Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 25

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

          Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Золбадрах даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар  

          Нэхэмжлэгч: “*******” ХХК-ий нэхэмжлэлтэй, 

          Хариуцагч: Говь-Алтай аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газрын тендер шалгаруулах комиссд  холбогдох ******* сумын Засаг даргын Тамгын газраас тендертэй холбогдуулан гаргасан шийдвэрийг илт хууль зөрчсөн үйлдэл болсон гэдгийг зөвшөөрүүлж, тендерийг хүчингүй болгуулан, ******* ХХК-тай байгуулсан гэрээг цуцлуулах шаардлага бүхий  нэхэмжлэлийг 2017 оны 04 дүгээр сарын  24-ний  өдөр хүлээн авч, захиргааны хэрэг үүсгэн,  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “*******” ХХК-ий захирал *******, хариуцагч *******, *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Халиунаа нар оролцов.                                                              

ТОДОРХОЙЛОХ нь: 

******* ХХК-ий Захирал ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа:  Говь-Алтай аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газраас зарласан Алтай хотын тохижилт үйлчилгээний газарт Автомат шахагчтай хог тээврийн автомашин нийлүүлэх ХТАМ 17/01 дугаартай тендерт ******* ХХК, *******, ******* гэсэн 3 компани материал ирүүлсэн боловч *******, ******* 2  эх хувиа ирүүлж амжаагүй байхад ******* компаний материалыг сольсон гэж үзэж байна. ******* компанийн борлуулалтын орлого хүрч байгаа эсэх бүрдүүлсэн материалууд нь үнэн бодьтой эсэх, нийгмийн даатгал, банкны тодорхойлолт, баталгаа болон бусад материалын он сарыг шалган өгнө үү. Сангийн яамнаас түдгэлзүүлэх шийдвэр гаргасан боловч уг шийдвэрийг хэрэгсэхгүйгээр гэрээ байгуулсан байна. Тийм учраас энэ тендер нь ашиг сонирхолын зөрчилтэй болсон гэж үзэж байна. Энэ тендерийн үйл явцыг шалгаж үнэн бодит байдлыг тогтоож өгнө үү. Хөндлөнгийн  мэдээллийн дагуу сканердсан хувь ирснийг сольсон гэж үзэж байгаа. Учир нь: Тендерийн нээлт  3 дугаар сарын 24-ний өдөр болсон. Тэгэхэд уг компани нь 3 дугаар сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод бэлтгэж байсан. Онцгой байдал зарласан байхад яаж ирсэн нь тодорхойгүй байна. Тендерийг нээх үед тендерт оролцогчийн нэр, тендерийн үнэ, хувилбар саналтай ирүүлэхийг зөвшөөрсөн тохиолдолд хувилбар саналын үнэ, мөн тендерт тусгасан үнийн хөнгөлөлт тендерийн баталгаа ирүүлсэн эсэх, оролцогч өөрийн тендерийг өөрчилсөн эсхүл татгалзсан эсэхийг захиалагч зарлаж тэмдэглэл үйлдэнэ гэсэн байгаа. Гэтэл ******* өөрөө сольсон учраас үгүй гэх байх ******* ХХК-ийн сканердсан хувь ирснийг бид нарт зарлах ёстой байсан үүнийг зарлаагүй. Тендерийн шалгаруулалт дээр байгаа үнийн саналаа бусад тохиолдолд тухайн байгууллагаас тодруулга авч болно гэсэн заалт байгаа. Борлуулалтын орлого хүрэхгүй байгааг татвараас тодорхойлолт аваад ч нэмэргүй. Манайхыг төрийн банкны тодорхойлолт он саргүй байна гэсэн зүйл яриад байсан тэр бол тодорхойлолт авахад банкны алдаа байсан учир тодорхойлолт авч болохоор байсан. Бид нар ярилцаж байгаад шийдсэн гээд байна. Хуулийн хүрээнд авах ёстой зүйлийг та нар зөвлөлдөж байгаад авсан юм яриад байна. Техникийн тодорхойлолт авч үзнэ гэсэн хирнээ хамгийн муу техникийн тодорхойлолттой  юу ч бичээгүй компани шалгаруулсан байна. Ажлын туршлага гэж яриул манайх илүү байгаа байх. Ажлын туршлагыг манайхыг хараагүй. ******* дээр хогийн машины ажлын туршлага хараагүй. Манай компани нь Төгрөг сумд хогийн машин, хөдөө аж ахуйн трактор нийлүүлсэн байгаа. Аймгийн захиргааны поргун гээд ажлын туршлага яриул манайх илүү байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ. 

