| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Болдын Амарбаясгалан |
| Хэргийн индекс | 1902000610016 |
| Дугаар | 51 |
| Огноо | 2023-03-15 |
| Зүйл хэсэг | 22.1.2., 22.8.1.1., |
| Улсын яллагч |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2023 оны 03 сарын 15 өдөр
Дугаар 51
Ж.Г, Д.Б нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Улсын дээд шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Б.Батцэрэн, М.Пүрэвсүрэн, Б.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Золзаяа, шүүгдэгч Ж.Г, түүний өмгөөлөгч Л.Батжав, шүүгдэгч Д.Б, түүний өмгөөлөгч Б.Батцэнгэл, Д.Г, иргэний хариуцагч Ю.Л, Г.С, Ц.Э, А.Б, тэдгээрийн өмгөөлөгч Л.Даваасүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Бадамдоржнарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 2022/ШЦТ/1302 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 2022/ДШМ/1194 дүгээр магадлалтай, Ж.Г, Д.Б нарт холбогдох 1902000610016 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Ж.Г, шүүгдэгч Д.Б, түүний өмгөөлөгч Б.Батцэнгэл, Д.Г, иргэний хариуцагч Ц.Э, А.Б, Ю.Л, Г.С нарын гаргасан гомдлыг үндэслэн 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Амарбаясгалангийн танилцуулснаар хянан хэлэлцэв.
1. Монгол Улсын иргэн, 1981 оны ** дугаар сарын **-ний өдөр Завхан аймагт төрсөн, 40 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, “М” ХХК-д нягтлан бодогч ажилтай, ам бүл 2, хүүгийн хамт ** тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, А овогт Ж-ийн Г,
2. Монгол Улсын иргэн, 1974 оны ** дүгээр сарын **-ны өдөр Булган аймагт төрсөн, 47 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, ***** дүүргийн Татварын хэлтэст Жижиг татвар төлөгчтэй харилцах тасгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч ажилтай, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт *** тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, М овогт Д-ийн Б,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 2022/ШЦТ/1302 дугаар шийтгэх тогтоолоор А овогт Жгийн Г-ийг бусадтай бүлэглэн албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, их хэмжээний хохирол учруулсан, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан гэмт хэрэг,
М овогт Д-ийн Б-ийг бусадтай бүлэглэн албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, их хэмжээний хохирол учруулсан, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,
Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Ж.Г-ийн нийтийн албанд томилогдох эрхийг 3 /гурав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хасаж, 7.000 (долоон мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 7.000.000 (долоон сая) төгрөгөөр торгох ял,
Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар Ж.Г-ийн нийтийн албанд томилогдох эрхийг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хасаж, 8.000 (найман мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 8.000.000 (найман сая) төгрөгөөр торгох ял,
Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Д.Бийн нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хасаж, 7.000 (долоон мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 7.000.000 (долоон сая) төгрөгөөр торгох ял,
Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хасаж, 7.000 (найман мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 7.000.000 (долоон сая) төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ж.Г-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 3 /гурав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хасаж, 7.000 (долоон мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 7.000.000 (долоон сая) төгрөгөөр торгох ял дээр, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хасаж, 8.000 (найман мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 8.000.000 (найман сая) төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн Ж.Г-ийн нийтийн албанд томилогдох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасаж, 15.000 (арван таван мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000.000 (арван таван сая) төгрөгөөр торгох ялаар,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Б-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хасаж, 7.000 (долоон мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 7.000.000 (долоон сая) төгрөгөөр торгох ял дээр, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хасаж, 7.000 (долоон мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 7.000.000 (долоон сая) төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн Д.Б-ийн нийтийн албанд томилогдох эрхийг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хасаж, 14.000 (арван дөрвөн мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 14.000.000 (арван дөрвөн сая) төгрөгөөр торгох ялаар тус тус тогтоож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ж.Г-эд оногдуулсан 15.000 (арван таван мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000.000 (арван таван сая) төгрөгөөр торгох ял, Д.Бт оногдуулсан нь 14.000 (арван дөрвөн мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 14.000.000 (арван дөрвөн сая) төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 2 /хоёр/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тус тус тогтоож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Ж.Г, Д.Б нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу арван таван мянган төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Ж.Г-д оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар, Д.Б-т оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар тус тус хассан нэмэгдэл ялыг шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тоолж,
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Ж.Г, Д.Б нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт зааснаар иргэний хариуцагч Б.З-аас 18.000.000 (арван найман сая) төгрөг, иргэний хариуцагч Ю.Л-гээс 5.500.000 (таван сая таван зуун мянга) төгрөг, иргэний хариуцагч П.О-ээс 200.000 (хоёр зуун мянга) төгрөг, иргэний хариуцагч М.Ц-ээс 200.000 (хоёр зуун мянга) төгрөг, иргэний хариуцагч Х.А-аас 200.000 (хоёр зуун мянга төгрөг), иргэний хариуцагч З.Саас 200.000 (хоёр зуун мянга төгрөг), иргэний хариуцагч И.Ө-гаас 200.000 (хоёр зуун мянга төгрөг), иргэний хариуцагч С.С-гаас 200.000 (хоёр зуун мянга төгрөг), иргэний хариуцагч Т.Т-аас 200.000 (хоёр зуун мянга төгрөг), иргэний хариуцагч Э.А-аас 200.000 (хоёр зуун мянга төгрөг), иргэний хариуцагч Ц.Э-гээс 3.400.000 (гурван сая дөрвөн зуун мянган төгрөг), иргэний хариуцагч Б.Б-ээс 3.600.000 (гурван сая зургаан зуун мянга) төгрөг, иргэний хариуцагч А.Баас 3.600.000 (гурван сая зургаан зуун мянга) төгрөг, иргэний хариуцагч Г.С-аас 3.000.000 (гурван сая) төгрөгийг тус тус гаргуулж улсын төсөвт шилжүүлэхийг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж,
Ж.Г-ийн Авлигатай Тэмцэх газрын барьцааны Төрийн сангийн 100900033401 тоот дансанд төлсөн 19.557.400 (арван есөн сая таван зуун тавин долоон мянга дөрвөн зуу) төгрөг, Д.Б-ийн Авлигатай Тэмцэх газрын хохирлын нөхөн төлбөрийн Төрийн сангийн 100900000717 тоот дансанд төлсөн 18.000.000 (арван найман сая) төгрөгийг тус тус шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц улсын төсөвт шилжүүлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэжээ.
“... 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 691 дугаар, 2021 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 329 дугаар прокурорын зөвшөөрлүүдээр хөрөнгө битүүмжилсэн тогтоолуудыг хэрэгсэхгүй болгосугай. ...” гэсэн нэмэлт заалтуудыг тус тус оруулж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.
Шүүгдэгч Ж.Г хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо “... Миний хувьд гэм буруу ял шийтгэл дээрээ гомдол маргаан байхгүй. Гагцхүү хохирол тооцохдоо улсын яллагч буруу тооцож намайг хохироож байгаа бөгөөд энэ нь хохирол тооцох үүргээ буруу биелүүлсэн, хууль зөрчсөн гэж үзэж гомдол гаргаж байна.
Учир нь 107.000.000 төгрөг эргүүлэн төлөхөөс 10 хувь буюу ХАОАТ-т 10.700.000 төгрөг төлөгдсөн бөгөөд хавтаст хэрэгт энэ баримт нь байгаа болно. Үлдэгдэл 96.300.000 төгрөг нь 17 албан хаагчийн нэрийн дансанд орсон. Б нь өөрийгөө болон дэд дарга З 2-оос бусад нийт 15 хүнээс нийт 52.600.000 төгрөгийг хураан авсан. Ингэхээр 43.700.000 төгрөг нь 17 хүний дансанд үлдсэн. Энэ мөнгийг зарим нь эргүүлж төлсөн бөгөөд төлөөгүй зарим хүн нь иргэний хариуцагчаар шүүхийн шийдвэрээр төлөхөөр гарсан. Хурааж авсан 52.600.000 төгрөгөөс 17.742.600 төгрөгийг хэлтсийн шинэ жилийн үйл ажиллагаанд зарцуулсан. Үүнээс 34.857.400 төгрөгийн миний өрөөнд авч орж ирсэн бөгөөд би ийм их мөнгө татаж болохгүй эргүүлж өг гэхэд нэгэнт хэлтсийн үйл ажиллагаанд зарцуулна гэж татсан мөнгийг буцааж өгөхөөр хэл ам болно гээд 5 хүн 12.500.000 төгрөгийг буцааж олгосон. Үүний дараа 2.800.000 төгрөгийг цагаан сарын баяраар 47 ахмадад зарцуулсан. Үүний баримтыг хавтаст хэрэгт өгсөн. Энэхүү баримтыг Б нь АТГ-ын байцаагчид өөрөө гаргаж өгсөн бөгөөд энэ нь хавтаст хэрэгт байгаа болно. Надад үлдсэн 19.557.400 төгрөгийг би АТГ-ын дансанд буцааж өгсөн. Гэхдээ хэлтсийн шинэ жилийн үйл ажиллагаанд зарцуулсан 17.742.600 төгрөг, цагаан сарын баяраар 47 ахмадад зарцуулсан 2.800.000 төгрөг буюу нийт 20.572.600 төгрөг улсын төсөвт тушаагдаагүй болно. Хэдий би энэ мөнгийг хувьдаа зарцуулаагүй, олон хүний хоолонд зарцуулсан боловч, тэдгээр албан хаагчдаар өнөөдөр төлүүлэх боломжгүй тул Б- бид 2 төлөх нь тодорхой боллоо. Иймээс 20.572.600 төгрөгийг 2 хувааж нэг хүнд 10.286.300 төгрөгийг улсад төвлөрүүлэхээр шийдвэр гаргаж өгнө үү. Улсын яллагчийн яллах дүгнэлтдээ бичсэн 42.000.000 төгрөг бол үндэслэлгүй, буруу хийсэн тооцоо юм. Иймээс буруу тооцоог залруулж өгөхийг хүсье. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан үндэслэлээр гаргасан Хяналтын гомдлыг хангаж 20.572.600 төгрөгийг хоёр хувааж нэг хүнд 10.286.300 төгрөгийг улсад төлүүлэхээр давж заалдах магадлалын холбогдох хэсэгт өөрчлөлт оруулж өгнө үү” гэв.
