Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 210/МА2025/00460

 

 

     

*******-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа, даргалж, шүүгч Э.Золзаяа, шүүгч Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 сарын 22-ны өдрийн 192/ШШ2025/00514 дугаартай шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч *******-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч *******д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 335,574,378 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:

1.1. 2021 оны 03 сарын 30-ны өдөр ЗГ20211 дугаартай зээлийн гэрээ байгуулан 150,000,000 төгрөгийг, сарын 2 хувийн хүүтэй зээлдүүлсэн. Хариуцагч нь зээлийн гэрээнд заасан төлбөр төлөх үүргээ огт биелүүлээгүй.

1.2. Зээлийн гэрээний 8.6-д заасны дагуу 2022 оны 09 сарын 09-ний өдөр МҮХАҮТ-ын дэргэдэх Монголын Олон Улсын Арбитрт хандаж хариуцагчаас 231,418,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан.

Гэтэл Арбитрын 2023 оны 04 сарын 07-ны өдрийн 211 дугаартай шийдвэрээр арбитрын хэлэлцээрт шууд хамаарах боломжгүй, энэ шийдвэр нэхэмжлэгч тал шаардах эрхээ хэрэгжүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргахад саад болохгүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийг буцааж шийдвэрлэсэн.

Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 150,000,000 төгрөг, үндсэн хүү 129,402,739 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 25,664,876 төгрөг, эрх зүйн туслалцааны төлбөр 30,506,762 төгрөг, нийт 335,574,378 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын агуулга:

2.1. Нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд МҮХАҮТ-ын дэргэдэх Монголын Олон Улсын Арбитрын 2023 оны 04 сарын 07-ны өдрийн 211 дугаартай шийдвэрийг нэхэмжлэгч нь өөрөөр тайлбарлаж байна.

Учир нь, 2021 оны 03 сарын 30-ны өдрийн ЗГ20211 дугаартай гэрээний харилцаа нь арбитрын хэлэлцээртэй байсан. Маргааныг арбитр хэлэлцэж шийдвэртээ 2021 оны 03 сарын 30-ны өдрийн ЗГ20211 дугаартай гэрээгээр зээлдэгчид мөнгөн хөрөнгө шилжүүлээгүй, 2021 оноос өмнөх харилцааг арбитрын хэлэлцээр хийсэн гэж үзэхгүй гэж дүгнэсэн.

2.2. Гэтэл нэхэмжлэгч тал арбитрын хүчин төгөлдөр шийдвэр байсаар атал 2021 оноос өмнөх харилцааны шаардах эрхийн үндэслэлийг буруу тайлбарлаж, нэгэнт арбитрын бүрэлдэхүүнээр шийдвэрлэсэн асуудлаар дахин шүүхэд хандаж байгаа нь хууль бус тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1-т заасныг тус тус баримтлан хариуцагч *******аас 150,000,000 төгрөгийг буцаан гаргуулж нэхэмжлэгч *******-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 185 574 378 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 1,835,882 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******аас улсын тэмдэгтийн хураамжид 907,950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******-д олгож шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.1. Шүүхийн шийдвэрийн ... 5.6-д нэхэмжлэгч буюу зээлдүүлэгч нь 2021 оны 03 сарын 30-ны өдөр ЗГ202101 дугаар зээлийн гэрээний дагуу мөнгөн хөрөнгийг зээлдэгчид шилжүүлээгүй болох нь Арбитрын шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон тул нэхэмжлэгч нь хариуцагчаас 2021 оны 03 сарын 30-ны өдрийн ЗГ202101 дугаар зээлийн гэрээний үүрэг шаардах эрхгүй байна. гэж огт үндэслэлгүй дүгнэлт хийсэн.

Учир нь, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын дэргэдэх Монголын Олон Улсын Арбитрын 2023 оны 04 сарын 07-ны өдрийн 211 дугаар шийдвэрт талуудын хооронд арбитрын хэлэлцээр байгуулагдсан гэж үзэх боломжгүй гэж дүгнээд, нэхэмжлэлийг буцаасан.

