| Шүүх | Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баасанжавын Эрдэнэхишиг |
| Хэргийн индекс | 149/2024/00583/И |
| Дугаар | 208/МА2025/00015 |
| Огноо | 2025-03-26 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 03 сарын 26 өдөр
Дугаар 208/МА2025/00015
Д.Г*******ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 149/ШШ2025/00014 дугаар шийдвэртэй
Хариуцагч Н.Б******* холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: 236,000,000 төгрөг гаргуулах тухай
Хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Эрдэнэхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Г******* /цахим/, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Б******* /цахим/ нарыг оролцуулан, тэмдэглэлийг шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номин хөтлөв.
Миний бие 2023 оны 01 сард өөрийн үеэл дүүгийн эхнэр болох Н.Б******* модны бизнес эрхэлж байгаа бөгөөд яаралтай мөнгө хэрэгтэй байна надад мөнгө зээлүүлээч гэхээр нь надад зээлүүлэх мөнгө байхгүй байна гэхэд тэгвэл хүүтэй мөнгө зээлэх хүн байвал зээлээд өгчих би удаахгүй өгчихнө гээд гуйгаад байсан тул өөрийн нөхрийн танил болох хүүтэй мөнгө зээлдэг хүнээс 2023 оны 01 сараас 2023 оны 07 сар хүртэл хугацаанд хүүтэй мөнгө зээлээд шилжүүлсэн. Үүнд:
1. 2023 оны 01 сарын 16-ны өдөр 30,000,000 төгрөгийг 2 сарын хугацаатай зээлсэн бөгөөд над руу мөнгө орж ирээд шууд Н.Б*******ийн Хаан банкны ************ тоот дансруу шилжүүлсэн. Ингээд 2 сарын хугацаа дуусаад 2023 оны 03 сарын 16-ны өдөр төлөхийг шаардахад хугацаа сунгаад өгөөч та нөгөө хүнээсэээ дахиад 50,000,000 төгрөг зээлээд өгчих, өмнөх зээлсэн 10,000,000 төгрөг болон өмнөх 30,000,000 төгрөгний хүүг суутгаж аваад үлдэгдэл мөнгийг нь надад шилжүүлчих гэж хэлсэний дагуу
2. 2023 оны 03 сарын 16-ны өдөр өмнөх мөнгө зээлүүлсэн хүнээсээ 50,000,000 төгрөг зээлхээр болоод тухайн дүнгээс өмнөх зээлүүлсэн 30,000,000 төгрөгний хүүг хасаад 34,250,000 төгрөгийг Н.Б*******ийн Хаан банкны ********* тоот данс руу шилжүүлсэн. Ингээд дахин 2 сарын хугацаа өнгөрсөн боловч хугацаа түр хойшлуулаад өгөөчээ улирлын чанартай ажил зогссон байгаа учраас одоо төлөх боломжгүй байна гэж хэлсэн. 2023 оны 07 сарын 17-ны өдөр мөнгө зээлсэн хүн маань хүүгээ нэхсэн бөгөөд тэр даруй Б*******ээс мөнгөө төлөхийг шаардахад одоо яг удаахгүй өгнө, дахин мөнгө хэрэг болоод байна нөгөө хүнээсэээ дахин 50 сая төгрөг зээлээд, 2023 оны 03 сарын 16-ны өдрөөс 07 сарын 16-ны өдрийг хүртэл 4 сарын хүүг суутган аваад үлдэгдэл мөнгийг нь над руу шилжүүлчих. Одоо яг ажил эхэлж байгаа учраас үйл ажиллагаа явуулахад хэрэг болоод байна. Би хүү болон үндсэн зээлийг удаахгүй бүгдийг нь бүрэн төлж барагдуулна гээд
3. 2023 оны 07 сарын 17-ны өдөр дахин 50,000,000 төгрөг зээлээд хэлсэнийх нь дагуу өмнөх 4 сарын хүү 26,000,000 төгрөгийг нь суутгаад үлдэгдэл 24,000,000 төгрөгийг над руу шилжүүлэхэд би цааш нь Н.Б******* рүү шилжүүлсэн.
Ингээд 2 сар өнгөрсөн боловч Н.Б******* нь огт зээлээ төлөхгүй байсан тул бид мөнгө зээлсэн хүндээ хүүгийн төлбөрт унасан. Мөнгө зээлүүлсэн хүн маань мөнгөө нэхээд байсан тул би өөрөө 10 сарын 10-ны өдөр 26,250,000 төгрөг, 10 сарын 11-ны өдөр нийт 2 удаагийн гүйлгээгээр 31,500,000 төгрөгийг шилжүүлсэн.
Түүнээс хойш өнөөдрийг хүртэл Н.Б******* нь үндсэн төлбөр болон хүүг огт төлөөгүй учир 2024 оны 09 сарын 18-ны өдөр Н.Б*******эй өөрийн биеэр очиж уулзаж мөнгөө авах талаар хэлэхэд яг одоо бөөнд нь өгөх боломж алга, хуваагаад найдвартай өгнө, баталгаа гаргаад өгнө гэж хэлээд бид хоёр тооцоо нийлсэн. Ингээд нийт 2024 оны 09 сарын 18-ны өдрийн байдлаар үндсэн зээл болон хүү, нийт 236,000,000 болж бид тооцоо нийсэн. Ийнхүү бид хэлцэл хийн харилцан тохиролцоод Н.Б******* нь хүлээн зөвшөөрч, 2024 оны 10 сарын 05-ны өдөр, 11 сарын 05-ны өдөр, 12 сарын 05-ны өдөр 3 хуваан төлөхөө илэрхийлж гарын үсэг зурсан.