Шүүгдэгч Д.Б хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо “... Миний бие нь Б дүүргийн Татварын хэлтсийн захиргааны тасгийн Даргын албан үүргийн гүйцэтгэгчээр 2016 оны 04 дүгээр сараас 2020 оны 04 дүгээр сарыг хүртэл нийт 4 жил ажиллаж байсан. Тухайн ажиллаж байх хугацаанд хэлтсийн даргын албан үүргийг хашихаар Ж овогтой Г хэмээх эмэгтэй ТЕГ-ын даргын тушаалаар 2016 оны 10 дугаар сарын үед томилогдон ирсэн бөгөөд бид бие биеэ таньдаггүй, нэг хэлтэст томилогдон ирсний учир хамтран ажиллаж байсан. Ж.Г нь хэлтсийн даргаар ажиллаж байх хугацаандаа 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр А/90 дугаартай албан хаагчдыг шагнаж урамшуулах тушаалыг гаргасан бөгөөд уг тушаалтай холбоотой хоёр шатны шүүхийн шийдвэрээр намайг Ж.Г-тэй нийлж бүлэглэн, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар ашигласан, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэж үзэн шийтгэх тогтоол гаргасан. Надад уг тушаалыг гаргахад оролцсон. хамтарсан, үгсэн хуйвалдсан Г-д гэмт хэрэг хийхэд нь туслахаар амласан зүйл байгаагүй, даргын зөвлөлийн хурлаар гаргасан хамт олны төлөөллийн санал шийдвэр, хэлтсийн даргын өгсөн үүрэг даалгавар, чиглэлийн дагуу хамт олныхоо төлөө тухайн үед ажиллаж байснаас өөрөөр буруу зөрүү санаа оноо байгаагүй. Тухайн үед болсон явдлыг үнэн зөвөөр гэрчтэй, баримт нотолгоотой бичсэн байгааг минь хүлээн авч үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө хэмээн гүнээ итгэж байна. Хэлтсийн дарга Ж.Г нь 2018 оны 12 сарын 18-ны өдөр даргын зөвлөлийн хурал зарлаж, хэлтсийн дарга зөвлөлийн гишүүд болох бүх тасгийн дарга нарт хандаж “Бид энэ жил орлогын төлөвлөгөөгөө давуулан биелүүллээ, Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас орлого бүрдүүлэлтэд зориулан батлагдсан "Хэмнэгдсэн төсвөөс сайн ажилласан албан хаагчдыг шагнаж урамшуулъя" та бүхэнд ямар санаа оноо байна. Хүмүүстээ бүгдэд нь хуваарилаад тодорхой тооны хуримтлал үүсгээд шинэ жил, ахмадын баяр, цагаан сар, сая албан хаагчдад нэг сарын цагаан идээний аяны арга хэмжээний зардал гээд бидний шийдэх ёстой асуудлууд байна, хэрхэн яаж шийдвэрлэвэл зөв үү, та нарт ямар санаа, оноо байна” гэж асуусан. Энэ үед хэлтэст хамгийн олон жил ажилласан тасгийн дарга нар болох Ц.Э, Б.Б “шинэ жилийн болон цагаан сарын зардлуудыг гаргахад олон байцаагч нарт урамшуулал хэлбэрээр олгож буцаагаад татдаг, үүнтэй холбоотой хэл ам их гардаг учраас, цөөн албан хаагч нарт урамшууллаа олгоод гаргасан нь дээр байх” гээд саналуудаа ярьж хэлээд хурал өндөрлөсөн. Энэ бүхэнд миний бие санаачлаагүй, оролцоогүй, бүгд гэрч, иргэний хариуцагчаар оролцсон хүмүүсийн 3 удаагийн мэдүүлэгт байх бөгөөд мөрдөн байцаагч нар 3 удаа солигдож тэр бүрий мэдүүлэг авч эдгээр хүмүүст би зөвхөн мөнгө хураалгах тухай, хэлтсийн даргын өгсөн үүрэг даалгаврыг утсаар дамжуулсан, өөрсдөө хамт олныхоо төлөө сайн дураар дундын сан үүсгэн зарцуулахыг зөвшөөрсөн. Мэдүүлэг бүрд өөр өөрөөр мэдүүлсэн байх, бөгөөд бүгд надад хураалгаагүй болно. Жишээ нь шинэ жилийн арга хэмжээнд зарцуулагдсан мөнгийг зохион байгуулж байсан тасгийн даргад нь тухайн үед хураалгасан. /Энэ бүхэн нь анхан шатны хурлын Ж.Г- даргын мэдүүлэгт батлагддаг, мөн хуралд оролцсон нэр бүхий дарга нар үгүйсгэдэггүй, байцаагч нар ч сайн дураар өгснөө нотолдог/ Тухайн үед хурал дээр хэлтсийн дарга одоогоор хэдэн төгрөг байгааг мэдэхгүй байна, нягтлан эцсийн байдлаар хараад хэлнэ 70 орчим сая байгаа болов уу гэж хэлсэн бөгөөд хурал тарахад, шагнал урамшууллын тушаалын төслийг бэлдэхийг надад үүрэг өгсөн. Би гараад хэлтсийн хуулийн зөвлөх М-ыг дуудан тушаалын төсөл бэлдээд танилцуулаарай гэж хэлээд тухайн өдөр өнгөрсөн. Ингээд М ч надад бэлдсэн тушаалын төслөө танилцуулалгүй явсаар 12 дугаар сарын 20-ны өдөр болсон. Удирдлагын академид 7 хоног бүрийн Пүрэв гаригт хэлтсийн даргын тушаалаар чөлөөлөгдөн суралцдаг байсан. Энэ өдөр нь Пүрэв гариг байсан. Хичээлээс чөлөө авах тухай хичээл орж байсан доктор М.Б багшид хэлэхэд “төгсөх шалгалт тул чөлөө өгөхгүй” гэснээр би ажлын байранд очиж чадаагүй, хичээл тараад шууд шинэ жилийн арга хэмжээнд оролцсон. Намайг сургууль дээр байхад 12-14 цаг орчим Г- дарга тушаалыг гарган хавсралтын хамт фэйсбүүк мэссэнжерээр явуулаад хэн хэнээс хэдэн төгрөг хураах тухай өөрийн гар утаснаас залгаад хэлсэн. Үнэхээр ч 17 цаг өнгөрч байхад дансанд мөнгө орж ирсэн. Ингэж л тушаал албажиж шагнал урамшуулал орж дээ гэдгийг мэдэж, хавсралтад байгаа албан хаагчид руу нь би хэлээд, шинэ жилийн арга хэмжээний мөнгө нэхэгдээд байгаа юм байна, ХШТ-ын тасгийн дарга Б-д өгөөрэй гэж хэлсэн. Шагнагдсан албан хаагчид орой шинэ жил дээр мөнгөө авчирсан байсан. Анхнаасаа нягтлан бодогч Б, хүн амын тасгийн дарга Л хоёр хураах тухай яригдаж байсан ч хэлтсийн дарга над руу залган “чи хураа, энэ хоёр их ажилтай байна” гэж үүрэгдсэн тул арга буюу миний бие хураасан. Энэ тухайгаа ч хэлтсийн даргад удаа дараа хэлсэн. Гэм буруугүй атлаа, гэм буруугаар ял зэм хүртэн ингэж явж байгаа нь сэтгэл санаа бие махбод, эдийн засаг, ажил мэргэжлийн хувьд давж гарахын аргагүй хүнд байгаа бөгөөд эрх бүхий албан тушаалтан нь өөрөө шийдвэрээ гаргаад өөрийн үсгээ зураад албажин баталгаажуулсан, өөрөө гэм буруугаа хүлээсэн атлаа тушаалыг хэрэгжүүлсэн доод тушаалын албан хаагчаа чирэн төлбөрийг хуваалцахын төлөө явж байгааг хараад үнэхээр хэлэх үггүй сууна. Тухайн үед хураалгах албан хаагчдад бүгдэд нь дуулгаад хэдэн төгрөг болохыг ч мэдээгүй байсан. Ингээд хураалгах мөнгөний тоо гараад, гарсан зардлуудад баримт цуглуулахад нийт 56 орчим сая төгрөг хураагдсаныг мэдсэн. Албан хаагчдад мэдэгдээд шинэ жилийн арга хэмжээний хамгийн түрүүний гаргах зардлыг Б-д хураалгаад, бүх албан хаагчдад өгсөн цагаан идээ аян гэх мэт олон зардлыг гаргасны дараа илүү гарсан мөнгийг бүх баримтын дагуу Г даргад оруулж хүлээлгэн өгөөд, мөн өөрийн хураалгах мөнгийг яах вэ гэхэд илүү гарсан мөнгийг нь албан хаагчдад нь буцааж өгье дөө. Цагаан сар, ахмадын баярын арга хэмжээний мөнгийг З та хоёр гаргаарай гэсэн. Би үлдэгдэл мөнгийг бүгдийг хэлтсийн даргад тоо ёсоор хүлээлгэн өгсөн. Бид ч хамт олны төлөө болохоор ямар нэгэн хар буруу санаагүй, шагнал урамшуулал авсандаа баяр хөөртэй байсан. Гэтэл төд удалгүй хамт олны дундаас орон тооны бус байцаагчаар ажиллаж байсан хэдэн хүн гомдол гаргаж АТГ шалгаж байна гээд биднийг дуудаж мэдүүлэг авсан. Өнөөдөр энэ бүхнийг эргэн бодоход тухайн үйл явдал хэрхэн гарсныг даргын өөрийнхөө бүрэн эрхийн хүрээнд албажуулан гаргасан албан хаагчдыг шагнасан энэ тушаал гараагүй байсан бол энэ олон албан хаагч ажил амьдрал сэтгэл санаа, эд мөнгөөрөө хохирохгүй явах байсан. Анх гомдол гаргасан хүмүүс ч энэ шагнал урамшууллын асуудлаар гомдол гаргаагүй, хувийн санаа сэдлээр гаргасан байдаг. Энэ дунд нь хүмүүсийг шагнана, мөнгө буцааж хураан авч дундын сан үүсгэнэ гэснийг манай ажилтнууд мэдсэн байсан учраас хэн эсэргүүцээгүй, татгалзаагүй. Харин гэрчүүдийн мэдүүлгээс харахад намайг ажил дээрээ байсан, өрөөндөө дуудсан, биечлэн уулзаж хэлсэн гэх мэт мэдүүлгүүд нь худлаа бөгөөд 3 удаагийн мэдүүлэгт өөр өөр байдлаар мэдүүлсэн байдаг. Мөрдөн байцаагч солигдох бүрд янз янзаар мэдүүлгээ өгч байсныг та бүхнийг сайтар судлан шинжилж үнэн зөвийг гарган өгч шийдвэрлээсэй гэж хүсэж байна. Шинэ жилийн арга хэмжээг зохион байгуулж байгаа Тасгийн дарга Батсүх болон бусад ажлуудыг зохион байгуулж байсан албан хаагчид ээлж дараалан залгаж мөнгө нэхэж, яаруулж оройны шинэ жилийн арга хэмжээг тасалдуулж болохгүй гээд байсан тул ажил дээрээ ч очилгүй шууд л хүмүүс рүү утсаар хэлсэн болохоос хэнтэй нь ч уулзаагүй юм. Би хичээлээсээ тараад шууд үсээ янзлуулахаар үсчинд орсон. Ер нь 2018 оны 12 сарын 20-ны өдөр ажилдаа очоогүй тухай цагийн бүртгэл, ажлаас пүрэв гараг бүр чөлөөлсөн Хэлтсийн даргын тушаал, Удирдлагын академийн