          

          Хариуцагч  ******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Сумын орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэх Хог тээврийн автомат шахагчтай машин нийлүүлэх ажлын үнэлгээний хороо сумын Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 16-ны А/25 тоот захирамжаар 5 хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдсан.

         Үнэлгээний хороо 2017 оны 03 сарын 24-ны 15 цагт 10 минутад хуралдаж, тендерийн нээлтийг хийсэн. Тендерийн нээлтэд ******* компаний захирал *******, ******* компани менежер Б.Туяа, ******* компани менежер А.Загддорж нар оролцож, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т заасны дагуу компаниудын ирүүлсэн үнийн санал, тендерийн баталгааг захиалагч зарлаж тэмдэглэл үйлдэн, үнэлгээний хорооны гишүүд, тендерт оролцогч компаниудын төлөөлөлд танилцуулж гарын үсэг зуруулсан.

          Үнэлгээ хийхэд Аптайн нуруу шонхор, ******* компаниудын тендерийн материал эх хувиараа, ******* компаний тендерийн материал сканнердсан байсан.

          Үнэлгээ хийхэд ******* компаний бүрдүүлсэн нийгмийн даатгалын тодорхойлолт, банкны тодорхойлолт, банкны баталгаа, татварын тодорхойлолтууд нь он сарын хувьд шаардлага хангаж байсан.

  Захиалагчид албан бичгээр гомдол ирээгүй учраас 2017 оны 03 сарын 10-ны өглөө гүйцэтгэгчтэй гэрээ байгуулсаны дараа Сангийн яамнаас Гүйцэтгэгч сонгох ажиллагааг түр түтгэлзүүлэх тухай албан бичиг захиалагчид 2017 оны 03 сарын 10-ны 12 цаг 20 минутад ирсэн. Одоо тус бараа нийлүүлэх ажлын гүйцэтгэх гэрээний хугацаа дуусаж, ажлыг захиалагчид хүлээлгэн өгч, ашиглагч байгууллагад шилжүүлсэн болно. Хог тээврийн авто машиныг яаралтай нийлүүл гэж аймгаас захиалга өгсөн. Бид нар тендерээ нээгээд үнэлсэн ******* ХХК-ийн материал сканер хувь байсан учраас үнэлээд татгалзсан. Алтай нуруу шонхор компанийн техникийн тодорхойлолт шаардлага хангаагүй байсан. Гадаад худалдаа байхгүй байсан. Өмнөх 2015, 2016 онд хийж гүйцэтгэсэн ажил нь хог тээврийн авто машин оруулж ирэхэд дүйцэхүйц ажлын туршлагатай байсан. Авто машин нийлүүлсэн 4-5 ажил байсан. Нэгдүгээрт туршлагыг нь хараад болох юм байна гэж үзсэн. Хоёрдугаарт гэрээт борлуулагчтай байсан. Гуравдугаарт гадаад худалдаа эрхлэх зөвшөөрөлтэй. Дөрөвдүгээр санхүүгийн чадамжийг болох юм байна гэж үзсэн. Энэ машин эвдэрлээ гэхэд энэ компани сэлбэг хэрэгслийг авчирч өгнө гэрээт борлуулагчаараа сэлбэг хэрэгслээр хангана гэж байсан. Энэ автомат шахагчтай машин нарийн техник шаардлагатай зүгээр нэг ачдаг машин биш учраас видео бичлэгээр үзүүлнэ яаж ажиллуулах машин механизмыг тохижилт үйлчилгээний газрын мэргэжилтнүүдэд видео бичлэгээр хичээл заана гэсэн үүнийг бас харж үзсэн. Тэгээд бид нар үзээд зөвхөн Энхтуяа, Туул хоёрын шийдвэр биш, үнэлгээний хорооны таван хүн ордог. Эргээд хариуцлагыг энэ таван хүн үүрдэг тийм учраас энэ машиныг нийлүүлэхээр ******* ХХК-г шалгаруулъя гээд үнэлгээний хорооны олонхын саналаар энэ компани гарсан. 