Нэхэмжлэлийг буцаан шийдвэрлэж байгаа нь арбитр уг маргааныг үйл баримтыг тогтоосон асуудал огт биш бөгөөд арбитрын ажиллагааг дуусгавар болгосон асуудал юм. Талуудын хооронд үүссэн маргааныг шийдвэрлэхэд тухайн арбитрын ажиллагааг дуусгавар болгож байгаа шийдвэр хамаарахгүй, саад болохгүй талаар тодорхой заасан байхад шүүх маргааны үйл баримтад дүгнэлт хийхдээ энэ шийдвэрийг үндэслэл болгож байгаа нь хууль хэрэглээний алдаатай дүгнэлт болсон.

4.2. Талууд 2021 оны 03 сарын 30-ны өдөр ЗГ202101 дугаартай зээлийн гэрээ байгуулж, уг гэрээний 2.10-т Энэхүү гэрээний 2.1.1-д заасан зээлийн мөнгөн дүнг 2.1.2-т заасан Зээлдэгчийн банкны харилцах данс руу Зээлдүүлэгчийн зүгээс 2017.12.28-нд бүрэн гүйцэд шилжүүлсэн болно гэж харилцан тохиролцсоноор хуулийн дээрх зохицуулалтуудад нийцсэн, зээлийн гэрээний харилцаа үүссэн болохыг тогтоосон, нэхэмжлэгчийн шаардах эрхийн үндэслэл болох үүргийн харилцаа үүссэн гэж үзэж байгаа. Нэхэмжлэгч энэ баримтыг үндэслэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү шаардсан нь хууль зүйн үндэслэлтэй байхад шүүх шийдвэрийнхээ 5.8-5.10 дахь хэсгүүдэд ямар дүгнэлт хийгээд байгааг огт ойлгохгүй, хүлээн зөвшөөрөхгүй.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах журмаар гаргасан гомдолд хариуцагч талаас тайлбар гаргаагүй болно.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангав.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 335,574,378 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

 

3. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь өөрийн оноосон нэрээ ******* болгон өөрчилж, 2024 оны 12 сарын 18-ны өдөр хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлсэн байх тул *******-ийг нэхэмжлэгч гэж үзэн, шүүхийн шийдвэрт тусгасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт заасантай нийцжээ. /хх-63-69/

 

4. Анхан шатны шүүх талуудын хоорондын маргааныг шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримтыг тухайн хэрэгт ач холбогдолтой, хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүйн улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна. Давж заалдах шатны шүүх, шийдвэрт өөрчлөлт оруулах замаар дээрх алдааг залруулан дүгнэж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

4.1. *******, *******, ******* нар 2021 оны 03 сарын 30-ны өдөр ЗГ202101 дугаартай зээлийн гэрээ байгуулж, зээлдэгч ******* нь 150,000,000 төгрөгийг сарын 2 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлдүүлэх, зээлдэгч *******, *******   нар гэрээгээр тогтоосон хуваарийн дагуу зээл, хүүгийн хамт төлөх нөхцөлийг харилцан тохиролцсон байна. Уг гэрээний 2.10-т энэхүү гэрээний 2.1.1-д заасан зээлийн мөнгөн дүнг 2.1.2-т заасан зээлдэгчийн банкны харилцах данс руу зээлдүүлэгчийн зүгээс 2017.12.28-нд бүрэн гүйцэд шилжүүлсэн болно гэж тусгажээ. /хх-7-9/

