Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 541

 

 

 

 

 

 

 

   2019           6             05                                     2019/ШЦТ/541

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж,

          нарийн бичгийн дарга Д.Хандсүрэн,

          улсын яллагч С.Эрдэнэтуяа,

          хохирогч П.Амарсанаа,

          шүүгдэгч С.Э, түүний өмгөөлөгч Ч.Эрдэнэбат,

          шүүгдэгч Б.Ө, Б.М, тэдгээрийн өмгөөлөгч Б.Чулуунцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт С.Э, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Ө, Б.М нарыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1809030220080 дугаартай хэргийг 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

          1.Монгол Улсын иргэн, 1979 оны 10 дугаар сарын 26-нд Дорнод аймгийн Чойбалсан хотод төрсөн, 39 настай, эрэгтэй, Халх, дээд боловсролтой, Ерөнхий цэргийн командын офицер мэргэжилтэй, Үндэсний Батлан хамгаалах их сургуулийн цэргийн албаны тасгийн дарга ажилтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, С.Э,

 

          2.Монгол Улсын иргэн, 1999 оны 6 дугаар сарын 24-нд Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд төрсөн, 19 настай, эрэгтэй, Дөрвөд, тусгай дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, ажилгүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Б.Ө,

          3.Монгол Улсын иргэн, 1999 оны 6 дугаар сарын 15-нд Архангай аймгийн Өндөр-Улаан суманд төрсөн, 19 настай, эрэгтэй, Халх, тусгай дунд боловсролтой, хүнд машин механизмын засварчин мэргэжилтэй, Хилийн цэргийн 168 дугаар ангийн 7 дугаар заставт гэрээт хилчин ажилтай, Б.М

         

          Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

          Яллагдагч С.Э нь 2018 оны 6 дугаар сарын 23-ны өдөр Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Оргил” худалдааны төвийн гадна авто зогсоол дээр хохирогч П.Амарсанаагийн нүүрэн тус газар нь цохиж, өшиглөж тархи доргилт, баруун хацар ясны нумны далд хугарал, хамар ясны хугарал, таславчийн мурийлт, зүүн нүдний дээд зовхи, доод зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамрын уг, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, баруун зүүн дээд, доод үүдэн 1-р шүдний сулрал, доод уруулын зөөлөн эдийн няцрал, дотор салстын язарсан шарх, баруун, зүүн тохойн зулгаралт бүхий эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр хохирол санаатай учруулсан,

          мөн уг хэргийн гэрч Б.Ө, Б.М нарыг зориуд худал мэдүүлэг өгүүлэхээр ятгаж хууль бусаар нөлөөлсөн,

          Яллагдагч Б.Ө нь эрүүгийн 1809030220080 дугаартай яллагдагч С.Э нь 2018 оны 6 дугаар сарын 23-ны өдөр Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Оргил” худалдааны төвийн гадна авто зогсоол дээр хохирогч П.Амарсанааг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх хэргийн мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн,

          Яллагдагч Б.М нь эрүүгийн 1809030220080 дугаартай яллагдагч С.Э нь 2018 оны 6 дугаар сарын 23-ны өдөр Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Оргил” худалдааны төвийн гадна авто зогсоол дээр хохирогч П.Амарсанааг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх хэргийн мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

          ТОДОРХОЙЛОХ нь:

          Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

          Шүүгдэгч С.Э шүүх хуралдаанд “...2018 оны 6 дугаар сарын 22-ны өдөр баасан гараг байсан. Манай их сургуулийн найз Жанчив зуслангийн байшин дээр ажил хийхэд туслах 2 цэрэг өгөөч гэж гуйсан. Б.Ө, Б.М нарыг аваад найзынхаа зусланд очсон. Ажил хийгээд нэлээн оройтсон. Гантулга, П.Амарсанаа нар бааранд мөнгөгүй болчхоод Жанчиваас мөнгө гуйгаад Жанчив мөнгийг нь шилжүүлсэн. 05.00 цагийн орчим Гантулга, П.Амарсанаа нар 2 шил архи аваад зуслан дээр ирээд намайг унтаж байхад сэрээсэн. 06.00 цагийн орчим үл ойлголцох асуудал гарсан. П.Амарсанаа хэл амаар өдөөн хатгасан. Би өөрөө архи уусан байсан учир Жанчивын машинд эд нарыг суулгаад цэргээрээ жолоог нь бариулсан. Би замдаа дэлгүүрээс 1 шил архи авч өгсөн. П.Амарсанаа биеэ хянах чадваргүй, хөл дээрээ тогтож чадахгүй байдалтай байсан. “Чам шиг бацаан юу юм, яагаад цэрэг дарамталдаг юм бэ” гэсэн байдлаар надтай харьцсан. Ломбарданд гинжээ тавьж архи ууна гэж хэлэхэд нь би татгалзсан. Миний 3 настай хүүхэд зуслан дээр байсан учир би хурдхан зуслан руу буцаж явах бодолтой байсан. Би өөрийгөө хамгаалж аргагүй хамгаалалт хийсэн гэж үзэж байгаа. Хохирогч над руу болон манай цэрэг рүү дайрч давшилж байсан. Гантөмөрт энэ хүнийг авч яваач гэж олон удаа хэлсэн. Гантөмөр юу болж байгааг мэдэхгүй сууж байсан. Би энэ хүнээс хурдхан салах хүслэн болсон. Намайг цохих гэхэд нь би бултсан. Энэ байдлыг “Оргил” худалдааны төвийн аж ахуйн дарга гэх хүн харсан. Тэр хүн “...чи бокс тоглодог юм уу? Амарсанаа дайраад ирэхээр чи бултаад байсан. Энэ хүн харин өнхөрч унаад байсан...” гэж хэлж байсан. Би энэ хүнийг зодоогүй. Хохирогч өөрийгөө хянах чадваргүй байсан. Би тухайн үед өөрийгөө хянах чадвартай, хүүхэд рүүгээ яарч байсан. 3 хоногийн дараа Жанчив залгаад намайг цагдаа дээр дуудсан тухай хэлсэн. Би очиж амжихгүй, тэр авч ирсэн нөхөр чинь дайрч давшлаад байсан арай гэж салсан шүү гэж хэлсэн. Жанчив надад хохирогчийн утасны дугаарыг өгсөн.  Утсаар яриад ямар учиртай талаар тодруулж, би тантай очиж уулзах уу? гэхэд  “...Би чамтай уулзахгүй. Шүүх дээр уулзана. Чамайг шүүх дээр хошного болгоно...” гэж хэлсэн. Цагдаагийн байгууллагаас намайг дуудах бүрт би очиж байсан. Б.М зуслангийн ажлаар Сэлэнгэ аймаг руу явчихсан байсан. Би Б.Мыг хүртэл дуудуулсан. Цагдаагийн байгууллага дээр очиход хайран дэд хурандаа цол, хайран 23 жил төрийн албанд ажилласан жил гэж хэлж байсан. Би үнэн байдлаа мэдүүлсэн. Би энэ хоёрыг дарамталсан зүйл байхгүй. Би тухайн үйл явдал болоход Б.М байгаагүй гэж байцаагчид хэлсэн. Гэтэл хоёрын хоёр гэрчтэй гээд хэргийг хурдан шийдвэрлэж салах гэсэн юм, та дуугүй байж бай гэсэн. Ган-Очир дэслэгч мэдүүлэг авахдаа бие засуулахгүйгээр олон цагаар олон удаа мэдүүлэг авсан. Би өөрөө энэ хоёрыг авч очиж байсан. Яагаад удаад байгаа талаар асуухад байцаалт авч байна хүлээж бай гэж хэлсэн. Байцаалт авахдаа 4 цаг орчим нэг хууль уншуулж, чи даргаасаа илүү хариуцлага хүлээж шоронгийн хадаас болно, Гантөмөр зодсон гэж мэдүүлэг өгсөн байна шүү гэж дарамталсан байсан. Гантөмөр надад хэлэхдээ ах нь чамайг цохисон гээд хэлчихсэн шүү, уучлаарай. Наад хэргийг чинь 7 хоногийн хугацаанд шийдчих юм байна. Чи зүгээр л цохисон гээд хэлчих. Төлбөр гарвал хоёулаа хуваагаад төлчихье гэсэн. Түүнээс хойш Б.Ө байлдагчийг дуудаад Гантөмөр цохисон гэж хэлсэн гээд 4 цаг байцаасан. Гантөмөр өөрөө архидан согтуурсан шалтгаанаар ажлаас халагдсан. Жанжин штабаас дуудаад ирэхгүй байгаа. Би гэрт нь 2-3 удаа очиход гэртээ байгаагүй. Санчиндорж өмгөөлөгч үг зааж өгсөн байсан. Цагдаа дээр дуудаад очиход хэрэг бүртгэх тасгийн дарга нь хүртэл чи хэргээ хүлээгээд энэ асуудлаа хурдан шийдүүл гэж шахалт дарамт үүсгэж байсан. 4 цаг орчим хугацаанд байцаалт авахдаа хууль бус ажиллагаа хийгдсэн юм болов уу гэсэн дүгнэлт хийж байна. М.Өсөхбаярыг худлаа мэдүүлэг өгвөл чи шоронд сууна шүү гэж хэлсэн байсан...” гэв.