         Иймд Алтайн Нуруу Шонхор ХХК-ны Захирал *******гийн 2017 оны 04 дүгээр сарын 24-ны өдрийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн ******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгч тендерийн материалыг сольсон, тендер нээхэд тендерийн материал үзүүлж зарлаагүй, борлуулалтын орлого хүрээгүй гэсэн 3 үндэслэлээр манай үнэлгээний хороог буруутгаж байгаа юм байна. Худалдан авах ажиллагааны тендер хуулийн дагуу явагддаг бид нар хуулийн өмнө өндөр хариуцлага хүлээж ажилладаг учраас хуулийн дагуу ажилласан гэж үзэж байна. Худалдан авах тухай хуулийн 25 дугаар зүйл дээр тендер ирүүлэх, 26 дугаар зүйл дээр тендер нээх гэсэн хуулийн заалтууд байгаа. 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт Энэ хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.6 дахь хэсэгт заасан хугацаанаас хожимдож ирүүлсэн эсхүл тендерийн баримт бичигт зааснаас өөр хэлбэрээр ирүүлсэн тендерийг хүлээн авахгүй бөгөөд хаягаар нь буцаана гэж заасан байна. 25 дугаар зүйлийн 25.3 дахь хэсэгт тендерийн агуулга үнэлгээний явц болон тендерт оролцогчийн чадавхыг 26 дугаар зүйлд зааснаас бусад мэдээллийг гэрээ байгуултал нууцлана гээд заасан байна. Нээлт дээр юу мэдээллэх ёстой байсан  гэхээр энэ хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт тендер нээх үед тендерт оролцогчийн нэр, үнэ, тендерт хувилбарт саналтайгаар ирүүлэхийг зөвшөөрсөн тохиолдолд хувилбарт саналын үнэ мөн тендерт тусгасан үнийн хөнгөлөлт тендерийн баталгаа ирүүлсэн эсэх оролцогчийн өөрийн тендерийн өөрчлөгдсөн эсхүл татгалзсан мэдээллийг захиалагч зарлаж тэмдэглэл үйлдэнэ. Мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэгт дээр зааснаас бусад үйл ажиллагаа явуулж шийдвэр гаргахыг хориглоно гээд заагаад өгсөн байна. Тэгэхээр үнэлгээний хорооны нарийн бичиг нээлт дээр юуг зарлах ёстой байдаг юм бэ гэхээр ирүүлсэн үнийн санал, тендерийн баталгаа хоёрыг зарлах ёстой. Оролцогчдоос хүсэлт гаргасан тохиолдолд тэр тэмдэглэлийг үзүүлэх үүрэгтэй ажилладаг энэ хуулиар тодорхой зааж өгсөн. Үүний дагуу тендерийн үнийг мэдээллэсэн, тендерийн баталгааг нь он сар, өдөртэй нь мэдэгдсэн байгаа. Хуулбар хувь байсныг үнэлэх ёстой тухайн хуулбарыг бол нээлт дээр зарлах нь хориотой. Үнэлэх явцдаа үнэлгээний хорооны гишүүдийн шийдвэрээр зохицуулагддаг. Сольсон гэдэг дээр тендерт оролцогчдын материалаа ирүүлсэн ирүүлсэн бүртгэл нь байгаа. ******* ХХК нь  2017 оны 03 дугаар сарын 24-ний өдөр 11 цаг 48 минутад тендерийн материал авчирч өгсөн. Алтайн Нуруу Шонхор ХХК нь 03 дугаар сарын 24-ний 14 цаг 35 минутад, ******* ХХК нь 03 дугаар сарын 24-ний 14 цаг 37 минутад авчирч өгсөн, авчирч өгсөн хүмүүс нь баталгаажуулаад гарын үсгээ зурсан байгаа. Хог тээврийн авто машин тусгай зориулалтын тоног төхөөрөмж учраас Засаг даргын зүгээс үнэлгээний хороонд өгсөн саналын дагуу гэрээт борлуулагчтай байсан нөхцөлд дараа дараагийн сэлбэг нийлүүлэхэд болон баталгаат хугацаанд гарсан засвар үйлчилгээг богино хугацаанд засварлах боломж байх учраас олон жил гэрээт борлуулагч хийсэн энэ талаас нь авч үзэхийг санал болгосон. Борлуулалтын орлого бүгд санхүүгийн чадамжтай байна гэж үнэлгээний хорооноос үзсэн. Санхүүгийн чадамж гэхээр олон талаас нь харж байгаа. Сүүлийн хоёр жилийн санхүүгийн материалыг бид шаардсан байгаа. Үнэлгээний хороонд Сумаахүү, Цэрмаа гээд санхүүгийн мэргэжилтэй хүмүүс байсан. Бүгд энэ компаниуд бүгд санхүүгийн чадамжтай гэж дүгнэлт гаргасан. 

