| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Загдаагийн Болдбаатар |
| Хэргийн индекс | 185/2019/0530/Э |
| Дугаар | 525 |
| Огноо | 2019-05-31 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Г.Ганбагана |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 05 сарын 31 өдөр
Дугаар 525
2019 5 31 2019/ШЦТ/525
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж,
нарийн бичгийн дарга Д.Хандсүрэн,
улсын яллагч Г.Ганбагана,
гэрч Э.Бат-Өлзий,
хохирогч Э.Учрал,
шүүгдэгч Л.Г, түүний өмгөөлөгч П.Ундрах-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л.Г холбогдох эрүүгийн 1909009270315 дугаартай хэргийг 2019 оны 5 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1998 оны 7 дугаар сарын 15-ны өдөр Өвөрхангай аймгийн Зүүнбаян Улаан суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5 эцэг, эх, дүү нарын хамт амьдардаг, “Харрьер сервис” ХХК-д худалдагчийн ажил хийдэг, урьд ял шийтгэгдэж байгаагүй, Л.Г
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Яллагдагч Л.Г нь 2019 оны 02 дугаар сарын 26-наас 02 дугаар сарын 27-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Э.Учралтай хувийн таарамжгүй харьцаанаас болж маргалдан, зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Л.Г шүүхийн хэлэлцүүлэгт “…2019 оны 02 дугаар сарын 26-наас 2019 оны 02 дугаар сарын 27-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Э.Учралтай маргасан. Намайг түлхэхэд нь би унагаагаад 2-3 удаа цохисон. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Тухайн үед Э.Учралыг Гэмтэл согог судлалын үндэсний төвд очиж үзүүлье гэхэд явахгүй суугаад байсан. Явахгүй гээд өөрөө түрүүлээд гэр рүүгээ явсан...”гэв.
түүний мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагчаар өгсөн: “…2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн шөнийн 22 цагийн үед найз Бат-Өлзий бид хоёр байж байтал Учрал, Ариунболд хоёр залгаад бид хоёр 120 дээр явж байна ганц хоёр юм уух гэж байна гэж хэлсэн. Тухайн үед би том 0.75 литрийн хараа архи авсан байсан. Үүний дараа Учрал, Ариунболд хоёр 120-с 25 дугаар эмийн сангийн буудал дээр ирж Бат-Өлзий бид хоёрыг авсан. Ингээд бид дөрөв Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороонд байрлах Дөлгөөн нуурын Алтай хорооллын замын эсрэг талд очоод Ариунболд нэг том пиво, нэг лаазтай пиво авсан. Тэгээд бид дөрөв Учралын машинд суугаад архи, пивоо хувааж ууцгаасан. Ингээд уугаад удаагүй байхад машины гадаа Учрал бид хоёр гар барилдаан хийгээд Учрал намайг дийлсэн. Дараа нь бид хоёр дахиж үзээд би Учралыг дийлсэн. Үүний дараа Ариунболд бид хоёр гар барилдаан хийгээд намайг дийлсэн. Үүний дараа Ариунболд бид хоёр гар барилдаан хийгээд намайг дийлсэн. Энэ үед бид гурав Учралын машинд суугаад дахиад архиа ууж эхэлсэн. Машин дотор суугаад удаагүй байж байтал Учрал машинд байсан хүмүүст хандан хөгшин чинь ус өргөж байгаа хүчтэй болсон гэж хэлсэн. Тэгээд удаагүй байж байтал Учрал намайг гараад хоёулаа эр хүн шиг үзье гэж хэлэхэд нь би тэгье гэж хэлсэн. Дараа нь Учрал хоёулаа нэг, нэг цохилцоод салъя гэж хэлээд нэг, нэг цохилцоод салсан. Машиндаа эргэж суугаад удаагүй Учрал бид хоёр машинаасаа гараад цохилцсон. Цохилцоод