Гэтэл харилцан тохирсон хугацаанд төлж барагдуулаагүй тул Сэлэнгэ аймгийн Мандал сумын сум дундын шүүхийн Эвлэрүүлэн зуучлагчид хандсан боловч зөвшилцөлд хүрч чадаагүй дуусгавар болсон. Иймд Н.Б******* нь одоог болтол уг мөнгөө төлж барагдуулаагүй бөгөөд надад мөнгө зээлүүлсэн хүн нь мөнгөө байнга нэхэж, хүү нь тооцогдсоор байгаа тул 236,000,000 төгрөгийг Н.Б*******ээс гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Н.Б******* хариу тайлбартаа:
...2023 оны 01 дүгээр сарын 16-нд ********** тоот данснаас 20.000.000, 10.000.000 төгрөгийг тухайн үед мөнгө хэрэг болоод Г******* эгчээс зээлж авсан. 2023 оны 03 дугаар сарын 16-нд дахин мөнгө хэрэг болоод өмнөх мөнгөний хүүг өгөх боломжгүй байсан тул нэмж 50.000.000 төгрөгийг зээлээд үүнээс 2023.01.16 авсан 10.000.000 сая төгрөгийг мөн дээрх мөнгөний хүү болох 5.750.000 хамт хасаад ********* тоот данснаас 34.250.000 төгрөг орж ирсэн. 2023 оны 03 дугаар сарын 16-ны өдөр орж ирсэн 34.250.000 төгрөг нь 50.000.000 сая болж тооцогдсон. 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдөр хүртэл буюу 4,5,6,7 саруудын нийт авсан мөнгө нь 20.000.000, 50.000.0000 нийт 70 сая төгрөгийн хүү 10 хувиар бодогдоод 1 сарын 7.000.000 төгрөгийг 4 сард үржүүлээд 28.000.000 төгрөгийн хүүг авч над руу 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдөр ************* тоот дансанаас 22.000.000 төгрөг орж ирсэн уг 22.000.000 сая төгрөгийг 50.000.000 сая төгрөг болгон тооцсон. 2023.01.16 өдрийн 20.000.000 сая төгрөг, 2023.03.16-ны өдрийн 50.000.000 сая төгрөг, 2023.07.17-ны өдрийн 50.000.000 төгрөг нийт Г******* эгчээс 120.000.000 сая төгрөгийн тооцоо гарсан.
Нийт Г*******аас ********** тоот дансанд нийт 86.250.000 төгрөг орсон. 2023.01.16-наас 2023.07.17 өдрийг хүртэл 33,750,000 төгрөгийн хүүг тооцсон. Нийт 120.000.000 төгрөгийн өртэй үлдэж, 2024 оны хавар ********** тоот дансруу 12.000.000 төгрөгиин хүү өгсөн нийт Г*******д 45.750.000 төгрөгийн хүү өгсөн. Мөн 2024 оны 08 дугаар сард өөрийнх аав болох Д******* худалдаа хөгжлийн банкны 455048276 тоот дансанд 50.000.000 төгрөгийг хийсэн. Дээрх хугацаанд Г*******аас 86.250.000 төгрөг орж ирсэн. 2023.07.16-ны хүртэл 33.750.000 төгрөгийн хүү бодогдож нийт 120.000.000 төгрөгийг бол хүлээн зөвшөөрнө. Үүнээс хойш 12.000.000 төрөгийн хүү өгсөн нийт 45.750.000 төгрөгийг хүүнд өгсөн. Нийт 120.000.000 төгрөгнөөс шилжүүлсэн 2024 оны 08 дугаар сард шилжүүлсэн 50.000.000 төгрөгийг хасаад 70.000.000 төгрөгийг Г*******д төлөхийг хүлээн зөвшөөрч байна.
Нийтдээ Г*******д бэлэн мөнгө болох 62.000.000 төгрөгийг шилжүүлсэн өөрөөс нь миний тоот данс руу Г*******ийн нийт шилжүүлсэн мөнгө 86.250.000 төгрөг орж ирсэн уг мөнгөний хүүг төлөх ёстой учраас 120.00.000 болгож бодоод үүнээс 50.000.000 төргөийг хасаад 70.000.000 төгрөгийг Г*******д төлөхийг хүлээн зөвшөөрнө. 2024 оны 09 дүгээр сард Г*******ын аав нь ирж энд гарын үсэгээ зурчих гэсэн тухайн үед би нийт төлбөр тооцоог чинь барагдуулнаа одоо боломжгүй байна гэж хэлээд гарын үсэг зурсан 2024 оны намар эвлэрүүлэн зуучлалд өргөдөл гаргаад өгсөн эвлүүлэх дээр бид 2 тохиролцоогүй гараад нийт мөнгөндөө мод авья гэж хэлээд тохирсон өмнө бол зөндөө л хүүтэй зээлээд аваад өгч байсан гэжээ.
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 149/ШШ2025/00014 дугаартай шийдвэрээр:
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 283 дугаар зүйлийн 283.3-т зааснаар хариуцагч Б овогт Н Б*******ээс зээл 70,000,000 /Далан сая/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б овогт Д******* Г*******д олгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 115.2.2-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг 166,000,000 төгрөгийн шаардлагыг хангах үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Г*******аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,337,950 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Н.Б*******ээс Улсын тэмдэгтийн хураамжид 507,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Г*******д буцаан олгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдан шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч Д.Г******* нь давж заалдах гомдолдоо:
...Дамдинсүрэн овогтой Г******* /**********/ миний бие Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 01 сарын 08-ны өдрийн 149/ШШ2025/00014 тоот шийдвэрийг 2025 оны 01 сарын 27-ны өдөр хүлээн авч танилцаад, бүхэлд нь эс зөвшөөрч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэг, мөн хуулийн 161 дүгээр зүйлийн 161.1 дэх хэсэгт зааснаар дараах давж заалдах гомдлыг гаргаж байна. Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ дараах алдааг гаргасан байна.
