Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 07 өдөр

Дугаар 439

 

 

 

 

 

 

 

     2019           5            07                                       2019/ШЦТ/439

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж,

          нарийн бичгийн дарга Д.Хандсүрэн,

          улсын яллагч О.Доржмаа,

          хохирогч Г.Дагвадорж,

          шүүгдэгч Н.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Н.М-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1909000000400 дугаартай хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

          Монгол Улсын иргэн, 2000 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн суманд төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “ЖОЙ” нэртэй бааранд зөөгч ажилтай, ам бүл-4, эцэг, эх, дүү нарын хамт, ял шийтгэлгүй, Н.М

         

          Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

          Яллагдагч Н.М нь иргэн Г.Дагвадоржийг “100.000 төгрөг зээлээч, 7 хоногийн дараа буцаагаад өгнө” гэж хуурч 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, Монгол 3 дугаар сургуулийн орчим түүнээс төгрөгийг бэлнээр шилжүүлэн авсан,

          мөн үргэлжилсэн үйлдлээр иргэн Г.Дагвадоржийг “гар утсыг чинь нэг хоног ашиглачхаад өгье” гэж хуурч 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, “АВТОМОЛЛ” худалдааны төвийн гадна түүний өмчлөлийн “ЭЛ ЖИ ЖИ-6” маркийн гар утсыг шилжүүлэн авсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Н.М шүүхийн хэлэлцүүлэгт “…2018 оны 12 дугаар сарын 20-нд Дагвадоржийн найзаас 100.000 төгрөгийг Дагвадоржоор дамжуулан зээлсэн. Мөн Эл Жи-6 маркийн утсыг авч үрэгдүүлсэн. Гар утсыг зүс таних хүндээ хулгайд алдсан. Хохирлоо мөнгөөр барагдуулна гэж хэлсэн боловч ажилгүй учир хохирлыг барагдуулж чадахгүй байсан. 2019 оны 3 дугаар сарын 24-өөс эхлэн ажил хийж эхэлсэн. Эхний цалингаасаа 60.000 төгрөг, дараагийн цалингаас 100.000 төгрөг, энэ сарын цалингаас үлдэгдлийг өгч хохирлыг барагдуулсан...”гэв.  

түүний мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагчаар өгсөн: “…Би найз Г.Дагвадоржийн гар утас, 100.000 төгрөгийг залилсан үйлдэлдээ харамсаж байна. Дахин ийм зүйл хийхгүй байх болно. Би бусдад учруулсан хохирлоо барагдуулах болно...” гэсэн мэдүүлэг /хх-33/,

 

Хохирогч Г.Дагвадорж шүүхийн хэлэлцүүлэгт “…Мөнхбаяртай МҮИС-т сурч байхдаа танилцсан. 100.000 төгрөгийг зээлсэн. Утсаа өгчих гэж хэлээд авсан. Хохирлоо авсан. Гомдол санал нэхэмжлэх зүйлгүй...”гэв.

түүний мөрдөн байцаалтад хохирогчоор өгсөн “...2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр их сургуулийн ангийн найз болох Мөнхбаяр нь 100.000 төгрөг хэрэгтэй байна олоод өгөөч гэхээр нь би өөрийн найз Билгүүнзаяагаас 100.000 төгрөг зээлээд Монгол 3 дугаар сургуулийн хажууд Мөнхбаярт өгсөн. ...Дараа нь 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Мөнхбаяртай уулзаад байж байтал чи найздаа утсаа нэг өдөр хэрэглүүлээч хүнтэй холбогдчихоод өгье гэсэн. Тэгэхлээр нь за за гээд 2 симтэй утсаа өгсөн. ...Тэгээд ерөөсөө холбоогүй болсон. ...Мөнхбаярын ажил болох Тэнгис кино театрын баруун урд байрлах КФС-н доод давхарт байрлах пабад очиж уулзаад асуухад удахгүй гэхээр нь би цагдаад өглөө хэтэрхий их удлаа гэхэд тэгээ тэг авсан, өгсөн нь үнэн юм чинь гэсэн, тэгээд цагдаагийн байгууллагад хандаж байна…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 20-25/,

 

Шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-36/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-39/, Дамно ХХК-ийн үнэлгээ /хх 23-24/, Мөрдөн байцаалтын ажиллагааг дуусгаж, хэргийн материалыг байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчид танилцуулсан тэмдэглэл /хх-40-41/ зэргийг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

Шүүгдэгч Н.М нь иргэн Г.Дагвадоржийг “100.000 төгрөг зээлээч, 7 хоногийн дараа буцаагаад өгнө” гэж хуурч 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, Монгол 3 дугаар сургуулийн орчим түүнээс төгрөгийг бэлнээр шилжүүлэн авсан,

мөн үргэлжилсэн үйлдлээр иргэн Г.Дагвадоржийг “гар утсыг чинь нэг хоног ашиглачхаад өгье” гэж хуурч 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, “АВТОМОЛЛ” худалдааны төвийн гадна гүүний өмчлөлийн “ЭЛ ЖИ ЖИ-6” маркийн гар утсыг шилжүүлэн авсан болох нь дээр дурьдсан хохирогч Г.Дагвадоржийн мэдүүлэг, Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, шүүгдэгч Н.Мын сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр мэдүүлсэн мэдүүлэг, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон.

Шүүгдэгч Н.Мын хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж хохирогч Г.Дагвадоржийг мөнгө болон гар утсыг авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй дүгнэв.

 

Шүүгдэгч Н.Мын дээрх үйлдлийн улмаас хохирогч Г.Дагвадоржийн 534.000 төгрөгийг хохирол учирсан бөгөөд шүүгдэгчийн зүгээс хохирогчид учирсан хохирлыг шүүхийн шатанд бүрэн төлсөн болох нь шүүгдэгч, хохирогчийн нарын шүүх хуралдаанд мэдүүлсэн мэдүүлгээр тогтоогдож байх тул шүүгдэгч Н.Мыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.  

 

Шүүгдэгч Н.Мын дээрх үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Харин түүний үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа, хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзав.

 

Шүүх шүүгдэгч Н.Мт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний хохирогчид учруулсан хохирлын нөхөн төлсөн, мөн түүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх боломжтой гэж шүүх үзлээ.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Н.М-г хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, өмчлөгчийн эд хөрөнгийг авсан буюу Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай

 

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Н.Мт хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

3.Шүүгдэгч Н.М нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

4.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

5.Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

6.Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Н.Мт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхийг дурдсугай.

 

                       

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     З.БОЛДБААТАР