машиндаа суутал Бат-Өлзийгийн арван жилийн ангийн хүүхэд нь наашаа ирж байна гээд Авто моллын тийшээ явж Бат-Өлзийгийн найзыг тосож аваад Алтайн хорооллын тийшээ би түрүүлж байрнуудын тийшээ бие засах гээд ортол Учрал миний хойноос хүрч ирсэн. Тухайн үед Учрал гар утсаараа хүнтэй ярьж байсан. Ярихдаа Ганбаа бол новшийн банди, миний найз биш юм байна гэж хэлсэн. Үүнийг би Учралаас сонсоод чи хөгшнийгөө ингэж боддын байна гэж хэлтэл Учрал надтай маргалдаад намайг эргээд явж байтал Учрал намайг хөлөөрөө өшиглөхөд нь яагаач үгүй цаашаа явсан. Тэгсэн чинь Ариунболд, Бат-Өлзий, Бат-Өлзийгийн найз араас хүрч ирэхэд зогсоол руу орж ирээд тэндээ маргалдсан. Энэ үед Учрал намайг түрүүлээд мөргөхөөр нь би Учралыг түлхэж унагаагаад 2-3 удаа нүүр рүү нь цохисон. Тэгээд би Учралыг босоод ирэнгүүт нь гэмтэл явъя гэж хэлэхэд Учрал явахгүй суугаад байсан. Учрал надад зодуулаад удаагүй босож ирээд та нар намайг нийлээд зодчихлоо гэж хэлсэн. Тэндээ Учрал сууж байгаад цаашаа гэр рүүгээ зугтаад явчихсан. Тэгээд Бат-Өлзий, Бат-Өлзийгийн найз бид гурав гэр рүүгээ явцгаасан үйл явдал болсон....” гэсэн мэдүүлэг /хх-4/,
хохирогч Л.Г шүүхийн хэлэлцүүлэгт “…2019 оны 02 дугаар сарын 26-ны 22.00 цагийн орчим Ариунболд гээд манай найз гэрийн гадаа ирээд манай ажлынхантай компьютер тоглоом тоглох уу гэж дуудсан. Ажлынхан нь 120-д байна гээд явж байхад Л.Г залгаад 25 дугаар эмийн сангийн орчим байна хүрээд ир гэсэн. Энэ талаар Ариунболдод хэлэхэд эхлээд манай ажлынхан дээр очъё гэж хэлсэн. Ариунболдын ажлынхан дээр очоод байж байтал Л.Г хүлээгээд байна, хүрээд ир гээд байн байн залгаад байсан. Би Э.Бат-Өлзий, Л.Г хоёрыг очиж авсан. Намайг очиход 0.75 граммын “хараа” архи авсан байсан. Би архинаас нь уухгүй гэхэд Л.Г миний авсан юмнаас уусангүй гээд үг хаяад байсан. Л.Гын гэрийнх нь гадаа очоод архийг хувааж уусан. Ариунболд 1 лаазтай шар айраг болон 2.5 литр шар айраг авч ирсэн байсан. Удалгүй Л.Г гар барилдаан хийе гэсэн. Гар барилдаан хийгээд ялагдчихаад машинд орж ирээд Л.Г би гар барилдаанд ялагддаггүй. Сая чамд ялагдчихлаа хоёулаа гарч зодолдъё гэсэн. Би хоёулаа юунаас болж зодолдож байгаа юм бэ, хэрвээ уурласан зүйл байгаа бол нэг нэг удаа ээлжилж цохьё гэж хэлээд машинаас буусан. Гараад цохилцоод орж ирээд чи цохиж чаддаггүй юм байна гээд хэл амаар доромжилсон. Л.Г дахиад ууя, би утсаа ломбарданд тавьчихъя. Танай урд талын бааранд оръё гэсэн. Би үгүй гэж хэлэхэд намайг машиныхаа түлхүүрийг өгчих би шагийн архи аваад ирье гээд байсан. Ариунболд явах гээд намайг гэр рүү оруулж өгөх гэхэд явуулаагүй. Камергүй газар намайг дахиж зодсон. Миний хацрын яс цөмөрсөн. Тор шиг зүйл авч нөхдөг. Тэр нь 7.000.000-8.000.000 төгрөг болдог гэсэн. Тухайн үед мөнгө байгаагүй учир хамгийн хямд зардлаар эмчилгээ хийлгэсэн. Намайг хагалгаанд орох орой Л.Г ахтайгаа хамт ирээд чиний наад гэмтэл авсан чинь үнэн юм уу худлаа юм уу гээд дарамталсан. Надад 1.900.000 төгрөг өгсөн. Одоо хадаасаа авуулах болон хамрын хагалгаа хийлгэхэд зардал гарна. Эмчилгээ хийлгэсэн боловч шүдний дээд хэсэг мэдээгүй болсон. Зарим зүйлээ мартаж санадаг болсон. Цаашдаа ямар өөрчлөлт гарахыг мэдэхгүй. Гомдолтой байна...”гэв.
