж тулган шаардаж монгол улсын үндсэн хууль  иргэний хуулиудын холбогдох заалт эрх тэгш тэнцвэртэй харилцан тохиролцох зарчмыг үл хүндэтгэж хэт давуу эрх эдэлж зээлийн гэрээ хийж улмаар зээлдэгч талын хүсэлтийг  огтхон ч хүлээж аваагүйд гомдолтой байна.

Миний бие эхнэр 3 хүүхдийн хамт хөдөлмөрлөж бий болгосон эд хөрөнгөө барьцаалж бизнесээ өргөжүүлэх зорилготой байсан юм. Гэтэл Хас банктай хийсэн гэрээг хүлээн зөвшөөрч гэрээ хийсэн боловч гэнэтийн эрсдэлийн улмаас төлбөрийг барагдуулах боломжгүй болсон билээ. “Хас” банк харилцан тохиролцох,  уян хатан нөхцөлөөр хандаж төлбөр төлөх болгохын оронд насаараа хөдөлмөрлөж бий болгосон эд хөрөнгийг маань хураан авч төлбөрөө барагдуулахыг оролдож биднийг орох оронгүй болгож гудамжинд гаргах сонирхол агуулагдаж байгаад нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй байна. Банкны зүгээс биднийг “Бизнесээс орж ирэх орлого муу байна” хашаа байшин зарагдахгүй байна гэж санаатай зайлсхийж байна гэж үзэж байна. Гэтэл бид бодит байдал дээр аль болох зардлаа хэмнэж орлогоо хурааж хоолны мөнгө үлдээж машин болон эд хөрөнгөө зарж 2016-4-20-ний өдрийг хүртэл нийт 37 784 540 төгрөг төлсөн.Банкны зээлийн үлдэгдэл төлбөр болох 22 215 460 төгрөгийг төлөх шүүхийн шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч М.Эрдэнэбаатар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Сая нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй ярилцаж тохиролцоод эвлэрсэн. Бид нэхэмжлэлийн шаардлагыг маргаангүйгээр зөвшөөрч 56 118 670 төгрөгийг 2016 оны 10 дугаар сарын 08-ны дотор төлөхөөр болсон. Хугацаандаа мөнгөө төлөхгүй бол албадан гүйцэтгэхийг зөвшөөрч байна гэв.

 

Хариуцагч Б.Одгэрэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Бид 3 ярилцаад тохиролцсон. Надад нэмж хэлээд байх зүйл алга гэв.

           

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч “Хас” банк нь хариуцагч Б.Одгэрэл, М.Эрдэнэбаатар нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэг 56 118 670 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

М.Эрдэнэбаатар, Б.Одгэрэл нар нь 2013 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр “Хас” банктай 1030012630 дугаар барьцаат зээлийн гэрээ, 1030012630-01 дугаар баталгаат ипотекийн гэрээ байгуулж 60 000 000 төгрөгийн зээлийг 36 сарын хугацаатай жилийн 25,2 хувийн хүүтэй эргэлтийн хөрөнгийн зориулалтаар, өөрсдийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг барьцаалж зээлсэн болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбараар тогтоогдож байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч М.Эрдэнэбаатар, Б.Одгэрэл нар нэхэмжлэлийн шаардлага болох 56 118 670 төгрөгийг маргаангүйгээр төлөхөөр хүлээн зөвшөөрсөн тул хариуцагч нарын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Хариуцагч нар нь 56 118 670 төгрөгийг 2016 оны 10 дугаар сарын 08-ны дотор нэхэмжлэгчид төлж барагдуулахаар зохигч харилцан тохиролцсон болохыг дурдав.

Талуудын байгуулсан эвлэрлийн гэрээ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул шүүх эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариуцагч нараас гаргах улсын тэмдэгтийн хураамжийг 50 хувиар нь гаргахад татгалзахгүй гэж тайлбарласан тул тал хувиар нь гаргаж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

 

          1. “Хас” банкны нэхэмжлэлтэй М.Эрдэнэбаатар, Б.Одгэрэл нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 56 118 670 төгрөг гаргуулах тухай хэргийн хариуцагч нарын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

          2. Хариуцагч нар нь 56 118 670 төгрөгийг 2016 оны 10 дугаар сарын 08-ны дотор төлөхөөр зохигч харилцан тохиролцсон болохыг дурдсугай.

 

          3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар хариуцагч М.Эрдэнэбаатар, Б.Одгэрэл нараас 219 272 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 438 544 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

          4. Шүүгчийн  захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

 

          5. Зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                                                    С.ОЮУНЧИМЭГ