4.2. Дээрх зээлийн гэрээ болон зохигчдын тайлбар зэрэг нотлох баримтуудаас үзвэл, талууд аман хэлбэрээр харилцан тохиролцон 2017 оны 12 сарын 28-ны өдөр *******-аас *******ы данс руу 150,000,000 төгрөг шилжүүлсэн, хожим зээлийн гэрээг бичгээр байгуулж, зээлийн эргэн төлөлтийн хуваарь баталж, үүний дагуу хариуцагч нь сар бүр зээл, хүү төлөх, хугацаандаа төлбөрийг төлөөгүй тохиолдолд хуваарийн дагуу төлбөрийг төлөх хүртэл хугацаанд зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг үл маргах журмаар төлөх, нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээг үндсэн хүүгийн 20 хувиар тооцон нэмж төлөх үүрэг хүлээсэн байна. /хх-7-9/

4.3. Хариуцагч *******, ******* нарын дээрх үйлдэл нь Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.1 дэх хэсэгт Нэгэнт үүссэн үүргийн харилцааг гэрчлэх гэрээг хүчин төгөлдөр гэж тооцоход үүрэг гүйцэтгэгч нь үүргийг хүлээн зөвшөөрсөн тухай бичгээр мэдэгдсэн байвал зохино гэж заасантай нийцэж байна. Иймээс талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа үүссэн гэж үзнэ. Гэрээ хүчин төгөлдөр тул гэрээний нэг тал нөгөө талаасаа зээлийн мөнгөн хөрөнгийг шаардах эрхтэй.

 

5. Хариуцагч нь татгалзлын үндэслэлээ ...нэхэмжлэгчийн гаргаж буй 2021 оны 03 сарын 30-ны өдрийн ЗГ20211 дугаартай гэрээний харилцаа урьд нь арбитрын хэлэлцээртэй байсан бөгөөд маргааныг арбитр хэлэлцэж шийдвэр гаргасан. Тус шийдвэрт 2021 оны 03 сарын 30-ны өдрийн ЗГ20211 дугаартай гэрээгээр зээлдэгчид мөнгөн хөрөнгө шилжүүлээгүй, 2021 оноос өмнөх харилцааг арбитрын хэлэлцээр хийсэн гэж үзэхгүй гэж дүгнэсэн ... нэхэмжлэгч тал арбитрын хүчин төгөлдөр шийдвэр байсаар атал 2021 оноос өмнөх харилцааны шаардах эрхийн үндэслэлийг буруу тайлбарлаж, 2021 оны 03 сарын 30-ны өдрийн зээлийн гэрээний харилцаанд хамааруулсан тул нэгэнт арбитрын бүрэлдэхүүнээр хэлэлцэж шийдвэрлэсэн асуудлаар дахин шүүхэд хандаж байгаа нь хууль бус ... гэж тайлбарлан, маргасан байна.

 

6. Талууд гэрээний 8.6-д гэрээнээс үүдсэн аливаа маргааныг Монголын Үндэсний худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын дэргэдэх Монголын Олон Улсын Арбитрт түүний Арбитрын хэрэг хянан шийдвэрлэх дүрмийн дагуу Монгол Улсад эцэслэн шийдвэрлүүлэхээр харилцан тохиролцжээ. /хх-8/

 

7. Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын дэргэдэх Монголын Олон Улсын Арбитрын 2023 оны 04 сарын 07-ны өдрийн 211 дугаартай шийдвэрээр ... 2017 онд мөнгө шилжүүлсэн талуудын хүсэл зориг нь хамтран ажиллах, эсхүл зээлийн эрх зүйн харилцааны аль нь болох талаар арбитрын хэлэлцээр бүхий зээлийн гэрээний талууд маргаж, тогтоогдохгүй байгаа тул 2017 оны мөнгөн хөрөнгийн шилжүүлэгт холбогдох эрх зүйн харилцаанд хүчин төгөлдөр арбитрын хэлэлцээр Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.2 болон Арбитрын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д зааснаар байгуулагдсан гэж үзэх боломжгүй байна... гэх үндэслэлээр *******-ийн нэхэмжлэлтэй ******* болон ******* нарт холбогдох 231,418,000 төгрөг гаргуулах маргааны арбитрын ажиллагааг дуусгавар болгож, нэхэмжлэлийг буцааж шийдвэрлэсэн байна. /хх-12-16/ Иймд талуудын хооронд үүссэн зээлийн гэрээний маргааныг арбитрын ажиллагааны журмаар шийдвэрлэсэн гэж үзэхгүй.