түүний мөрдөн байцаалтад хохирогчоор өгсөн: “…2019 оны 02 дугаар сарын 26-ны орой 23:30 цагийн үед 25 дугаар эмийн сан орж Ганбаатарыг найз Бат-Өлзийгийнх нь хамт авсан. Тэр 2 бага зэрэг согтуу байсан 0.75 литрийн хараа архи авч орж ирсэн би юун том архи авчихсан юм би хараа уухгүй ээ уувал пиво л ууна гэтэл Ганбаатар зүгээр гэрийнхээ гадаа очоод зогсчих гэсэн бид 4 яваад 23:50 үед манай гэрийн орчимд Сүхбаатар дүүргийн 9-р хороо 7-р хороолол Шинэ дэлхий төвийн орчимд зогссон. Ариунболд “би архи уухгүй гээд зэргэлдээх дэлгүүрээс 2,5 литрийн Сэнгүр пиво авсан” гэтэл Ганбаатар миний авсан юмнаас уусангүй гээд шахаад байсан тэгээд Ганбаатар, Ариунболд, Бат-Өлзий бид дөрөв 0.75 литрийн хараа архийг хувааж уусан. Ганбаатар гар барилдаан хийе гэсэн бид нар машинаас гараад машины хамар дээр гар барилдаан хийсэн Ганбаатар надад дийлдсэн тэгснээ шаралхаад байсан бид хэд машиндаа орж ирээд суутал энэ үед Бат-Өлзий утсаар хүн дуудаад байсан удалгүй 1 залуу ирсэн Ганбаатар “Би чамаас илүү бяртай чи тийм л сүрхий хүчтэй юм бол хоёулаа зодолдъё гээд хэрүүл өдөөд байсан би тэгье гээд машинаас буусан. Би хоёулаа юунаас болж зодолдоод байгаа юм дээ хоёулаа нэг нэг удаа цохилцоод салъя гээд харилцан хоёр хоёр удаа цохилцоод машинд орж ирээд суутал тэгтэл Ганбаатар уурлаад чи цохиж чаддаггүй юм байна би сая чамайг цохиход чи хачин боллоо гээд үгээр идээд байсан тэгснээ Ганбаатар намайг хэд хэд цохиод авсан би машинаас буутал Ганбаатар мөн бууж ирээд зүүн шанаа руу гараараа цохиж газар унагасан тэгтэл тал талаас хүмүүс зодоод байсан миний бодлоор Бат-Өлзий, Бат-Өлзийгийн сүүлд дуудаж ирүүлсэн залуу Ганбаатар 3 нийлээд зодчихсон...” гэсэн мэдүүлэг /хх-14-15/,
Гэрч Э.Бат-Өлзий шүүхийн хэлэлцүүлэгт “...Учрал, Л.Г нар юунаас болж маргалдсан гэдгийг сайн мэдэхгүй байна. Бид 3 нийлж хохирогчийг зодоогүй. Тухайн өдөр 1 шил 0.75 граммын архийг дөрвүүлээ хувааж уусан. Э.Учрал 1 лаазтай шар айраг уусан. Би хохирогчийг цохисон асуудал байхгүй. Л.Г, Э.Учрал хоёр байрны орчим зогсож байсан. Юу болсон гээд очиход зодоон болчихсон байсан. Э.Учралын хамраас цус гарсан байсан. Хаанаас нь яаж цохьсныг мэдэхгүй...”гэв.
