Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 210/МА2025/00429

 

 

 

 

 

*******-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Баясгалан, даргалж, шүүгч С.Энхбаяр, шүүгч Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 сарын 24-ний өдрийн 197/ШШ2025/00370 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч *******-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч *******-д холбогдох,

 

Хөлсөөр ажиллах гэрээний үүрэгт 10,488,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Ариунзул нар оролцов.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-д холбогдуулан хөлсөөр ажиллах гэрээний үүрэгт 10,488,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ... гэрээний үлдэгдэл төлбөр болох 6,992,000 төгрөгийг 2022 оны 11 сарын 30-ны дотор төлж дуусгахаар тохиролцсон боловч элдэв шалтаг тоочин өдрийг хүртэл өгөхгүй байгаа гэж тайлбарласан.

 

Хариуцагч татгалзлын үндэслэлээ ...нэхэмжлэгч байгууллага нь манай ноос боловсруулах, угаах үйлдвэрийн аюулгүй байдлыг бүрэн хангах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх үүргийг хүлээсэн боловч энэ үүргийг бүрэн биелүүлээгүйн улмаас нэр бүхий этгээдүүд манай байгууллагын объектод 2022 оны 05 сарын 28-ны шөнө халдаж 476.6 кг ноолуур хулгайлан нийт 50,519,600 төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан хэрэг гарсан, бидний зүгээс энэ асуудал гарсан нь нэхэмжлэгч байгууллагын ажилтан үүргээ бүрэн биелүүлээгүйтэй холбоотой ... гэж тайлбарлан, эс зөвшөөрч маргажээ.

 

3. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, маргааны үйл баримтыг хэрэгт авагдсан нотлох баримтыг үндэслэн зөв дүгнэсэн байна.

3.1. Цагдаагийн ерөнхий газраас *******-д харуул хамгаалалтын үйл ажиллагаа эрхлэх эрхийг нэг жилийн хугацаагаар олгож, ******* дугаартай бүртгэлийн гэрчилгээ олгосон байна. /хх-14/

3.2. Уг эрх олгосон хугацаанд ******* нь *******-тай 2019 оны 08 сарын 01-ний өдөр аюулгүй байдлыг хангах хамгаалалтын гэрээ нэртэй гэрээ байгуулж, уг гэрээгээр 2019 оны 08 сарын 01-ний өдрөөс 2020 оны 02 сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд ******* нь *******-ийн обьектыг гэнэтийн болон гадны халдлагаас хамгаалах, урьдчилан сэргийлэх, аюулгүй байдлыг хангах чиглэлээр хамгаалалтын алба хаагч ажиллуулах, хамгаалалт, үйлчилгээний нэг сарын төлбөр 2,640,000 төгрөг байхаар, ******* нь үйлчилгээний төлбөрийг сард хоёр хувааж төлөх ба сар бүрийн 15, 30-ны өдөр төлбөрийг ******* банкны ******* дансаар хийж, хугацаандаа төлбөрөө барагдуулаагүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд нийт төлбөрийн 0.5 хувьтай тэнцэх алданги нэмж тооцох нөхцөлийг харилцан тохиролцжээ. /хх-8-10/

 

4. Талуудын байгуулсан дээрх гэрээ нь Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасан хөлсөөр ажиллах гэрээний шинжийг агуулж байна. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.3 дахь хэсгийг тайлбарлан, зохигчийн хооронд үүссэн харилцааг тодорхойлсон нь оновчгүй байгааг давж заалдах шатны шүүхээс дээрх дүгнэлтээр залруулав.

 

5. Хөлсөөр ажиллах гэрээ хүчин төгөлдөр тул гэрээний нэг тал нөгөө талаасаа үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй.

5.1. Талууд тооцооны үлдэгдлийн баталгаа нэртэй баримт үйлдэж, 2022 оны 09 сарын 01-ний өдрөөс 2022 оны 11 сарын 15-ны өдрийг дуустал хугацааны хоёр байгууллагад хөтлөгдөж буй нягтлан бодох бүртгэлийн дэлгэрэнгүй ба хураангүй бүртгэлийн бичилтээр нэг бүрчлэн тооцоо нийлж, ******* нь 6,992,000 төгрөгийн өртэй гарсныг 2022 оны 11 сарын 30-ны дотор төлж барагдуулахаар 2 байгууллагын нягтлан бодогч нар харилцан тохиролцон, гарын үсэг зурж, тэмдэг дарж баталгаажуулсан байна. /хх-10/

5.2. Нэхэмжлэгч ******* нь 2020 оны 08 сарын 01-ны өдрөөс 2022 оны 11 сарын 16-ны өдрийг хүртэл хугацаанд харуул хамгаалалтын үйлчилгээ үзүүлж, гэрээг дуусгавар болгож, эд хөрөнгийг хүлээлцсэн болох нь хэрэгт авагдсан ажил хүлээлцэх акт нотлох баримтаар тогтоогдсон.

Дээрх нотлох баримтуудыг үндэслэн хариуцагч нь гэрээний дагуу харуул хамгаалалтын үйлчилгээ авсан ажлын хөлс төлөх үүргээ тогтоосон хугацаанд бүрэн гүйцэтгээгүй гэж үзнэ.

 

6. Гэрээний 2.6-д ******* нь хугацаандаа төлбөрөө барагдуулаагүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд нийт төлбөрийн 0.5 хувь тэнцэх алданги нэмж тооцохоор талууд харилцан тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасантай нийцсэн.

 

7.Анхан шатны шүүх, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үндэслэн хариуцагчаас 09 сар, 10 сар бүтэн, 11 сарын тал ажлын хөлс төлбөрт 6,992,000 төгрөг, алданги 1,748,000 төгрөг, нийт 8,740,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журмыг зөрчөөгүй байна.

7.1. Тодруулбал, нэхэмжлэгч *******-ийг харуул хамгаалалтын үйлчилгээ үзүүлэн ажиллаж байх хугацаанд нь гэмт хэрэг үйлдэгдэж, хариуцагч ******* нь бусдад учруулсан хохиролд 50,519,600 төгрөгийг төлж барагдуулсан, Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын 2023 оны 12 сарын 14-ний өдрийн 115 дугаартай мэдэгдэл, Аюулгүй байдлыг хангах хамгаалалтын гэрээний 4 дүгээр зүйлийн 4.3, 4.6-д заасан үүргээ хариуцагч биелүүлээгүй зэрэг нөхцөл байдлыг шүүх харгалзан, алдангийн хэмжээг 50 хувиар буюу 1,748,000 төгрөг болгон багасгахдаа Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсгийн зохицуулалтыг зөв хэрэглэсэн.

8. Нэхэмжлэгч *******-ийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч нь *******, 1 гишүүнтэй болох нь хэргийн 13, 15-17 дахь талд авагдсан *******-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тус компанийн дүрэм зэрэг бичмэл нотлох баримтаар тогтоогдсон гэж анхан шатны шүүх зөв дүгнэсэн тул энэ талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй болно.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхихоор шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 сарын 24-ний өдрийн 197/ШШ2025/00370 дугаартай шийдвэрийн

Тогтоох хэсгийн 1 дэх заалтын 189 дүгээр зүйлийн 189.3 гэснийг 359 дүгээр зүйлийн 359.1 гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 157,790 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дугаар зүйлийн 7511.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн магадлал эцсийн шийдвэр болохыг дурдсугай. 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН

 

 

ШҮҮГЧИД С.ЭНХБАЯР

 

 

Ч.ЦЭНД