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв. 

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримт, хэргийн оролцогч нарыг шүүхэд гаргасан тайлбарт үндэслэн Алтай Нуруу Шонхор ХХК-ний нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

         “*******” ХХК ******* ХХК тендерийн материалаа их хувиар нь ирүүлээгүй сканнардсан хувиа ирүүлсэн байхад хүлээн авч дараа нь сольсон, борлуулалтын орлого болон бусад материалууд нь цаанаас тавьсан шаардлагуудыг хангаагүй байсан учир тендер ашиг сонирхолыг зөрчилтэй болсон гэж үзэж байгаа тул илт хууль зөрчсөн үйлдэл болсон гэдгийг зөвшөөрүүлж ******* ХХК-тай байгуулсан гэрээг цуцлуулах талаар нэхэмжлэлийг шаардлагаа тодорхойлсон. 

           Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д “Тендерийг тендерийн баримт бичигт товлосон хугацаанд, дурдсан хаягаар, заасан хэлбэрээр ирүүлэх бөгөөд тендерт оролцогч энэ хугацаанд тендерт нэмэлт, өөрчлөлт оруулах, татгалзах саналаа ирүүлж болно” гэж заасан тендерт оролцогч нь тендерийн баримт бичгийг товлосон хугацаанд заасан хэлбэрээр ирүүлэхээр байна.  ******* ХХК-ны тухайд 2017 оны 03 дугаар сарын 24-ны өдрийн 11 цаг 48 минутанд компанийн менежер Б.Туяа, “*******” ХХК нь  2017 оны 03 дугаар сарын 24-ны өдрийн 14 цаг 35 минутанд тус компанийн захирал *******, ******* констракшн ХХК нь 2017 оны 03 дугаар сарын 24-ны өдрийн 14 цаг 37 минутанд тендерийн материалаа ирүүлсэн  байгаа нь тендерт оролцогчдын ирүүлсэн тендерийн бүртгэлд бүртгэгдсэн байна.  