түүний мөрдөн байцаалтад гэрчээр өгсөн “…2019 оны 02 дугаар сарын 26-ны өдөр шөнийн 20-21 цагийн үед 10 дугаар хорооллын караокед Ганбаатар бид нэг, нэг шил пиво уугаад дараа нь гэр, гэр рүүгээ харих гээд явж байтал Учрал, Ганбаатар руу залгаад уулзъя ганц юм уух уу гэж ярьсан. Тэгж хэлсэн чинь Учрал машинаараа Ариунболдтой хамт 25 дугаар эмийн сангийн буудал дээр ирж Ганбаатар бид хоёрыг дуудаж аваад Дөлгөөн нуурт байрлах гэрийнх нь гадаа очоод бид нар хамт нэг 0.75 литрийн хараа архи болон жижиг лаазтай пиво, том пиво, нэг том ундаа ууцгаасан. Тухайн үед Учрал сонин сонин ааш авир гаргаад бид нарт агсраад Ганбаатарыг гараад ир барилдъя гэж дуудаж гаргаж ирээд тэр хоёр машины хамар дээр гар барилдаад Учрал Ганбаатарыг гар барилдаад Учрал дийлсэн. Дараа нь Ариунболд, Ганбаатар хоёр хоорондоо гар барилдаад Ариунболд дийлсэн. Үүний дараа Ганбаатар, Ариунболд, Учрал гурав машинд орж ирж суугаад дахиад архи ууцгаагаад байж байтал Учрал Ганбаатарт хоёулаа цохилцъё чи намайг барах уу гэх мэтээр хэлж байсан. Үүний дараа Учрал, Ганбаатар хоёр машинаас буугаад хоорондоо бие, биенийгээ нэг нэг удаа цохиод буцаад машиндаа орж ирээд суусан. Тун удалгүй Ганбаатар, Учрал хоёр машинаас дахин буугаад хоорондоо нэг, нэг удаа бие, биенээ цохиод машинд орж ирэхэд Учралын шанаа нь товойсон, Ганбаатарын чих нь зулгарсан байсан. Тэгээд хэсэг бид нар хоорондоо юм ярилцаж сууж байтал Учрал машинаа гэрийнхээ гадаа зогсоол руу тавина жолооч дуудах хэрэгтэй байна гэж хэлэхээр нь би найз Жүгдэрсангиа дуудсан. Тухайн үед Жүгдэрсангийн урдаас нь тосоод аваад ирье гэж хэлээд би машинаас буугаад алхаж байтал хойноос Учрал бөөнөөрөө тосъё гэж хэлээд машинаа түгжээд бөөнөөрөө Жүгдэрсангийн урдаас алхацгаасан. Тэгээд Жүгдэрсангитай байрны уулзвар эргээд машинлуугаа явж байгаад эргээд хартал Ганбаатар, Учрал хоёр хоорондоо муудалцаад Учрал, Ганбаатарт томроод өөдөөс нь түлхээд Ганбаатарт томроод байсан. ...тэгээд гэнэт зодоон хийх дуу чимээ гарахаар Жүгдэрсанги бид хоёр очсон. Тухайн үед Ганбаатар, Учрал хоёр дээр очиход Учрал орилоод та нар намайг нийлээд зодчихлоо гээд дайвж худлаа согтуу дүр үзүүлсэн. Дараа нь Учралын хамраас цус гойжоод байхаар нь Ганбаатар гэмтэл рүү явъя гэж хэлээд гэмтэл рүү очих гэтэл очоогүй замын уулзвар дээр сууж байгаад цаашаагаа гүйгээд явчихсан. Дараа нь Ганбаатар, Учралын хойноос гүйгээд гүйцээгүй. Учрал тухайн үед зүгээр гүйгээд явчихсан...” гэсэн мэдүүлэг /хх-26/,
Гэрч Ш.Жүгдэрсангийн “…2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн шөнийн 01 цагийн үед манай найз Бат-Өлзий унтаж байхад гар утсаараа над руу ярьсан. Ярихдаа манай найз архи уусан машиныг нь зогсоол дээр тавиад өгөөч гэж хэлсэн. Тэгэхээр нь би Дөлгөөн нуур дээр очсон. Тухайн үед Бат-Өлзий, Ганбаатар, Учрал, Ариунболд тэр дөрөв Авто молл дээр ирээд намайг тосож авсан. Дараа нь бид нар хоорондоо мэнд мэдээд цаашаагаа Учралын машин руу явах санааг Ариунболд хэлсэн. Тэгээд машин руу нь очих гэтэл Учрал гэх залуу машиныхаа түлхүүрийг өгөөгүй. Ингээд Ариунболд, Бат-Өлзий бид гурав машин дээр нь очъё гээд явж байтал Учрал, Ганбаатар хоёр хойно үлдсэн байсан. Тухайн үед Бат-Өлзий, Ариунболд бид гурав Учралын машины хажууд Учрал, Ганбаатар хоёрыг хүлээж зогсож байхад Ариунболд нь явчихсан байхгүй байсан. Ирэхгүй удаад байхаар нь Бат-Өлзий бид хоёр Учрал, Ганбаатар хоёрын хойноос нь очсон. ...Ингээд Бат-Өлзий бид доошоо гудам руу эргэдэг зам дэр очоод зогсож байтал Учрал, Ганбаатар хоёрын ойролцоо зодолдох чимээ сонсогдохоор Бат-Өлзий бид хоёр очоод хартал Ганбаатар өөрийнхөө биеийг бариад орилоод байсан хажууд Учрал машин түшээд тонгойгоод зогсож байсан. Ганбаатар. Учралыг явж гэмтлийн эмнэлэг оръё гэж хэлсэн чинь Учрал, Бат-Өлзий, Ганбаатар бид гурвыг та нар намайг нийлээд зодчихлоо гэж хэлээд орилоод байсан. Учрал удалгүй булан тойроод явган хүний зам дээр тонгойгоод суусан. Тэгээд Учрал хэсэг сууж байгаад гэнэт гүйгээд гэр рүүгээ явчихсан. Дараа нь Бат-Өлзий, Ганбаатар бид гурав гэр гэр рүүгээ явцгаасан үйл явдал болсон...” гэсэн мэдүүлэг /хх-28/,
Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний ¹2830 тоот актын “…Э.Учралын биед зүүн талын хоншоорын хөндийн урд, ар, дээд хана, зүүн нүдний ухархайн доод хана, хамар ясны хугарал, хамарт шарх, ооч, хүзүүнд зулгаралт, зүүн чамархайн хуйх, зүүн хацар, эрүү, баруун сарвуунд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. ...Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн олон үйлчлэлээр үүсгэгдэнэ. ...Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэргийн хүндэвтэр зэрэгт хамаарна. ...Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт тогтонгид нөлөөлөхгүй…” гэсэн дүгнэлт /хх-30/,
Шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-42/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх-44/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-52/, хохирлын баримт /хх-93-99/, Мөрдөн байцаалтын ажиллагааг дуусгаж, хэргийн материалыг байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчид танилцуулсан тэмдэглэл /хх-103-104/ зэргийг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.
Шүүгдэгч Л.Г нь 2019 оны 02 дугаар сарын 26-наас 02 дугаар сарын 27-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Э.Учралтай хувийн таарамжгүй харьцаанаас болж маргалдан, зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан болох нь дээр дурьдсан хохирогч Э.Учрал, гэрч Э.Бат-Өлзий, Ш.Жүгдэрсанги нарын мэдүүлгүүд, Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний ¹2830 тоот актын дүгнэлтүүд, шүүгдэгч Л.Гын сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр мэдүүлсэн мэдүүлэг, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон.
Шүүгдэгч Л.Гыг хохирогч Э.Учралын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.
Шүүгдэгч Л.Гын дээрх үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлуудын аль аль нь тогтоогдсонгүй.
Хохирогч Э.Учрал нь шүүгдэгч Л.Гаас гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол гэж 2.644.150 төгрөг нэхэмжилснээс хавтаст хэрэгт авагдсан баримтаар 1.330.620 төгрөг байх ба шүүгдэгч нь мөрдөн байцаалтын шатанд 1.900.000 төгрөгийг төлж барагдуулсан байна.
Иймд шүүгдэгч Л.Гыг хэрэгт авагдсан баримтаар бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Харин хохирогч Э.Учрал нь цаашид гарах эмчилгээний зардал болон бусад хохирлоо иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээх нь зүйтэй гэж үзэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СиДи-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Л.Г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Л.Гт 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан Л.Г нь торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг тайлбарласугай.
4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн ирсэн камерын бичлэг бүхий 1 ширхэг СиДи-г хэрэгт үлдээсүгэй.
5.Шүүгдэгч Л.Г нь хэрэгт авагдсан баримтаар бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
6.Хохирогч Э.Учрал нь гэм буруутай этгээдээс цаашид гарах эмчилгээний зардал болон бусад хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг нээлттэй үлдээсүгэй.
7.Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
9.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Л.Гт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.БОЛДБААТАР