 

8. Анхан шатны шүүх, нэхэмжлэгч нь 2021 оны 03 сарын 30-ны өдрийн зээлийн гэрээний дагуу мөнгөн хөрөнгийг зээлдэгчид шилжүүлээгүй болох нь Арбитрын шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон тул зээлийн гэрээний үүрэг шаардах эрхгүй гэж дүгнэхдээ хэргийн нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлээгүй байна. Түүнчлэн, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагчаас 150,000,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь зохигчдын хоорондын маргаанд хамааралтай хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүй гэх үндэслэлд хамаарна.

8.1. Нэхэмжлэгч нь хариуцагчаар *******ыг тодорхойлж, түүнээс үндсэн зээл 150,000,000 төгрөг, зээлийн хүү 129,402,739.73 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 25,664,876.71 төгрөг, нийт 305,067,617 төгрөг гаргуулахаар шаардсан нь Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3 дахь хэсэгт заасантай нийцэж байна. Өөрөөр хэлбэл, зээлдэгч *******, ******* нарыг Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсэгт зааснаар хамтран үүрэг гүйцэтгэгчид гэх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь шаардаж болохоор мөн зүйлийн 242.3 дахь хэсэгт заажээ.

8.2. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлээ нотлохоор зээлийн тооцооллын баримт шүүхэд гарган өгсөн. Хариуцагч тал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг шүүхэд цуглуулах, гаргаж өгөх эрхээ хэрэгжүүлээгүй байна. Иймд хариуцагчийг Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт зааснаар гэрээний үүргийг тогтоосон хугацаанд нь зохих ёсоор, шударгаар гүйцэтгээгүй гэж үзнэ.

8.3. Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж заасан. Мөн Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэгт зааснаар зээлдэгч зээлийг зээлийн гэрээнд заасны дагуу төлөөгүй, эсхүл хууль, зээлийн гэрээнд заасан үндэслэлээр зээлдүүлэгчийн нэг талын санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалсан бол зээлийг бүрэн эргүүлэн төлөх хүртэлх хугацаанд зээлийн үндсэн хүү, зээлийн гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй.

8.4. Хэрэгт авагдсан зээл тооцооллын баримтаас үзвэл, талуудын гэрээний хугацаа 2021 оны 09 сарын 30-ны өдөр дууссан байна. Нэхэмжлэгч нь 2023 оны 10 сарын 30-ны өдрийг хүртэл хугацааны зээлийн үүрэг буюу үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү тооцон шаардсан нь дээрх хуулийн зохицуулалтад нийцэх тул хариуцагч *******аас үндсэн зээл 150,000,000 төгрөг, зээлийн хүү 129,402,739 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 25,664,876 төгрөг, нийт 305,067,617 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *******-д олгох нь зүйтэй. Энэ талаарх нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангав.

 

9. Харин эрх зүйн туслалцааны хөлсөнд төлсөн 30,506,761 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хэсгийг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг зөв тайлбарлан хэрэглэсэн.

Учир нь, иргэний хэрэгт өмгөөлөгчөөс эрх зүйн туслалцаа авах эрхээ хэрэгжүүлсэнийг нэхэмжлэгчид учирсан бодит хохиролд тооцох боломжгүй тул энэ үндэслэлээр гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангахаар давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 сарын 22-ны өдрийн 192/ШШ2025/00514 дугаартай шийдвэрийн

Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч *******аас 305,067,617 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 30,506,761 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж,

Тогтоох хэсгийн 2 дахь заалтын 907,950 гэснийг 1,683,289 гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,835,822 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ГАНДИЙМАА

 

 

ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА

 

 

Ч.ЦЭНД