Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 25 өдөр

Дугаар 184/ШШ2016/00706

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

               Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунчимэг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

               Нэхэмжлэгч: “Арвайн үндэс” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

               Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Алтайн 2 дугаар гудамж, 166 тоотод оршин суух, эмэгтэй, Ламын гэгээн овогт Цагааны Цэрэнд холбогдох

               гэрээний үүргийн  биелэлт 3 510 000 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв. 

               Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ганзориг, хариуцагч Ц.Цэрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Одончимэг нар оролцов.                                                                                                            

                                  ТОДОРХОЙЛОХ  НЬ:                                                                        

               Нэхэмжлэгч “Арвайн үндэс” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ганзориг  шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

               Манай компани нь хүнсний худалдаа эрхэлдэг бөгөөд өөрсдийн үйлдвэртээ дотоодын архи пиво, ус үйлдвэрлэн бусдад худалддаг. Иргэн хуулийн этгээдэд бараа бүтээгдэхүүн нийлүүлэхдээ захиалагчийн захиалсан дариуд барааг нийлүүлдэг бөгөөд зарим худалдан авагчдад төлбөрийг дараа төлөх нөхцөлтэйгөөр зарлагын баримтаар төлөх өдрийг тохиролцон бичиж нийлүүлдэг. Ц.Цэрэн нь “Батгэгээ” хүнсний дэлгүүрийг түрээслэх явцдаа бараа бүтээгдэхүүн нийлүүлэх байнгын дараа төлөх нөхцөлтэй харилцан ажилласан. Хариуцагч Ц.Цэрэн нь 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдөр нийт 2 340 000 төгрөгийн бараа зээлээр авсан ба 2015 оны 12 дугаар сарын 01-ний дотор төлж дуусгахаар тохиролцсон боловч бүрэн төлөлт хийгдээгүй болно. Мөн 2016 оны 02 дугаар сард ахин тооцоо нийлж үлдэгдэл 2 340 000 төгрөгийг 4 дүгээр сард төлж дуусгахаар тохирч төлбөрийн график гаргасан ч төлөлт хийгээгүй.

               Бараа бүтээгдэхүүн бууснаас хойш 4 сарын дараа төлбөр төлөхөөр харилцан тохиролцож бараа хүлээж авсан орлогын баримтын доод хэсэгт хугацааг бичсэн. Үүнээс хойш тохиролцсон хугацаанд төлөлт хийгдээгүй, 1 жилийн хугацаа өнгөрч байна. Манай байгууллага анх алданги тооцно гэж хүсээгүй, үндсэн төлбөрөө төлөхийг шаардаж төлбөрийг төлөхөөр график байгуулж тохиролцсон боловч нэг ч удаа төлөлт хийгээгүй. Цаг хугацаа, бензин тос гэх зэрэг бусад хохирлыг нэхэмжлэлд тусгаагүй, байгууллагын дотоод журмаар найдваргүй зээлд тооцож үндсэн төлбөрийг алдангийн хамт нэхэмжилсэн.

              2015 оны 8 дугаар сарын 11-ний өдөр 2 340 000 төгрөгийн үнэтэй монгол пиво нь Хүрхрээ, Соёолж, 2.5 литртэй, нэг ширхэгийн үйлдвэрийн үнэ нь соёолж 4 700 төгрөг, Хүрхрээ 4 600 төгрөгийн үнэтэй хэдэн ширхэгийг хүлээлгэж өгсөн тоо ширхэгийг нь хавтаст хэрэгт баримтаар өгөөгүй болохоор хэлж мэдэхгүй байна.  Мөн 2 ширхэг орос пиво, тус бүрийн үнэ 4 200 төгрөг, 4700 төгрөгөөр авсан тоо ширхэгийг мэдэхгүй байна. Ингээд 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрөөс 2015 оны 12 сарын 01-ний өдөр хүртэл 4 сарын хугацаанд төлнө гэж тохиролцсон ч өнөөдрийг хүртэл төлөөгүй.

