Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 210/МА2025/00461

 

 

*******-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, шүүгч Т.Гандиймаа, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 сарын 27-ны өдрийн 181/ШШ2024/04823 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч *******-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч *******т холбогдох

 

Хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Сүхбаатар дүүргийн хэлтсийн дарга бөгөөд ахлах шийдвэр гүйцэтгэгч, ахлах дэслэгч *******ийн 2024 оны 02 сарын 21-ний өдрийн 4-239/4619 тоот төлбөр төлөгчид хөрөнгийн үнэлгээ мэдэгдэх тухай мэдэгдэлтэй бид 2024 оны 02 сарын 26-ны өдөр танилцсан.

1.2. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 12 сарын 09-ний өдрийн 181/2022/02919 дугаартай захирамжаар *******-аас 19,365,371,250.48 төгрөгийг гаргуулж, *******-д олгохоор ******* болон ******* нарын хооронд гэрээ байгуулагдсан. 2018 оны 09 сарын 20-ны өдрийн МДТ-3 2018-177 дугаартай зээлийн гэрээ, 2019 оны 12 сарын 26-ны өдрийн ЗГ-МДГ-3 2018-177-1 дугаартай зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээний үүргийн гүйцэтгэлийг дараах барьцаа эд хөрөнгүүдээр барагдуулахаар шийдвэрлэсэн. Үүнд:

*******-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн ******* дугаартай, эд хөрөнгө өмчлөх эрхийн ******* тоот гэрчилгээтэй, *******тоот хаягт байрлах ******* м.кв болон 1.000 м.кв талбайтай, үйлдвэрлэл, агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,

*******-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн ******* дугаартай, эд хөрөнгө өмчлөх эрхийн ******* тоот гэрчилгээтэй, ******* тоот хаягт байрлах ******* м.кв талбайтай, оффисын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,

*******-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн ******* дугаартай, эд хөрөнгө өмчлөх эрхийн ******* тоот гэрчилгээтэй, ******* тоот хаягт байрлах 155.4 м.кв талбайтай, үйлдвэрлэл үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,

*******-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн ******* дугаартай, эд хөрөнгө өмчлөх эрхийн ******* тоот гэрчилгээтэй, *******-ын зүүн талд байрлах, 118 м.кв талбайтай, суурилагдсан гүүрэн кран, зам, салаа, төмөр замын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө болон үр тариа хадгалах зориулалттай, 8 ширхэг силосын хамт,

*******-ийн эзэмших эрхтэй, нэгж талбарын ******* дугаартай, ******* дугаар гэрчилгээтэй, *******-ын зүүн талд байрлах 16,900 м.кв талбайтай үйлдвэрлэлийн зориулалттай газар эзэмших эрх,

*******-ийн эзэмших эрхтэй, нэгж талбарын ******* дугаартай, ******* гэрчилгээтэй, *******-ын урд байрлах 3.798 м.кв талбайтай, үйлдвэрлэлийн зориулалттай газар эзэмших эрх,

*******-ийн *******-тай байгуулсан 2018 оны 09 сарын 20-ны өдрийн БГ-МДТ-ТТ 2018-180 дугаар барьцааны гэрээний хавсралтын дагуу барьцаалан гурилын үйлдвэрийн эд хөрөнгө, бараа материал, тоног төхөөрөмж болон эдгээр эд хөрөнгийн бүрдэл хэсэг, засан сайжруулалт зэрэг хөрөнгүүд болно.

1.3. Энэхүү шийдвэрт шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж барьцаа эд хөрөнгүүд болох *******-ийн өмчлөл, эзэмшлийн эд хөрөнгүүдийг 16,090,141,400 төгрөгөөр үнэлсэн тухай шийдвэр гүйцэтгэгчийн 2024 оны 02 сарын 26-ны өдрийн 4-239/4619 тоот мэдэгдлээр мэдэгдсэн.

Дуудлага худалдаагаар худалдан борлуулах барьцаа эд хөрөнгүүдийг шинжээч үнэлэхдээ зах зээлийн үнээс хэт хямд үнэлсэн. Уг эд хөрөнгүүдийг анх барьцаалснаас хойш ам.долларын ханш өсөж, төгрөгийн ханш суларч, үл хөдлөх эд хөрөнгийг үнэгүйдүүлсэн гэж үзэх үндэслэлтэй.

