| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Цэнд |
| Хэргийн индекс | 102/2023/04170/И |
| Дугаар | 210/МА2025/00422 |
| Огноо | 2025-02-26 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 02 сарын 26 өдөр
Дугаар 210/МА2025/00422
*******-ийн
нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 сарын 02-ны өдрийн 181/ШШ2024/05038 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч *******-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч *******д холбогдох,
Түрээсийн гэрээний үүрэгт 26,469,432 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй,
Үл хөдлөх эд хөрөнгийг засч сайжруулахад гарсан зардал 6,000,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч нарын нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:
1.1. 2022 оны 06 сарын 07-ны өдөр *******, ******* нарын хооронд ТГ22/11 дугаартай түрээсийн гэрээ болон уг гэрээний төлбөр тооцооны асуудлыг шийдвэрлэх зорилгоор 2023 оны 03 сарын 22-ны өдөр ТБГ23/01 дугаартай Төлбөр барагдуулах гэрээ тус тус байгуулагдсан.
******* дүүрэг, ******* тоот хаягт байрлах, ******* м.кв талбай үл хөдлөх эд хөрөнгийг 2022 оны 06 сарын 07-ны өдрөөс 2023 оны 04 сарын 07-ны өдрийг хүртэл хугацаатай, 1 м.кв талбайн үнэ 42,000 төгрөгх******* м.кв, НӨАТ 224,910 төгрөг, нийт 2,474,010 төгрөг,
Дээрх түрээсийн гэрээгээр хүлээсэн үүргээ ******* биелүүлээгүй, банкны эд хөрөнгө ашигласан түрээсийн төлбөрөө огт төлөөгүй. 2023 оны 03 сарын 25-ны өдрийн байдлаар үндсэн түрээсийн төлбөр 22,266,090 төгрөг, алданги 4,203,342.99 төгрөг, нийт 26,469,433 төгрөг байгаа.
1.2. Талууд 2023 оны 03 сарын 22-ны өдөр төлөгдөөгүй хугацааны түрээсийн төлбөрийг тооцоо нийлж, хуваарь гарган ТБГ 23/01 дугаартай Төлбөр барагдуулах гэрээ байгуулан, гарын үсэг зурж, баталгаажуулсан.
1.3. ******* нь дээрх хуваариа зөрчин өр төлбөрөө өнөөдрийг хүртэлх хугацаанд төлөөгүй тул банкнаас түрээсийн болон төлбөр барагдуулах гэрээг цуцлах, гэрээний төлбөрийг шаардах тухай мэдэгдлийг 2023 оны 01/01-54, 01/01-409 дүгээр албан бичгээр тус тус мэдэгдсэн болно.
1.4. Ийнхүү талууд 2023 оны 07 сарын 24-ний өдөр *******-тай уулзаж, ******* нь бичгээр хүсэлт гаргаснаар харилцан тохиролцож, шинээр төлбөрийн хуваарь гарган, 23/02 дугаартай Төлбөр барагдуулах гэрээ-г шинэчлэн байгуулсан.
1.5. *******, ******* нарын хооронд байгуулсан 2023 оны 07 сарын 24-ний өдрийн 23/02 дугаартай Төлбөр барагдуулах гэрээний дагуу нийт 26,469,432.99 төгрөгийг гаргуулах маргааныг талууд эвлэрүүлэн зуучлах ажиллагааны журмаар шийдвэрлүүлэхээр тохиролцон Баянгол дүүрэг дэх Эвлэрүүлэн зуучлалд хандсан боловч ******* нь эвлэрлээс татгалзсан байна.
Иймээс *******ос 26,469,432.99 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын агуулга:
2.1. ******* миний бие Үндэсний хөрөнгө оруулалтын банкны байр болох ******* тоот өрөөг оффисийн зориулалтаар түрээслэн үйл ажиллагаа явуулсан болно.
Анх 2022 оны 04 сарын 07-ны өдөр түрээсийн гэрээ байгуулан уг өрөөг түрээслэн үйл ажиллагаа эхэлсэн. Энэ хугацааны түрээсийн төлбөр болох 5 сая төгрөгийг төлсөн. Мөн оффист орохдоо өөрийн зүгээс хөрөнгө мөнгө гарган засвар хийж орсон. Үүнийг түрээслүүлэгч байгууллага мэдэж байгаа.
2.2. 2022 оны 06 сард ахин шинээр гэрээ хийж 6, 7-р сарын төлбөр төлсөн байдаг. Өмнөх саруудын төлбөр нийлээд 10 орчим сая төгрөг төлсөн байна. Гэтэл түрээсийн төлбөр огт төлөөгүй мэтээр ярих нь зүй зохисгүй гэж үзэж байна.