1.Нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс гадуур шийдвэрлэсэн: Нэхэмжлэгчийн зүгээс 2024 оны 11 сарын 29-ний өдрийн нэхэмжлэлдээ хариуцагчаас 2024 оны 09 сарын 18-ны өдрийн тооцоо нийлсэн актын дагуу 236,000,000 төгрөг гаргуулахаар шаардсан буюу Н.Б******* хүнээс хүүтэй мөнгө зээлээд өгөөч гэсэн хүсэлтийн дагуу миний бие мөнгө зээлж өгөөд буцаад тухайн зээлсэн мөнгийг нь хүүтэй нь хамт мөнгө зээлүүлсэн хүндээ өгөх зорилгоор нийт өгсөн мөнгөө харилцан тохиролцож тооцоо нийлээд, түүнийгээ баталгаажуулж баталгаа гаргаж өгөөд /түүний өмнөөс би төлсөн учраас төлсөн мөнгөө буцаан авахаар нэхэмжилж байна, зээлийн хүү шаардаагүй юм/, тус харилцан тохиролцсон хэмжээгээрээ шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт зээлийн хүү 168,000,000 төгрөг, зээл 130,000,000 төгрөг, бүгд 236,000,000 төгрөгийг гаргуулахаар шаардаж гэж тодорхойлж, мөн Иргэний хуулийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан шийдвэрлэж буй нь нэхэмжлэлийн шаардлагатай нийцэхгүй байна.
2. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт: "Нэхэмжлэгч Д.Г******* нь хариуцагч Н.Б******* холбогдуулан 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдрөөс 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хүртэл зээлийн хүү 168,000,000 төгрөг, зээл 130,000,000 төгрөг бүгд 298,000,000 төгрөгөөс Н.Б*******ийн төлсөн 62,000,000 төгрөгийги хасаж тооцон үлдэх 236,000,000 төгрөгийг гаргуулахаар шаардана" гэж бичсэн байна. Шүүх хурлын явцад 236,000,000 төгрөгөөр нэхэмжлэл гаргадаг нь Н.Б******* 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр бичиж өгсөн баталгааг үндэслэл болгосноо тайлбарласан бөгөөд Н.Б******* тайлбартаа 120,000,000 төгрөг авсан гэдэг, шүүх хурлын явцад 120,000,000 төгрөг биш 130,000,000 төгрөгийг авсан юм байнаа гэдгээ хүлээн зөвшөөрдөг, 130,000,000 төгрөгөөс Н.Б******* нь 12,000,000 төгрөгийн хүүгийн төлбөр, 50,000,000 төгрөгийг үндсэн мөнгөнөөс хасаж тооцуулахаар өгсөн гэдэг. 130,000,000 төгрөгөөс 50,000,000 төгрөгийг хасаж тооцвол үлдэгдэл 80,000,000 төгрөг байна. Гэвч шүүхийн шийдвэрт 70,000,000 төгрөг гэж тусгасан, мөн Н.Б******* нь бусдаас дамжуулж авсан мөнгөө өгөхгүй байсан учир би түүнээс өмнөөс өөрийн Хаан банк дахь ************ тоот данснаас 4 удаагийн гүйлгээгээр нийт 87,750,000 төгрөгийг төлсөн нь дансны хуулгаар нотлогдож байна. Намайг хуульд заасан шаардлагыг зөрчин нэг удаагийн бус дахин давтагдах байдлаар хэт өндөр хүү тооцон ашиг олох байдлаар хэлцэл хийсэн байна гэж дүгнэжээ. Тус дүгнэлт нь хэргийн бодит байдал болон хуралдаанд гаргасан тайлбартай нийцэхгүй байна. Учир нь Д.Г******* миний бие ашиг олох зорилгоор Н.Б******* мөнгө зээлээгүй, Н.Б******* нь удаа дараа надаас нөгөө хүнээс мөнгө нэмээд аваад өг гэх мэтээр залгаж, мессеж бичиж, хадам ээжээрээ яриулж асуулгаж авсан. Харин түүний мөнгө зээлүүлэх хүн олж өгөхийг гуйсны дагуу өөрийн төрөл, садны хүнд туслах зорилгоор хүүтэй мөнгө зээлдэг хүнээс мөнгө зээлж авч өгсөн. Түүнийг Н.Б******* маш сайн мэддэг төдийгүй хэдэн хувийн, ямар хугацаатай зээлж байгааг тухай бүрд нь хэлдэг байсан. 2024 оны 09 сарын 18-ны өдөр бид уулзаж хэдэн төгрөгийн өр үүссэн байгааг Н.Б******* хэлсэн бөгөөд түүнийг хүлээн зөвшөөрдөг. Иймд миний бие ашиг олоогүй, ашиг олох зорилгоор Н.Б******* хүнээс мөнгө зээлж өгөөгүй. Шүүхийн тус дүгнэлт нь хэргийн бодит байдалд нийцэхгүй юм.
3.Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрдөг: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т зааснаар хариуцагч 14 хоногийн дотор зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл болон нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөх үүрэгтэй. Энэ нь талуудыг эрх тэгш мэтгэлцэх боломжоор хангаж буй хэлбэр юм.