Төлбөр төлөгч *******-ийн хувьд шүүхийн шийдвэр гүйцэтгэгчийн 2024 оны 02 сарын 26-ны өдрийн 4-239/4619 тоот мэдэгдлийг эс зөвшөөрч, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасан хугацаанд шүүхэд гомдол гаргасан. Иймд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад үүргийн гүйцэтгэлийн барьцаа эд хөрөнгүүдийг 16,090,141,400 төгрөгөөр үнэлсэн хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хариу тайлбар, татгалзлын агуулга:

2.1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 12 сарын 09-ний өдрийн захирамжаар *******, ******* ХХК, ******* нараас 19,365,371,250 төгрөгийг гаргуулж, *******-д олгохоор шийдвэрлэсэн. Төлбөр төлөгч *******-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн ******* дугаартай, эд хөрөнгө өмчлөх эрхийн ******* тоот гэрчилгээтэй, *******тоот хаягт байрлах ******* м.кв болон 1.000 м.кв талбайтай, үйлдвэрлэл, агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, *******-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн ******* дугаартай, эд хөрөнгө өмчлөх эрхийн ******* тоот гэрчилгээтэй, ******* тоот хаягт байрлах ******* м.кв талбайтай, оффисын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, *******-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн ******* дугаартай, эд хөрөнгө өмчлөх эрхийн ******* тоот гэрчилгээтэй, ******* тоот хаягт байрлах 155.4 м.кв талбайтай, үйлдвэрлэл үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, *******-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн ******* дугаартай, эд хөрөнгө өмчлөх эрхийн ******* тоот гэрчилгээтэй, *******-ын зүүн талд байрлах, 118 м.кв талбайтай, суурилагдсан гүүрэн кран, зам, салаа, төмөр замын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө болон үр тариа хадгалах зориулалттай 8 ширхэг силосын хамт, *******-ийн эзэмших эрхтэй, нэгж талбарын ******* дугаартай, ******* гэрчилгээтэй, *******-ын зүүн талд байрлах 16.900 м.кв талбайтай, үйлдвэрлэлийн зориулалттай газар эзэмших эрх, *******-ийн эзэмших эрхтэй, нэгж талбарын ******* дугаартай, ******* гэрчилгээтэй, ******* ХХК-ийн урд байрлах 3.798 м.кв /га/ талбайтай үйлдвэрлэлийн зориулалттай газрыг тус тус шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдаж, олсон орлогоос үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь уг шүүхийн шийдвэрийн дагуу 2023 оны 11 сарын 07-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэн төлбөр төлөгчид шүүхийн шийдвэр сайн дураар биелүүлэх мэдэгдлийг өгч, хугацаа тогтоосон боловч төлж барагдуулаагүй.

2.2. Шүүхийн шийдвэрт заагдсан үүргийн гүйцэтгэлд барьцаалсан дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийг битүүмжлэн хурааж, үнийн санал авах тухай мэдэгдлийг төлбөр төлөгч *******, ******* нарт 2024 оны 02 сарын 09-ний өдрийн 4-239/3698, 3697, 3699 тоот албан бичгээр, төлбөр авагч *******-д 2024 оны 02 сарын 09-ний өдрийн 4-239/3696 тоот албан бичгээр мөн вайбераар үнийн санал ирүүлэх мэдэгдлийг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу хүргүүлсэн. Талууд үнийн саналаа ирүүлсэн боловч харилцан тохиролцоогүй. Төлбөр авагчийн хүсэлтийг үндэслэн шийдвэр гүйцэтгэгч нь хөрөнгөд үнэлгээ хийлгэхээр шинжээч томилсон. Шинжээч нь хөрөнгийн зах зээлийн үнэлгээг 16,090,141,400 төгрөгөөр тогтоосон бөгөөд үнэлгээний талаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлд заасны дагуу талуудад мэдэгдсэн.

