| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатар Бадрах |
| Хэргийн индекс | 183/2024/01240/И |
| Дугаар | 210/МА2025/00608 |
| Огноо | 2025-04-14 |
| Маргааны төрөл | Бэлэглэл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 04 сарын 14 өдөр
Дугаар 210/МА2025/00608
*******, *******, ******* нарын
нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Д.Нямбазар, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 192/ШШ2025/01451 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: ****, *****, ***** нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *****т холбогдох,
бэлэглэлийн гэрээг хүчингүй болгуулж, хувьцаа буцаан олгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч болоод нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч ****, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч *****, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Эрдэнэжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч нарын нэхэмжлэл, тайлбарын агуулга:
***** нь 2011 оны 08 дугаар сарын 08-ны өдөр *****тай "Бэлэглэлийн гэрээ" байгуулж ЭБЭ компанийн 51 хувийн хувьцааг шилжүүлж өгсөн. ***** нь хувьцааны төлбөрт *****-ийн ***** аймгийн ***** сумын нутаг дахь ***** хайлуур жоншны ордын нарийвчилсан хайгуулын ажлыг гүйцэтгэх 971,630,000 төгрөгийг гаргахаар тохиролцсон.
2016 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр "*****-ийн үүсгэн байгуулагч ***** нь нас барж, улмаар хууль ёсны өв залгамжлагч нар 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдөр "Өвлөх эрхийн гэрчилгээ" авсан.
Гэтэл ***** нь бэлэглэлийн гэрээгээр шилжүүлэн авсан 51 хувийн хувьцаа эзэмших давуу эрхээ урвуулан ашиглаж 2023 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Улсын бүртгэлийн байгууллагад хуурамч баримт бүрдүүлэн өгч өөрийгөө *****-ийн гүйцэтгэх захирлаар томилсон байдаг. Энэ талаар бид 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Улсын бүртгэлийн байгууллагаас хуулийн этгээдийн лавлагаа авахдаа олж мэдсэн.
***** нь бэлэглэлийн гэрээнд тусгасан ***** аймгийн ***** сумын нутаг дахь хайлуур жоншны ордын 971,630,000 төгрөгийн хайгуулын ажлыг хийж гүйцэтгээгүйгээс гадна, компанийн 51 хувийн хувьцаа эзэмшдэг гэх давуу эрхээ ашиглан хуулийн этгээдийн нэр дээр байгаа 2 тусгай зөвшөөрлийг бусдад худалдан борлуулах хэлцэл хийж хууль бус үйл ажиллагаа явуулсан нь бэлэглэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхолд хохирол учруулж, ноцтой гомдоосон.
*****тай "*****-ийн 51 хувийн хувьцааг бэлэглэлийн гэрээгээр шилжүүлэхдээ компанийн 51 хувийн хувьцаа эзэмшигч боловч зөвхөн ***** хайлуур жоншны ордны хувьцаа эзэмшигч бөгөөд харин компанийн нэр дээр байгаа усан биндэрьяагийн ордны хувьцаа эзэмшигч биш.
Иймд бэлэглэлийн гэрээг хүчингүй болгож, бэлэглэлийн гэрээний дагуу шилжүүлсэн "*****-ийн 51 хувийн хувьцааг нэхэмжлэгч нарт буцаан олгож өгнө үү.
2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:
Бэлэглэлийн гэрээ хийгдсэнд маргахгүй. Үүнийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч тусгай зориулалтаар хийгдсэн гэрээ гэж тайлбарлаад байгааг зөвшөөрөхгүй. Тусгай зориулалтай бэлэглэлийн гэрээний зохицуулалт өөр агуулга, болзолтой байдаг.
Бэлэглэгчийг гомдоосон ноцтой үйлдэл гаргасан гэдгийг ямар баримтаар нотолж байгаа нь ойлгомжгүй, нотлогдохгүй. Компанийн хууль зөрчсөн маргааны асуудал байхад бэлэглэгчийг гомдоосон гэх агуулгаар нэхэмжлэл гаргаж байгааг ойлгохгүй байна.
Бэлэглэлийн гэрээний хувьд хөөн хэлэлцэх хугацааны асуудал яригддаг. Бэлэглэгчийг гомдоосон үйлдэл нь бэлэглэгчийн болон түүний өмч, эрүүл мэнд, амь насыг хохироох асуудал эсвэл хохироохыг завдчихсан үйлдлийн хүрээнд шийдэгддэг.
Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1, 280 дугаар зүйлийн 280.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч *****, ****, ***** нарын хариуцагч *****т холбогдуулан гаргасан 2011 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн №1 тоот бэлэглэлийн гэрээг хүчингүй болгуулах, бэлэглэлийн гэрээний дагуу шилжүүлсэн *****-ийн 51 хувийн хувьцааг нэхэмжлэгч нарт буцаан олгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч нараас төлсөн улсын тэмдэгтийн хураамж 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн.
4. Нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлын агуулга:
4.1. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас дүгнэж үзэхэд "*****-ийн 51 хувийн хувьцаа эзэмшигч хариуцагч ***** нь бэлэглэгч, түүний гэр бүлийн гишүүдийн эсрэг хууль бус үйлдэл хийж, бэлэглэгчийг ноцтой гомдоосон үйлдэл хийсэн болох нь нотлолдсон. Энэ талаар анхан шатны шүүх үгүйсгэсэн дүгнэлт хийгээгүйгээс гадна, хариуцагчийн зүгээс бэлэглэгчийн эсрэг хууль бус үйлдэл хийсэн талаар маргаагүй.
Гэтэл анхан шатны шүүх бэлэглэлийн гэрээг хүчингүй болгох эрхийг өвлөх боломжгүй ба бусдад шилжүүлэх боломжгүй гэж дүгнэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн.
Иргэний хуульд нас барсан хүний бүхий л эд хөрөнгө, эрх өвлөгдөхөөр хуульчилсан байхад шүүх бэлэглэлийн гэрээний эрх өвлөгдөхгүй гэж хуулийг буруу хэрэглэсэн.
4.2. Иргэний хуулийн 280 дугаар зүйлд зааснаар бэлэглэгч, түүний өвлөгчийн аль аль нь бэлэглэгчийг гомдоосон ноцтой үйлдэл хийсэн тохиолдолд гэрээг хүчингүй болгуулахаар шаардах эрхийг хэрэгжүүлэх боломжтой. Гэтэл шүүх уг шаардах эрх нь зөвхөн бэлэглэгчид хамаарна гэх байдлаар дүгнэж буй нь буруу.
Анхан шатны шүүх өвийн гэрчилгээтэй холбоотой талууд маргаагүй байхад өв хүлээн авсан эсэхэд маргааны хүрээнээс хэтэрч дүгнэлт хийсэн.
Иймд шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг хангаж өгнө үү.
5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн гаргасан тайлбарын агуулга:
Шүүх маргааны үйл баримт, холбогдох хуулийг зөв тайлбарласан. Бэлэглэлийн гэрээг хүчингүй болгох үндэслэлгүй тул шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч талын гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.
2. Нэхэмжлэгч *****, ****, ***** нар нь хариуцагч *****т холбогдуулан бэлэглэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд хохирол учруулж ноцтой гомдоосон үндэслэлээр 2011 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн бэлэглэлийн гэрээг хүчингүй болгуулах, уг гэрээний дагуу шилжүүлсэн *****-ийн 51 хувийн хувьцааг буцаан олгуулах тухай нэхэмжлэл гаргасан.
Хариуцагч нь бэлэглэгчийг гомдоосон ноцтой үйлдэл гаргаагүй гэж нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргажээ.
Энэ гэрээний хавсралтаар ***** нь *****-ийн ашигт малтмалын ашиглах тусгай зөвшөөрлийг нь эзэмшдэг гэх ***** аймгийн ***** сумын нутаг дахь ***** хайлуур жоншны орд дээр нарийвчилсан хайгуулын ажлыг гүйцэтгэх үүрэг хүлээжээ.
3.1. Дээрх гэрээний бэлэглэгч тал болох ***** нь 2016 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр нас барсан.
Түүнийг өв залгамжилж *****, ****, ***** нар нь 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн өвлөх эрхийн гэрчилгээний дагуу *****-ийн 49 хувийн хувьцаа эзэмших эрхийг өвлөж авсан.
Мөн уг өв залгамжлагч нар нь 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн өвлөх эрхийн гэрчилгээгээр 2021 оны 08 дугаар сарын 08-ны өдөр байгуулсан гэрээгээр хүлээсэн *****ийн эрх, үүргийг өвлөсөн.
