| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Хөхийсүрэнгийн Батсүрэн |
| Хэргийн индекс | 128/2023/0523/З |
| Дугаар | 001/ХТ2024/0132 |
| Огноо | 2024-11-29 |
| Маргааны төрөл | Татвар, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2024 оны 11 сарын 29 өдөр
Дугаар 001/ХТ2024/0132
“А***” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Татварын ерөнхий газрын харьяа Том татвар төлөгчийн
газрын Татварын хяналт, шалгалтын хэлтсийн татварын улсын
байцаагч нарт холбогдох захиргааны хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч, шүүгч: Ц.Цогт
Шүүгчид: Г.Банзрагч
Д.Батбаатар
П.Соёл-Эрдэнэ
Илтгэгч шүүгч: Х.Батсүрэн
Нарийн бичгийн дарга: Б.Зэнээмэдрээ
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 128/ШШ2024/0474 дүгээр шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 221/МА2024/0532 дугаар магадлал,
Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 001/ШХТ2024/0381 дүгээр хэлэлцүүлэх тогтоолтой хэргийг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б***, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б***, хариуцагч С.Г***, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.А***, Ц.Т*** нарыг оролцуулан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэлийн шаардлага:
1.“А***” ХХК-аас Татварын ерөнхий газрын харьяа Том татвар төлөгчийн газрын Татварын хяналт, шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч С.Г***, Б.Э*** нарт холбогдуулан “... тус байцаагч нарын 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн НА-**** дугаартай нөхөн ногдуулалтын актын зарим хэсгийг буюу 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс 2019 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн хооронд ачигдсан 24,712.46 тонн төмрийн хүдрийн баяжмалд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр нөхөн тогтоож 4,673,176,885.28 төгрөгийн зөрчил гэж үзэж ногдуулсан 238,790,377.17 төгрөгийн нөхөн татвар, 71,637,113.15 төгрөгийн торгууль, 47,758,075.44 төгрөгийн алданги, нийт 358,185,565.76 төгрөгийн төлбөрийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.
2.Татварын ерөнхий газрын харьяа Том татвар төлөгчийн газрын Татварын хяналт, шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч С.Г***, Б.Э*** нар 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн НА-*** дугаар нөхөн ногдуулалтын актаар “2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс 2019 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн хооронд ачигдсан 24,712.46 тонн төмрийн хүдрийн баяжмалд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр нөхөн тогтоож 4,673,176,885.28 төгрөгийн зөрчил” гэж үзэж, 238,790,377.17 төгрөгийн нөхөн татвар, 71,637,113.15 төгрөгийн торгууль, 47,758,075.44 төгрөгийн алданги, нийт 358 185 565.76 төгрөгийн төлбөр ногдуулжээ.
3.Нэхэмжлэгчээс “... 2023 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн хуулиар Ашигт малтмалын тухай хуулийн 47.1 дэх хэсгийг өөрчлөн найруулсан, хариуцагчаас Ашигт малтмалын тухай хуульд 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр орсон нэмэлт өөрчлөлтийн 47 дугаар зүйлийн 47.1.2-т заасан экспортолсон этгээд гэснийг хэрэглэж акт тогтоосон, гэтэл 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс 2019 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн цаг хугацаанд Ашигт малтмалын тухай хуульд “экспортолсон этгээд” гэдэг агуулга байгаагүй, Үндсэн хууль “зөрчсөн”, “хүчингүй” болсон хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэрэглэлгүйгээр өмнөх өөрчлөлт ороогүй байсан хуулийн зохицуулалтыг хэрэглээгүй хууль хэрэглээний зөрчил гаргасан, хариуцагч нар хуулийг буцаан хэрэглэсэн, 2019 оны 3 дугаар сарын 26 болон 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн хуулийг аль алийг нь үндэслэж актыг гаргасан талаар тайлбарласан, нэхэмжлэгч компани нь бусдын төмрийн хүдрийг баяжуулж агууламжийг дээшлүүлж орлого олсон болохоос бус худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан хуулийн этгээд биш, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч биш тул АМНАТ тайлагнаагүй гэх зөрчил гаргаагүй, хүдэр баяжуулсан тонн тутамд ашигт малтмалын агууламжийг дээшлүүлж үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнд гаалийн лаборатори “А***” ХХК-ийн нэрээр дүгнэлт гаргах нь зүйтэй, гаалийн бүрдүүлэлтэд хавсаргагдсан гаалийн лабораторийн дүгнэлтээр ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч гэж үзэх үндэслэлгүй ...” гэж;
