| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Самбуугийн Оюунчимэг |
| Хэргийн индекс | 102/2016/05762/И |
| Дугаар | 184/ШШ2016/00665 |
| Огноо | 2016-08-22 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 08 сарын 22 өдөр
Дугаар 184/ШШ2016/00665
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунчимэг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: “Могол ноос” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо, Ногоончулуутын 6 дугаар гудамж, 7 тоотод оршин суух, эрэгтэй, Баянхошууд овогт Дүйчингийн Ганбаатарт холбогдох
гэрээний үүргийн биелэлт 2 716 644 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Батсайхан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цэнд-Аюуш нар оролцов
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч “Могол ноос” ХХК-ийн ерөнхий захирал Ч.Эрдэнэбат шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Хариуцагч Д.Ганбаатар нь манай компаниас эрээн даавуу, ноосон майк зээлээр авах хүсэлт гаргасны дагуу 2015 оны 8 дугаар сарын 21-нд сурагчийн дүрэмт хувцасны 100 метр даавууг 1 сарын хугацаатай зээлээр, мөн 2015 оны 8 дугаар сарын 27-нд сурагчийн дүрэмт хувцасны сүлжмэл 50 ширхэг майк зээлээр худалдах, худалдан авах гэрээг харилцан тохиролцсоны үндсэн дээр байгуулсан юм.
Манай компани хариуцагч талд сурагчийн дүрэмт хувцасны 100 метр даавуу, даавууны нэгжийн үнэ 19 820 төгрөгийн үнэтэйгээр түүнчлэн сурагчийн дүрэмт хувцасны сүлжмэл 50 ширхэг майкын нэгжийн үнэ 17 000 төгрөгийн үнэтэйгээр нийлүүлсэн. Үүнээс 30 ширхэг майкыг буцаан өгсөн. Д.Ганбаатар нь төлбөрөө хугацаандаа төлж чадахгүй байсан учир 2015 оны 12 дугаар сарын 31-ний дотор төлөх хүсэлт гаргасан.
Гэтэл гэрээний дагуу зээлээр дээрхи бүтээгдэхүүнийг хугацаанд нь нийлүүлсээр байтал худалдагч тал гэрээний дагуу төлбөрөө өнөөдрийг хүртэл төлөөгүй байна.
Нэхэмжлэгч тал хариуцагчид гэрээний үүрээ биелүүлж, төлбөрөө төлөхийг удаа дараа шаардсан боловч төлбөрөө барагдуулахгүй тус компанийг илт хохироож байна.
Иймд хариуцагчаас зээлээр худалдах, худалдан авах гэрээний төлбөр 1 811 096 төгрөг, алданги 905 548 төгрөг, нийт 2 716 644 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч “Могол ноос” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Батсайхан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. 2015 оны 8 дугаар сарын 21-ний өдөр манай байгууллага Д.Ганбаатартай 100 метр даавууг, 1 метрийг 19 820 төгрөгөөр тооцож 1 сарын хугацаатай, зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Гэрээнд заасан хугацаанд гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд хоногийн 0.5 хувийн алданги тооцно гэж заасан.
2016 оны 8 дугаар сарын 27-ны өдөр сүлжмэл майк зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Гэрээний хугацаа нь 1 сарын дотор төлбөр төлөхөөр хийсэн. Уг гэрээгээр 50 ширхэг, сурагчийн майкыг зээлээр авахаар гаргасан хүсэлтийн дагуу бид 50 ширхэг майкыг хүлээлгэж өгсөн. 80 ширхэгийг өгсөн боловч Ганбаатар 30 ширхэгийг нь буцаан өгсөн. 50 ширхэг майкны төлбөрийг тогтоосон хугацаанд төлнө гэсэн боловч өнөөдрийг хүртэл нэг ч төгрөг төлөөгүй.
