Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 210/МА2025/00459

 

 

*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч М.Баясгалан, шүүгч Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 сарын 16-ны өдрийн 192/ШШ2025/00307 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлтэй

Хариуцагч *******, ******* нарт холбогдох

 

Худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, 39,000,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:

1.1. ******* нь 2024 оны 07 сарын 10-ны өдөр *******ийн тавьсан саналын дагуу ******* маркийн автомашиныг 39,000,000 төгрөгөөр худалдан авч, *******ийн ******* банкны ******* тоот дансаас *******ийн хамтрагч *******гийн ******* банкны ******* тоот дансанд шилжүүлсэн.

1.2. Гэтэл ******* бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж олж авсан эрхийн зөрчилтэй эд хөрөнгийг надад шилжүүлж улмаар Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор *******ын шийдвэрээр шилжилт хөдөлгөөнийг хязгаарлаж хураан авсан. Иймд *******, ******* нарт шилжүүлсэн 39,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч нарын хариу тайлбар, татгалзлын агуулга:

2.1. *******, ******* нар нь 2024 оны 07 сарын 10-ны өдөр ******* маркийн автомашиныг 39,000,000 төгрөгөөр *******ад худалдаж, Иргэний хуулийн дагуу шилжүүлэн өгсөн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт заасны дагуу ******* болон ******* нар хариуцагч биш юм.

2.2. Иргэн *******г ******* маркийн автомашины хууль ёсны өмчлөгч хэмээн бодож, түүнээс 34,500,000 төгрөгөөр автомашиныг худалдан авсан.

2.3. Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зуравдугаар зүйлийн 4-т ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах, цалин хөлс авах, амрах, хувийн аж ахуй эрхлэх эрхтэй. Хэнийг ч хууль бусаар албадан хөдөлмөрлүүлж болохгүй хэмээн заасны дагуу өөрийн хүссэн хувийн аж ахуйг Монгол Улсын хуулийн дагуу эрхэлдэг.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй, хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 252 дугаар зүйлийн 252.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар *******, ******* нарт холбогдох 39,000,000 төгрөг гаргуулах тухай *******ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 352,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.1. *******, ******* нарын тавьсан саналын дагуу ******* арлын дугаартай, ******* маркийн машиныг ******* худалдан авч үнэ болох 39,000,000 төгрөгийг *******гийн данс руу шилжүүлсэн. Гэвч Нийслэлийн Баянзүрх дүүргийн Хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх *******ын 2024 оны 07 сарын 30-ны өдрийн Прокурорын зөвшөөрөл-өөр хураан авч ******* өмчлөх эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсон.

Тус Прокурорын зөвшөөрөл нь хэрэгт авагдсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд хэргийн оролцогчдын зүгээс нотлох баримтаар шинжлэн судлуулсан.

Гэтэл анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч нь тээврийн хэрэгсэл эрхийн доголдолтой гэснээ баримтаар нотлоогүй гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан нотлох баримтыг үнэлэх журмыг ноцтой зөрчсөн.

4.2. Анхан шатны шүүх тус маргааныг шийдвэрлэхдээ эрхийн доголдолгүй гэж шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэж илэрхий эрхийн доголдол илэрсэн байхад эцэслэн шийдвэрлээгүй хэмээн үндэслэлгүйгээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхолыг хамгаалж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангав.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******, ******* нарт холбогдуулан худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, 39,000,000 төгрөгийг буцаан гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч, ....хариуцагч биш, ...*******г хууль ёсны өмчлөгч гэж үзэн автомашиныг худалдан авч, *******ад худалдсан... гэх үндэслэл заан маргажээ.

 

3. Анхан шатны шүүх хэргийн нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэг зааснаар хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, маргаанд хамааралтай хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүйн улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна.

 

4. Давж заалдах шатны шүүх, хэрэгт авагдсан нотлох баримтыг үндэслэн, маргааны үйл баримтыг дүгнэж, хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

4.1. *******, *******, ******* нар 2024 оны 07 сарын 10-ны өдөр, 2006 онд үйлдвэрлэгдсэн, 2015 онд импортлогдсон, ******* арлын дугаартай, ******* улсын дугаартай, ******* маркийн автомашиныг 39,000,000 төгрөгөөр худалдах, ******* нь үнэ төлөх нөхцөлийг аман хэлбэрээр харилцан тохиролцсон. Улмаар ******* нь тээврийн хэрэгслийн эзэмших эрхийг *******ын нэр дээр шилжүүлж, *******аас *******гийн ******* банк дахь ******* дугаартай харилцах данс руу 39,000,000 төгрөг шилжүүлж, тээврийн хэрэгслийг хүлээн авчээ. Дээрх үйл баримт талуудын тайлбар, Авто тээврийн үндэсний төвийн тээврийн хэрэгслийн бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн лавлагаа, *******-ийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон байна. /хх-60, 61, 69, 74-78/

Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн харилцааг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа гэж тодорхойлсон нь зөв. Энэ талаар зохигч маргаангүй

4.2. Хариуцагч мөн эсэх, эд хөрөнгө эрхийн доголдолтой эсэх нь талуудын маргааны зүйл болжээ.