4.Хариуцагчаас “... татварын албаны хөндлөнгийн мэдээллийн сан дахь гаалийн экспортын мэдээгээр нэхэмжлэгч компани 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдрөөс 2019 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн хооронд нийт 30,994.0 тн экспортолсон, 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдөр Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх заалтыг өөрчлөн найруулж, 2019 оны 04 дүгээр сарын 07-ны өдрөөс Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 4 дүгээр тогтоол гарсан хүртэл хугацаанд хэрэгжсэн, 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 47.1.2-т “ашигт малтмал экспортолсон этгээд” гэж өөрчлөн найруулж, мөн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1 дүгээр зүйлд зааснаар Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн хуулийг 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс хойш дагаж мөрдөхөөр заасан, 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн Ашигт малтмалын тухай хуулийн “Ашигт малтмал худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан хуулийн этгээд ... нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг борлуулалтын үнэлгээнээс тооцож улсын төсөвт төлнө” гэсэн заалт, 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр баталсан Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 47.1.2-т “ашигт малтмал экспортолсон этгээд” гэсэн хуулийн зохицуулалтыг үндэслэл болгон 2019 онд борлуулсан нийт 30,994.0 тн төмрийн хүдрийн баяжмалаас 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдрөөс 04 дүгээр сарын 07-ны хооронд экспортолсон 6,281.5 тн төмрийн хүдрийн баяжмалд АМНАТ тооцоолгүй хасаж, харин 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс 2019 оны 06 дугаар сарын 23-ны хооронд экспортолсон 24,712,46 тн төмрийн хүдрийн баяжмалд ашигт малтмалын нөөц ашигласан төлбөрийг нөхөн ногдуулсан” гэж тус тус маргажээ.
5.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр: Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан Татварын ерөнхий газрын харьяа Том татвар төлөгчийн газрын татварын улсын байцаагч С.Г****, Б.Э**** нарын 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн НА-**** дугаар нөхөн ногдуулалтын актын зарим хэсгийг буюу 2019 оны 04 дүгээр сарын 15-аас 2019 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн хооронд ачигдсан 24,712.46 тонн төмрийн хүдрийн баяжмалд АМНАТ нөхөн тогтоож 4,673,176,885.28 төгрөгийн зөрчил гэж үзэж ногдуулсан 238,790,377.17 төгрөгийн нөхөн татвар, 71,637,113.15 төгрөгийн торгууль, 47,758,075.44 төгрөгийн алданги, нийт 358,185,565.76 төгрөгийн төлбөрийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэгч “А***” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ.
6.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 128/ШШ2024/0474 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б***-аас гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисон.
7.Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Улсын дээд шүүх хүлээн авч, Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 001/ШХТ2024/0381 дүгээр тогтоолоор “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн”, “эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” эсэх гэсэн үндэслэлээр хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.
Хяналтын журмаар гаргасан гомдлын үндэслэл:
8.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б***-аас шүүхийн шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.1, 123.2.2-т заасан үндэслэлээр дараах гомдлыг гаргажээ. Үүнд:
8.2.Өмгөөлөгчид нотлох, үг хэлэх, хүсэлт гаргах, мэтгэлцэх, боломж олгосон бол Засгийн газраас баталсан аргачлалын дагуу гаргасан бүтээгдэхүүний боловсруулалтын түвшин, төмрийн хүдэр, төмрийн баяжмал, эсхүл эцсийн бүтээгдэхүүний аль болохыг лабораторийн дүгнэлтээр агуулга, хэмжээг тодорхойлох, Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.7-д заасан нэмэлт, өөрчлөлтөөр маргаан бүхий актад тусгагдсан төмрийн хүдэр, баяжмалд тусгай зөвшөөрөл эзэмшигч “М***” ХХК-аас ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгдсөн эсэх талаар шүүхийн журмаар болон хариуцагч нараас хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулан гаргуулах хүсэлтээ шийдвэрлүүлэх байсан. Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр нь Монгол Улсын татварын бүрэлдэхүүн болохын хувьд тухайн харилцаанд Ашигт малтмалын тухай хуулиас гадна Татварын ерөнхий хуулийн нийтлэг зохицуулалт үйлчилнэ. Татварын ерөнхий хуулийн дагуу татвар төлөгч өөрөө татвараа тайлагнаснаар татвар тодорхойлох болон ногдуулах ажиллагааг хамтад нь гүйцэтгэдэг.