Төлбөр төлөгч нь мөн хуулийн 62.1 дэх хэсэгт заасны дагуу дээрх үнэлэгдсэн үнээс багагүй үнээр өөрийн хөрөнгөө 1 сарын хугацаанд бие даан худалдан борлуулах эрхтэй. Хөрөнгийн үнэлгээг мэдэгдсэнээс хойш ажлын 3 хоногт бие даан худалдан борлуулах саналаа шийдвэр гүйцэтгэгчид бичгээр гаргаж болохыг мэдэгдэлд тусгаж, өмчлөгчид тайлбарлаж сануулсан. Шийдвэр гүйцэтгэгчийн 2024 оны 02 сарын 27-ны өдрийн 3/63 дугаартай Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол, мөн оны 03 сарын 01-ний өдрийн 4-239/5347, 5350, 5345, 5346 тоот мэдэгдлийг талуудад шуудангаар болон биечлэн танилцуулсан. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2024 оны 03 сарын 15-ны өдөр анхны албадан дуудлага худалдааг зохион байгуулж, дээрх барьцаа хөрөнгүүдийн үнэлгээний үнийн дүнгийн 70 хувиар тооцон 11,263,098,980 төгрөгөөр дуудлага худалдаанд оруулахад худалдан борлогдоогүй буюу санал ирээгүй.

2.3. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 03 сарын 15-ны өдрийн 181/Ш32024/05740 дугаартай захирамжаар *******-д холбогдох үл хөдлөх эд хөрөнгөд шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэхийг даалгаж шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулсан. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь хууль зөрчөөгүй хуулийн дагуу явагдсан бөгөөд төлбөр төлөгч нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлэхээс зайлсхийж, хугацаа хожих зорилгоор үндэслэлгүйгээр шүүхэд нэхэмжлэл гаргасан тул уг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хариу тайлбар, татгалзлын агуулга:

Хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь маргаан бүхий эд хөрөнгө үйлдвэр нь 2014 онд албан ёсоор үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Улмаар хөрөнгийн үнэлгээг хийх үед үйлдвэрийн үйл ажиллагаа бүхэлдээ зогсож, харуул хамгаалалтгүй, тоног төхөөрөмж нь хэвийн бус ажиллагаатай байсан. Тухайн хөрөнгийн үнэлгээг харьцуулсан байдлаар хийсэн. Үнэлгээг хийх явцад үйл ажиллагааны орлого буюу мөнгөн урсгалгүй байсан учраас үнийг 16,090,141,400 төгрөгөөр үнэлгээг тогтоосон тул хуульд нийцсэн гэж үзэж байгаа.

Иймд *******-ийн захирлын гаргасан нэхэмжлэл нь бүхэлдээ хуульд нийцээгүй учраас шүүхийн шийдвэрийн биелэлтийг хангахаас татгалзаж, хугацаа хожих зорилгоор гаргасан нэхэмжлэл гэж үзэж байна гэжээ.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасныг баримтлан *******-ийн хөрөнгийг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар *******-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.2-т зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчийн шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хангалгүй хэргийг хянан шийдвэрлэсэн гэх үндэслэлээр хүчингүй болгуулахаар давж заалдах гомдол гаргасан.

5.1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* миний бие Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2024 оны 11 сарын 27-ны өдрийн 09 цаг 00 минутад эхэлсэн *******-ийн нэхэмжлэлтэй, *******-д холбогдох иргэний хэргийн шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байсны улмаас уг шүүх хуралдаанд биечлэн оролцож чадаагүй.

Миний бие тус иргэний хэргийн шүүх хуралдаанд биечлэн оролцох хүсэлтэй байгаагаа илэрхийлж, уг хэрэг хуваарилагдсан шүүгчийн туслахын ******* гэх и-мэйл хаяг руу хүсэлтээ хүргүүлж, шүүгчийн туслахын ******* гэх утас руу залгаад авахгүй байсан тул мессеж бичиж үлдээсэн. Мөн шүүх хуралдаан эхлэхээс өмнө шүүх хуралдааны нарийн бичгийн даргын ******* утасны дугаараар холбогдож, и-мэйл болон вайбераар хүсэлтийг дахин явуулсан. Гэтэл анхан шатны шүүхээс миний гаргасан хүсэлтийг огт хэлэлцэхгүйгээр шүүх хуралдааныг явуулсан нь нэхэмжлэгчийг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарлах, нотлох эрхийг нь зөрчиж улмаар нэхэмжлэгчийн зөрчигдсөн гэж үзэж байгаа эрх, хууль ёсны ашиг сонирхлоо шүүхээр хамгаалуулах эрхийг нь ноцтой зөрчсөн гэж үзэж байна.

