| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Самбуугийн Оюунчимэг |
| Хэргийн индекс | 102/2015/08388/И |
| Дугаар | 184/ШШ2016/00977 |
| Огноо | 2016-09-26 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 09 сарын 26 өдөр
Дугаар 184/ШШ2016/00977
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг би тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн 1-р хоро, Сөүлийн гудамж, Од плаза 304 тоотод байрлах, “Ди Эй Эм Өү Эй” ББСБ-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн 25-р хороо, одонт 24 гудамж 4 тоотод оршин суух, эрэгтэй, ХД85102416 регистрийн дугаартай, Боржигон овогт Нямдоржийн Баяраад холбогдох
30 326 916 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Мөнгөнтуяа, хариуцагч Н.Баяраа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Одончимэг оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч “Ди Эй Эм Өү Эй” ББСБ ХХК-ийн захирал Гуаг Сон Хён шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Иргэн Н.Баяраа нь 2015 оны 2 сарын 17-ны өдөр 091432 тоот “Зээлийн гэрээ”-р 20 300 000 төгрөгийг 1 сарын 3.3%-ийн хүүтэйгээр, 3 сарын хугацаатай зээлж авсан болно. Гэвч зээлийн хугацаанд зээл болон түүний хүүнд 2 506 204 төгрөгөөс өөр төлөлт хийгээгүй, улмаар зээлдэгч Н.Баяраагийн хүсэлтээр 2015 оны 5-р сарын 15-ны өдөр 091432 тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулан зээл төлөх хугацааг 2 сараар сунгаж, зээлийн үлдэгдэл 20 000 000 төгрөгийг 7-р сарын 17-ний өдрийн дотор хүүгийн хамт бүрэн төлж дуусгах, мөн зээлийн хүүг 0.1%-иар нэмэгдүүлж, 3.4%, зээл төлөх хугацаа дууссанаас хойш 4.4%-ийн хүү төлөх тухай тохиролцсон юм. Ийнхүү гэрээгээр сунгасан хугацаанд зээлдэгч нь үндсэн зээлээс 2 252 000 төгрөг, хүүнд 748 000 төгрөгийг төлсөнөөс өөр төлөлт хийгээгүй. Одоогийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 17 748 000 төгрөг, хүү 2 584 295 төгрөг, хугацаа хэтрүүлсний буюу нэмэгдүүлсэн хүү 512 326 төгрөг, нийт 20 844 620 төгрөгийг төлөх үүрэг зээлдэгчид үүсээд байна.
Бид зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор зээлдэгч Н.Баяраагийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө болох Баянзүрх дүүргийн 4-р хороо Хоршооллын хотхон /13360/ Б.Доржийн гудамж, 31-р байр 26 тоот хаягт байрлах Ү-2204060028 улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн 28м.кв бүхий 1 өрөө орон сууцыг гэрээний үндсэн дээр барьцаалж, ЭХЭБГ-т зээлийн болон барьцааны гэрээг бүртгүүлсэн болно.
Зээлдэгч нь харилцан тохиролцсон “Зээлийн эргэн төлөлт”-ийн хуваарийн дагуу зээл, түүний хүүг төлөх үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй учир зээлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах, хэргийг шүүхээр шийдвэрлүүлэх болсонтой холбоотой ББСБ-иас гарах зардлыг 091432 тоот Зээлийн гэрээний 2.12 дугаар зүйлд зааснаар зээлдэгч хариуцах юм.
Иймд Н.Баяраагаас үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүнд 28 626 916 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 1 700 000 төгрөг, нийт 30 326 916 төгрөг гаргуулж, уг үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хагуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч “Ди Эй Эм Өү Эй” ББСБ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Мөнгөнтуяа шүүхэд гаргасан тайлбартаа:
Манай зүгээс зээлийн гэрээний дагуу нэхэмжилсэн 28 626 916 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 1 700 000 төгрөг, нийт 30 326 916 төгрөгийн шаардлагаас өмгөөлөгчийн хөлс 1 700 000 төгрөгөөс татгалзаж байна. Мөн зээлийн гэрээний дагуу нэхэмжилсэн 28 626 916 төгрөгийн 5 626 916 төгрөгөөс татгалзаж байна. Хариуцагч Н.Баяраа нь 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн дотор 23 000 000 төгрөгийг төлсөн тохиолдолд нэхэмжлэгч нь 5 626 916 төгрөгөөс татгалзана.
Хариуцагч нь 23 000 000 төгрөгийг 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 7 666 666 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 7 666 666 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 7 666 666 төгрөгийг тус тус төлнө. Хариуцагч хуваарийн дагуу 23 000 000 төгрөгийг төлөөгүй бол анх нэхэмжилсэн үнийн дүн болох 28 626 916 төгрөгийг төлөх үүрэгтэй болно. Н.Баяраа нь уг гэрээгээр тохиролцсон төлбөрийг төлөөгүй тохиолдолд барьцааны гэрээний дагуу хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар худалдаж, нэхэмжлэлийн шаардлагыг хагуулна гэв.
Хариуцагч Н.Баяраа нь шүүхэд гаргасан тайлбартаа:
Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй харилцан тохиролцож эвлэрлийн гэрээг байгуулсан болно. Иймд шүүхийн зүгээс талуудын эвлэрлийг баталж өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч “Ди Эй Эм Өү Эй” ББСБ нь хариуцагч Н.Баяраад холбогдуулан 30 326 916 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Н.Баяраа нь 2015 оны 02 дугаар сарын 17-ны өдөр “Ди Эй Эм Өү Эй” ББСБ-тай 091432 тоот зээлийн гэрээ, 091432 тоот барьцааны гэрээ байгуулж 20 300 000 төгрөгийг 3.3 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай зээлдэж авсан болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбараар тогтоогдож байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага болох 30 326 916 төгрөгөөс өмгөөлөгчийн хөлс 1 700 000 төгрөг болон 5 626 916 төгрөгөөс татгалзаж, хариуцагч нь 23 000 000 төгрөгийг 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 7 666 666 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 7 666 666 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 7 666 666 төгрөгийг, нийт 23 000 000 төгрөгийг төлөхөөр болсон тул зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Талууд эвлэрлийн гэрээндээ хариуцагч 23 000 000 төгрөгийг 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн дотор төлж барагдуулахгүй бол шүүхэд гаргасан нэхэмжлэл болох 28 626 916 төгрөгийг төлөхөөр тохиролцож эвлэрсэн байгаа болно.
Хариуцагч Н.Баяраа нь зээлийн төлбөрийг хугацаандаа төлж барагдуулаагүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар талууд тохиролцсон болохыг дурдав.
Талуудын байгуулсан эвлэрлийн гэрээ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул шүүх эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. “Ди Эй Эм Өү Эй” ББСБ-ын нэхэмжлэлтэй Н.Баяраад холбогдох 30 326 916 төгрөг гаргуулах тухай хэргийн зохигч талууд хариуцагч нь 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 7 666 666 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 7 666 666 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 7 666 666 төгрөг, нийт 23 000 000 төгрөгийг төлөхөөр эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар хариуцагч Н.Баяраагаас 528 316 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 528 316 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.
4. Зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ОЮУНЧИМЭГ