8.3.Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, захиргааны маргааны харилцааг зөв тодорхойлж чадаагүй. Нэхэмжлэгч нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр тайлагнаагүй гэх зөрчилд өөрийгөө гэм буруугүй, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч биш учир уг үйлдэл нь зөрчлийн шинжгүй гэж үзэж эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа захиргааны актыг таслан зогсооход чиглэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасныг шүүх хуулийг дагаж мөрдөх үүрэггүй гэж нэхэж маргасан мэтээр дүгнэлт хийснээр шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байж чадсангүй.
8.4.Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэглэгдвэл зохих хуулийг буруу хэрэглэсэн. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч маргаан бүхий асуудалд харилцааг зохицуулсан Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсгийн хэд хэдэн удаагийн нэмэлт, өөрчлөлтийн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч биш эсэх талаар улмаар зөрчил гэж үзэх эсэх талаар хууль хэрэглээний талаар нэр томьёоны хувьд тухайн төрлийн татвар төлөгч этгээдэд хамаарахгүй гэж маргаан үүсгэсэн.
8.5.Хариуцагч нар маргаан бүхий актын 1, 2 дахь хэсэгт “А***” ХХК-ийг ашигт малтмал “экспортолсон этгээд” гэж үзэж энэ үндэслэлээр ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч тул нөхөн татвар ногдуулж улмаар тайлагнаагүй зөрчил гаргасан гэж алданги, торгуулийн хариуцлага хүлээлгэсэн. Нэхэмжлэгч өөрийгөө ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшдэггүй, уурхайн эдэлбэрээс олборлоогүй учраас ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тайлан тайлагнаагүй, уг үйлдэл нь зөрчлийн шинжгүй гэж үзэж, татварын улсын байцаагч нарын нөхөн ногдуулалтын актыг хүлээн зөвшөөрөхгүй гэж нэхсэн.
8.6.Ашигт малтмалын тухай хууль (2006 оны)-ийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн хуулиар “47.1-д ашигт малтмал худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан хуулийн этгээд нь ... ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч байх ба ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг худалдан, худалдахаар ачуулсан, ашигласан бүх төрлийн ашигт малтмалын борлуулалтын үнэлгээнээс тооцож төсөвт төлнө” хэмээн өөрчлөн найруулсан.
8.7.Хариуцагч нар Ашигт малтмалын тухай хуулийн 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн нэмэлт, өөрчлөлтийн 47.1.2-т заасан ашигт малтмал экспортолсон этгээд гэсэн өөрчлөлтийг хэрэглэж акт тогтоосон. Зөрчил гэж үзсэн үйл баримтын цаг хугацааг 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс 2019 оны 06 дугаар сарын 23-ны өдөр хүртэл гэж татварын улсын байцаагч нар тогтоож актыг үйлдсэн. Өөрөөр хэлбэл хариуцагч нар хуулийг буцааж хэрэглэсэн асуудалд анхан шатны шүүх дүгнэлт хийгээгүй, шийдвэрийн үндэслэл болгосон. Харин давж заалдах шатны шүүх хариуцагч нарын хууль буцаан хэрэглэж татварын нөхөн ногдуулсан актад эрх зүйн дүгнэлт хийгээгүй нь хууль дээдлэх ёс, хуульд үндэслэх зарчмыг зөрчсөн гэж үзнэ.