кофе шопоор үйлчлүүлсэн баримт, Хан-Уул дүүргийн Гэгээнтэн цогцолборт байрлах бэлэн мөнгөний АТМ-ээр үйлчлүүлсэн баримт, Үсчний газраар үйлчлүүлсэн баримт зэрэг бүхий л баримтаа шат шатны прокурорын газарт гомдол гаргахдаа өгсөн, мөн анхан шатны шүүх дээр ч гаргаж өгсөн. Өмгөөлөгчийн маань хэлснээр гомдолд хавсаргаж өгсөн материалуудыг хэргийн материалд гомдлын хамт хавсаргах ёстой гэсэн тул дээрх баримтууд хэргийн материалд тусгагдсан авагдсан байгаа байх. Миний бие тушаалаар шагнагдсан 18.000.000 төгрөгөөс өөр мөнгийг хувьдаа аваагүй, үнэхээр буруутгаж байгаа бол шагнуулсан энэ мөнгө л намайг буруутай болгож байна хэмээн бодож Авлигатай тэмцэх газрын мөрдөн байцаагчийн өгсөн Төрийн сангийн дансанд төлсөн. Гэтэл уг тушаалыг би биш Хэлтсийн дарга гаргасан надтай холбох үндэслэл, тушаал гараагүй, хураан авч дундын сан бүрдүүлнэ гэж хэлж бүгд зөвшөөрөөгүй бол энэ бүхэн болж би ч буруутан болохгүй байсан. Ер нь энэ тушаал гарснаар мөнгийг хэн хураасан тэр хүн буруутан болох байсныг хараад үнэхээр үнэн зөвөөр шийдээсэй гэж л хүсэж байгаа болно. Тушаал, тушаалын төсөл дээр миний баталгаажуулсан гарын үсэг, санал санаачилга, зохион байгуулсан нэг ч үйлдэл байхгүй. Эндээс мөнгө төгрөг хувьдаа ашигласан, даргатайгаа үгсэн хуйвалдсан зүйлгүй бөгөөд тушаал шийдвэр гаргах эрх надад байхгүй давж заалдах шатны хурал дээр прокурор М нь намайг өөрөө мөнгө аваад Г-д хэлэлгүй тушаасан мэтээр үйл явдлыг үгсэн хуйвалдах замаар гарган тухайн үеийн хурлын тэмдэглэлийг нөхөж үйлдсэн тул хамжигч гэж үзэн хоёр зүйл ангиар хэрэг тулган хүнд ял шийтгэл оноогоод байна. Хамгийн гол асуудал нь хурал зарлахад хурлын нарийн бичиг суугаад тэмдэглэлийг хөтөлж сүүлд бүх хүмүүсээр албажуулан гарын үсэг зуруулдаг нь бүхий л төрийн байгууллагад явагддаг нэг хэлбэр. Гэтэл үүнийг намайг сүүлд хийж гарын үсэг зуруулах гэж албадсан гэж мөн шагнал авсан албан хаагчид тушаалын дагуу шагналыг хүлээн авсны дараа нэг бүрчлэн гарын үсэг зурдаг. Төрийн албанд хэзээ ч даргадаа би ийм мөнгө авна гэж хэлдэг албан хаагч байхгүй өөр өөрсдийн ажлын тайланг гарган авсан үнэлгээний дагуу урд өмнө шагнал урамшуулалд хамрагдаж байсан эсэхээс хамааран ихээс бага руу шагнагдан явсан байдаг. Үүнийг ч хэлтсийн даргад зааж зааварлаад байх хүн байхгүй, ганц нэг санал төдийхөн хэлээд өнгөрдөг. Үүнийг авч хэрэгжүүлэх явдал нь хэлтсийн даргын бүрэн эрхийн асуудал байдаг. Өөрөө их, бага мөнгөөр шагнагдсан зарим нэр бүхий удирдлагуудын хүрээнд хүмүүсийн талаар өгсөн мэдүүлэгт нь ийм өнгө аяс цухуйлган мэдүүлэг өгсөн нь харагддаг, энэ мэдүүлгээр ч намайг ялласан явдал нь үнэхээр харамсалтай. Би хэзээ ч хурлын тэмдэглэл нөхөн оруулаагүй. Г- дарга ч надаас мөнгө төргөг аваагүй гэж мэдүүлэг өгч байгаагүйг, олон удаагийн мэдүүлгийн дунд прокурорыг андуурсан болов уу гэж бодож, мөн миний бие өмгөөлөгчийн зөвлөснөөр хуралдаа ороогүйдээ харамсаж суугаагаа хэлээд энэ бүхнийг сайтар шинжлэн судлаасай хэмээн хүсэж байна. Энэ бүхэн нь гэрчээр оролцсон хүмүүсийн мэдүүлгүүд болон бусад хүмүүсийн мэдүүлгүүдээр нотлогддог болно. /Ж.Г, Б.З, Г.С, Б.Б, Ю.Л, Ц.Э, А.Б гэх мэт/ Хэлтсийн дарга Ж.Г нь хэнийг шагнахаа би мэдье, гаргасан тушаал шийдвэрээ би өөрөө хариуцна гэж загнаж хэлж байсан, үүнийг бүх дарга нар сонсож байсан. Буруу тушаал шийдвэр гарган албан хаагч нартаа буруу үүрэг даалгавар өгч удирдсан бол өөрөө хариуцлагаа хүлээхийн оронд, доод албан хаагч нар луугаа буруугаа чихэж ялангуяа надад бурууг үүрүүлэхээр улайрч байгаа зэргийг харахад зөвлөгөө, тооцооллоо сайн хийж нэгэнт тушаал шийдвэр гаргасан буруугаа би үүрч байна гээд төлбөрийг Б надтай хуваах санаа агуулан доод тушаалын албан тушаалтнаа чирч байна уу даа гэсэн хардлагыг ч надад дагуулж байна. Би өнөөдрийг хүртэл Г-ийг өөрийн гаргасан шийдвэртээ тууштай байж гэмгүй хамт олноо чирээд өр төлбөрт оруулаад явна гэж зүүдлээ ч үгүй явсан. Төрийн албыг чадварлаг, ёс зүйтэй мэргэшсэн албан хаагч удирдаагүйн улмаас энэ мэт олон залуус даргын шийдвэрийг хэрэгжүүлснийхээ төлөө яллагдагч, гэм буруутан болж байгааг эрхэм мэргэн шүүгч та бүхэн ялган салган дүгнэж, сайтар ул суурьтай хандаасай хэмээн миний бие хүсэж байна. Тушаалаас үүдэлтэй энэхүү хэргийг Ж.Г нь төлөвлөж гаргаагүй байсан бол, надад болон бусад хүмүүстээ үүрэг даалгавар өгөөгүй бол би ийм хэрэгт холбогдохгүй байсан. Хэрэг анх хаана үүсэж хаана дуусаж байна гэдгийг ч олон талаас шинжлэн судлаасай гэж хүснэ. Шүүгдэгч миний хувьд дээрх бичсэн бүхэн үнэн бөгөөд болсон процессыг нэгийг ч гуйвуулалгүй үнэн зөвөөр бичиж байна. Өөрийн холбогдсон хэргийн хуулийн зүйл ангийг буруу хэрэглэн, тулгасан ялыг зөвшөөрөхгүй эрх зүйн байдлыг минь дордуулсан шийдвэр гаргасан зэргийг дурдан дахин хянуулах хүсэлтэй байна. Надад прокурорын тулгасан доорх хоёр зүйл анги нь надад албан тушаалын хувьд, хувь хүний хувьд ч зүйл ангийг буруу хэрэглэсэн байх тул: 1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг 1.1 заалтын 1 дэх хэсэгт; Төсөв захирагч төрийн өмч, төсвийн хөрөнгийг 1.1 Зориулалтын бусаар зарцуулсан Миний хашиж байсан албан тушаал захиргааны тасгийн даргын албан үүргийг хашиж байсан, албан тушаалын тодорхойлолтод төсөв захиран зарцуулах. хуваарилах хянах санхүүгийн баримтад гарын үсэг зурах эрх байхгүй. Захиргааны тасгийн даргын хувьд тасаг хоорондын уялдаа холбоо, үйл ажиллагааг өдөр тутам зохион байгуулах албан хаагчдын цаг бүртгэлийг хянах болон мэдээ мэдээллээр хангах үндсэн чиг үүрэгтэй ажиллаж байсан. Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.5 дахь хэсэгт заасан "Батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах" гэснийг Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйл 16.5 д төсвийн шууд захирагч нь төсвийн талаар дараах бүрэн эрхийг эдэлнэ гээд 16.5.5 хэрэгжүүлнэ гэх бөгөөд миний бие нь төсвийн шууд захирагч байгаагүй ТУАБ захиргааны өдөр тутмын үйл ажиллагааг хариуцан ажиллаж байсан. Төсвийн тухай хуулийн 4.1.35-д "ТӨСВИЙН ЗАХИРАГЧ" гэж төсвийн ерөнхийлөн захирагч, төсвийн төвлөрүүлэн захирагч, болон төсвийн шууд захирагчийг хэлнэ. Тухайн үед хэлтсийн төсвийн шууд захирагч нь хэлтсийн дарга Ж овогтой Г- ажиллаж байсан. Төсвийн шууд захирагчтай ТЕГ-ын дарга болон Дүүргийн засаг дарга үр дүнгийн гэрээ байгуулан Сангийн яамнаас төсөв захиран зарцуулах тусгай эрхийг олгон дүүргийн төрийн сангаас санхүүжилтийг хянан гүйлгээг баталгаажуулан ажилладаг, байсан учир энэ зүйл ангид миний бие хамаарахгүй. Г даргын төсвийн шууд захиран зарцуулах эрхэнд халдсан, үгсэн хуйвалдан бүлэглэж гаргасан тушаал шийдвэр байхгүй, санхүүгийн баримт тушаал дээр 1 дүгээр гарын үсэг хэлтсийн дарга Ж.Г-, 2 дугаар гарын үсэг нягтлан бодогч Б.Б нар байсаар байхад төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан хэмээн шийтгэх тогтоол, магадлал гарсныг үндэслэлгүй гэж үзэж байна. Энэ бүхэн шүүх хурлын явцад оролцсон гэрч, оролцогч нар бүгд нотлон хэргийн нотлох баримтаар нотлогддог болно. Хэлтсийн даргын гаргасан аливаа шийдвэр тушаалд миний зүгээс оролцож нөлөөлөх ямар ч боломжгүй үйл ажиллагаатай холбоотой хууль ёсны тушаал шийдвэрийг албан хаагчдад танилцуулан хяналт тавин ажиллахаас өөрөөр санхүү хөрөнгө мөнгөтэй холбоотой нэг ч тушаал шийдвэрт гарын үсэг зуран оролцсон тохиолдол байхгүй болно. Энэ бүхнийг дүгнэн хэлэхэд надад өөрөө тушаал гарган өөрийгөө шагнах давуу байдал бусдад олгон төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан тушаал шийдвэр байхгүй мөн төсвийн хөрөнгийг захиран зарцуулах эрх санхүүгийн баримтад 1,2 дугаар гарын үсэг зурах болон байгуулсан гэрээ, контракт байхгүй, тухай бүр хэрэгт холбоотой мэдүүлэг нотлох баримтыг шүүхэд үнэн зөвөөр мэдүүлэн явсан бөгөөд миний энэхүү байдлыг харгалзан үзэж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулан надад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэв.