Гэрээнд аль нэг тал нь гэрээгээр хүлээсэн үүргээ гэрээний хугацаанд, хүндэтгэх шалтгаангүйгээр биелүүлээгүй бол нөгөө талдаа өдрийн 0,5 хувийн алданги тооцно гэж заасан. Хавтаст хэрэгт даавуу, майк хүлээж авсан талаар нотлох баримт авагдсан байгаа. Өөрөө 1 811 096 төгрөгийг маргаангүй төлнө гэсэн тайлбарыг манайд гаргаж өгсөн. Алдангийг 1 811 096 төгрөгийн 50 хувиар тооцсон. Ингээд нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна.
Энэ өдрийн шүүх хуралдаанд хариуцагч ирээгүй байна. Өмнөх шүүх хуралдааныг өөрөө хүсэлт гаргаж, өмгөөлөгч авна гэж хойшлуулсан. Өмнөх хуралдаанд ч цагаасаа хоцорч ирсэн. Тэр үед шүүгч хурлаа хойшлуулаад дараагийн хуралдаан цагтаа эхлэхийг анхааруулж хэлсэн. Өнөөдөр ирээгүй байна. Шүүхэд шаардлагыг зөвшөөрч байгаа эсэх талаараа тайлбараа ч ирүүлээгүй. Иймд эзгүйд нь хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж байна гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч “Могол ноос” ХХК нь хариуцагч Д.Ганбаатарт холбогдуулан гэрээний үүргийн биелэлт 2 716 644 төгрөг нэхэмжилсэн ба дараахь үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Д.Ганбаатар нь “Могол ноос” ХХК-иас 2015 оны 8 дугаар сарын 21-ний өдөр 1 боодол буюу 100 м даавууг нэгж үнэ нь 19 820 төгрөгөөр тооцож, төлбөрийг 2015 оны 9 дүгээр сарын 10-ны дотор төлөх, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд 0.5 хувиар алданги тооцохоор,
2015 оны 8 дугаар сарын 27-ны өдөр 50 ширхэг майкыг нэгж үнэ нь 17 000 төгрөгөөр тооцож, 1 сарын дотор төлөх, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд 0.5 хувиар алданги тооцохоор тохиролцож зээлээр худалдан авсан болох нь нэхэмжлэгчийн тайлбар, зээлээр худалдах, худалдан авах гэрээ /хх-6,8 тал/, хариуцагчийн “Могол ноос” ХХК-ийн захиргаанд гаргасан хүсэлт / хх-7, 9 тал/, 2015 оны 8 дугаар сарын 21, 2015 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн зарлагын баримт /хх-11-12 тал/ гэсэн баримтуудаар тогтоогдож байна.
Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д “Зээлээр худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь худалдан авагч үнийг төлөхөөс өмнө эд хөрөнгийг шилжүүлэх, худалдан авагч нь үнийг гэрээнд заасны дагуу тодорхой цаг хугацааны дараа хэсэгчлэн буюу бүрэн, эсхүл тодорхой цаг хугацааны туршид хэсэгчлэн төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заажээ.
Нэхэмжлэгч “Могол ноос” ХХК нь хариуцагчид үнийг төлөхөөс өмнө 100 м даавуу, 50 ширхэг майкыг шилжүүлсэн байх ба хариуцагч нь 100 м даавууны үнийг гэрээнд заасан тодорхой хугацаа буюу 2015 оны 9 дүгээр сарын 10-ны дотор, 50 ширхэг майкны үнийг 1 сарын дотор төлөх үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэгч нь хариуцагчаас гэрээний үүргийн биелэлтийг шаардаж байгаа нь үндэслэлтэй юм.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т “Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй”, 72.3-т “Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ”, мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.4-т “Нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно” гэж тус тус заажээ.
Хариуцагч нь нэхэмжлэлийн хувийг 2016 оны 6 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авсан /хх-16 тал/, 2016 оны 7 дугаар сарын 06-ны өдөр тайлбар буюу шаардлагыг зөвшөөрсөн, татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтын хамт шүүхэд ирүүлэх үүрэгтэй байсан боловч энэ үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсрэг талын тайлбарыг эсэргүүцээгүй гэж дүгнэхээр байна.