4.3. Талуудын гэрээний зүйл нь хөдлөх эд хөрөнгө тул Иргэний хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх бодит эзэмшлээр тодорхойлогдоно.

4.4. Хэрэгт авагдсан тээврийн хэрэгслийн бүртгэл, Баянзүрх дүүргийн Прокурорын газрын Прокурорын 2024 оны 07 сарын 30-ны өдрийн 286 дугаартай зөвшөөрөл зэрэг нотлох баримтаар ******* нь 2024 оны 07 сарын 10-ны өдөр ******* улсын дугаартай, ******* маркийн, тээврийн хэрэгслийн эзэмших эрхийг ******* руу шилжүүлсэн байх боловч Баянзүрх дүүргийн Прокурорын газрын Прокурорын 2024 оны 07 сарын 30-ны өдрийн 286 дугаартай зөвшөөрлөөр уг тээврийн хэрэгслийг *******ын эзэмшлээс хураан авсан болох нь тогтоогдож байна. /хх-60-61, 63/

4.5. Мөн дээрх тээврийн хэрэгслийн бүртгэлээс үзвэл, 2024 оны 07 сарын 10-ны өдөр тус тээврийн хэрэгслийн эзэмших эрхийг *******өөс ******* руу, *******аас ******* рүү, *******ээс ******* рүү, *******ээс ******* руу тус тус шилжүүлэн бүртгэсэн байна. /хх-60-61/

4.6. Иймд Иргэний хуулийн 252 дугаар зүйлийн 252.2 дахь хэсэгт зааснаар ******* улсын дугаартай, ******* маркийн тээврийн хэрэгслийг эрхийн доголдолтой эд хөрөнгө гэж үзнэ.

Анхан шатны шүүх маргаанд хамааралгүй Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1 дэх хэсгийн зохицуулалтыг хэрэглэснээс гадна хариуцагч нарыг арилжаа эрхлэгч гэж үзсэн нь буруу байна. Учир нь, Монгол Улсад үйлчилж байгаа хүчин төгөлдөр хуулийн хүрээнд иргэдийг арилжаа эрхлэгч гэж тодорхойлдоггүй тул энэ үндэслэлээр дээрх дүгнэлт буруу болсныг залруулах нь зүйтэй.

 

5. Нэхэмжлэгч нь худалдан авсан эд хөрөнгийн эрхийн доголдолтой холбогдуулан гэрээнээс татгалзаж, гэрээгээр шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг буцаан гаргуулахаар шаардсан нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасанд нийцжээ.

Өөрөөр хэлбэл, хариуцагч *******, ******* нар нь эрхийн доголдолгүй эд хөрөнгө нэхэмжлэгч *******ад шилжүүлэх үүргээ зөрчсөн тул нэхэмжлэгч нь гэрээнээс татгалзах эрхтэй. Үүнтэй холбогдон талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь харилцан буцаан өгөх үр дагавар үүсэх учир хариуцагч нараас 39,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуулийн дээрх зохицуулалтад нийцнэ.

Харин нэхэмжлэгчийн эзэмшилд тээврийн хэрэгсэл бодитоор байхгүй тул түүнээс автомашиныг гаргуулж, хариуцагч нарт буцаан олгох боломжгүй байна.

 

6. Тус тээврийн хэрэгсэлтэй холбоотой эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дууссаны дараа хариуцагч нар холбогдох этгээдээс автомашины эзэмшлийг шилжүүлэхийг шаардахад энэ магадлал саад болохгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахаар давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 сарын 16-ны өдрийн 192/ШШ2025/00307 дугаартай шийдвэрийн

Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч *******, ******* нараас 39,000,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******ад олгосугай. гэж өөрчлөн найруулж,

Тогтоох хэсгийн 2 дахь заалтын үлдээсүгэй гэснийг үлдээж, хариуцагч ******* 176,475 төгрөг, ******* 176,475 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч *******ад олгосугай. гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 352,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Э.ЗОЛЗАЯА

 

 

ШҮҮГЧИД  М.БАЯСГАЛАН

 

 

Ч.ЦЭНД