8.9.Иймд хууль хэрэглээний зөрүүтэй хуулийг буруу хэрэглэж хуулийн этгээдэд үндэслэлгүйгээр нөхөн татвар ногдуулж, алданги, торгуулийн хариуцлага хүлээлгэсэн татварын улсын байцаагч нарын актад хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийж шийдвэрлэж чадаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 474 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны өдрийн 532 дугаар магадлалыг хянаж тус тус хүчингүй болгож, анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.
9.Хариуцагчаас нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдолд холбогдуулан тайлбарыг бичгээр гаргаагүй болно.
ХЯНАВАЛ:
10.Хяналтын шатны шүүхээс дараах үндэслэлээр шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
11.“А***” ХХК нь 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс 06 дугаар сарын 23-ны хооронд 24,712.46 тонн төмрийн хүдрийн баяжмалыг экспортолсон нь хэрэгт авагдсан гаалийн хөндлөнгийн мэдээгээр тогтоогдох бөгөөд энэ талаар талууд маргаангүй.
12.Татварын улсын байцаагч нараас тус компанийн 2019.01.01-ний өдрөөс 2021.12.31-ний өдрийг дуусталх хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд татварын хяналт шалгалтыг хийж, 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн НА-*** дугаар нөхөн ногдуулалтын актаар төлбөр тогтоосны зарим хэсэг буюу актын 1.Төмрийн хүдэр, баяжмалыг БНХАУ-д экспортод гарган борлуулахдаа 2019 онд 24,712.46 тн 2,336,588,442.64 төгрөгийн борлуулалтын үнэлгээнд ашигт малтмалын нөөц ашигласны үндсэн төлбөрийг ногдуулж, тайлагнаагүй нь Ашигт малтмалын тухай хууль /2019 оны 3 дугаар сарын 26-ны өдөр өөрчлөн найруулснаар/-ийн 47 дугаар зүйлд: 47.1.Доор дурдсан этгээд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч байна: 47.1.2.ашигт малтмал экспортолсон этгээд; 47.2.Энэ хуулийн 47.16-д заасан үнэлгээг дараах журмаар тооцно: 47.2.1.экспортод бүтээгдэхүүний гаргасан бол олон улсын худалдаанд хүлээн зөвшөөрөгдсөн тухайн сарын дунджийг тогтоох зарчмыг үндэслэн тухайн бүтээгдэхүүний, эсхүл түүнтэй адил төстэй бүтээгдэхүүний олон улсын зах зээлийн үнийг баримтлан; 47.3.Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг дараах хэмжээгээр ногдуулна: 47.3.3.энэ хуулийн 47.3.1, 47.3.2-т зааснаас бусад бүх төрлийн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр тухайн бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээний 5.0 хувь” гэсэн заалтыг;
2.Төмрийн хүдэр, баяжмалыг БНХАУ-д экспортод гарган борлуулахдаа 2019 онд 24,712.46 тн 2,336,588,442.64 төгрөгийн борлуулалтын үнэлгээнд ашигт малтмалын нөөц ашигласны нэмэлт төлбөрийг ногдуулж, тайлагнаагүй нь Ашигт малтмалын тухай хууль /2019 оны 3 дугаар сарын 26-ны өдөр өөрчлөн найруулснаар/ 47 дугаар зүйлд: “47.1.Доор дурдсан этгээд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч байна: 47.1.2.ашигт малтмал экспортолсон этгээд; 47.5.Энэ хуулийн 47.3.3-т заасан хувь дээр тухайн бүтээгдэхүүний зах зээлийн үнийн өсөлт, боловсруулалтын түвшингээс хамаарч доор дурдсан хувийг нэмэгдүүлж тооцно”, “47.8.Энэ хуулийн 47.5, 47.17-д заасан хүдэр, баяжмал, бүтээгдэхүүний боловсруулалтын түвшинд тавигдах шаардлага, ангилал, тооцох үндсэн зарчим, аргачлалыг геологи, уул уурхайн болон санхүүгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар батална” гэсэн заалтыг тус тус зөрчсөн гэж үзэж, ашигт малтмалын нөөц ашигласны үндсэн төлбөр 116,829,422.14, нэмэлт төлбөр 121,960,955.04, торгууль 71,637,113.15, алданги 47,758,075.44, нийт 358,185,565.76 төгрөгийн татварын төлбөр тогтоосныг нэхэмжлэгч эс зөвшөөрч “... Үндсэн хууль зөрчсөн гэж үзэн хүчингүй болгосон хуулийг баримтлан төлбөр тогтоосон” гэж маргасан хүрээнд дараах дүгнэлтийг хийв.