Шүүгдэгч Д.Бийн өмгөөлөгч Б.Б, Д.Г нар хяналтын шатны шүүхэд хамтран гаргасан гомдолдоо “... Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022.12.15-ны өдрийн 2022/ДШМ/1194 тоот магадлалыг 2023.01.02-ны өдөр гардан аваад "...Д.Б нь Ж.Г-тэй тухайн гэмт хэрэгт бүлэглэн оролцсон болох нь тогтоогджээ", "...Д.Б нь хавтас хэрэгт авагдсан ажлын байрны тодорхойлолтод заагдсан татварын улсын байцаагч, ажилтнуудын ажлыг сар бүр дүгнэж, үр дүнгийн шагналын тушаалаар баталгаажуулан олгох гэсэн албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон нөхцөл байдал тогтоогдож байна", "шүүгдэгч Д.Бээс 8.350.000 төгрөгийг тус тус гаргуулж улсын орлого болгосугай гэх нэмэлт заалт оруулах нь зүйтэй" гэх дүгнэлтүүдийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Үүнд: Нэг: Тасгийн дарга болон татварын байцаагч, орон тооны бус байцаагч нарыг шагнах, шагналын мөнгө ялгамжтай орох, уг мөнгөнөөс буцаан хураан авах, дундын сан бүрдүүлэх, хэнийг хэдэн төгрөгөөр шагнах нь тодорхойгүй талаар Ж.Г нь Зөвлөлийн хурал дээр мэдээлэл хийсэн талаар: Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн даргын Зөвлөлийн хурлын гишүүд болох Дэд дарга Б.З, Тасгийн дарга нар болох Ю.Л, Ц.Э, Б.Б, А.Б, Г.С нарын мэдүүлгээс үзэхэд 2018.12.10-18-ны орчимд Хэлтсийн дарга Ж.Г нь Зөвлөлийн хурал хуралдуулаад: 1-рт: Дүүргээс мөнгө авахаар хөөцөлдөж байна. 2-рт: Уг мөнгөөр Тасгийн дарга нар болон сайн ажилласан татварын болон орон тооны бус байцаагч нарыг шагнана. 3-рт: Яг хэдэн төгрөг орж ирэхийг мэдэхгүй байна. 4-рт: Шагнал урамшууллын мөнгө нь харилцан адилгүй хэмжээгээр орно. 5-рт: Шинэ жил болон бусад арга хэмжээнүүдэд мөнгө хэрэгтэй байгаа тул урамшууллын чинь мөнгийг өгөөд бусдыг нь татаж авна шүү гэх мэтээр мэдээлэл хийсэн болохыг бүгдээрээ мэдүүлжээ. Хэдийгээр "Дүүргээс хэмнэсэн хэдэн төгрөгийг манай хэлтэст өгсөн", "Дүүргээс манай хэлтэст урамшууллын мөнгө олгох гэж байгаа”, “Дүүрэг рүү давсан орлогоос мөнгө авах талаар хөөцөлдөж байна" гэх зэргээр өөр өөрийн санаж байгаагаараа мэдүүлсэн боловч эцсийн дүндээ Хэлтсийн дарга Ж.Г-ийн санал санаачилгаар хүмүүсийг шагнасан, мөнгө буцаан хураан авсан, нийтийг хамарсан арга хэмжээнүүдэд зарцуулсан, Зөвлөлийн гишүүд мөнгө буцаан хураан авахыг эсэргүүцээгүй болох нь тогтоогдсон. Хоёр: Ж.Г нь Дүүргийн ИТХ, Засаг даргаас зөвшөөрөл авсны үндсэн дээр тушаалаа гаргасан талаар: Хэлтсийн дарга Ж.Г нь Дүүргийн ИТХ-ын дарга, Засаг даргатай зөвшилцөж зөвшөөрөл авсны үндсэн дээр 2018.12.20-ны өдөр А/90 тоот тушаалыг гаргасан байдаг. Ж.Г нь ажил үүргийн хуваарийн дагуу Д.Бт, Д.Б нь хуулийн зөвлөх Б.М-д тус тус үүрэг өгч дээрх А/90 тоот тушаалын төслийг боловсруулуулсан бөгөөд уг тушаалын 2 дахь заалтад тусгагдсан 107.000.000 төгрөгийг" гэснийг Б.М, Д.Б нарын хэн нь ч тавьж Ж.Г-эд өгөөгүй. Учир нь тушаалын төсөл боловсруулах үед Дүүргээс хэдэн төгрөг шийдэгдэж ирэх нь тодорхойгүй байсан байдаг. Түүнчлэн нийт хэдэн төгрөг шийдэгдэж ирэх нь тодорхойгүй учир хэдэн хүнийг, хэд хэдэн төгрөгөөр шагнах нь мөн л тодорхойгүй байсан байна. Дээр дурдсанчлан Ж.Г нь хэдэн хүнийг, түүний дотор хэн хэнийг, хэд хэдэн төгрөгөөр шагнахаа хэлээгүй, бусад нь ч мэдээгүй байдаг. Гурав: Дүүргийн ИТХ, Засаг дарга, Төрийн сан уг мөнгийг юунд зарцуулах гэж байгааг мэдэж байсан талаар: Хэлтсийн дарга Ж.Г нь Д.Б-ээр дамжуулан хуулийн зөвлөх Б.М-ын боловсруулж өгсөн тушаалын төслийг 2018.12.20-ны өдөр цаасан дээр буулган гаргаж, нэр бүхий 17 хүнийг 107.000.000 /Нэг зуун долоон сая/ төгрөгөөр шагнах хавсралтыг хийж Дүүргийн Төрийн сангийн хэлтэс рүү ня-бо Б.Б очиж уг гүйлгээг хийх ёстой. Гүйлгээ хийхэд "нэхэмжлэл” бичигддэг бөгөөд 1-р гарын үсгийг Ж.Г-, 2-р гарын үсгийг ня-бо Б.Б зурдаг бөгөөд үүнд Д.Б огт хамаагүй юм. Уг "нэхэмжлэл", Хэлтсийн даргын 2018.12.20-ны өдрийн А/90 тоот тушаал, түүний хавсралт зэргийг Дүүргийн Төрийн сан хянаж зөвшөөрснөөр уг гүйлгээ банкаар дамжин дээрх нэр бүхий 17 хүний дансанд орсон байна. Дүүргийн Төрийн сан нь тухайн үедээ ямар ажил, албан тушаалтай, хэн хэнийг, хэд хэдэн төгрөгөөр шагнах гэж байгааг мэдсээр байж зөвшөөрч гүйлгээ хийлгэчхээд, асуудал хуулийн байгууллагаар шалгагдаад эхлэнгүүт мэдээгүй дүрд тоглож, зориулалтын бусаар зарцуулчихсан байна ш дээ, энэ чинь орон тооны бус байцаагч нарын мөнгө гэх мэтээр өөрсдөөсөө холдуулж Ж.Г-ийг золиосолж байна. Дөрөв: Баянзүрх дүүргийн ИТХ-ын 2017.12.19-ний өдрийн “Дүүргийн төсөв батлах тухай" 16-р тогтоолд төсвийн зориулалтыг хэрхэн тусгасан талаар: Тус дүүргийн ИТХурал нь 2017.12.19-ний өдөр хуралдаж 16-р тогтоол гарган Дүүргийн төсвийн баталсан байдаг. Ингэхдээ 599.756.000 төгрөгийг "татвар хураалт, орлого бүрдүүлэлтэд зориулан төсөвлөсөн байдаг. Ингээд 2018 онд дүүргийн Татварын хэлтэс нь татвар хураалт, орлого бүрдүүлэлтийн ажлаа 1.5 тэрбум төгрөгөөр давуулан биелүүлсний шагнал болгож дүүргийн ИТХ, Засаг дарга нь тус хэлтэст төсөвлөсөн 599.756.000 төгрөгөөс үлдсэн 107.000.000 төгрөгийг захиран зарцуулах эрхийг Ж.Г-эд олгосны үндсэн дээр Ж.Г- нь нэр бүхий 17 хүнийг шагнаж, түүнээсээ дундын сан бүрдүүлэх талаар Зөвлөлийн хурал дээр мэдэгдсэн байна. Тав: 2018.12.20-ны өдөр А/90 тоот тушаалаар нэр бүхий 17 хүнийг шагнахад оролцсон болон шагнагдсан хүмүүсийг өрөөндөө дуудаж уулзсан гэдэг нь худал талаар: Д.Б нь 2018.12.20-ны өдөр Удирдлагын академид суралцаж байсан тул ажилдаа очоогүй, Хэлтсийн даргын А/90 тоот тушаалыг гаргахад оролцоогүй, бусдыг өрөөндөө дуудаж мөнгө хурааж аваагүй төдийгүй даргын өгсөн үүрэг даалгаврын дагуу хэнээс хэдэн төгрөг хурааж авахыг тэмдэглэж аваад оройн арга хэмжээн дээр ирэхдээ авчрахыг утсаар мэдэгдсэн болох нь дараах баримтуудаар тогтоогдож байгаа. 1. Д.Б нь 2018-2019 оны хооронд Удирдлагын академийн Төрийн захиргааны менежментийн мэргэшүүлэх дипломын сургалтад Пүрэв гараг бүр хамрагдаж байсан бөгөөд Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн даргын 2018.04.16-ны өдрийн Б/28 тоот тушаалаар 2018.03.23-ны өдрөөс 2018.05.20, 2018.08.27-ны өдрөөс 2018.12.31-ний өдрийг дуустал хугацааны Пүрэв гарагт цалинтай чөлөө олгосон байсан. 2. Үүний дагуу 2018.12.20-ны өдөр буюу Пүрэв гарагт Удирдлагын академи дээр хичээлтэй байсан болох нь тус академийн 2022.06.02-ны өдрийн 10/14 тоот тодорхойлолт, хичээлийн хуваарь, дүнгийн хуудсаар тус тус тогтоогдож байгаа. 3. 2018.12.20-ны өдөр хичээлтэй байх хугацаандаа тус академийн 2-р давхарт байрлах кофе шопоор өглөөний 08:51, 10:28 цагуудад 2 удаа үйлчлүүлэн Голомт банкны ***** тоот сериалтай пос машинд өөрийн Улаанбаатар хотын банкны ***** тоот дансны картаа уншуулан 47.500 төгрөгийн гүйлгээ хийсэн байна. 4. 2018.12.20-ны өдрийн 11:59, 12:01 цагуудад Хан-Уул дүүргийн 15-р хороо, Гэгээнтэн цогцолборт байрлаж байсан Богд банкны ID:******* тоот АТМ-ээр үйлчлүүлэн 360.000 төгрөгийг өөрийн Улаанбаатар хотын банкны ****** тоот данснаасаа авсан байна. 5. Мөн 2018.12.20-ны орой 17:42 цагт Баянзүрх дүүргийн 26-р хороо, Саруул хотхоны 113-р байранд байрлах "Заяа" үсчин, гоо сайхны салоноор үйлчлүүлэн 30,000 төгрөгийн төлбөрийг өөрийн Улаанбаатар хотын банкны ****** тоот дансны картаа уншуулантооцоо хийсэн байна. Зургаа: Д.Бийг гэмт хэрэгт холбогдуулан татаж, шүүхэд шилжүүлсэн болон анхан шатны шүүхээр ял шийтгэл оногдуулсан талаар: Нийслэлийн прокурорын газраас миний үйлчлүүлэгч Д.Бийг ЭХ-ийн ЕА-ийн 2.2-р зүйлийн 4, 3.2-р зүйлийн 1, 3.5-р зүйлийн 1, 3.7-р зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан ТА-ийн 22.1-р зүйлийн 2 дахь хэсэг, 22.8-р зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байдаг. Прокуророос Д.