2.3. Түрээсийн төлбөрт НӨАТ-тай төлүүлсэн мөртлөө надад НӨАТ баримт өгөөгүй Банкны үйл ажиллагаа хүндрэлтэй байна, дансаар мөнгө авч болохгүй байна төлбөрөө бэлнээр тушаа гэж шахаж түрээсийн төлбөрийг бэлнээр төлүүлж байсан.
Мөн түрээсийн талбайн зах зээлийн жишиг үнэ ханш 1 м.кв нь 60,000 төгрөг байдаг хэмээн бичиж байгаа нь шүүгчид буруу ойлголт төрүүлэхээр байна. Энэ оффисийн өрөөг анх түрээслэхэд 42,000 төгрөг байсан тул уг үнээр түрээсэлсэн.
Иймд, оффисийн өрөөнд хийсэн засварын зардлыг түрээсийн төлбөрт тооцуулна. Мөн түрээсийн төлбөрөөс НӨАТ-ыг суутган тооцож өгнө үү.
Нэхэмжлэлийн шаардлагад дурдсан алдангиас чөлөөлж өгнө үү гэжээ.
3. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:
3.1. ******* *******-ийн эд хөрөнгийг түрээсийн гэрээний дагуу эзэмших, ашиглах зорилгоор уг эд хөрөнгөнд түрээслүүлэгчийн зөвшөөрлөөр засвар үйлчилгээ хийж, түрээсээр хэвийн ашиглах боломж, нөхцөлийг бүрдүүлсэн.
3.2. Түрээсийн гэрээний эрх зүйн зохицуулалтад эд хөрөнгө хөлслөх гэрээний журам нэгэн адил үйлчлэхээр Иргэний хуульд заасан тул түрээсээр эзэмшиж, ашиглаж буй эд хөрөнгийг засч сайжруулахыг түрээслүүлэгч зөвшөөрсөн, мөн засан сайжруулалт хийсэн гэдгээ түрээслэгч нотолсон нөхцөлд уг засан сайжруулалтад гаргасан зардлаа түрээсийн төлбөрөөсөө хасч тооцуулах хууль зүйн үндэслэлтэй.
******* өөрийн эд хөрөнгөө засч сайжруулахыг *******д зөвшөөрсөн, уг эд хөрөнгөнд материалын зардал, ажлын хөлсний хамт 6,000,000 төгрөгийн засан сайжруулалт хийсэн болохыг гэрч ******* гэрчилж байгаа болно.
*******-аас түрээслүүлж байсан эд хөрөнгийг засч сайжруулахад гаргасан зардал болох 6,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
4. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад нэхэмжлэгчээс гаргасан тайлбар, үндэслэл:
4.1. Хариуцагч нь тухайн засварын ажлыг хийж гүйцэтгэх талаараа нэхэмжлэгчид мэдэгдээгүй бөгөөд зөвшөөрөлгүй засвар хийсэн тул гэрээ болон хуульд заасны дагуу гаргасан зардлыг нэхэмжлэгч хариуцагчид төлөх үүрэггүй байх тул сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч *******с 23,323,998 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 3,145,435 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 290,298 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******с 274,569 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******-д олгож, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 110,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:
6.1. Түрээсийн гэрээний агуулга, зарчмын дагуу түрээслүүлэгч түрээслэгч зориулалтын дагуу ашиглах боломжтой эд хөрөнгийг түүний эзэмшил ашиглалтад шилжүүлэх үүрэгтэй байхад уг үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, түрээслүүлсэн обьект нь тухайн үед оффисын зориулалтын ашиглах ямар ч боломжгүй байсан.
Тухайн үед түрээсийн гэрээ байгуулахаас өмнө түрээслэгч зохих засан сайжруулалт хийх шаардлагатай байгаа талаар түрээслүүлэгчид амаар хэлж тохиролцсоны дагуу засвар хийсэн. Ямар хэмжээний ажил хийж гүйцэтгэж хэдэн төгрөгийн зардал гарснаа нотлох үүргийн дагуу гэрч асуулгаж 7 сая төгрөгийн засвар гарсан болохыг нотолсон болно.
6.2. Шүүхээс сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг зөвхөн түрээслүүлэгчээс засвар үйлчилгээ хийх талаар зөвшөөрөл аваагүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгосныг зөвшөөрөхгүй.
Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, сөрөг нэхэмжлэлийн шаардлага болох 7 сая төгрөгийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.
7. Давж заалдах журмаар гаргасан гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:
7.1. 2022 оны 06 сарын 07-ны өдөр байгуулсан ТГ22/11 дугаар түрээсийн гэрээний 5.1.12, 5.2.12-д адил агуулгаар тусгасан. Өөрөөр хэлбэл, Иргэний хууль болон талуудын хооронд байгуулагдсан гэрээний дагуу түрээсийн объектын хөрөнгөд түрээслэгч ямар нэгэн төрлийн засвар, засан сайжруулалт хийх тохиолдолд түрээслүүлэгчээс урьдчилан зөвшөөрөл авах шаардлагатай. Гэтэл нэхэмжлэгч түрээсийн талбайд бодитоор завсар хийсэн эсэх нь тодорхойгүй, мөн хэдий хэмжээний зардал гаргасан талаараа тодорхой нотолдоггүй ба засвар хийх талаар урьдчилан мэдэгдэж, зөвшөөрөл аваагүй. Тодруулбал, 2024 оны 10 сарын 04-ний өдөр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гаргасан сөрөг нэхэмжлэлдээ 6,000,000 төгрөгийн засан сайжруулалт хийсэн гэж дурдсан боловч 2025 оны 01 сарын 29-ний өдөр гаргасан давж заалдах гомдолдоо 7,000,000 төгрөгийн засварын зардал гаргасан болохыг нотолсон гэх мэтээр зөрүүтэй тайлбар хэлдэг.
Иймд дээрх үндэслэлүүдээр түрээслэгч ямар нэгэн байдлаар засварын хөлс, нөхөн төлбөр шаардах эрхгүй. Өөрөөр хэлбэл, хариуцагч засвар, нэмэлт сайжруулалт хийх талаар түрээслүүлэгчээс урьдчилан зөвшөөрөл аваагүй тул шаардах эрхгүй.
Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.6, талуудын хооронд байгуулагдсан 2023 оны 07 сарын 24-ний өдрийн ТБГ23/01 тоот төлбөр барагдуулах тухай эвлэрлийн гэрээний 1.1, 3.1.1-д тус тус заасны дагуу хариуцагчаас үндсэн төлбөрт 22,000,000 төгрөг, алданги 4,000,000 төгрөг, нийт 26,000,000 төгрөг төлөхөөр тохирсон гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан түрээсийн гэрээний үүрэгт 26,469,432 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нь эс зөвшөөрч, түрээсийн зүйлийг засан сайжруулсан зардалд 6,000,000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжилж, талууд маргажээ.
3. Анхан шатны шүүх дараах үйл баримтыг тогтоохдоо хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэгдсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасантай нийцсэн байна.
3.1. *******, ******* нар 2022 оны 06 сарын 07-ны өдөр ТГ22/11 дугаартай түрээсийн гэрээ байгуулж, гэрээгээр түрээслүүлэгч ******* нь ******* дүүрэг, ******* тоот хаягт байршилтай, ******* м.кв талбайг 2022 оны 06 сарын 07-ны өдрөөс 2023 оны 04 сарын 07-ны өдөр хүртэл хугацаатай түрээслүүлэх, түрээслэгч ******* нь 1 м.кв талбайг 42,000 төгрөгөөр тооцон сарын 2,474,010 төгрөг төлөх нөхцөлийг харилцан тохиролцсон. /хх-12-17/
3.2. ******* нь түрээсийн объектыг *******ын эзэмшил, ашиглалтад шилжүүлж өгсөн үйл баримтад маргаангүй.