5.2. *******-ийн зүгээс өөрсдийн нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүднээс *******-ийн үнэлгээ хийх эрхийн тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээдээр олон улсын стандарт, журмыг баримталсан хөрөнгийн үнэлгээг хийлгэхэд маргаан бүхий хөрөнгийг 27,426,091,824 төгрөгөөр, хариуцагчийн зүгээс *******-аар үнэлгээ хийлгэхэд хөрөнгийг 16,090,141,400 төгрөгөөр тус тус үнэлсэн. Хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөлтэй 2 компанийн үнэлгээ нь хоорондоо хэт ялгаатай байхад анхан шатны шүүхээс дүгнэлт хийгээгүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ гэж заасны дагуу шүүгч нь хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь үнэлж, бодит дүгнэлт хийх үүргээ биелүүлээгүй гэж үзэж байна.

Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцэхгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

6. Давж заалдах гомдолд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

6.1. 2024 оны 03 сараас хойш анхан шатны шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаанд *******-ийн зүгээс удаа дараа шүүх хуралдааныг хойшлуулж байсан. Мөн анхан шатны шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс өмгөөлөгч авах, хэргийн материалтай танилцах, шүүх хуралдаанд итгэмжлэгдсэн төлөөлөгчгүй оролцох боломжгүй гэх мэт шалтгаанаар удаа дараа шүүх хуралдааныг хойшлуулсан. Анхан шатны шүүхээс шүүх хуралдааны товыг талуудад мэдэгдэж, дараагийн шүүх хуралдаанаар хэргийг хянан шийдвэрлэнэ гэдгийг сануулж, талуудаас давхацсан шүүх хуралдаан байгаа эсэхийг тодруулж асуусан. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаан давхацсан тохиолдолд 2024 оны 11 сарын 27-ны өдөр хурал давхацсан гэдгийг илэрхийлэх нь зохисгүй гэж үзэж байна. Мөн нэхэмжлэгч талын зүгээс өөрийн хариуцлагагүй нөхцөл байдлын улмаас шүүх хуралдаан давхацсан гэдгийг мэдсээр байж уг хэргийн шүүх хуралдааныг 2024 оны 11 сарын 27-ны өдөр хүртэл хойшлуулсан.

6.2 Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан. *******-ийн гаргасан дүгнэлтэд өмнөх хөрөнгийн үнэлгээний дүгнэлттэй харьцуулсан харьцуулалт хийгээгүй. Мөн *******-ийн шинжээч *******ыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцуулсан. *******-ийн зүгээс давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйл, 165 дугаар зүйлийн 165.1.2-т заасныг үндэслэж давж заалдах гомдол гаргасан эсэх нь тодорхойгүй гэжээ.

 

7. Давж заалдах гомдолд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

7.1. 2024 оны 11 сарын 27-ны өдрийн шүүх хуралдаан эхэлснээс хойш нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн мессеж болон цахим шууданг ирүүлсэн. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдааныг товыг мэдэж байсан учраас уг давж заалдах гомдлыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхив.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулан хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан гэж тайлбарлан, маргажээ. /1хх-1-2, 2хх-18-19/

 

3. Анхан шатны шүүх маргааны үйл баримтыг тогтоохдоо хэргийн нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв хэрэглэсний улмаас шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон байна.

3.1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 12 сарын 09-ний өдрийн 181/ШШ2022/02919 дугаартай захирамжаар *******-ийн зээлийн гэрээний үүрэгт 19,365,371,250.48 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болох *******-ийн эзэмшлийн Төв аймаг, Заамар сумын Улаан шивэртийн ам нэртэй газарт орших 861 гектар талбай бүхий уурхайн талбайн MV-4910A дугаартай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл, эрэл, хайгуулын ажлын үр дүнгийн тайлан, геологийн судалгааны мэдээлэл, техник, эдийн засгийн үндэслэл зэрэг холбогдох баримт бичгийн хамт,

*******-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн ******* дугаартай, эд хөрөнгө өмчлөх эрхийн ******* тоот гэрчилгээтэй, *******тоот хаягт байрлах 3888 м.кв болон 1000 м.кв талбайтай, үйлдвэрлэл, агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө /цаашид Хөрөнгө-1 гэх/,

*******-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн ******* дугаартай, эд хөрөнгө өмчлөх эрхийн ******* тоот гэрчилгээтэй, *******-ын зүүн талд гудамж, 0 тоот хаягт байрлах ******* м.кв талбайтай, оффисын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө /цаашид Хөрөнгө-2 гэх/,