Б-ийн үйлдлийг гэмт хэрэг гэж үзсэн үндэслэл нь эргэлзээтэй бөгөөд ЕА-ийн гүйцэтгэгч, хамжигч, бүлэглэн гүйцэтгэх гэх мэт гэмт хэрэг үйлдэхэд оролцсон оролцоог ялган заагласан хэлбэрүүдийг хольж, хамтад нь журамласан байсан. Ө/х: Нэг хүний нэг үйлдлийг хамжигч, гүйцэтгэгч, бүлэглэн гүйцэтгэгч гэх мэтээр өөр өөр хэлбэрт хамааруулан тодорхойлсон байсан. Энэ нь гэмт хэрэг үйлдэгдэхэд миний үйлчлүүлэгчийн үйлдэл оролцоо байгаа гэж үзвэл яг ямар хэлбэрээр хамтарч оролцсон гэж үзээд байгаа нь ойлгомжгүй, зөв тодорхойлж чадахгүй байна гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байсан. Анхан шатны шүүхийн зүгээс Д.Б нь гэмт хэрэгт ямар байдлаар хамтран оролцсон болох, тэр нь ЕА-ийн 3.1-р зүйлийн 2 дахь хэсгийн аль хэлбэрт хамаарахыг зөв тодорхойлж чадалгүй прокурорын үйлдсэн яллах дүгнэлтийг хуулбарлан гэм буруутайд тооцсон байдаг. Ингэснээр ЭХ-ийн ЕА-ийн 1.2-р зүйлд заасан "Хууль ёсны зарчим" алдагдаж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэхгүй" гэж заасныг зөрчсөн байна. Долоо: Анхан болон Давж заалдах шатны шүүхийн шийдвэрт хийсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн талаар: Анхан шатны шүүх нь Д.Б-ийн гэмт хэрэг үйлдэхэд "хамтран оролцсон хэлбэр"-ийг зөв тогтоож чадаагүй атлаа гэм буруутайд тооцсон бол Давж заалдах шатны шүүх нь Ж.Г-, Д.Б нарыг "санаатай нэгдсэн" болохыг тогтоож чадаагүй атлаа бүлэглэсэн гэж үзсэн нь тус тус үндэслэлгүй юм. Хоёр шатны шүүхийн хийсэн дүгнэлт нь ЭХХШТХуулийн 39.6-р зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т "дүгнэлт нь шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэх, ял оногдуулахад нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болох ноцтой зөрүүтэй байвал" гэж зааснаар ноцтой зөрүүтэй байна. Энэ нь мөн хуулийн 39.7-р зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т "хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн" гэж үзэх үндэслэл болно. Найм: Гэмт хэрэг үйлдсэн үе шатны талаар: Байгууллагынхаа ажилтнуудыг шагнах гэж байгаа талаараа Төсөв захирагчид мэдэгдэж, тушаалаа хавсралтын хамт явуулж Төрийн санд нь хянуулан зөвшөөрөл авснаар ажилтнуудаа шагнасан үйлдэл нь гэмт хэрэг юм уу, шагналын мөнгийг буцаан татаж хамт олны хэрэгцээнд зарцуулсан нь гэмт хэрэг юм уу гэдэгт мөн л шат шатны шүүхүүд ялган зааглаж үнэлэлт дүгнэлт өгөөгүй байдаг. Ерөнхийдөө Ж.Г-, Д.Б нарыг гэм буруутай гэж үзээд байгаа боловч дээрх нөхцөл байдлуудыг ялган зааглаж, аль үйлдэл нь гэмт хэрэг болох, гэмт хэрэг юм бол хэдийд төгсөж байгаа болоход үнэлэлт дүгнэлт хийх зайлшгүй шаардлагатай. Ж.Г- нь тушаал гаргаснаар давуу байдал олгоод байна уу, тушаалын төсөл бэлдэж өгснөөр Д.Б давуу байдал олгоод байна уу. Мөн тушаалын төсөлд Д.Б нь мөнгөн дүн тавиагүй, шагнуулах хүмүүсийн нэрсийг гаргаж өгөөгүй. Хэнийг, хэдэн төгрөгөөр шагнахаа би өөрөө мэдье гэж Ж.Г- нь Зөвлөлийн хурал дээр ярьсан болохыг Зөвлөлийн гишүүд болох дэд дарга, тасгийн дарга нар батлан мэдүүлсэн. Энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсний эцэст Д.Б-ийн үйлдэл оролцоо ЭХ-ийн ЕА-ийн 3.1-р зүйлийн 2 дахь хэсэгт заасан гүйцэтгэгч, зохион байгуулагч, хатгагч, хамжигчийн аль нь болох, 3.7-р зүйлийн 1 дэх хэсэгт заасан санаатай нэгдсэн шинж байгаа эсэх зэргийг нарийвчлан авч үзсэний эцэст гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх зайлшгүй шаардлагатай Ес: Давж заалдах шатны шүүхийн хийсэн “... Д.Б нь хавтас хэрэгт авагдсан ажлын байрны тодорхойлолтод заагдсан татварын улсын байцаагч, ажилтнуудын ажлыг сар бүр дүгнэж, үр дүнгийн шагналын тушаалаар баталгаажуулан олгох гэсэн албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон нөхцөл байдал тогтоогдож байна” гэх дүгнэлтийн талаар: Давж заалдах шатны шүүхийн хийсэн энэхүү дүгнэлт нь дараах үндэслэлүүдээр мөн л хэргийн бодит байдалтай нийцээгүй төдийгүй үндэслэлгүй болжээ. Үүнд: 1. Д.Б нь ЭХ-ийн ТА-ийн 22.8-р зүйлд заасан гэмт хэргийн субьект биш юм. Ө/х: Тушаал гаргах, төсөв захиран зарцуулах эрх бүхий этгээд биш юм. Дээрх тушаал гаргах эрх хэмжээ нь тухайн Төрийн байгууллагын дарга буюу удирдлагад, төсөв захиран зарцуулах эрх нь 1, 2-р гарын үсэг зурдаг дарга, ня-бо хоёрт хамаарах тусгайлан олгосон эрх бөгөөд хэргийн нөхцөл байдлаас харахад Б дүүргийн Татварын хэлтсийн даргын 2018.12.20-ны өдрийн А/90 тоот тушаалыг Д.Б бус Ж.Г- гаргасан, гүйлгээг нь дарга Ж.Г- болон ня-бо Б.Б нар хийсэн байгаа. Д.Б нь тушаал гаргаж бусдыг шагнаагүй, уг тушаалаараа дамжуулан төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулаагүй болно. 2. Мөн хугацаанд Д.Бийн тушаалаар болон саналаар татварын байцаагч, ажилтнуудыг үр дүнгийн шагналаар шагнаж байсан болон 2018.12.20-ны өдөр түүний саналаар нэр бүхий 17 хүнийг шагнасан тухай баримт хэрэгт авагдаагүй болно. 3. Уг тушаалын хавсралтад заасан нэр бүхий 17 хүний нэрийг Д.Б гаргаж өгсөн гэж үзэх ямар нэгэн нотлох баримт байхгүй байхад зөвхөн ажлын байрны тодорхойлолтод зааснаар Д.Б гаргаж өгсөн, хэнийг хэдэн төгрөгөөр шагнахыг Д.Б шийдвэрлэсэн мэтээр дүгнэсэн нь үндэслэлгүй байна. 4. Ер нь ажил үүргийн хуваарийн дагуу тушаалын төслийг хуулийн зөвлөхөөрөө дамжуулан боловсруулж даргадаа өгсөн, даргын даалгаснаар Зөвлөлийн хурлаар шийдвэрлэсний дагуу мөнгө хураан авсныг бие даасан гэмт хэрэг гэж үзэх хуулийн үндэслэлгүй. Арав: Мөн “... шүүгдэгч Д.Бээс 8.350.000 төгрөгийг тус тус гаргуулж улсын орлого болгосугай гэх нэмэлт заалт оруулах нь зүйтэй” гэх дүгнэлтүүдийн талаар: 1. Прокуророос миний үйлчлүүлэгчээс 26.350.000 төгрөгийн хохирол гаргуулахаар яллах дүгнэлтийн хавсралтад заасан байсан. Үүнээс шагнуулсан 18.000.000 төгрөгөө буцаан төлсөн бөгөөд үлдэх 8,350,000 төгрөгийг төлөх үндэслэлгүй талаар маргасан. Учир нь энэ 8.350.000 төгрөгийн 5.350.000 төгрөг нь нийт шагналын сангийн 107.000.000 төгрөгийн 10% буюу анхнаасаа олгогдоогүй татварын дансанд суутгагдан үлдсэн 10.700.000 төгрөгийн 50% байсан. Энэ 10.700.000 төгрөг бол татварт суутгагдан үлдсэн бөгөөд шагнуулсан нэр бүхий 17 хүний гар дээр огт очоогүй мөнгө. Ө/х: Нэг халааснаас гараад нөгөө халаасандаа буцаад орчихсон мөнгө. Hөгөө 3.000.000 төгрөг нь шинэ жилийн арга хэмжээнд зориулагдан Хүн амын орлогын тасгийн дарга Б.Б-д Ж.Г-ийн шийдвэрээр өгөгдсөн мөнгө. Тийм учраас Д.Б нь өөрөө аваагүй 8.350.000 төгрөгийг нэмж төлөх үндэслэлгүй юм. 2. Давж заалдах шатны шүүхээс хохирлын хэмжээг нэмж гаргуулахаар шийдвэрлэсэн нь Ж.Г-, Д.Б нарын эрх зүйн байдлыг дордуулж байна. Үндсэн хуулийн Цэцийн 2019.03.13-ны өдрийн 01 тоот дүгнэлтээр “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1-р зүйлийн 4 дэх хэсэг, 39.9-р зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 40.8-р зүйлийн дэх хэсгийн 1.4-т ялыг хүндрүүлэх” талаар хуульчилсан байсныг “... анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дээд шатны шүүхэд хандсанаар шүүгдэгчид илүү хүнд ял оноох, эрх зүйн байдлыг нь дордуулж болохоор зохицуулсан нь Монгол Улсын Үндсэн хуулиар тунхагласан хүмүүнлэг, иргэний, ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэх эрхэм зорилгын агуулгад нийцэхгүй байхаас гадна хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл шүүхийн шийдвэрийг давж заалдах иргэний үндсэн эрхийг хөндөж, Үндсэн хуулийн 19-р зүйлийн 1 дэх хэсгийг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна” гэж дүгнэсэнтэй зөрчилдөж байна. Арван нэг: Анхан шатны шүүх нь шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтыг буцаан өгч шүүхийн шийдвэрийн үндэслэл болгохоос үндэслэлгүйгээр татгалзсан талаар: Өмгөөлөгч Б.