13.Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн хуулиар[1] тус хуулийн 47.1 дэх хэсгийг ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг төлөх этгээдийн хүрээг өргөтгөж, ашигт малтмал худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан хуулийн этгээд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч байхаар өөрчлөн найруулсныг Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдааны 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 04 дүгээр тогтоолоор тус хэсэг болон бусад холбогдох зүйл, заалтыг “Үндсэн хууль” зөрчсөн гэж үзэн хүчингүй болгосон.
14.Үүний дараа, 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар уг хуулийн 47.1 дэх хэсгийг ““Доор дурдсан этгээд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч байна:”, 47.1.1.“ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч”, 47.1.2.“ашигт малтмал экспортолсон этгээд”, 47.1.3.“Монголбанк, түүнээс эрх олгосон арилжааны банканд алт тушаасан этгээд”” гэж өөрчилж, тус хууль 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс дагаж мөрдөгдөн хүчин төгөлдөр үйлчилж байна.
15.Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 5-д “Хууль, зарлиг, Улсын Их Хурал, Ерөнхийлөгчийн бусад шийдвэр, Засгийн газрын шийдвэр, Монгол Улсын олон улсын гэрээ, сонгуулийн төв байгууллагын шийдвэр нь Үндсэн хуульд нийцээгүй гэх Цэцийн дүгнэлтийг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрсөн, эсхүл маргаантай асуудлыг дахин хянан үзэж Үндсэн хуульд нийцээгүй гэж Үндсэн хуулийн цэц шийдвэр гаргавал зохих хууль, зарлиг, батламж, шийдвэр бүхлээрээ буюу тэдгээрийн зөрчилтэй зүйл, хэсэг, заалт хүчингүй болно”, 6-д “Цэцийн шийдвэр гармагцаа хүчин төгөлдөр болно” гэж зааснаар 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн хуулиар нэмэлт, өөрчлөлт орсон Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэг нь Үндсэн хуулийн цэцийн шийдвэр гарснаар буюу 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөр хүчингүй болсон, үүнээс хойших цаг хугацаанд уг хуулийг хэрэглэхгүй.
16.Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 001/ХТ2024/0046[2], 05 дугаар сарын 20-ны өдрийн 001/ХТ2024/0055[3] дугаартай тогтоолоор 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдөр нэмэлт, өөрчлөлт орсон Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсгийг Үндсэн хуулийн цэцээс хүчингүй болгосны үр дагаврыг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон шийдлийн үндэслэл болгож тайлбарлах замаар хэрэглэсэн. Харин энэ хэрэгт хууль хэрэглээний нэгдмэл байдлыг тогтоох үүднээс уг 22 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг дээрх тогтоолуудаас дараах байдлаар өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн болно.
17.Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1-д “Үндсэн хуульд нийцээгүй хууль, ... түүнчлэн өмнөх шийдвэрээ Цэц хүчингүй болгосон нь тэрхүү хууль, зарлиг, шийдвэр, гэрээний улмаас учирсан хор хохирол болон бусад үр дагаврын асуудлыг шийдвэрлэх шууд үндэслэл болохгүй. Гагцхүү Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлагыг хөнгөрүүлэх үндэслэл тогтоогдсон бол Цэцийн шийдвэрийг баримтлан хэргийг зохих хууль тогтоомжийн дагуу дахин хянаж болно” гэж заасан нь Үндсэн хуульд нийцээгүй хууль гарснаас үүсэх үр дагаварт хамаарах бөгөөд нэгэнт хүчингүй буюу эрх зүйн үйлчлэлгүй болсон хуулийг үндэслэсэн нь буруу.