Гэвч ямар нэгэн хариу тайлбар болон нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй явдал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийг шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцно. Хэрэв хүлээн зөвшөөрөхгүй байгаа тайлбар болон баримтаа хуульд заасны дагуу ирүүлсэн бол нэхэмжлэгчийн зүгээс мөн адил тус тайлбарт тохирсон баримтуудаа урьдаас бэлдэн ирүүлж мэтгэлцэх боломж байсан. /Зээлийн гэрээ....г.м/ Гэвч шүүх хуралдаан дээр тайлбар гаргаж буй явдал нь тус мэтгэлцэх эрхэд саад учруулсан үйлдэл бөгөөд үүнд шүүхээс дүгнэлт өгөөгүй нь шүүх хэргийн бодит байдлыг тал бүрээс нь бүрэн бодитой хянах хуулийн шаардлагыг хангаагүй байна. Мөн хариуцагч шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа "нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа, тухайн тооцоо нийлсэн актыг Д.Г*******тай тохиролцоод гарын үсэг зурсан, тухайн үедээ иймэрхүү хэмжээний хүү бодогдсон байх гэж бодоод гарын үсэг зурсан, хүнээс надад хүүтэй мөнгө зээлж өгч байгаа гэдгийг мэдэж байсан, гэхдээ намайг шүүхэд өгсөн болохоор би хүлээн зөвшөөрөхгүй" гэж маргадаг.
Энэ нь нэг утгаараа нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч буй хэлбэр буюу нэхэмжлэгчийн хууль ёсны шаардах эрхийг үгүйсгэсэн гэж үзэхгүй юм. Гэтэл шүүх энэ тал дээр ямар нэгэн тайлбар, дүгнэлт хийдэггүй, хариуцагч шүүх хурлын явцад тайлбараа баримтаар нотлоогүй, гаргасан тайлбар нь зөрүүтэй, зөрүүтэй байгаагаа хүлээн зөвшөөрсөөр байхад шийдвэрт тусгалгүй, зөвхөн түүний тайлбарыг үндэслэн шийдвэр гаргаж хэт нэг талыг баримталсан гэж үзэж байна.
4.Шүүх хэт нэг талыг баримталж, хариуцагчийн гаргасан тайлбарыг дангаар үнэлж шийдвэр гаргасан нь үндэслэлгүй байна. Нэхэмжлэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбарыг бодитоор дүгнэлгүй хариуцагчийн гаргасан тайлбарын дагуу, тайлбараа нотолсон баримт байхгүй, мөн хэргийг үнэн зөв, эргэлзээгүй талаас шийдвэрлэхэд шаардлагатай нотлох баримт хэрэгт хангалттай цуглараагүй байхад хэргийг шийдвэрлэсэн явдал нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. Хариуцагчийг хуралд гар утастай нь оруулсан мөртлөө миний гар утсыг хураан авсан, хариуцагч өөрөө тайлбараа зөрүүтэй байгаа талаар дурьдаад байхад үүнийг шийдвэрт тусгаагүй, хариуцагч намайг элдвээр доромжилж байхад түүнд шаардлага тавиагүй мөртлөө намайг босоогүйн төлөө сануулга өгсөн зэргээс харахад шүүх хурал хэт нэг талыг баримталж байгаа шүүх хурлын явцад мэдэгдэж байсан. Энэ талаар сахилгын хороонд өргөдөл гаргасан болно. Шүүгч Б.А нь 2024, 2025 онд Шүүхийн сахилгын хорооноос удаа дараа сахилгын шийтгэл авсан, шүүгчээр ажиллах бүрэн эрхийг нь 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр түдгэлзүүлсэн зэргээс энэ шүүгч хэргийг үнэн зөв шийдсэн гэхэд эргэлзээ төрж байна.
5.Шүүх талуудын мэтгэлцээн, хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд хэргийг тал бүрээс нь хянах ёстой бөгөөд талуудын тайлбар хангалттай нотлогдохгүй, мен эргэлзээтэй тохиолдолд шүүх өөрийн санаачилгаар нотлох баримт бүрдүүлэх, нэмэлт ажиллагаа хийх эрх нь нээлттэй байдаг. 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хурал эхлэхтэй зэрэгцэн Н.Б*******ээс тайлбар гаргасан талаар мэдэгдэж түүний тайлбарыг танилцаад буцааж өг гэж шүүгчийн туслах Мэндбаяр нь өмгөөлөгч бид 2-т хэлсэн, уг тайлбартай нэг бүрчлэн танилцах боломжоор хангаагүй, мөн тухайн тайлбартай холбоотой нотлох баримт гарган өгөх эрхээр хангаагүй, яарч сандран хурлыг эхлүүлсэн. Нэхэмжлэгч өөрийн шаардлагыг нотолж буй баримтуудыг өөрөө гаргаж өгөх үүрэгтэй хэдий ч хариуцагч ажиллагааны явцад тайлбар, баримт гаргаж өгөөгүй, түүнээс улбаалан хэргийн бодит байдлыг тогтоох, талуудын зөрүүтэй тайлбарыг эргэлзээгүй тогтооход шаардлагатай баримт /зээлийн гэрээ, гэрч, хариуцагчийн мөнгө төлсөн баримт/ бүрдүүлэх ажиллагаа хийх боломжтой байсан хэдий ч тус эрхээ хэрэгжүүлээгүй гэж үзэж байна.
6.Мөн миний бие хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.3 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн арилжааны банкнууд дахь дансны зарлагын хөдөлгөөнийг зогсоож шүүхээс гарах шийдвэрийг биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авхуулах тухай хүсэлтийг гаргаад 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 149/Ш32025/00070 тоот захирамжаар Н.Б*******ийн аль банканд данс эзэмшдэг эсэх нь тодорхойгүй гэдэг үндэслэлээр шүүх хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан бөгөөд, гомдол гаргах эрхгүй захирамж гардаг.