*******-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн ******* дугаартай, эд хөрөнгө өмчлөх эрхийн ******* тоот гэрчилгээтэй, ******* тоот хаягт байрлах 155.4 м.кв талбайтай, үйлдвэрлэл үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө /цаашид Хөрөнгө-3 гэх/,

*******-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн ******* дугаартай, эд хөрөнгө өмчлөх эрхийн ******* тоот гэрчилгээтэй, *******-ын зүүн талд байрлах, 118 м.кв талбайтай, суурилагдсан гүүрэн кран, зам, салаа, төмөр замын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө болон үр тариа хадгалах зориулалттай 8 ширхэг силосын хамт /цаашид Хөрөнгө-4 гэх/,

*******-ийн эзэмших эрхтэй, нэгж талбарын ******* дугаартай, ******* гэрчилгээтэй, *******-ын зүүн талд байрлах 16.900 м.кв талбайтай, үйлдвэрлэлийн зориулалттай газар эзэмших эрх /цаашид Хөрөнгө-5 гэх/,

*******-ийн эзэмших эрхтэй, нэгж талбарын ******* дугаартай, ******* гэрчилгээтэй, ******* ХХК-ийн урд байрлах 3798 м.кв талбайтай, үйлдвэрлэлийн зориулалттай газар эзэмших эрх /цаашид Хөрөнгө-6 гэх/,

*******-ийн өмчлөлийн 2018 оны 09 сарын 20-ны өдрийн БГ-МДТ-ТТ 2018-180 Барьцааны гэрээний барьцаалан гурилын үйлдвэрийн эд хөрөнгө, бараа материал, тоног төхөөрөмж болон эдгээр эд хөрөнгийн бүрдэл хэсэг, засан сайжруулалт, эд хөрөнгөтэй холбоотой аливаа шаардах эрх, үр шим, тэдгээрийг захиран зарцуулснаас олсон орлого зэрэг эд хөрөнгүүдээр хангуулах тухай нэхэмжлэлийг хариуцагч *******, *******, Уул уурхайн олборлогч ХХК нар бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. /1хх-6-11/

3.2. ******* нь Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 12 сарын 09-ний өдрийн 181/ШШ2022/02919 дугаартай захирамж, 2023 оны 10 сарын 20-ны өдрийн 181/ШЗ2023/17683 дугаартай Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай шүүгчийн захирамж, мөн өдрийн 181/ГХ2023/01083 дугаартай гүйцэтгэх хуудас зэрэг баримт бичгийг үндэслэн шийдвэр гүйцэтгэгч нь иргэний шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа үүсгэж, барьцаа хөрөнгө болох Хөрөнгө-1, Хөрөнгө-2, Хөрөнгө-3, Хөрөнгө-4, Хөрөнгө-5, Хөрөнгө-6 зэрэг эд хөрөнгүүдийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсэгт тус тус заасны дагуу битүүмжлэх, хураах ажиллагаа явуулжээ. /1хх-39-42, 51/

3.3. Мөн шийдвэр гүйцэтгэгч нь дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг төлбөр төлөгч, төлбөр авагч нараас авах ажиллагааг явуулсан, талууд үнийн санал дээр тохиролцоогүйн улмаас төлбөр авагчийн хүсэлтийг үндэслэн эд хөрөнгөд үнэлгээ тогтоолгохоор ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 2/62 дугаартай тогтоолоор *******, *******ыг шинжээчээр томилсон байна. /1хх-97-98/

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үндэслэн дээрх үйл баримтыг зөв тогтоосон. Зохигч маргаангүй.

 

4. Үл хөдлөх эд хөрөнгүүдэд тогтоосон шинжээчийн үнэлгээ хуульд нийцсэн эсэх талаар зохигч маргажээ.

4.1. Шинжээч ******* нь Хөрөнгө-1, Хөрөнгө-2, Хөрөнгө-3, Хөрөнгө-4, Хөрөнгө-5, Хөрөнгө-6 зэрэг үл хөдлөх эд хөрөнгүүдийн зах зээлийн үнэ цэнийг 16,090,141,400 төгрөгөөр үнэлжээ. /1хх-102-170/

4.2. Дээрх эд хөрөнгүүдэд үнэлгээ хийхдээ шинжээч нь үнэлгээний зах зээлийн болон өртгийн хандлагын аргыг ашиглаж, жишиг үл хөдлөх эд хөрөнгийг харьцуулсан байна.