Хариуцагч тайлбар ирүүлээгүй тул нэхэмжлэгчийн тайлбар, түүний ирүүлсэн нотлох баримтуудыг үндэслэн Д.Ганбаатар нь “Могол ноос” ХХК-иас 2015 оны 8 дугаар сарын 21-ний өдөр 100 м даавууг нэгж үнэ нь 19 820 төгрөгөөр тооцож, төлбөрийг 2015 оны 9 дүгээр сарын 10-ны дотор төлөхөөр, 2015 оны 8 дугаар сарын 27-ны өдөр 50 ширхэг майкыг нэгж үнэ нь 17 000 төгрөгөөр тооцож, 1 сарын дотор төлөхөөр, хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.5 хувиар алданги тооцохоор тохиролцож зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан, нэхэмжлэгч үүргээ биелүүлсэн, хариуцагч тогтоосон хугацаанд үнийг төлөх үүргээ биелүүлээгүй гэсэн нэхэмжлэгчийн тайлбарын үндэслэлтэй гэж үзсэн болно.
Мөн хариуцагч Д.Ганбаатар нь “Могол ноос” ХХК-д 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр 1 811 096 төгрөгийн үлдэгдлийг 2015 оны 12 дугаар сарын 31-ний дотор төлж барагдуулна гэж тайлбар /хх-10 тал/ гаргаж байсан байна.
Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т зааснаар талууд 2015 оны 8 дугаар сарын 21, 2015 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн худалдан, худалдан авах гэрээнүүдийн 4.3-д өдрийн 0.5 хувиар алданги тооцохоор бичгээр гэрээ хийж тохиролцсон байгаа тул алданги нэхэмжилсэн шаардлагыг үндэслэлтэй гэж үзлээ.
Талууд 2015 оны 8 дугаар сарын 21-ний гэрээнд төлбөр төлөх хугацааг 2015 оны 9 дүгээр сарын 10-ны дотор гэж тохиролцсон, харин 2015 оны 8 дугаар сарын 27-ны гэрээнд төлбөрийг хийх хугацааг тодорхой тохиролцоогүй боловч нэхэмжлэгч нь “1 сарын дотор төлөхөөр тохиролцсон” гэж тайлбарласныг хариуцагч эсэргүүцэж тайлбар ирүүлээгүй тул 2015 оны 8 дугаар сарын 27-ны гэрээний төлбөр төлөх хугацааг 1 сараар тооцлоо.
Иймд хариуцагч нь шүүхэд тайлбараа ирүүлээгүй тул шаардлагыг хүлээн зөвшөөрсөн гэж тооцон барааны үнэ 1 811 096 төгрөг, гэрээнүүдийн 4.3-д заасны дагуу алданги тооцож 905 548 төгрөг / 1 811 096 төгрөг* 2= 905 548 төгрөг/, нийт /1 811 096 төгрөг+ 905 548/ 2 716 644 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Д.Ганбаатараас гаргуулан “Могол ноос” ХХК-д олгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т “Хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ” гэж заасан байна.
2016 оны 8 дугаар сарын 11-ний өдөр хариуцагч шүүх хуралдаанд хүрэлцэн ирж хүсэлт гаргасан тул түүний хүсэлтийг хүлээн авч 184/ШЗ2016/02359 дугаар шүүгчийн захирамжаар шүүх хуралдааныг хойшлуулсан. Шүүх хуралдаан хойшлоход энэ өдрийн шүүх хуралдааны товыг хариуцагчид мэдэгдэж, мэдэгдэх хуудсанд гарын үсэг зурсан байгаа болно.
Иймд шүүх хуралдааны товыг хуульд заасны дагуу мэдэгдсэн, хариуцагч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй гэж үзэн нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1.Иргэний хуулийн 262 зүйлийн 262.1, 232 дугаар зүйлийн 232.3, 232.6-д зааснаар хариуцагч Баянхошуут овогт Дүйчингийн Ганбаатараас 2 716 644 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Могол ноос” ХХК-д олгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хариуцагчаас 58 416 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 58 416 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба нэхэмжлэгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ОЮУНЧИМЭГ