Батцэнгэл би анхан шатны шүүх хуралдаан дээр 29 хуудас нотлох баримт гарган өгснийг шүүх хүлээн авч нотлох баримт шинжлэн судлах шатанд шинжлэн судлуулж өөрийн дүгнэлтийн үндэслэл болгосон. Энэ талаар шүүх хуралдааны тэмдэглэл /12-р хх-ийн 11-62-р хуудас/-д тусгагдсан байгаа бөгөөд 12-р хх-ийн 14-р хуудсанд 29 хуудас нотлох баримт гаргаж өгсөн болох нь, 4-р хуудсанд улсын яллагчаас санал асуусан болох нь 56-р хуудсанд 27 хуудас баримтыг буцаан өгсөн болох нь тус тус тусгагдсан байгаа. Нэгэнт анхан шатны шүүхээр хэлэлцэгдсэн, нотлох баримт шинжлэн судлах шатанд шинжлэн судлагдсан дээрх 27 хуудас нотлох баримтуудыг буцаан өгсөн нь үндэслэлгүй бөгөөд ЭХХШТхуулийн 15.2-р зүйлийн 1 дэх хэсэгт "Хүсэлт, гомдлыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үед гаргаж болно", 6 дахь хэсэгт Хүсэлт, гомдлыг хангаагүй нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухайн ажиллагаа болон Бусад ажиллагааны үед хүсэлт, гомдол дахин гаргах эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй" гэж тус тус заасныг үндэслэн нотлох баримтаар хэргийн материалд хавсаргуулан үнэлүүлэхээр дахин гарган өгч байна. /27 хуудас нотлох баримтыг хавсаргав/. Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэхэд Д.Б нь албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан гэж үзэх үндэслэлгүй бөгөөд түүнд ял халдаасан нь буруу байна. Иймд Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн гэх үндэслэлүүдээр Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022.12.15-ны өдрийн 322/ДШМ/1194 тоот магадлалыг хүчингүй болгож, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022.09.06-ны өдрийн 2022/ШЦТ/1302 тоот шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулан Д.Бт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
Иргэний хариуцагч Ц.Э-, А.Б, Ю.Л-, Г.С нар хамтран гаргасан хяналтын гомдолдоо “... Давж заалдах шатны 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 2022/ДШМ/1194 тоот магадлалыг 2023 оны 01 сарын 3-нд шуудангаар хүлээн аваад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1.2- д заасны дагуу хяналтын журмаар гомдол гаргаж байна. Шүүх асуудлыг шийдвэрлэхдээ: 1. Татварын хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Г, захиргааны тасгийн Даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Б нарт ял хариуцлага ногдуулсан нь хууль буруу хэрэглэж тэр хүмүүсийг хилсдүүлж шийтгэсэн гэж үзэж байгаа. Дүүргийн засаг даргатай байгуулсан хариуцлагын тухай гэрээний хэрэгжилтийг дүгнэж татварын хэлтсийн хамт олны ажлын гүйцэтгэлийг харгалзан 107.000.000.00 /Нэг зуун долоон сая/ төгрөг олгосон мөнгө болохоос биш манайхны хэн нэг нь заль мэх хэрэглэж, хуурамч баримт бүрдүүлэн шударга бусаар энэ мөнгийг аваагүй юм. Өөрөөр хэлбэл шагналын мөнгөний эх үүсвэр нь хууль ёсны дагуу манай хамт олонд зориулагдаж ирсэн шагналын санхүүжилт юм. Анхан шатны шүүх. Давж заалдах шатны шүүхүүд нь хэт яллах талыг барьж ийнхүү хэрэгт холбогдуулаад байгаа болохоос биш татварын байгууллагын системийн хэмжээгээр орон нутгийн захиргааны байгууллагууд урамшуулал авдаг уламжлал тогтоосон юм. Нэг үгээр хэлбэл үүнийг шударга бус гэж үзэх юм бол татварын бүх байгууллагуудын хариуцлагын гэрээгээр авсан шагналын мөнгийг гэмт хэрэг гэж үзэх шаардлагатай болно. Шүүх Засгийн газрын 1995 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 97-р тогтоолоор батлагдсан "Төрийн албан хаагчид шагнал урамшуулал олгох журам", /Энэ журам олон жилийн өмнө хүчингүй болсон/ Засгийн газрын 2011 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 344-р тогтоолоор батлагдсан "Татварын улсын байцаагчид үр дүнгийн шагнал, урамшуулал олгох журам", хөдөлмөрийн үлгэрчилсэн дотоод журам зэргийг зөрчсөн гэж үзэж эрүүгийн ял шийтгэл ногдуулж байгаа нь хууль буруу хэрэглэсэн үйл ажиллагаа болно. Энэ 107.000.000.00 /Нэг зуун долоон сая/ төгрөг бол урамшуулал биш шагнал юм. Энэ шагналын мөгийг урамшуулал олгодог журамтай хутгаж болохгүй. Шүүх үнэн мөнийг нь олж тогтоож чадахгүй хуулийг буруу хэрэглэсэн. Бид өөрөө өөртөө тушаал шийдвэр гаргаж мөнгө аваагүй. Байгууллагын санхүү зохион байгуулалтын үйл ажиллагааг хариуцдаггүй. Энэ үүднээс өгсөн шагналын мөнгийг авсан болохоос биш шударга бус аргаар өөртөө ашиг олох ямар нэгэн гэм буруугийн санал сэдэл байгаагүй. Ёстой л урд хөлийн бүдэрснийг хойд хөлөнд нь тохно гэгч болж завсарт нь хэлмэгдэж хохирлоо. Тийм ч учраас хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын анхны өдрөөс эхлээд төлбөр хариуцах гэм буруугүй гэдгээ үнэн мөнөөр нь тайлбарласаар ирсэн. Ер нь шүүхийн практикт гэм буруутайн улмаас бусдад учруулсан хохирлыг хавтгайруулан хариуцуулдаг буруу жишиг тогтож байгаад шүүх анхаарах цаг болжээ. Авлигатай тэмцэх газар төрд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх нэрийдлээр шударгаар мөнгө эд хөрөнгөтэй болсон хүмүүсийг хуулиар далайлгаж төлбөр хариуцуулж байгаа нь жирийн иргэдийг хэлмэгдүүлсэн хууль бус үйл ажиллагаа гэж үзэж байна Иймд Б дүүргийн татварын хэлтсийн даргын Шагнал урамшуулал олгох 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А/90 дугаартай тушаалаар нэр бүхий 17 хүн шагнагдсан. Дээрх шагналын эх үүсвэр нь Б дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас баталсан орон нутгийн төсвийн төлөвлөгөө биелүүлэх зардал гэж баталсан 599.756.000 төгрөгийн төсвөөс олгогдсон. Уг төсөв нь орон тооны бус байцаагчийн цалингийн төсөв гэж батлагдсан заалт байхгүй байхад орон тооны бус байцаагчийн цалингийн төсвөөр шагнал олгосон гэж буруутгаж буцаан төл гэсэн анхан шатны шүүхийн шийдвэр гарсныг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Орон нутгийн төсөв бүрдүүлэхэд зөвхөн орон тооны бус байцаагч нар ажилладаггүй хэлтсийн бүх албан хаагч нар оролцдог. Орон тооны бус байцаагч нар нь хязгаарлагдмал эрхтэй ажилладаг үүнд дүүргийн нутаг дэвсгэрт байрладаг зах худалдааны төвд болон хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа иргэдийн судалгаа гаргах бүртгэл хийх, хуулиар ногдуулсан татвараа төлөх талаар сануулах үйл ажиллагаа явуулдаг. Татварын тайлан хүлээн авах, татварын өр үл маргах журмаар гаргуулах, татвар төлөх, тайлан гаргах үүргээ биелүүлээгүй татвар төлөгчдөд эрх бүхий албан тушаалтан буюу татварын улсын байцаагчийн эрхтэй албан хаагч нар хийж гүйцэтгэдэг. Орон нутгийн төсвийг бүрдүүлэхэд зөвхөн иргэдээс татвар авч бүрдүүлдэггүй тухайн дүүргийн татварын хэлтэст бүртгэлтэй аж ахуйн нэгж байгууллагуудаас татварын ерөнхий хуульд заасан орон нутгийн төсөвт оруулдаг татварыг татварын улсын байцаагч нар бүрдүүлдэг. Тухайн үед татварын байгууллагад ажиллаж байсан орон тооны бус байцаагч нарыг татварын системийн хэмжээнд ажлаас чөлөөлсөн байсан. Иймд орон тооны бус байцаагч нарт өгөх татварын байцаагч нарт хууль бусаар олгосон гэх үндэслэл байхгүй. Мөн үр дүнгийн урамшуулал нь сар болгон ажлын үр дүнг үнэлж сарын цалингийн 30 хүртэл хувиар олгодог цалинтай адилтгах орлого гэж үзэж нийгмийн Даатгал болон хүн амын орлогын албан татвар суутгадаг бол шагнал нь жилийн ажил дүгнэж жилд нэг удаа олгохдоо бусад орлого гэж нийгмийн даатгал суутгахгүй тооцсон шагналаас шууд 10 хувь татвар суутгадаг. Иймд анхан шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 2022/ШЦТ/1302 шийтгэх тогтоол болон Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022/ДШМ/1194 магадлалаар иргэний хариуцагчаар татаж бидэнд буцааж төлүүлэхээр ногдуулсан төлбөрийг хүчингүй болгож өгнө үү” гэв.
Шүүгдэгч Ж.Г хяналтын шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа “... Дэмжиж байна. Прокуророос тооцсон мөнгөн дүн бол төлөгдчихсөн, улсын төсөвт төвлөрсөн мөнгө юм. Үнэхээр төлөх шаардлагатай гэж үзвэл хэлтсийн алба хаагчдын шинэ жилийн арга хэмжээнд зарцуулсан 20 орчим сая төгрөгийг хувааж төлүүлэх нь шударга байх” гэв.