Нэхэмжлэгчийн зүгээс тухайн захирамжийг хүлээн аваад дахин хуулийн дагуу хэргийг шүүхээр хэлэлцэх шүүх хуралдаан зарласны дараа буюу 2025 оны 01 сарын 06- ны өдөр шүүхэд дахин шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авхуулах тухай хүсэлтийг гаргахад шүүх хуралдаан явагддаг өдрийн буюу 2025 оны 01 сарын 08-ны өдрийн 149/Ш32025/00097 тоот захирамжаар мөн хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн. Хэрэв хуралдаан зарлагдсан тохиолдолд хүсэлтийг хуралдаан дээр хэлэлцэх ёстой байтал хурал зарлагдсан өдөр шийдвэрлэсэн явдал нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гаргасан гэж үзэж байна.
Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1 дэх хэсэгт зааснаар тус хуулийн 69.1 дэх хэсэгт заасан шүүгчийн захирамжид гарсан өдрөөс хойш 10 хоногийн дотор гомдол гаргах эрхтэй байхаар хуульчилсан хэдий ч дээрх шүүгчийн захирамжууд гомдол гаргах эрхгүй гарсан явдал нь мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил бий болсон гэж үзэж байна. Мөн шүүх хуралдаан болох өдөр хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан захирамж гаргаж хэргийн оролцогчийн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн захирамжид гомдол гаргах эрхээр хангаагүй шууд шүүх хуралдаан явуулсан нь мөн л ажиллагааны зөрчил гаргасан гэж харж байна. Иймд анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэргийн бодит байдлыг бүрэн тогтоогоогүй буюу, хэт нэг талыг баримталж, хэрэгт цугларсан нотлох баримтыг буруу үнэлж, мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гаргасан байгаа нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангахгүй байгаа учир гомдлоор хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаж Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 01 сарын 08-ны өдрийн 149/ШШ2025/00014 тоот шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57.4 дэх хэсэгт зааснаар хүлээн зөвшөөрөхгүй байгаа хэмжээгээр буюу хэрэгсэхгүй болгосон 166,000,000 төгрөгийн хэмжээнд улсын тэмдэгтийн хураамжийг төлсөн болно гэжээ.
Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Н.Б******* гээд манай үеэл дүү мөнгө зээлүүлээч гэж гуйсны дагуу би хүнээс мөнгө авч өгсөн. Шүүх дээр Б*******ийн тайлбараас харахад 120,000,000 төгрөг гэдэг Б******* үүнийг буруу тооцоод 130,000,000 төгрөг гэдгээ хэлдэг тэр нь шүүхийн шийдвэрт тусгагдаагүй байгаа юм. Б******* миний данснаас тэд тэд орж ирсэн гэж хэлдэг өөр хүний данс руу шилжүүлж авснаа тооцдоггүй. 137,000,000 төгрөгийн хүү авсан гэж байгаа юм. Энэ нь надад өөрөө 10,000,000 төгрөгийн өртэй байж байгаад тэрийгээ нөгөө хүнээс авах ёстой байсан мөнгөнөөс хасуулсан. Тэрийгээ бас мэддэггүй. 130,000,000 төгрөг гэдгийг 120,000,000 төгрөг гэж байгаа 33,750,000 төгрөгийн хүү авсан гээд байгаа. Энэ бол надад өртэй 10,000,000 төгрөгөө тэр мөнгөнөөс хасуулаад 23,750,000 төгрөг болж байгаа энэ мөнгөнөөс дахиад өөр хүний данс руу шилжүүлж авсан мөнгийг хасаагүй гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа хэд хэдэн үндэслэл байна гэж харж байна.
Анхан шатны шүүх нь нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс гадуур буюу хальж шийдвэр гаргасан гэж үзэж байна. Шүүхийн шийдвэрийг харахаар зээл зээлийн хүү 236,000,000 төгрөг гаргуулах иргэний хэргийг хянан үзлээ гэж байгаа юм. Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх нь нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг харахад 236,000,000 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан байдаг. Ямар нэг байдлаар зээл болон түүний дотор хүү шаардсан зүйл байхгүй. Б*******ийн Г*******аас хүнээс хүүтэй мөнгө зээлээд өгөөч гэсэн хүсэл зоригийн илэрхийллийн дагуу Г******* гэж хүн нь хүнтэй холбогдоод мөнгө өгсөн. Энд ямар нэг байдлаар дунд нь мөнгө зээлүүлээд түүнээсээ ашиг олох зорилгоор гэрээ байгуулсан зүйл байдаггүй. Улмаар 136,000,000 төгрөг авсан байна шүү 130,000,000 төгрөгийн хүү бодогдсон байна шүү ингээд 236,000,000 төгрөг болсон байна шүү гэдэг зүйлийг Б******* тухайн үед хэлээд үүнийг нь Б******* өөрөө зөвшөөрөөд баталгаа бичиж өгсөн. Тус баталгааг нь нотлох баримтын хүрээнд анхан шатны шүүхэд гаргаж өгсөн байдаг. Тус баталгааны дагуу шүүхээс баталгаанд заасан 236,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэсэн шаардлага гаргасан болохоос хүү болон үндсэн зээл шаардсан зүйл байхгүй. Энэ талаар анхан шатны шүүх үндэслэлтэй тайлбар хийгээгүй байна гэж үзэж байна. Нэхэмжлэгчийн ярьж байгаагаар шүүх тооцооллын алдаа гаргасан буюу шүүх хуралдаанд талуудын гаргаж өгсөн тайлбараас өөрөөр дүгнэсэн асуудал яригддаг. Нийтдээ 120,000,000 төгрөгийг хариуцагч нэхэмжлэгчээс авсан гэж тайлбарлаж байгаа шүүх хуралдааны явцад 130,000,000 төгрөг авсан юм байна үүнээс 50,000,000 төгрөгийг өгсөн одоо үлдэгдэл мөнгийг өгөх дутуу байгаа гэтэл үүнийг нь шүүх 120,000,000 төгрөг өгсөн байна үүнээс 50,000,000 төгрөгийг буцааж өгсөн одоо 70,000,000 төгрөгийг гаргуулах нь зүйтэй гэж шийдвэртээ тусгасан. Яг үнэндээ талуудын гаргаж өгсөн тайлбар мэдүүлгээр 80,000,000 төгрөг гаргаж өгөх үндэслэл бүхий шийдвэр гарах ёстой байсан. Тооцооллын алдаа гаргасан энэ талаар шүүх ямар нэг байдлаар дүгнэлтдээ тайлбар хийгээгүй гэж үзэж байна. Бас нэг зүйл нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хууль зөрчсөн зөрчлийн шинжтэй үйлдэл байгаа. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээж аваад 14 хоногийн дотор хариуцагч хариу тайлбар өгөх ёстой. Энэ шаардлагаа биелүүлээгүй, хариуцагч 14 хоногийн дотор хариу тайлбараа ирүүлгүй ч шүүх хуралдаанд ирээд тайлбараа гаргадаг. Нэхэмжлэгч нь ямар нэг байдлаар хариуцагчийн тайлбартай холбоотой мэтгэлцэх боломжийг гаргаж өгөөгүй. Хэрвээ 14 хоногийн дотор үнэхээр хүлээн зөвшөөрөхгүй байгаа бол зөвшөөрөхгүй гэдгээ ямар үндэслэлээр зөвшөөрөхгүй байгаа гэдгээ тайлбар нотлох баримтаа гаргаж өгсөн байвал түүнтэй нь холбогдуулаад нэхэмжлэгчийн зүгээс зээлийн гэрээ ч юм уу шаардлагатай нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөх энэ талаар мэтгэлцэх бүрэн боломжтой байсан. Гэтэл энэ мэтгэлцэх эрхийг хангаагүй байгаа нь шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлд оруулж гомдол гаргасан. Шүүх хуралдаанд тайлбар гаргаж байгаа мөртлөө үүнийгээ нотолсон баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй байгаа нь хариуцагчийн гаргасан тайлбар үндэслэлгүй. Гэтэл шүүгч зөвхөн хариуцагчийн гаргасан тайлбарын дагуу шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт тусгасан. Нэхэмжлэгчийн гаргасан тайлбарт ямар нэг дүгнэлт хийж өгөөгүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн зүгээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.3 дахь хэсэгт зааснаар арилжааны банкнууд руу зарлагыг зогсоох нэг үгээр хэлбэл шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авах хүсэлт шүүхэд гаргасан. Хариуцагч банканд ямар данс эзэмшдэг гэдгийг шүүх мэдэхгүй учраас хүлээж авах үндэслэлгүй гэдэг тайлбараар шүүх хүлээж авахаас татгалзсан байдаг. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170-т зааснаар гомдол гаргах эрхтэй байсан боловч захирамжид гаргах эрхгүй гэж захирамжилсан байдаг. Тиймээс тухайн үндэслэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа гомдлоо гаргаж чадаагүй нь нэхэмжлэгчийн зүгээс дахиад 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр шүүхээс гарах шийдвэрийг баталгаажуулах хүсэлтийг гаргасан. Шүүх хуралдаан товлогдсноос хойш хүсэлт гаргасан. Үүнийг шүүх хүлээж авч шийдвэрлэхдээ мөн адил хариуцагчийн ямар данс эзэмшдэг нь тодорхойгүй байгаа учраас дансны хөдөлгөөний битүүмжлэх боломжгүй байна гэж гаргасан. Гэхдээ шүүх хуралдаан нэгэнт зарлагдсан байсан боловч шүүхээр хэлэлцэх боломжтой байсан. Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн гаргаж байгаа хүсэл зоригийг илэрхийлэх боломжийг хангаагүй байна. 69.1-т заасан хүсэлтэд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1 дэх хэсэгт заасан гомдол гаргах эрхтэй байхаар гардаг. Үүн дээр гомдол гаргаагүй, бүрэлдэхүүнтэй хянан хэлэлцэх боломжийг нэхэмжлэгч талд олгоогүй ноцтой алдаа гаргасан байна гэж үзэж байгаа. Хэрвээ шүүх хуралдааны үеэр хэргийг шийдвэрлэхэд хангалттай нотлох баримт цуглаагүй байна, хэргийн үйл баримт тодорхойгүй байна гэж үзвэл шүүх өөрийн санаачилгаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлд заасны дагуу нотлох баримт бүрдүүлэх бүрэн эрх өөрт нь байдаг. Хариуцагч нотолж чадаагүй байхад шүүх хуралдаан хийж байгаа нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа зөрчсөн шинжтэй байна гэж үзэж байна. Тиймээс анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байх тул анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилтот нийцнэ гэв.
ХЯНАВАЛ:
1.Давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй Д.Г*******ын нэхэмжлэлтэй хэргийг бүхэлд нь хянан хэлэлцэв.
2.Нэхэмжлэгч Д.Г******* нь хариуцагч Н.Б******* холбогдуулан 236,000,000 төгрөг гаргуулах тухай шаардлага гаргасан ба хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын заримыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.
Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд нэхэмжлэгч Д.Г*******ын нэхэмжлэлийн шаардлагын заримыг хангаж шийдвэрлэснийг нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч нар эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан байна.
Нэхэмжлэгчээс давж заалдах гомдлоо шүүх хэргийн бодит байдалд нийцээгүй дүгнэлт хийсэн, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн байхад энэ талаар дүгнэлт хийгээгүй, шүүх нэг талыг баримтлан талуудын мэтгэлцэх зарчмыг алдагдуулж нэхэмжлэлийн шаардлагаас хальсан дүгнэлт хийсэн гэж тайлбарлажээ.
