| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Самбуугийн Оюунчимэг |
| Хэргийн индекс | 102/2016/05084/И |
| Дугаар | 184/ШШ2016/00518 |
| Огноо | 2016-08-08 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 08 сарын 08 өдөр
Дугаар 184/ШШ2016/00518
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунчимэг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, Голден парк, энхтайваны өргөн чөлөө, 303 дугаар байр 90 тоотод оршин суух, эмэгтэй, Очир овогт Оршихын Буян-Өлзийгийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 7 дугаар байр 50 тоотод оршин суух, эмэгтэй, Ямаат овогт Пүрэвжавын Оюунбэхэд холбогдох
гэрээний үүргийн биелэлт 2 000 000 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч О.Буян-Өлзий, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цэнд-Аюуш нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч О.Буян-Өлзий шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие П.Оюунбэхэд 2014 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 2 000 000 төгрөгийг эгчээсээ аваад 2 сарын хугацаатай, сарын 10 хувийн хүүтэйгээр зээлсэн. Бичгээр гэрээ хийхдээ 2 сар гэж бичсэн болохоос 2015 оны 9 дүгээр сар хүртэл хүүтэй зээлэхээр амаар тохиролцсон. Тухайн үедээ нотариатаар орж гэрээ хийсэн ч амаар тохиролцохдоо 2015 оны 9 сар хүртэл хүүтэй өгсөн ч хугацаандаа зээлийн төлбөрөө төлөхгүй болохоор нь үндсэн мөнгөө авъя гэсэн. П.Оюунбэх болон түүний охин нь Нарантуул зах дээр надтай ойролцоо зогсож наймаа хийдэг. Тэгээд эгчдээ туслаач гэхээр нь би өөрийн эгчийн жирэмсний амралтын мөнгийг аваад өгчихөж болж байна гэхэд эгч нь чамайг зовоохгүй, ямар ч байсан мөнгийг чинь өгнө санаа зоволтгүй гэсэн. Тохиролцсоноороо мөнгөө төлөхгүй болохоор нь та ямар ч байсан боломжоороо 10, 20 мянган төгрөгөөр нь цувуулаад ч гэсэн өгөөч гэхэд өгнө гэсээр байгаад өдийг хүрсэн. Шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш П.Оюунбэхтэй уулзалдаагүй. П.Оюунбэх ямар ч байсан төлнө гэсэн ч охин нь шүүхээрээ яваад олж ав гэж хэлсэн. Охинд нь мөнгө өгөөгүй байхад дандаа л ингэж хэлдэг.
Хариуцагч П.Оюунбэхэд бэлнээр өгсөн 2 000 000 төгрөгийг нэхэмжилж байна. Ямар нэгэн хүү, алданги нэхээгүй. Надад дансаар 150 000 гаруй төгрөг, бэлнээр 600 000 төгрөг, 250 000 төгрөг, мөн комиссын цамц өгсөн. Надад 1 000 000 гаруй төгрөг өгсөн. Өгсөн комиссын цамц нь зарагдаагүй ба буцаагаад өгч болно. Гэрээний дагуу шүүх асуудлыг шийдэхэд татгалзах зүйл байхгүй. Бид гэрээндээ алданги тохиролцоогүй.
Өнөөдрийн шүүх хуралдаанд Оюунбэх ирээгүй байна. Охин Х.Мөнгөнцэцэг нь зарлан дуудах хуудсыг авсан байна. Охин нь зах дээр наймаа хийж зогсдог, насанд хүрсэн, хорин хэдэн настай. Хариуцагч шалтгаангүй ирээгүй тул түүний эзгүйд хэргийг шийдвэрлэж өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч О. Буян-Өлзий нь хариуцагч П. Оюунбэхээс гэрээний үүргийн биелэлт 2 000 000 төгрөг нэхэмжилсэн ба дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
П.Оюунбэх нь О.Буян-Өлзийгөөс 2014 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 2 000 000 төгрөгийг 2 сарын хугацаатай, сарын 10 хувийн хүүтэйгээр зээлсэн болох нь нэхэмжлэгчийн тайлбар, зээлийн гэрээ /хх-3 дугаар тал/ гэсэн баримтуудаар тогтоогдож байна.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заажээ.
Дээрх заалтын дагуу нэхэмжлэгч нь хариуцагч П.Оюунбэхэд 2014 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр гэрээний зүйл буюу 2 000 000 төгрөгийг шилжүүлсэн байх ба хариуцагч нь мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэгч О.Буян-Өлзий нь хариуцагчаас гэрээний үүргийн биелэлт нэхэмжилж байгаа нь үндэслэлтэй юм.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т “Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй”, 72.3-т “Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ”, мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.4-т “Нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно” гэж тус тус заажээ.
Хариуцагч нь нэхэмжлэлийн хувийг 2016 оны 5 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авсан, 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдөр тайлбар буюу шаардлагыг зөвшөөрсөн, татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтын хамт шүүхэд ирүүлэх үүрэгтэй байсан боловч энэ үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсрэг талын тайлбарыг эсэргүүцээгүй гэж дүгнэхээр байна.