Шүүгдэгч Д.Бийн өмгөөлөгч Б.Батцэнгэл хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “... Миний үйлчлүүлэгчийг Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн дэргэдэх даргын зөвлөлийн хурлын тэмдэглэлийг нөхөж бүрдүүлсэн, шагнал, урамшуулал олгох тушаалын төслийг боловсруулж батлуулсан, 40.100.000 төгрөгийг ажилчдаас хураан авч дарга Ж.Г-эд өгсөн гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн. Анхан шатны шүүх прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэлээр хэргийг шийдвэрлэсэн бөгөөд миний хувьд дээрх шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан. Давж заалдах шатны шүүх хуралдаан дээр улсын яллагчаас аль үйлдлээрээ бүлэглэсэн, хамжсан эсэх нь тодорхойгүй болохыг тодруулж асуухад тодорхой хариулж чадаагүй. Тийм учраас Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэсэн гэж үзээд гомдол гаргасан. Зориулалтын бусаар зарцуулсан гэх 107.000.000 төгрөг нь Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас төсөвлөсөн 599.000.000 төгрөгийн үлдэгдэл бөгөөд орон нутгийн төсвийн хөрөнгө юм. Тэгэхээр орон нутгийн төсвийн хөрөнгийг Б дүүргийн татварын хэлтсийн дарга Ж.Г- нь шууд зарцуулах боломжгүй буюу зөвшөөрөл авах ёстой. Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн нягтлан бодогч Б.Б холбогдох нэхэмжлэхийг дүүргийн Засаг даргын тамгын газрын нягтлан бодогчид хянуулсны дараа төрийн сангийн зөвшөөрлөөр гүйлгээ хийгддэг талаар мэдүүлсэн байдаг. Тэгэхээр дээрх мөнгө төсвийг захиран зарцуулах эрх бүхий хүмүүс хянаж, зөвшөөрснөөр шилжигдсэн. Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 16 дугаар тогтоолоор 599.000.000 төгрөгийг татвар хураалт, орлого бүрдүүлэлтэд төсөвлөсөн байдаг. Анхан шатны шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.4-т заасныг зөрчиж Ж.Г-, Д.Б нарыг үндэслэлгүйгээр гэм буруутайд тооцож ял халдаасан нь мөн хуулийн 39.7 дугаар зүйлийн 1.3-т заасан үндэслэлд хамаарна. Мөн давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дордуулж хохирлын хэмжээг нэмэгдүүлсэн буюу миний үйлчлүүлэгчээс 8.350.000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Уг мөнгөн дүнг буцаан гаргуулах шаардлагагүй. Миний үйлчлүүлэгчийг буруутгасан 3 үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, өөртөө болон бусдад давуу байдал олгосон үйл ажиллагаа биш. Түүнчлэн Д.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлд заасан төсөв захирагч биш. Дээрх байдлуудыг харгалзан хэргийг шийдвэрлэж өгнө үү. Хяналтын журмаар гаргасан гомдлоо дэмжиж байна” гэв.
Шүүгдэгч Д.Бийн өмгөөлөгч Д.Г хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “... Шүүгдэгч нарын үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн шинж илрэхгүй байна. Дундын санд мөнгө төвлөрүүлж буй арга нь буруу хэдий ч байгууллагын эрх ашгийн төлөө авсан арга хэмжээг заавал эрүүгийн гэмт хэрэгт тооцох үндэслэлгүй байх. Түүнчлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлд заасан гэмт хэрэгт Д.Бийг гэм буруутайд тооцсон нь үндэслэлгүй. Д.Б бол төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах эрх бүхий этгээд биш. Зөвхөн даргын өгсөн үүрэг, даалгаврыг биелүүлж арга хэмжээнд оролцсон нөхцөл байдал харагддаг. Мөн Д.Бийн албан тушаалын тодорхойлолтыг авч үзвэл шийдвэрийн хэрэгжилтийг хангаж ажиллах үүргийнхээ дагуу гарсан тушаалыг хэрэгжүүлсэн. Гэтэл гэмт хэрэгт хамтран оролцсон гэж буруутгасан нь үндэслэлгүй. Дээрх байдлыг харгалзан Д.Бт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
Шүүгдэгч Д.Б хяналтын шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа “... Би хэн нэгэнтэй бүлэглэж, хамжиж, санал өгч, ямар нэгэн тушаал, шийдвэр гаргаагүй. Мөн хувьдаа авч ашигласан, өөрт давуу байдал байдал бий болгосон зүйл байхгүй. Хэлтсийн даргын өгсөн үүрэг, даалгаврын дагуу хүмүүсээс мөнгө хурааж, гарсан зардлын нотлох баримтыг үлдэгдэл мөнгөний хамт хэлтсийн даргадаа хүлээлгэж өгсөн. Түүнээс биш хэлтсийн дарга Ж.Г-тэй үгсэн хуйвалдаж, 27 хүнийг шагнах санал дэвшүүлээгүй. Гомдолдоо бүх зүйлийг дэлгэрэнгүй бичсэн байгаа. Энэ байдлыг минь харгалзан хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
Иргэний хариуцагч Г.С хяналтын шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа “... Миний бие тухайн үед Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн Татварын орлогын тасгийн даргын үүрэг гүйцэтгэж байсан. 107.000.000 төгрөг бол дүүргийн орон нутгийн орлогын төлөвлөгөөг ханган биелүүлэхэд зарцуулах зорилгоор татварын 32 албанд дүүргээс олгодог төсөв юм. Энэ төсөв нь орон нутгийн орлогын төлөвлөгөөг ханган биелүүлэхэд зарцуулагдах болохоос Баянзүрх дүүргийн Иргэний төлөөлөгчдийн хурлын 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 16 дугаар тогтоолд “орон тооны бус байцаагчийн цалин хөлсөнд зарцуулах” гэсэн үг, өгүүлбэр байхгүй. Анхнаасаа үүнийг шагнал уу эсвэл урамшуулал уу гэдгийг тогтоогоогүй. Төрийн албаны тухай хуулиар шагнал, урамшуулал хоёрын ялгааг тодорхойлж өгсөн. Манай байгууллагад ажиллаж байсан 61 орон тооны бус байцаагч чөлөөлөгдсөнөөр үлдсэн байцаагч нар тэдний ажлыг хийж гүйцэтгэж, орон нутгийн төлөвлөгөөг 1.5 тэрбум төгрөгөөр давуулан биелүүлсний үр дүнд төсвөөс 107.000.000 төгрөг үлдсэн. Энэ мөнгийг сайн ажилласан хүмүүст хуваарилах асуудал даргын зөвлөлийн хурал дээр яригдсаны үр дүнд бид авсан. Анхан шатны шатны шүүхийн шүүгч, прокурор, Авлигатай тэмцэх газрын мөрдөгч нь шагнал уу эсвэл урамшуулал уу гэдгийг ялгаж тогтоогоогүй. Анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлээс харвал шүүгч өөрөө хохирол байхгүй гэдгийг дурдсан байгаа. Хоёр шатны шүүх хууль буруу хэрэглэсэн бөгөөд Төрийн албаны тухай хууль болон Иргэний төлөөлөгчдийн хурлын тогтоолыг гүйцэд уншаагүй. Баянзүрх дүүргийн Татварын хэлтэс цалин хөлс, түүнтэй адилтгах орлогыг тайлагнахдаа 17 албан хаагчид олгосон мөнгөн шагналаас 10 хувийг суутгасан болохоо тусгаж өгсөн. Гэтэл шагнал олгох журмыг огт дурдалгүй зөвхөн Сангийн сайдын баталсан үр дүн олгох журмыг дурдсан байдаг. Орон тооны бус байцаагчийг бидэнд томилж өгөөгүй, төрийн албаны мерит зарчим хэрэгжээгүй учир бид өглөөний 09 цагаас шөнийн 24 цаг хүртэл ажиллан байж орон нутгийн төлөвлөгөөг биелүүлсэн. Гэтэл шат шатны шүүх нотлох баримтаа судлаагүй, тогтоогоогүй, прокурор яллах дүгнэлтээ нотолж чадаагүй. Төсвийн тухай хуульд зааснаар нэг төрлийн төсвийг нөгөө төрлийн төсөвт зарцуулбал зориулалтын бус гэж үзнэ. Гэтэл үндсэн цалин, нэмэгдэл цалин, шагнал, урамшуулал нь нэг төсөв юм. Тэгэхээр бидэнд төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар ашиглаж шагнал олгосон гэж үзэхгүй байна. Тийм учраас иргэний хариуцагчаар тогтоогдсон 17 хүн улсад мөнгө төлөх боломжгүй. Бид хийсэн ажлынхаа үр дүнд шагнал авсан” гэв.
Шүүгдэгч Ж.Г-ийн өмгөөлөгч Л.Батжав хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “... Бидний зүгээс ял шийтгэл болон гэм буруугийн талаар ярьдаггүй. Зөвхөн хохирлыг буруу тооцсон нь хууль зөрчсөн гэж үзэж байна. 107.000.000 төгрөгийн 10 хувь шууд суутгагдсан, хүмүүсээс авсан мөнгийг буцаагаад дансанд хийчихсэн. Харин шинэ жилийн арга хэмжээнд зарцуулагдсан 17 орчим сая төгрөг, ахмадуудыг хүлээж авсан 2.800.000 төгрөг, нийлээд 20 орчим сая төгрөгийн асуудал бий. Анхан шатны шүүх хуралдаан дээр прокурор дээрх мөнгөн дүнг хохиролд тооцохгүй гэж хэлж байсан. Нэгэнт дээрх зардал нь хууль зөрчиж гарсан гэж үзвэл хувааж төлөх ёстой гэсэн агуулгаар гомдол гаргасан. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэв.
Иргэний хариуцагч Ц.Э-, А.Б, Ю.Л-, Г.С нарын өмгөөлөгч Л.Даваасүрэн хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “... Үйлчлүүлэгч нарынхаа хяналтын журмаар гаргасан гомдлыг дэмжиж байна. Иргэний хариуцагч Ц.Э-д 3.400.000 төгрөгийн, А.Бд 3.600.000 төгрөгийн, Ю.Л-д 5.500.000 төгрөгийн, Г.Сад 3.000.000 төгрөгийн төлбөр хариуцуулахаар шийдвэрлэсэн нь хууль болон шударга ёсонд нийцэхгүй гэж үзэж байна. Учир нь шагнал, урамшууллын ялгаа заагийг гаргаж хэргийг шийдвэрлэсэнгүй. 107.000.000 төгрөг бол 2018 оны эцсээр хийгдсэн хариуцлагын гэрээний дагуу олгогдсон мөнгө юм. Түүнчлэн хэрэгт авагдсан баримтуудаас харахад 107.000.000 төгрөгийн орон тооны бус байцаагчийн цалин олгосон гэх эх сурвалж, үндэслэл байхгүй. Миний хувьд шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан санал, дүгнэлтийг дэмжиж байна. Учир нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал олгосон үйлдэл байхгүй. Иймд иргэний хариуцагч нарт төлбөр хариуцуулсан хэсгийг хүчингүй болгож өгнө үү. Мөн хохирогч байгууллагын хууль ёсны төлөөлөгч Г.Т хохирол төлбөр байхгүй талаар мэдүүлсэн байдаг. Дээрх байдлыг харгалзан иргэний хариуцагч нарын эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг хэрэглэж өгнө үү” гэв.