3.Хэргийн үйл баримтын талаар:
Хариуцагч Н.Б*******ийн хүсэлтээр нэхэмжлэгч Д.Г******* нь бусдаас сарын тодорхой хэмжээний хүүтэй мөнгө зээлж, зээлсэн мөнгөө хариуцагчид шилжүүлсэн, зээлсэн мөнгөө бүрэн төлөөгүй байхдаа дахин мөнгө зээлэх хүсэлт гарган эхний зээлийн хүүг дараагийн зээлж байгаа мөнгөнөөс нь суутган нэхэмжлэгчид шилжүүлдэг, зохигчид нь мөнгө зээлэхтэй холбоотой бичгээр ямар нэгэн гэрээ байгуулаагүй, зээлийн хугацаа болон сар тутамд тооцох хүүг тохироогүйн улмаас зохигчдын дунд зээл төлөх дүнгийн талаар маргасан үйл баримт тогтоогдож байна.
Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаа 2024 оны 09 сарын 18-ны өдрийн тооцоо нийлсэн актын дагуу 236,000,000 төгрөг гаргуулна гэж шаардсан бол хариуцагч татгалзалаа нэхэмжлэгчээс мөнгө тодорхой хүүтэй зээлж авсан гэдгээ хүлээн зөвшөөрнө. Тооцоогоор 120,000,000 төгрөг өгөхөөс 50,000,000 төгрөгийг төлсөн одоо 70,000,000 төгрөгийг төлнө гэж маргажээ.
4. Хэрэгт авагдсан баримтаар:
Зохигчдын хооронд данснаас данс руу хийгдсэн мөнгөн дүнгийн тооцоололыг нэхэмжлэгч Д.Г******* тайлбарлахдаа:
-2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр 20,000,000 төгрөг шилжүүлсэн ба түүн дээр өмнө авсан гэх 10,000,000 төгрөгийг нэмж 30,000,000 төгрөг,
-2023 оны 03 дугаар сарын 16-ны өдөр дахин түүний хүсэлтээр 50,000,000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулан өмнөх 2 сарын хүүнд 5,750,000 төгрөгийг өмнө зээлдүүлсэн 10,000,000 төгрөгөө суутган авч 34,250,000 төгрөг,
2023 оны 07 дугаар сарын 17-ны өдөр дахин түүний хүсэлтээр 50,000,000 төгрөгийн нэмж авч өмнөх 4 сарын хүүнд 26,000,000 төгрөгийг суутган аваад 24,000,000 төгрөгийг тус тус шилжүүлэн өгсөн. Үүнээс хойш 2 сар огт төлөлт хийгдээгүй, нөгөө хүн маань мөнгөө нэхээд байсан учраас хүүнд нь 2 удаагийн гүйлгээгээр 31,500,000 төгрөгийг шилжүүлсэн. Үүнээс хойш мөнгөө төлөхгүй байсан учраас Н.Б*******эй уулзаж тооцоо нийлж 236,000,000 төгрөгийг надад цувуулан төлөхөөр тохиролцсон тул тооцоо нийлсэн актаар мөнгөө нэхэмжилсэн гэжээ.
Харин хариуцагч талаас тайлбарлахдаа:
-2023 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр 20,000,000 төгрөг, мөн 10,000,000 төгрөгийг,
-2023 оны 03 дугаар сарын 16-ны өдөр 50,000,000 зээлээд түүнээс 10,000,000 төгрөгийг мөн 2 сарын хүүнд 5,750,000 төгрөг суутгуулаад нийт 34,250,000 төгрөгийг,
-2023 оны 07 дугаар сарын 17-ны өдөр 22.000.000 төгрөг орж ирсэн, үүнийг 50,000,000 төгрөг болгон тооцсон. Гурван удаагийн гүйлгээгээр 20,000,000, 50,000,000, 50,000,000 төгрөг нийт 120,000,000 төгрөгийг зээлдсэн. Үүнээс задалвал 86,250,000 төгрөг бэлнээр орсон, 33,750,000 төгрөгийг хүүнд төлсөн. 2024 оны хавар 12,000,000 төгрөгийг хүүнд, 2024 оны 08 дугаар сард 50,000,000 төгрөгийг үндсэн мөнгөнөөс төлсөн. Одоо үндсэн мөнгөнд өгсөн 50,000,000 төгрөгөө 120,000,000 төгрөгөөс хасч 70,000,000 төгрөгийг төлнө гэжээ.
Хэрэгт авагдсан баримт банкны дансны хуулга болон зохигчдын тайлбар зэрэг баримтуудад дүгнэлт хийвэл талууд эхний удаад 20,000,000 төгрөг, урд зээлдсэн 10,000,000 төгрөг, 2 дахь удаад 34,250,000 төгрөг авсан боловч түүнээс өмнө авсан 10,000,000 төгрөгийг буцаан өгсөн, 2 сарын хүүнд 5,750,000 төгрөг өгсөн, 3 дахь удаад нэхэмжлэгч 24,000,000 төгрөг шилжүүлсэн үйл баримт тогтоогдсон дээрхи 3 удаагийн шилжүүлэгээр хариуцагч нэхэмжлэгчээс нийт 120,000,000 төгрөг зээлдсэн болон зээлийн гэрээний үүргийг бүрэн биелүүлээгүй байгаа тал дээр маргаагүй байна.
Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаа 2024 оны 09 сарын 18-ны өдөр тооцоо нийлсэн актыг үндэслэн 236,000,000 төгрөг гаргуулан гэж тайлбарладаг.
