| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Загдаагийн Болдбаатар |
| Хэргийн индекс | 185/2019/0511/Э |
| Дугаар | 502 |
| Огноо | 2019-05-27 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | Г.Цогтгэрэл |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 05 сарын 27 өдөр
Дугаар 502
2019 5 27 2019/ШЦТ/502
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж,
нарийн бичгийн дарга Д.Хандсүрэн,
улсын яллагч Г.Цогтгэрэл,
шүүгдэгч С.С нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт С.С-г холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1809053190278 дугаартай хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1992 оны 8 дугаар сарын 05-ны өдөр Өвөрхангай аймгийн Уянга суманд төрсөн, 27 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Ардчилсан намын Хэрэг эрхлэх газарт үйлчлэгч ажилтай, ам бүл-3, ял шийтгэлгүй, С.С,
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Яллагдагч С.С нь 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр, “Оюу толгой” ХХК-ийн барилгын 1 дүгээр давхарт байрлах ХААН банкны АТМ-д хохирогч Б.Байгалын орлогын мөнгө болох 775.000 төгрөгийг тушаахаар хийгээд буцааж авалгүй мартаж явсныг түүний дараа үйлчлүүлэхээр зогсож байгаад бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж хувьдаа завшсаны улмаас түүнд 775.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтыг шинжлэн судлав.
Шүүгдэгч С.С шүүхийн хэлэлцүүлэгт “…Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй..”гэв.
түүний мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагчаар өгсөн: “… ХААН банкны виза картаа хийхэд АТМ-ын мөнгөний савнаас 795.000 гараад ирэхээр нь тэр мөнгийг цүнхэндээ хийгээд өөрийнхөө данснаасаа 20000 төгрөгийг 5496106211 дугаарын данс руу шилжүүлээд тэндээс гараад шууд гэр рүүгээ харьсан...” гэсэн мэдүүлэг /хх-19/,
Хохирогч Б.Байгалийн мөрдөн байцаалтад хохирогчоор өгсөн “...2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 18 цагийн үед Сүхбаатар. дүүргийн 1 дүгээр хороо, Оюу толгой ХХК-ны 1 давхарт байрлах Хаан банкны АТМ-д орлогын 780.000 төгрөг бэлнээр хийсэн юм. Тэгсэн чинь 5000 төгрөг буцаж гарч ирэхээр нь тэр мөнгийг аваад АТМ-ээс гараад явсан юм Удалгүй тэр мөнгө орохгүй байхаар нь Хаан банк руу залгаж асуухад ард талын чинь хүн авсан байна залгасан чинь би мэдэхгүй байна шалгаад дахиад холбогдъё гэж хэлсэн…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 8-9/,
Гэрч Н.Нансалмаагийн “...2019 оны 3 дугаар сарын 12-ны өдөр надад хэлэхдээ цагдаагийн байгууллагаас намайг дуудаад байна. 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хаан банкны АТМ-ээр үйлчлүүлэх гээд виза картаа хийхэд мөнгөнийх нь савнаас 795.000 төгрөг гараад ирэхээр нь би ямар нэг хүнд хэлэлгүй аваад өөрөө хувийн хэрэглээндээ хэрэглэчихсэн юмаа гэж надад хэлэхэд нь би тухайн цаг хугацаанд аваад хэрэглэсэн юм бол ямар хүний мөнгө төгрөг байсныг цагдаагийн байгууллагаас олж мэдээд тэр хүнд нь хохирлыг нь бүрэн барагдуулж өгөх хэрэгтэй гэдгийг нь хэлж ярьсан юм..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 15/,
Шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-22/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх-23/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-24/, Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-25-33/, сиди дискэнд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-12/, Мөрдөн байцаалтын ажиллагааг дуусгаж, хэргийн материалыг байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчид танилцуулсан тэмдэглэл /хх-34-35/ зэргийг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.
Шүүгдэгч С.С нь 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр, “Оюу толгой” ХХК-ийн барилгын 1 дүгээр давхарт байрлах ХААН банкны АТМ-д хохирогч Б.Байгалын орлогын мөнгө болох 775.000 төгрөгийг тушаахаар хийгээд буцааж авалгүй мартаж явсныг дараа тус АТМ-ээр үйлчилүүлэхдээ өөртөө авч завшиж, хохирогч Б.Байгальд 775.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан болох нь хохирогч Б.Байгалийн мэдүүлэг, шүүгдэгч С.Сын мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэг, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон.
Шүүгдэгч С.Сын бусдын гээгдэл эд хөрөнгө болох 775.000 төгрөгийг завшсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.
Шүүгдэгч С.Сын дээрх үйлдлийн улмаас хохирогч Б.Байгалд 775.000 төгрөгийг хохирол учирсан бөгөөд шүүгдэгчийн зүгээс хохирогчид учирсан хохирлыг шүүхийн шатанд бүрэн төлсөн болох нь хохирогч Б.Байгалийн шүүхэд ирүүлсэн хүсэлтээр тогтоогдож байх тул С.Сосорбарамыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч С.Сын дээрх үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Харин түүний тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзаж, Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч С.С Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу бусдын гээгдэл эд хөрөнгийг завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Сыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан С.С нь торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг тайлбарласугай.
4.С.С нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СиДи-г хэрэгт хавсаргасугай.
6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7.Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8.Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол С.Сд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.БОЛДБААТАР