          ******* ХХК нь 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Баянгол дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсээс тодорхойлолт авсан, 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Хаан банкны тодорхойлолт,  2017 оны 03 дугаар сарын 21-ний өдөр мөн банкны тодорхойлолт 2017 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Үндэсний татварын газрын тодорхойлолт, 2017 оны 03 дугаар сарын 13-ний өдөр Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын даргын тодорхойлолт, мөн ******* ХХК 3 дугаар сарын 24-ны өдөр тендерийн материалтай холбоотой тухайн компаний зүгээс гаргах баримт бичгүүдийг гаргасан байгаа нь хавтаст хэргийн материалд авагдсан нотлох баримт болон ******* ХХК-ний тендерийн бичиг баримтаар тогтоогдож байна. Өөрөөр хэлбэл тендерийн материалыг 2017 оны 03 дугаар сарын 24-ны өдөр хүлээж авсан, ******* ХХК нь 3 дугаар сарын 22-нд буюу тендерийн материалыг хүлээн авахаас 2 хоногийн өмнө баримт бичгээ бүрдүүлсэн байгаа нь ******* ХХК-ийг 3 дугаар сарын 24-нд тендерийн материалын эх хувийг ирүүлээгүй гэж үзэх боломжгүй бөгөөд энэ байдал нь нотлогдохгүй байна. 

       Хог тээврийн авто машин нийлүүлэх ажлын гүйцэтгэгч сонгон шалгаруулах, худалдан авах ажиллагааг зохион байгуулах үнэлгээний хороо нь тендерт оролцохоор материалаа ирүүлсэн “*******” ХХК, “Алтайн нуруу шонхор” ХХК, “*******” ХХК-нуудын тендерийг Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-т зааснаар тендер тус бүр нь шаардлага хангасан эсэхийг хянан үзэж, хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-т “захиалагч энэ хуулийн 27 дугаар зүйлд заасан шаардлага хангасан, 28 дугаар зүйлд зааснаар “хамгийн сайн” үнэлэгдсэн тендер ирүүлсэн оролцогчид гэрээ байгуулах эрх олгохоор шийдвэрлэж, энэ тухай түүнд болон бусад тендерт оролцогч бүрт шалгараагүй үндэслэлийн хамт нэгэн зэрэг бичгээр мэдэгдэнэ” гэж заасны дагуу ******* ХХК-нийг хуулийн 27 дугаар зүйлд заасан шаардлага хангасан гэж үзэж, 28 дугаар зүйлд зааснаар “хамгийн сайн” үнэлэгдсэн тендер ирүүлсэн оролцогчтой Хог тээврийн авто машин нийлүүлэх гэрээг байгуулсаныг хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. Мөн Хог тээврийн авто машин нийлүүлэх ажлын гүйцэтгэгч сонгон шалгаруулах, худалдан авах ажиллагааг зохион байгуулах үнэлгээний хороо Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4 дэх хэсэгт зааснаар “Алтай нуруу шонхор” ХХК-ийг гадаад худалдаа эрхлэх зөвшөөрөлгүй, гэрээт борлуулагчтай байгуулсан гэрээ байхгүй, түргэн хөрвөх чадварын албан бичгийг Төрийн банкнаас авсан боловч огноо, дугаар байхгүй, захиалагчийн тавьсан шаардлага хангаагүй зэрэг үндэслэлээр тендерийг шаардлагад нийцээгүй гэж үзэн татгалзсан бөгөөд энэ байдлаар нэхэмжлэгч маргаагүйг дурдах нь зүйтэй байна. 

         Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.1, 106.3.14 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 27 дугаар зүйлийн 27.1, 29 дугаар зүйлийн 29.1 дэх хэсэгт заасныг баримтлан Алтайн нуруу шонхор ХХК-ний ******* сумын Засаг даргын Тамгын газрын тендер шалгаруулах комиссын гаргасан шийдвэрийг илт хууль зөрчсөн үйлдэл болсон гэдгийг зөвшөөрүүлж, ******* ХХК-тай байгуулсан гэрээг цуцлуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгосугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.                                                           

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.4 заасны дагуу шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 108.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авахыг дурдсугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                      Э.ЗОЛБАДРАХ