             Иймд үндсэн төлбөр 2 340 000 төгрөг, үндсэн төлбөрийн 50 хувиар тооцож 1 170 000 төгрөгийн алданги тооцож нийт 3 510 000 төгрөгийг нэхэмжилж байна. Удаасан учир алдангийг хасахгүй гэсэн. Алдангийг 2015 оны 12 дугаар сарын 31-нээс шүүхэд нэхэмжлэл гаргасан өдөр 2016 оны 5 дугаар сарын 23-ныг хүртэл 50 хувиар тооцсон. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

 

               Хариуцагч Ц.Цэрэн нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

               Миний бие Сонгинохайрхан дүүргийн 31-р хорооны Алтайн 2-127 тоот хашаанд байрлах “Батгэгээ” хүнсний 8 нэрийн дэлгүүрийг түрээслэн ажилладаг байсан. Тухайн үед “Арвайн үндэс” ХХК-ийн борлуулагч Ганзориг манай дэлгүүрт нэрийн бараа болох Арвай архи, Соёолж пиво, Брайт 2,5 литр гэх бүтээгдэхүүнээ нийлүүлдэг байсан. Ер нь “Арвайн үндэс” ХХК-ийн бараа бүтээгдэхүүнийг хүмүүс авч хэрэглэдэггүй. 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдөр борлуулагч Ганзориг ирж манай компани хэдэн дэлгүүрт архи пиво зээлээр олгохоор болсон үүнд танай дэлгүүр орсон гэж хэлээд бараагаа тоогоор нь өгч байгаа гээд Хүрхрээ 2.5 литр, Соёолж 2.3 литр, Соёолж 2 литртэй нийт 3 төрлийн пиво нийт 2 340 000 төгрөгийг үнэ бүхий бараа өгсөн. Тухайн үед урт хугацаатай юм гэж бодоод л авсан гэтэл 2015 оны 8 дугаар сарын 15-ны өдрөөс Улаанбаатар хотын даргын захирамж гарч 8 нэрийн аж ахуй нэгжүүдийн хооронд болзолт уралдаан зарлаад  нормд хүрээгүй дэлгүүрүүдийг хаах шалгалт явж эхэлсэн. Тус арга хэмжээнд тэнцэхийн тулд гадна талын тохижилт хийснээр дэлгүүр үйл ажиллагаа явуулаагүй юм. Гэтэл түрээслэгч эзэн нь паараа солиноо шинэ турба хөрөөдөн дахиад ашиглаж болохгүй юм байна гээд надаас 3 сарын түрээсийн төлбөр авна, өгөхгүй бол халаалт тавьж чадахгүй гэсээр 11 дүгээр сарын 25-нд би бүх бараагаа хөлдөөж муутгаад энэ дэлгүүрээс гарсан. Энэ хугацаанд Ганзоригийг нийлүүлсэн бараагаа авахыг хэлэхэд авахгүй, таны төлбөр төлөх хугацаа болоогүй гэж хэлсэн. Үүний дараа жижиг мухлаг ажиллуулсан боловч пивонууд нь хөлдсөн учраас ирээд акт бичээч гэсэн ч Ганзориг нь эмнэлэгт хэвтэж байна гэсэн.