Тодруулбал, үйлдвэрлэл үйлчилгээний зориулалттай барилга, байгууламж зэрэг эд хөрөнгийн үнийг тогтоохдоо өртгийн хандлагын аргыг, эзэмших эрх бүхий 2 газрын үнийг тогтооход зах зээлийн хандлагын аргыг хэрэглэх нь ач холбогдолтой гэж үзэж, дүгнэлт гаргасан болох нь шинжээч *******ын шүүхэд өгсөн мэдүүлэг, үнэлгээний тайлан зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасан хөрөнгийн үнэлгээ хийх журам, аргачлалыг шинжээч зөрчсөн гэж үзэхгүй. /2хх-47-52, 1хх-102-170/

 

5. Мөн дээрх Хөрөнгийн үнэлгээний тайлан нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцсэн байна.

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн үндэслэлээ нотлохоор *******-иар маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгүүдэд үнэлгээ хийлгэж, Хөрөнгийн үнэлгээний тайланг шүүхэд гаргаж өгсөн байна.

Анхан шатны шүүх дээрх нотлох баримтыг хэрхэн үнэлсэн талаар шийдвэр тусгаагүй алдааг давж заалдах шатны шүүхээс дараах байдлаар залруулан дүгнэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журамд нийцнэ гэж үзлээ.

Хэргийн 2 дахь хавтасны 71-84 дэх талд *******-ийн хийсэн Хөрөнгийн үнэлгээний тайлан нотлох баримтаар авагдсан байна.

Уг тайлангаас үзвэл, Үнэлж буй хөрөнгийн төлөв байдал хэсэгт *******-ийн санхүүгийн тайланд бүртгэлтэй хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгийг үнэлгээнд хамруулж анхны өртөг үнэ 31,968,757,580 төгрөг, хуримтлагдсан элэгдэл 11,977,239,252 төгрөг, үлдэгдэл өртөг 20,366,690,115 төгрөг гэж, Үнэлж буй хөрөнгийн өртгийн тодорхойлолт хэсэгт дээрх эд хөрөнгүүдийн нийт үнэлгээг 22,607,943,844 төгрөг гэж тус тус тусгаж, хөрөнгийн нийт үнэлгээг 27,426,091,824 төгрөг гэж тогтоожээ.

Дээрх үнэлгээний тайланд хөрөнгийн үнэлгээний зүйлийн өмчлөл, эзэмшил, ашиглалтын талаарх мэдээлэл, хөрөнгийн үнэлгээний тайлангийн хамрах хүрээ, хязгаарлах нөхцөл, хөрөнгийн үнэлгээ хийхэд ашигласан баримт, мэдээлэл, нотолгоо, шинжилгээ, үнэлгээний тооцоолол, түүний үндэслэл, хөрөнгийн үнэлгээний зүйлийн үнэ цэнийг тогтооход хэрэглэсэн арга, тэдгээрийн нийцтэй байдал тусгагдаагүй нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсэгт заасантай нийцэхгүй байна.

Түүнчлэн, нэхэмжлэгчийн гаргаж өгсөн дээрх нотлох баримт нь нэг талын баримт тул уг баримтыг шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй юм.

 

6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь давж заалдах гомдлын нэг үндэслэлээ шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхээр хангаагүй, хэргийн оролцогчийн эрхийг ноцтой зөрчсөн гэж тайлбарласан байна.

6.1. Хэргийн баримтаар үзвэл, анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааны товыг 2024 оны 11 сарын 15-ны өдөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид мэдэгдсэн болох нь шүүх хуралдааны тов мэдэгдэх баримтаар тогтоогдож байна. /2хх-108/

Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь өөр шүүх дээр шүүх хуралдаантай байгаа нь уг хэрэг маргааныг хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэл болохгүй. Уг нөхцөл байдлыг анхан шатны шүүхээс өөрийн эрх хэмжээнийхээ хүрээнд хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт нийцсэн.

Улмаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэх ирээгүй гэж дүгнээд, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан хүсэлтийг үндэслэн нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2 дахь хэсгийг зөрчөөгүй гэж үзнэ.

 

7. Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 сарын 27-ны өдрийн 181/ШШ2024/04823 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН

 

 

ШҮҮГЧИД Т.ГАНДИЙМАА

 

 

Ч.ЦЭНД