18.Хариуцагч нараас хүчингүй болсон хуулийн заалтыг үндэслэж нэхэмжлэгчид татвар төлөх үүрэг бий болгосон маргаан бүхий 2022 оны НА-***** дугаар нөхөн ногдуулалтын акт гаргасныг Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2-т заасан төрийн үйл ажиллагаа “хууль дээдлэх” зарчимд нийцээгүй гэж үзэхээр байна.
19.Тодруулбал, татварын байгууллага нь Татварын ерөнхий хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д зааснаар татвар төлөгч татварын хууль тогтоомжид заасны дагуу төлбөл зохих татварын ногдлоо бүрэн гүйцэд тодорхойлж, хугацаанд нь төлсөн эсэхийг хянан шалгах үйл ажиллагаандаа Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д заасан “хуульд үндэслэх” тусгай зарчмыг баримтлах учиртай бөгөөд тухайн үйл ажиллагаа, түүнээс гарах шийдвэр нь эрх зүйн үндэслэлтэй байх буюу хүчин төгөлдөр хууль тогтоомжийг хэрэглэх тухай ойлголт юм.
20.Энэ тохиолдолд, Татварын ерөнхий хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д зааснаар хариуцагч нараас татварын хөөн хэлэлцэх хугацаанд хяналт шалгалт хийсэн боловч маргаан бүхий актаар 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүчингүй болсон 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсгийг хэрэглэж нэхэмжлэгчид татвар төлөх үүрэг үүсгэсэн нь үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуулийн цэцээс тус хуулийн холбогдох хэсгийг хүчингүй болгосноос хойш 3 жилийн дараа хэрэглэж нөхөн ногдуулалтын акт гаргасан нь буруу бөгөөд нэхэмжлэгчид ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөх үүрэг хуулиар үүсээгүй.
21.Иймд шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагч татварын улсын байцаагч нарын 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн НА-**** дугаартай нөхөн ногдуулалтын актын “... 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс 2019 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн хооронд ачигдсан 24,712.46 тонн төмрийн хүдрийн баяжмалд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр нөхөн тогтоож 4,673,176,885.28 төгрөгийн зөрчил гэж үзэж ногдуулсан 238,790,377.17 төгрөгийн нөхөн татвар, 71,637,113.15 төгрөгийн торгууль, 47,758,075.44 төгрөгийн алданги, нийт 358,185,565.76 төгрөгийн төлбөр ногдуулсан” хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2, 127.2.4-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 128/ШШ2024/0474 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 221/МА2024/0532 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 5, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д заасныг баримтлан “А***” ХХК-аас Татварын ерөнхий газрын харьяа Том татвар төлөгчийн газрын Татварын хяналт, шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч С.Г***, Б.Э*** нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Татварын ерөнхий газрын харьяа Том татвар төлөгчийн газрын Татварын хяналт, шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч С.Г***, Б.Э*** нарын 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн НА-*** дугаартай нөхөн ногдуулалтын актын ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрт холбогдох 238,790,377.17 төгрөгийн нөхөн татвар, 71,637,113.15 төгрөгийн торгууль, 47,758,075.44 төгрөгийн алданги, нийт 358,185,565.76 төгрөгийн төлбөр ногдуулсан хэсгийг хүчингүй болгосугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.5-д зааснаар Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны тогтоол шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ЦОГТ
ШҮҮГЧИД Г.БАНЗРАГЧ
Д.БАТБААТАР
П.СОЁЛ-ЭРДЭНЭ
Х.БАТСҮРЭН
[1] Төрийн мэдээлэл, 2019 он, №13
[2] “Б***” ХХК ба Том татвар төлөгчийн газрын татварын улсын байцаагч нар, 128/2023/0451/з, УДШ, (Захиргааны хэргийн танхим), 001/ХТ2024/0046
[3] “С**” ХХК ба Том татвар төлөгчийн газрын татварын улсын байцаагч нар, 128/2023/0426/з, УДШ, (Захиргааны хэргийн танхим), 001/ХТ2024/0055