               2015 оны 8 дугаар сарын 12-ны өдөр Хүрхрээ 2.5 литр, Соёолж 2.3 литр, Соёолж 2 литртэй нийт 3 төрлийн пиво хүлээж авсан. Хүрхрээ 4 800, Соёолж 4 600, Соёолж 2 литртэй 3800 төгрөг нийт 36 крат пиво буюу нийт 2 340 000 төгрөгийн пиво авсан. 480 000 төгрөгийн “Арвайн үндэс” ХХК-иас архи хүлээж аваад буцаан архины мөнгөө өгсөн. 2015 оны 12 дугаар сард борлуулж дуусгах ёстой гэж тохиролцсон. Би тухайн үед дэлгүүр түрээсэлдэг байсан. Хотын даргын захирамж гарч 8 нэрийн дэлгүүрт их засвар хийлгэнэ. Уралдаан зарлаж уралдааны болзол хангахгүй бол эрхийг нь хасна гэсэн. 2015 оны 8 дугаар сарын 30-ны өдрөөс эхэлж 2015 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл гадна засвар хийж 45 хоногийн болзолт уралдаанд нь дэлгүүр ажиллуулах эрхээ авсан. Паар засаж өгөөрэй гэж түрээслүүлэгч нартаа хэлэхэд төсөв мөнгөгүй болсон 11 сард багтааж тавьж өгнө гэж хэлсэн. 12 сар хүртэл тавьж өгөөгүйгээс хүйтэн нөхцөлд бүх бараа хөлдсөн. Дэлгүүр түрээслүүлж байгаа хүмүүстэй бараа хөлдөж алдагдалд орж байна халаалтаа тавьж өгөө ч гэж хэлэхэд чадахгүй байна гэж хэлсэн. Ганзоригтой ярьж жирийн нөхцөлд Хүрхрээ, Соёолж пивоноос хүмүүс авахгүй байна бараа авахаараа ихэнх хүмүүс зээлээр авч миний цүнхээр дүүрэн иргэний үнэмлэх бичиг баримт байна гэдгээ 11 дүгээр сарын 14-ний үед ярьсан. “Арвайн үндэс” ХХК-ийн пивыг аль ч дэлгүүр авахгүй байсан. Ингээд Улаанбаатар хотын даргын захирамж гарч дэлгүүрээ ажиллуулах боломжгүй болохоос өмнө  4 жилийн хугацаанд хамтарч ажилласан. Паар хөлдсөнөөс хойш дэлгүүр ажиллахгүй мөнгөгүй болсон. Би өөрөө витафит ундаа гэх зэрэг олон бараа хөлдөж алдагдал хүлээсэн. Тэтгэврийн мөнгөө 2018 оныг хүртэл зээлж бараа авсан байсан. “Хас” банкинд 10 000 000 төгрөгийн зээлтэй, “Арвайн үндэс” ХХК-тай ямар нэг асуудалгүй хамтарч ажиллаж байтал дэлгүүр хөлдөж, би алданги хүлээж өр зээлээ төлөх төлбөрийн чадваргүй болсон. Анх гэрээ хийхдээ алданги тооцно гэж мэдээгүй. Харин намайг урамшуулна гэж хэлсэн. 9 дүгээр сараас үндсэн төлбөр 2 340 000 төгрөгөө тодорхой график гаргаж 6 сарын хугацаанд төлнө гэв.

                           

              Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад                                                        

                                                                                                    ҮНДЭСЛЭХ НЬ:

 

              Нэхэмжлэгч “Арвайн үндэс” ХХК нь хариуцагч Ц.Цэрэнд холбогдуулан гэрээний үүргийн биелэлт 3 510 000 төгрөг нэхэмжилсэн ба дараахь үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.  

               Ц.Цэрэн нь “ Арвайн үндэс” ХХК-иас 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдөр 2 340 000 төгрөгийн шар айраг зээлээр худалдан авч үнийг нь 2015 оны 12 дугаар сарын 01-ний дотор төлөхөөр тохиролцсон, төлбөрийг төлөөгүй болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар, тооцооны үлдэгдлийн баталгаа /хх-4, 5 тал/, 2016 оны 3 дугаар сарын төлбөрийн график /хх-6 тал/ гэсэн баримтуудаар тогтоогдож байна.

               Нэхэмжлэгч нь барааны үнэ 2 340 000 төгрөг, алданги 1 170 000 төгрөг, нийт 3 510 000 төгрөг нэхэмжилсэн ба хариуцагч нь 2 340 000 төгрөг төлөхийг зөвшөөрч,  алдангийг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

               Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д “Зээлээр худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь худалдан авагч үнийг төлөхөөс өмнө эд хөрөнгийг шилжүүлэх, худалдан авагч нь үнийг гэрээнд заасны дагуу тодорхой цаг хугацааны дараа хэсэгчлэн  буюу бүрэн, эсхүл тодорхой цаг хугацааны туршид хэсэгчлэн төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заажээ.