Нэхэмжлэгчээс ирүүлсэн Баталгаа гаргах тухай 2024 оны 09 сарын 18-ны баримтыг /хх-ийн 12 тал/ шүүх хариуцагч Н.Б*******ийг 236,000,000 төгрөгийн үүрэг хүлээсэн гэж үзэх үндэслэлгүй байна.
Учир нь хариуцагч нь хэдийгээр баталгаа гаргасан боловч энэхүү баталгааг үндэслэн нэхэмжлэгчээс 2024 оны 10 сарын 28-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн эвлэрүүлэн зуучлагчид хандсан боловч эвлэрүүлэн зуучлах ажиллагаагаар хариуцагч зөвшөөрөөгүйн улмаас ажиллагаа дуусгавар болсон байх тул талуудыг тооцоо нийлсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Мөн нэхэмжлэгч бусдаас хүүтэй мөнгө зээлүүлсэн талаар болон зээлийн хугацаа, зээлийн хүүг хэдэн хувиар хэрхэн тооцсон талаар баримт ирүүлээгүй байх тул анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага хариуцагчийн тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан баримтуудад үндэслэн зохигчдын хооронд Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1-д заасан Зээлийн гэрээний харилцаа үүссэн талаар дүгнэж, 282.3-д ... талууд зээлийн гэрээнд хүү тооцож байгаа нөхцөлд зээлийн гэрээг бичгээр хийнэ гэснийг зөрчсөн гэж нэхэмжлэгчийг хүү шаардах эрхгүй талаар хийсэн дүгнэлт хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон гэж үзлээ.
5.Нэхэмжлэгчийн зүгээс гаргасан ...Шүүх хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс гадуур хэргийг шийдвэрлэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн, мэтгэлцэх эрхийг хэрэгжүүлэх боломж олгоогүй, эрхийг хязгаарласан... гэх гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Учир нь: Нэхэмжлэгч Д.Г******* 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргасныг 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдөр иргэний хэрэг үүсгэн ажиллагаа явуулж, 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр нэхэмжлэлийн хувийг хариуцагчид гардуулан 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр тайлбар гаргахаар тогтсон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-д заасан 14 хоногийн хугацаанаас багасгасан хугацаа тогтоосон боловч энэ талаар хариуцагч гомдол гаргаагүй, дээрх хугацаанд хариуцагч тайлбар гаргаагүй 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр буюу шүүх хуралдаан товлогдсон өдөр тайлбараа ирүүлсэн байна.
Шүүх хурлын тэмдэглэлээр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс өмнө хэргийн зохигчид болон оролцогч нарт хэргийн материалтай танилцуулсан, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхээс өмнө хэргийн оролцогчдоос шүүхэд шинээр нотлох баримт гаргаж өгөх талаар тодруулсан байхад нэхэмжлэгч нотлох баримт байхгүй талаар мэдүүлсэн байх ба Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлд зааснаар нотлох баримтыг бүрдүүлэх талаар шүүх хуралдаанд хүсэлт гаргаж шийдвэрлүүлэх боломжтой байхад хүсэлт гаргаагүй байх тул түүний шүүх нотлох баримт бүрдүүлэх эрхийг зөрчсөн гэсэн гомдол нь үндэслэлгүй байна.
Нэхэмжлэгчийн зүгээс тус шүүхэд 2024 оны 12 дугаар сарын 25, 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр тус тус Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасан шүүхээс гарах шийдвэрийг баталгаажуулах арга хэмжээ буюу 69.1.3-д зааснаар хариуцагчийн дансны хөдөлгөөнийг нэхэмжилж буй үнийн дүнгийн хэмжээгээр зогсоох арга хэмжээ авахыг хүссэн ба шүүгч тус хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэхдээ хариуцагч аль банканд ямар данс эзэмшдэг нь тодорхойгүй тул хүсэлтийг хүлээн авах боломжгүй гэж, дараах удаад шүүх хуралдаан зарлагдсан тул данс битүүмжлэх шаардлагагүй гэж шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1-д зааснаар гомдол гаргах эрхтэй захирамжийг гомдол гаргах эрхгүй гэж дурьдсан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил мөн боловч хэргийг хүчингүй болгох үндэслэл болохгүй гэж үзлээ.
Шүүгчээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан захирамждаа гомдол гаргах эрхгүй гэж дурьдсан нь зохигчид болон хэргийн оролцогчийн хуулийн дагуу гомдол гаргах эрхийг хязгаарлах, гомдлыг хүлээн авахгүй байх үндэслэл болохгүй бөгөөд нэхэмжлэгч өмгөөлүүлэх эрхээ эдэлж шүүн таслах ажиллагаанд өмгөөлөгчтэй оролцсон тул тухайн захирамжинд гомдол гаргах боломжгүй байсан, хуульд заасан эрхийг шүүгч захирамжаараа шүүх хязгаарласан гэсэн гомдлыг хүлээн авах боломжгүй байна.
Түүнчлэн давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэр нь зохигчдын хооронд үүссэн эрх зүйн харилцааны талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн гэж үзсэн тул шүүгчээс хариуцагчийн дансны хөдөлгөөнийг зогсоох буюу шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ аваагүй боловч энэ зөрчил нь дангаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болохгүй, хэргийг анхан шатны шүүхээр дахин шийдвэрлүүүлэхээр буцаах нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг удаашруулах тул хэргийг түргэн шуурхай шийдвэрлэн дуусгах нь шийдвэр бодитой биелэх магадлалыг нэмэгдүүлнэ гэж үзсэн болно.
6.Иймд Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 149/ШШ2025/00014 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн
167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 149/ШШ2025/00014 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ Г.ДАВААРЕНЧИН
ШҮҮГЧИД Я.ТУУЛ
Б.ЭРДЭНЭХИШИГШИГ