3.2. Эдгээр үйл баримтыг анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар зөв тогтоосон байна.
4. Анхан шатны шүүх *****, ***** нарын хооронд байгуулагдсан гэрээ нь Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1 дэх хэсэгт заасан бэлэглэлийн гэрээний харилцаанд хамаарна, гэрээ хүчин төгөлдөр гэж үндэслэл бүхий дүгнэжээ.
Хэдийгээр гэрээний хавсралтаар хариуцагчид хайгуулын ажил хийхэд шаардагдах зардлыг хариуцуулахаар заасан боловч гэрээг байгуулмагц компанийн хувьцаа эзэмших эрхийг шилжүүлсэн, мөн гэрээг хариу төлбөргүй байгуулж буй болохыг гэрээнд заасан тул дээрх гэрээг Иргэний хуулийн 279 дүгээр зүйлийн 279.1 дэх хэсэгт зааснаар тусгай зориулалттай хийсэн бэлэглэлийн гэрээ гэж дүгнэх үндэслэлгүй.
4.1. Гэрээ байгуулсны дараа бэлэглэгч нас барсан тул түүний бэлэглэлийн гэрээгээр хүлээсэн эрх, үүргийг өв залгамжлагч *****, ****, ***** нар Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.1, 520 дугаар зүйлийн 520.1.1-д зааснаар өвлөж авчээ.
Хуульд заасан журмын дагуу өвийг хүлээн авсан эсэхэд зохигч маргаагүй байхад шүүхээс 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 26 дугаар өвлөх эрхийн гэрчилгээ нь хуульд нийцэхгүй гэж алдаатай дүгнэсэн байгааг ийнхүү залруулав.
4.2. Хэдийгээр нэхэмжлэгч нар нь бэлэглэгчийн эрх, үүргийг өвлөж авсан боловч бэлэглэгчийг гомдоосон ноцтой үйлдэл хийсэн гэх үндэслэлээр гэрээг хүчингүй болгуулахаар шаардах эрх тэдгээрт үүсээгүй байна.
Учир нь Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1.1-д бэлэг хүлээн авагч нь бэлэглэгчийг гомдоосон ноцтой үйлдэл хийсэн тохиолдолд бэлэглэгч, түүний өвлөгч бэлэглэлийг хүчингүй болгохоор бэлэг хүлээн авагчаас шаардах эрхтэй гэж заасан.
Энэхүү маргааны хувьд бэлэглэгч нь 2016 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр нас барсан байх бөгөөд түүнийг амьд ахуйд бэлэг хүлээн авагчийн зүгээс ноцтой гомдоосон гэх үйл баримт хэргийн баримтаар тогтоогдоогүй.
Өөрөөр хэлбэл, бэлэглэгчийг гомдоосон ноцтой үйлдэл нь зөвхөн анх бэлэглэлийн гэрээг байгуулсан бэлэглэгч этгээдэд хамаарах бөгөөд хожим бэлэглэгч талын эрх, үүргийг хүлээн авсан өвлөгч нарыг гомдоосон үйлдэл гаргасан нь үүнд хамаарахгүй юм.
*****-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэр, дүрмийг хуурамчаар үйлдэж, гүйцэтгэх удирдлагыг шилжүүлэн авсан үйлдэлдээ хариуцагч ***** нь ***** дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 2024/ШЦТ/614 дугаар шийтгэх тогтоолоор ял шийтгүүлснийг бэлэглэгч *****ийг ноцтой гомдоосон гэж тооцохгүй.
Иймд шүүхээс нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1, 280 дугаар зүйлийн 280.1.1-т нийцжээ.
4.3. Хэргийн баримтаар Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1.2-т заасан бэлэг хүлээн авагч нь бэлэглэгчийн, эсхүл түүний төрөл төрөгсдийн эрүүл мэнд, амь насыг санаатай хохироосон буюу хохироохыг завдсан үйл баримт тогтоогдоогүй.
5. Дээр дурдсанаар бэлэглэгчийг гомдоосон ноцтой үйлдлийг бэлэг хүлээн авагч гаргаагүй байх тул нэхэмжлэгч талын гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 192/ШШ2025/01451 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ
ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР
Т.БАДРАХ