| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Загдаагийн Болдбаатар |
| Хэргийн индекс | 185/2019/0441/Э |
| Дугаар | 440 |
| Огноо | 2019-05-07 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | П.Бямбасүрэн |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 05 сарын 07 өдөр
Дугаар 440
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж,
нарийн бичгийн дарга Д.Хандсүрэн,
улсын яллагч П.Бямбасүрэн,
шүүгдэгч О.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт О.Э холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1909013780450 дугаартай хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1987 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, инженер мэргэжилтэй, “АНУ гружин” ХХК-д захирал ажилтай, ам бүл-5, эхнэр, ял шийтгэлгүй, О.Э-г
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Яллагдагч О.Э нь Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “БЭТ” гэх нэртэй интернэт тоглоомын газар 2019 оны 4 дүгээр сарын 03-ны орой иргэн Б.Цэрэнбатыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч О.Эыг Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах ”БЭТ” гэх нэртэй интернэт тоглоомын газар 2019 оны 4 дүгээр сарын 03-ны орой иргэн Б.Цэрэнбатыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, шүүгдэгчид холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллагдагчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналаа бичиж хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүх шүүгдэгч О.Эт холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5-д зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.
Шүүгдэгч О.Э нь Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “БЭТ” гэх нэртэй интернэт тоглоомын газар 2019 оны 4 дүгээр сарын 03-ны орой иргэн Б.Цэрэнбатыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:
хохирогч Б.Цэрэнбатын “2019 оны 4 дүгээр сарын 03-ны орой Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Бэт гэх нэртэй интернэт тоглоомын газарт зогсож байсан чинь үл таних залуу очоод 5.000 төгрөгт цаг хийлгээд өгөөч гэж хэлсэн тэгэхээр нь би яагаад танихгүй байж цаг хийдэг юм бэ гэж хэлсэн чинь чи ямар том юм бэ гэж хэлээд миний хөл хэсэг рүү цохиж зүүн хавирга хэсэг рүү бас цохисон тэгээд вип өрөөнөөс намайг гар гэж хэлсэн тэгээд би тамхины өрөөнд орж тамхи татчихаад буцаад вип өрөө рүү орсон чи зайлаач ээ яагаад явахгүй байгаа юм бэ гэхээр нь та энэ газрын эзэн юм уу хүмүүс энд хүлээгээд л зогсдог шүү гэсэн чинь намайг зайл гээд барьж аваад миний толгой болон нүүр хэсэг рүү цохисон эгээд танд байсан хүмүүс болиулсан тэгээд цагдаад дуудлага өгсөн. Миний хацар хэсэг хөндүүр байна мөн зүүн хавирга хэсгээ нь хөдүүртэй байна...” гэсэн мэдүүлэг /хх-5/,
Хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээний ¹13072 тоот актын “…Б.Цэрэнбатын зүүн чамархайн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн хацрын зулгаралт, зөөлөн эдийн няцрал, зүүн завьжны язрал, цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. ...Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байна. ...Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. ...Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /хх-24/,
Шүүгдэгч О.Эын мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагчаар өгсөн “…2019 оны 4 дүгээр сарын 03-ны орой Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо Бэт гэх нэртэй интернэт тоглоомын газар үйлчлүүлж байгаад ард зогсож байсан үл таних залууг надад 5.000 төгрөгт цаг хийлгэчих гэж хэлсэн чинь “би яахаараа хийдэг юм бэ” гэсэн тэгэхээр нь өрөөнөөс гар гэж хэлсэн чинь би зогсож байя чи яахаараа намайг хөөдөг юм бэ гэсэн тэгээд би гаргаад хаалгаа хаачхаад дахиад сууж байтал удалгүй араас орж ирэхээр нь чи ахын дүү гар битгий хүн уурлуулаад бай гэсэн чинь би зогсож байна гэж хэлсэн тэгэхээр нь би түлхээд өрөөнөөс гарах гэтэл хаалга алдалж зогсчхоод алуул ал зодуул зод би бол шийдсэн хүн эцэг, эхгүй өссөн хүн би чам шиг хүнд дарамтлуулна гэж байхгүй гэсэн тэгэхээр нь би уур хүрээд нүүр хэсэг рүү нь нэг удаа доороос дээшээ чиглэлтэй 2 удаа цохисон юм. Би гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна…” гэсэн мэдүүлэг болон хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтууд нотлогдон тогтоогдсон.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Шүүгдэгч О.Э нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн нь хуульд заасан шаардлагыг хангасан байгаагаас гадна шүүгдэгч О.Э нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан, прокурорын яллагдагчид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагч О.Эт танилцуулсан нь хуульд нийцсэн байна.
Иймд шүүх шүүгдэгч О.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын харгалзан шүүгдэгч О.Эыг 500 нэгжээр торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч О.Э нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч О.Э-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч О.Эт 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан О.Э нь торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг тайлбарласугай.
4.О.Э нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
5.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
6.Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7.Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, О.Эт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.БОЛДБААТАР