Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 12 өдөр

Дугаар 184/ШШ2016/00580

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунчимэг даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүргийн 26-р хороо, Баян булаг 5 гудамж 43 тоотод оршин суух, Лхагвасүрэнгийн Энхмаагийн нэхэмжлэлтэй

хариуцагчийг эрэн сурвалжлуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цэнд-Аюуш оролцов. 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Л.Энхмаа нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 

Сонгинохайрхан дүүргийн 2-р хороо, орбит 61 гудамж 86 тоотод оршин суух, Лүндэндоржийн Булганбатаас хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч Булганбат нь оршин суугаа хаягтаа байхгүй гэдэг үндэслэлээр 2016 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 184/ШЗ2016/0187 дугаар шүүгчийн захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгосон. Иймд Л.Булганбатыг эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.

                                                                                                                             

 Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад                                                                                                           

  ҮНДЭСЛЭХ НЬ:

 

            Нэхэмжлэгч  Л.Энхмаа нь хариуцагч Л.Булганбатыг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

            Л.Булганбат нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд ба оршин суугаа газар нь мэдэгдэхгүй байгаа болох нь нэхэмжлэгчийн тайлбар, Сонгинохайрхан дүүргийн 2-р хорооны Засаг даргын тодорхойлолт зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

            Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 184/ШЗ2016/01387 дугаар шүүгчийн захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.9-д заасан  буюу хариуцагчийн хаяг тодорхойгүй гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

            Иймд Л.Энхмаагийн Л.Булганбатыг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.      

  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д “Нэхэмжлэгч өөрөө болон төлөөлөгч, өмгөөлөгчийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн бол тэдгээрийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж болно” гэж заажээ.

  Нэхэмжлэгч Л.Энхмаа нь өөрийн эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар хүсэлтийг  ирүүлсэн тул түүнийг оролцуулалгүйгээр хэргийг шийдвэрлэв.

            

             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ: 

           

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-д зааснаар ГЖ89042614 регистрийн дугаартай, Боржигон овогт Лүндэндоржийн Булганбатыг эрэн сурвалжилсугай.

 

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-д зааснаар хариуцагчийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Цагдаагийн байгууллагад даалгасугай.

          

           3. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

           

           4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба нэхэмжлэгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                               С.ОЮУНЧИМЭГ