3.3. 2023 оны 01 сарын 16-ны өдөр, 2023 оны 06 сарын 27-ны өдрийн албан бичгээр түрээсийн төлбөрөө төлөх талаар хариуцагчид мэдэгдэл хүргүүлсэн. /хх-18-19/
3.4. Талууд 2023 оны 03 сарын 22-ны өдөр ТБГ23/01 дугаартай төлбөр барагдуулах гэрээ байгуулж, түрээслэгч ******* нь 26,462,010 төгрөгийг 2023 оны 04 сарын 10-ны өдрөөс 2023 оны 04 сарын 31-ний өдөр хүртэл хугацаанд түрээслүүлэгчийн ******* тоот дансанд шилжүүлэх үүрэг хүлээсэн. /хх-9-10/
3.5. *******ын хүсэлтийг үндэслэн талууд дахин 2023 оны 07 сарын 24-ний өдөр ТБГ23/02 дугаартай Төлбөр барагдуулах тухай эвлэрлийн гэрээ нэртэй гэрээ байгуулж, уг гэрээгээр ******* нь 2023 оны 08 сарын 25-ны өдрөөс мөн оны 10 сарын 31-ний өдрийн хооронд түрээсийн төлбөрт 26,469,432 төгрөгийг хэсэгчлэн төлөх нөхцөлийг харилцан тохиролцсон. /хх-6-8/
3.6. Хариуцагч ******* нь 2022 оны 09 сарын 12-ны өдөр 2,474,000 төгрөг, 2022 оны 10 сарын 06-ны өдөр 2,500,000 төгрөгийг тус тус нэхэмжлэгч *******-д түрээсийн орлого гэх гүйлгээний утгаар шилжүүлсэн. /хх-37/
4. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээний харилцаа үүссэн гэж зөв тодорхойлон, гэрээний хүчин төгөлдөр байдал, шаардах эрхийн талаар хуулийн үндэслэл бүхий дүгнэлт хийсэн. Мөн зохигчдын байгуулсан Төлбөр барагдуулах гэрээ, төлбөрийн баримт зэрэг нотлох баримтыг үндэслэн хариуцагч ******* түрээсийн гэрээний үүрэгт 19,766,100 төгрөг, алданги 3,557,898 төгрөг, нийт 23,323,998 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******-д олгохоор шийдвэрлэсэн нь хуулийн үндэслэлтэй. Энэ шийдэлд хариуцагч тал давж заалдах гомдол гаргаагүй тул давж заалдах шатны шүүхээс нэмэлт дүгнэлт хийхгүй байх нь талуудын зарчимд нийцнэ гэж үзсэн болно.
5. Хариуцагч нь түрээсийн зүйлийг засч сайжруулахад гарсан зардал 6,000,000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжилснийг нэхэмжлэгч тал эс зөвшөөрч, засвар хийхдээ түрээслүүлэгчид мэдэгдэж, зөвшөөрөл аваагүй гэх үндэслэл заан маргажээ.
5.1. Түрээсийн гэрээний 6.1-д түрээслэгч нь түрээслүүлэгчийн зөвшөөрөлтэйгээр хөрөнгөд өөрийн зардлаар засвар үйлчилгээ, засан сайжруулалт хийх эрхтэй бөгөөд энэхүү гэрээ дуусгавар болоход түрээслэгч нь өөрийн хөрөнгөөр хийсэн салгаж болох засан сайжруулалтыг авах эрхтэй гэж заасан нь Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.1.3, 289.2.5-д хөлслөгчийн эрх, үүргийн зохицуулалтад нийцжээ.
Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.2.5-д зааснаар хариуцагч тал, түрээсийн зүйлийг нэхэмжлэгчийн зөвшөөрөлтэйгээр, өөрийн зардлаар засаж сайжруулсан, 6,000,000 төгрөгийн зардал гарсан гэх үйл баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч өөрөө баримтаар нотлох үүргийг хүлээнэ.
Шүүх хариуцагчийн хүсэлтийг үндэслэн гэрч *******с мэдүүлэг авах ажиллагаа явуулсан байна. Тэрээр гэрч нь ажлын хөлс 5,300,000 төгрөг болсон, харин материал нь 1,700,000 хавьцаа, нийт 7 сая орчим болж байсан санагдаад байна гэж мэдүүлсэн байх боловч /хх-112/ бөгөөд уг мэдүүлэг нь өөр баримтаар давхар нотлогдоогүй байна. Иймээс гэрчийн мэдүүлгийг үндэслэн, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан шүүх хэргийг тал бүрээс нь харьцуулан үзээд тухайн хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх журамд нийцэхгүй.
6. Анхан шатны шүүх хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ дээрх хуульд заасан журмыг зөрчөөгүй байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй.
7. Харин шийдвэрийн тогтоох хэсэгт хэрэглэвэл зохих хуулийг баримтлаагүй тодруулбал, алданги болон сөрөг нэхэмжлэлтэй холбоотой шаардах эрхийн хуулийн зохицуулалтыг баримтлаагүй алдааг залруулан, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.
Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхихоор давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 сарын 02-ны өдрийн 181/ШШ2024/05038 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******с 23,328,988 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3,145,435 төгрөгт холбогдох хэсэг, Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.2.5-д зааснаар үл хөдлөх эд хөрөнгийг засч сайжруулахад гарсан зардал 6,000,000 төгрөг гаргуулах тухай хариуцагч *******ын сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай. гэж өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 126,950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР
ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН
Ч.ЦЭНД