Прокурор А.Золзаяа хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “... Анхан болон давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч Ж.Г-, Д.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2, 22.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн. Хэрэгт авагдсан үйл баримтаас үзэхэд хоёр шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна. Учир нь Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 16 дугаартай тогтоолоор татвар хураалт, орлого бүрдүүлэлт, орон тооны бус байцаагч ажиллуулах зардалд 599.756.000 төгрөгийн санхүүжилт олгохоор шийдвэрлэсэн байдаг. Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн дарга Ж.Г- нь дээрх санхүүжилтийн 107.000.000 төгрөгийг ажилчдын шагнал, урамшуулал олгоход зарцуулах тухай тушаалыг 2018 оны 12 дугаар 20-ны өдөр гаргасан. Гэтэл Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас дээрх төсвийг шагнал, урамшуулалд зарцуулахаар баталсан нөхцөл байдал тогтоогддоггүй учир төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар ашиглах гэмт хэргийн шинжийг агуулж байна. Мөн прокуророос нийтийн албан тушаалтнуудын буруутай үйл ажиллагааны улмаас их хэмжээний хохирол учирсан гэж дүгнэсэн атлаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2, мөн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь буруу байна. Өөрөөр хэлбэл, хэргийг хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр зүйлчилж ирүүлэх ёстой байжээ. Түүнчлэн шүүгдэгч Д.Б нь шүүгдэгч Ж.Г-ийн үйлдэлд дэмжлэг үзүүлэн хамтран оролцсон шинж байдаг. Гэтэл хоёр шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1, 3.2, 3.5, 3.7 дугаар зүйлийг журамлаж шийдвэрлэсэн нь хууль буруу хэрэглэсэн байна. Дээрх нөхцөл байдал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлд заасныг зөрчсөн буюу шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарна. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох нь зүйтэй” гэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1. Шүүгдэгч Ж.Г-, шүүгдэгч Д.Б, шүүгдэгч Д.Бийн өмгөөлөгч Б.Батцэнгэл, Д.Г-, иргэний хариуцагч Ц.Э-, А.Б, Ю.Л, Г.С нарын гаргасан гомдлуудыг үндэслэн Ж.Г-, Д.Б нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.
2. Прокуророос Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлан үйл ажиллагаа явуулдаг Нийслэлийн Б дүүргийн Татварын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Г, тус хэлтсийн Захиргааны тасгийн даргын үүрэг гүйцэтгэгч Д.Б нар бүлэглэн албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж,
Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.5 дахь хэсэг, Засгийн газрын 1995 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 96 дугаартай тогтоолоор батлагдсан “Төрийн албан хаагчид шагнал, урамшил олгох журам”-ын 5 дахь хэсэг, Засгийн газрын 2011 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 344 дугаартай тогтоолоор батлагдсан “Татварын улсын байцаагчид ажлын үр дүнгийн шагнал олгох журам”-ын 1.3, 1.4, 2.3 дахь хэсэг, Татварын ерөнхий газрын даргын 2015 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн А/151 дугаартай тушаалаар батлагдсан Татварын ерөнхий газрын харьяа татварын газар, хэлтсийн “Хөдөлмөрийн үлгэрчилсэн дотоод журам”-ын 7.16 дахь хэсэг, дүүргийн Татварын хэлтсийн даргын 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн А/33 дугаартай тушаалаар батлагдсан “Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн хөдөлмөрийн дотоод журам”-ын 7.12 дахь хэсгийг тус тус зөрчиж,
“Дүүргийн 2018 оны төсөв батлах тухай” дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 16 дугаар тогтоолоор татвар хураалт, орлого бүрдүүлэлтэд баталсан 599.756.000 төгрөгийн төсвийн санхүүжилт болох 107.000.000 төгрөгийг “Шагнал урамшуулал олгох тухай” 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А/90 дугаартай тушаал гарган дэд даргын үүрэг гүйцэтгэгч Б.Зд 20.000.000, Захиргааны тасгийн даргын үүрэг гүйцэтгэгч Д.Бт 20.000.000, Хувь хүний татварын тасгийн даргын үүрэг гүйцэтгэгч Ю.Л-д 20.000.000, үйлчлэгч П.О-т 3.000.000, орон тооны бус байцаагч М.Ц-д 3.000.000, орон тооны бус байцаагч Х.А-д 3.000.000, хураагч З.Ст 3.000.000, орон тооны бус байцаагч И.Ө-д 3.000.000, орон тооны бус байцаагч С.С-д 3.000.000, хураагч Т.Т-т 3.000.000, хураагч Н.Э-д 4.000.000, орон тооны бус байцаагч Э.А-д 3.000.000, Татвар төлөгчтэй харилцах тасгийн даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Э-д 4.000.000, Татварын хяналт шалгалтын тасгийн даргын үүрэг гүйцэтгэгч Б.Б-д 4.000.000, Эрсдэл статистикийн тасгийн даргын үүрэг гүйцэтгэгч А.Бд 4.000.000, Эрсдэл статистикийн тасгийн компьютерын инженер А.Н-д 3.000.000, Татварын орлогын тасгийн үүрэг гүйцэтгэгч Г.Сад 4.000.000, нийт 107.000.000 төгрөгийг урамшуулал хэлбэрээр олгож, улмаар П.О-ээс 2.500.000, Ю.Л-гээс 15.000.000, М.Ц-ээс 2.500.000, Х.А-аас 2.500.000, З.Саас 2.500.000, И.Ө-гаас 2.500.000, С.С-гаас 2.500.000,Т.Т-аас 2.500.000, Н.Эаас 3.400.000, Э.А-аас 2.500.000, Ц.Э-гээс 2.700.000, Б.Б-ээс 2.700.000, А.Баас 3.150.000, А.Н-аас 2.500.000, Г.Саас 3.150.000 төгрөг буюу нийт 52.600.000 төгрөгийг байгууллагын шинэ жилийн арга хэмжээ болон аяны арга хэмжээнд зарцуулна гэх нэрээр буцаан авч, уг 52.600.000 төгрөгөөс Ю.Л-, Ц.Э-, Б.Б, А.Б, Г.С нарт тус бүр 2.500.000 төгрөг буюу нийт 12.500.000 төгрөгийг урамшуулал нэрээр бэлнээр өгч, 6.000.000 төгрөгийг шинэ жилийн арга хэмжээнд зарцуулж, 34.100.000 төгрөгийг хувьдаа авч, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулж өөртөө, бусдад давуу байдал бий болгож, их хэмжээний хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 22.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
3. Шүүх нь хэргийн бодит байдал ба гэм буруугийн асуудлыг тогтоохдоо хэрэгт авагдсан нотлох баримт нэг бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар шалгаж, үнэлэх замаар хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хангалттай үйл баримтыг хөдөлбөргүй тогтоосны дараа хууль зүйн зөв, оновчтой дүгнэлт хийж шийдвэрлэх үүрэгтэй бөгөөд уг шаардлагыг хангаагүй анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах шатны шүүхээс хэвээр үлдээн шийдвэрлэсэн нь хууль ёсны ба үндэслэл бүхий болж чадаагүй байна гэж хяналтын шүүх бүрэлдэхүүн үзэв.
Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ гаргасан Эрүүгийн хууль хэрэглээний хийгээд бусад алдааг илрүүлж, засаж залруулах нь давж заалдах шатны шүүхийн чиг үүрэг байтал хэргийн байдлыг бүхэлд нь хянаж чадаагүй байгааг анхааруулж, тэмдэглэх нь зүйтэй.
4. Анхан шатны шүүх нь прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Ж.Г, Д.Б нарын гэм бурууг хянан шийдвэрлэхдээ тэдэнд холбогдох нийлмэл гэмт хэргийн нийтлэг ба ялгаатай шинж, зааг ялгааг нарийвчилсан байдлаар оновчтой, зөв дүгнэж чадаагүй байх бөгөөд хэт ерөнхий дүгнэлт хийж, мөн зарим асуудлыг огт дүгнэлгүй орхигдуулсан байгааг зөвтгөх боломжгүй байна.
Тухайлбал, эрүүгийн хэрэгт цугларч, шинжлэгдсэн ямар үйл баримт, үндэслэлийн хүрээнд шүүгдэгч нарыг нийлмэл гэмт хэрэг үйлдсэн гэж үзсэн, мөн төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан гэмт хэргийн улмаас их хэмжээний хохирол учруулсан гэж үзээгүй талаараа үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийх нь Эрүүгийн хууль ёсны, шударга ёсны зарчимд нийцүүлэн эрүүгийн хэргийг зөв зүйлчилж, гэм буруугийн хэр хэмжээнд тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн эсэхийг тогтоох, хянах үндсэн шалгуур, шаардлага болно.
5. Түүнчлэн уг хэрэгт шүүгдэгч нарын гэм бурууг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай хүрэлцэхүйц нотлох баримт авагдаагүй, тодруулбал, хэргийн үйл баримт, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгч нарын үйлдэл нь яллаж буй гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан эсэхийг болон тэдгээрийн үйлдлийн шинж чанар, хэр хэмжээ, оролцоо, гэм буруугийн хэлбэрийг тал бүрээс нь шалгаж, нарийвчлан тогтоогоогүй, хохирлын хэмжээг бодитойгоор тодорхойлоогүй, хэргийн шийдвэрлэлтэд ач холбогдолтой байж болох нотлох баримтыг цуглуулах мөрдөн шалгах ажиллагааг гүйцэд хийгээгүй зэргээр хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж нотлоогүй байх тул хоёр шатны шүүхээс хийсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалд нийцээгүй гэж үзнэ.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д заасны дагуу гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ бодитой нотлогдон тогтоогдсон байх ёстой.
Материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэргийн объектив талын шинжид хамаарах гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээг заавал нотолж тогтоосон байдаг нь хэргийн бодит байдлыг тогтоох, гэмт үйлдлүүдийг үргэлжилсэн нэг эсхүл нийлмэл гэмт хэрэгт тооцох эсэх талаар хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж хэргийг зөв зүйлчлэх зэрэгт чухал ач холбогдолтой.
7. Шүүгдэгч нарын гэмт хэрэгт оролцсон үйлдэл, оролцоог нарийвчлан тодорхойлж, тогтоосон байх нь тэдгээрийн гэм буруу, оногдуулах ял шийтгэлийн зохистой харьцаанд нөлөөлөх бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан шударга ёсны зарчимд нийцэх юм.
8. Шүүхийн шийдвэрт нөлөөлж болох дээрх нөхцөл байдлууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд заасан “Хэргийн бодит байдлыг тогтоох”-д чухал ач холбогдолтой ба шүүхийн дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг анхаарч үзэлгүй орхигдуулж, хэргийг эцэслэн шийдвэрлэсэн байх тул шийтгэх тогтоол, магадлалыг тус тус хүчингүй болгож, энэ талаар хяналтын шатны шүүх хуралдаанд оролцсон прокурорын хууль зүйн дүгнэлтийг хангаж шийдвэрлэлээ.
9. Хяналтын шатны шүүх хуралдаанаас шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож шийдвэрлэсэнтэй холбогдуулан шүүгдэгч Ж.Г-, шүүгдэгч Д.Б, шүүгдэгч Д.Бийн өмгөөлөгч Б.Батцэнгэл, Д.Г, иргэний хариуцагч Ц.Э, А.Б, Ю.Л, Г.С нарын хяналтын журмаар гаргасан гомдлын үндэслэлд хууль зүйн дүгнэлт хийгээгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг тус тус удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ С.СОЁМБО-ЭРДЭНЭ
ШҮҮГЧ Б.АМАРБАЯСГАЛАН
Б.БАТЦЭРЭН
М.ПҮРЭВСҮРЭН
Б.ЦОГТ