Иймээс хариуцагч шүүхэд тайлбараа ирүүлээгүй тул нэхэмжлэгчийн тайлбар, түүний ирүүлсэн нотлох баримтуудыг үндэслэн П.Оюунбэх нь 2014 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 2 000 000 төгрөгийг 2 сарын хугацаатай, сарын 10 хувийн хүүтэй зээлсэн, нэхэмжлэгч мөнгийг шилжүүлэх үүргээ биелүүлсэн, хариуцагч буцаан өгөх үүргээ биелүүлээгүй гэсэн нэхэмжлэгчийн тайлбарын үндэслэлтэй гэж үзсэн болно.
Нэхэмжлэгч нь “бичгээр гэрээ хийхдээ 2 сар гэж бичсэн болохоос 2015 оны 9 дүгээр сар хүртэл хүүтэй зээлэхээр амаар тохиролцсон” гэж тайлбарласан боловч тайлбарыг нотлох баримтгүй тул бичгээр байгуулсан зээлийн гэрээг үндэслэн хэргийг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Зээлийн гэрээний 3-т “...0 хувиар алданги тооцно” гэж бичсэн байх ба гэрээний энэ хэсэг нь засвартай, мөн 0 хувь гэж бичсэн, нэхэмжлэгч нь алданги тохиролцоогүй гэж тайлбарласан зэргийн үндэслэн Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т зааснаар алдангийг бичгээр тохиролцоогүй гэж дүгнэж алданги тооцоогүй болно.
Талууд Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1-д зааснаар зээлийн гэрээг бичгээр байгуулж, хэлэлцэн тохиролцож хүү тогтоосон ба нэхэмжлэгч нь “сарын 10 хувийн хүүтэй байхаар тохиролцсон” гэж тайлбарласан, хариуцагчийг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсрэг талын тайлбарыг эсэргүүцээгүй гэж дүгнэсэн тул нэхэмжлэгчийн тайлбарыг үндэслэн сарын 10 хувийн хүү тохиролцсон гэж үзэж шийдвэрлэв.
Иймд хариуцагч П. Оюунбэх нь үндсэн зээл 2 000 000 төгрөг, сарын 10 хувийн 200 000 төгрөг, 2 сараар тооцоод 400 000 төгрөг / 2 000 000 төгрөг* 10 хувь= 200 000 төгрөг*2 сар/, нийт /2 000 000 төгрөг+400 000 төгрөг/ 2 400 000 төгрөгийг төлөх ёстой ба үүнээс нэхэмжлэгчийн төлсөн гэж зөвшөөрсөн 1 000 000 төгрөгийг хасч / 2 400 000 төгрөг-1 000 000 төгрөг/ бүгд 1 400 000 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж П.Оюунбэхээс гаргуулан О.Буян-Өлзийд олгож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т “Хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ” гэж, мөн хуулийн 77 дугаар зүйлийн 77.1-т “Зохигч, түүнчлэн шүүх хуралдаанд ирвэл зохих бусад оролцогчдод шүүх хуралдаан хэзээ, хаана болохыг шүүхийн мэдэгдэх хуудсаар тэдгээрийн оршин суугаа буюу ажлын газрын хаягаар мэдэгдэнэ. Хүрэлцэн ирээгүйгээс гарах үр дагавар болон энэ хуулийн 100 дугаар зүйлд зааснаар хэргийг хянан шийдвэрлэж болохыг шүүхийн мэдэгдэх хуудсанд заана”, 77.6-д “Мэдэгдэх хуудсыг гардуулан өгвөл зохих иргэн оршин суугаа газартаа буюу ажлынхаа газарт байхгүй бол уг хуудсыг түүний хамт амьдардаг насанд хүрсэн иргэн, эсхүл сум, баг, хорооны Засаг дарга, түүний ажлын албанд буюу ажлын газрынх нь захиргаанд хүлээлгэн өгч, гарын үсэг зуруулна” гэж тус тус заажээ.
Энэ өдрийн шүүх хуралдааны товыг мэдэгдэж мэдэгдэх хуудсыг хариуцагчийн оршин суугаа хаягаар хүргүүлсэн ба түүний охин Х.Мөнгөнцэцэг мэдэгдэх хуудсыг хүлээн авсан байна. Нэхэмжлэгч нь хариуцагчийн охин Х.Мөнгөнцэцэг нь зах дээр наймаа хийж зогсдог, насанд хүрсэн, хорин хэдэн настай гэж тайлбарласан болно.
Иймд шүүх хуралдааны товыг хуульд заасны дагуу мэдэгдсэн, мэдэгдэх хуудсыг хүргүүлсэн боловч хариуцагч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй гэж үзэн нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэв.
Хариуцагч нь тогтоосон хугацаанд хариу тайлбараа ирүүлэх, шүүх хуралдааны товыг шүүхээс лавлах үүрэгтэй болохыг хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэхдээ харгалзан үзсэнийг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-д зааснаар Ямаат овогт Пүрэвжавын Оюунбэхээс 1 400 000 төгрөг гаргуулан Очир овогт Оршихын Буян-Өлзийд олгож, 600 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар хариуцагчаас 37 350 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба нэхэмжлэгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ОЮУНЧИМЭГ