               Нэхэмжлэгч “Арвайн үндэс” ХХК  нь хариуцагч үнийг төлөхөөс өмнө 2 340 000 төгрөгийн  шар айргийг шилжүүлсэн байх ба хариуцагч нь үнийг тодорхой хугацаа буюу 2015 оны 12 дугаар сарын 01-ний дотор төлөх үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэгч нь хариуцагчаас гэрээний үүргийн биелэлтийг шаардаж байгаа нь үндэслэлтэй байна.

              Зохигчийн хэн алин нь 2 340 000 төгрөгийн эд хөрөнгө хүлээлгэн өгсөн, хүлээн авсанд маргаангүй ба зарлагын баримтаар эд хөрөнгө хүлээлцсэн болох нь                зохигчийн тайлбараар тогтоогдсон зарлагын баримтыг үндэслэн  талуудын хооронд Иргэний хуулийн 263 дугаар зүйлийн 263.1-д заасан хэлбэрийн шаардлагыг хангасан зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан гэж дүгнэв.

              Нэхэмжлэгч нь 2015 оны 12 дугаар сарын 31-нээс шүүхэд нэхэмжлэл гаргасан өдөр буюу 2016 оны 5 дугаар сарын 23-ныг хүртэл алданги тооцсон гэж тайлбарласан. Гэвч зохигч 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдөр гэрээ байгуулахдаа Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т заасан шаардлагыг хангаж бичгээр алданги тохиролцоогүй, харин 2016 оны 3 дугаар сард төлбөр төлөх график гаргаж  /хх-6 тал / хариуцагч нь 2 340 000 төгрөгийг 2016 оны 4 дүгээр сарын 30-ны дотор төлж дуусгах, тохирсон хугацаанд төлөөгүй тохиолдолд хоногийн 0.5 хувиар алданги тооцохоор бичгээр тохиролцсон байна.

               Иймд зохигчийн бичгээр алданги тохиролцсон төлбөр төлж дуусгах хугацаа буюу 2016 оны 4 дүгээр сарын 30-наас шүүхэд нэхэмжлэл гаргах өдөр буюу 2016 оны 5 дугаар сарын 23-ныг хүртэл 23 хоногт 0.5 хувиар алданги тооцож гаргах үндэслэлтэй байна.

               Хариуцагч нь алданги төлөх чадваргүй гэж тайлбарласан боловч нь 2 340 000 төгрөгийг 2016 оны 4 дүгээр сарын 30-ны дотор төлбөрийг төлөөгүй тохиолдолд хоногийн 0.5 хувиар алданги тооцохоор Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т заасан шаардлагыг хангаж бичгээр алданги тохиролцсон байгаа тул хариуцагчийн тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй байгаа болно.

               Иймд хариуцагчийн төлөхийг зөвшөөрсөн 2 340 000 төгрөг, 23 хоногийн алданги / 2 340 000 төгрөг*0.5 хувь=11 700 төгрөг / 1 хоногийн алданги / *23 хоног/ 269 100  төгрөг, нийт /2 340 000 төгрөг+269 100 төгрөг/ 2 609 100 төгрөгийг Ц.Цэрэнгээс гаргуулан “Арвайн үндэс” ХХК-д олгож шийдвэрлэв.

              Хариуцагч нь төлбөрийг  график гаргаж төлнө гэж тайлбарласан ба энэ талаар шийдвэр гүйцэтгэлийн шатанд тохиролцох боломжтой болохыг дурдав.

 

              Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.2, 116, 118 дугаар  зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

             1.Иргэний хуулийн 262 зүйлийн 262.1, 263 дугаар зүйлийн 263.1, 232 дугаар зүйлийн 232.3, 232.6-д зааснаар хариуцагч Ламын гэгээн овогт Цагааны Цэрэнгээс 2 609 100 төгрөг гаргуулан   нэхэмжлэгч “Арвайн үндэс” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 900 900 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

              2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар хариуцагчаас 56 695 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 79 140 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

              3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нар  нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                С.ОЮУНЧИМЭГ