          түүний мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагчаар мэдүүлсэн: “…Би Б.Ө Б.М нарт худал мэдүүлэг өгүүлэхээр ятгасан зүйл байхгүй. Би Б.Ө, Б.М нарт үг зааж өгч мэдүүлэг өгүүлээгүй. Ямар нэгэн байдлаар дарамталсан, шахалт үзүүлсэн зүйл байхгүй. Б.М нь манай хүүхдийг Шарга морьтын лагер дээр харж үлдсэн цэрэг байгаа юм. Мөрдөгч хэргийн газар дээр очиж Мянганмягмараас хаана ямар зодоон болсон талаар тодруулахаар Оргил худалдааны төвийн үүдэн дээр очсон. Тэр үед Б.Ө бид хоёр хамт явж байсан талаар мэдэхгүй гэдгийг та мэдэж байгаа биз дээ гэж хэлсэн. Тэгэхээр нь би чи анхнаасаа байгаагүй хүнийг байгаа гэж хэлж намайг будилуулдаг нь яаж байгаа юм бэ гэж хэлсэн. Би Өсөхбаярт хандаж чи Мянганмягмарт хэлсэн юм уу, тухайн үед байгаагүй гэдгээ хэлээрэй гэж хэлсэн юм уу гэж асуухад Өсөхбаяр гурвуулаа юм чинь хэрэг шуурхай шийдэгдэх байх гэж бодоод тэгээд хэлчихсэн юм гэсэн. Би Өсөхбаярт хандаж чи Мянганмягмарт хандаж сайн ойлгуулж чадсан юм уу, чи Мянганмягмарыг байгаагүй гэдгийг надад эртхэн хэлэхгүй яасан юм бэ гэж хэлсэн. Өсөхбаяр Мянганмягмарт хандаж мөрдөгч мэдүүлэг авбал ингэж авбал яриарай гэж үг заасныг би мэдээгүй байсан…” гэсэн мэдүүлэг /хх-184-186/,

 

          Шүүгдэгч Б.Ө шүүх хуралдаанд “...Уянга дарга П.Амарсанаа ахыг өшиглөж толгой руу нь цохиогүй. Энэ 2 хөөцөлдөж байхад унасан байх гэж бодож байна. П.Амарсанаа хөл дээрээ тогтож чадахгүй байсан. Машин дотор байхад нь 2 удаа цохисон. Би хоёуланг нь буулгаад гадаа зогсож байхад хэрэлдэж маргалдсан. П.Амарсанаа Уянга даргыг цохих гэж байгаад намайг цохисон. Би машины цаагуур орсон. Амарсанаа ах хүрч ирсэн. Уянга дарга намайг хамгаалж хамар руу нь хальт цохисон нь үнэн.  Өшиглөж нүүр рүү нь цохиогүй. Би машиныг нь бариад явж байсан...” гэв.

          түүний мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагчаар мэдүүлсэн: “…Машинаас буулгахад Эрдэнэ-Уянга дарга хохирогч Амарсанаа хоёр хоорондоо хөөцөлдөөд, нэг нэгнийгээ ална шулна гээд байсан. Машины цаад талд Эрдэнэ-Уянга дарга Амарсанаа хоёр барилцаад авсан тэгэхэд Амарсанаа ах газар унасан. ...Эрдэнэ-Уянга дарга Амарсанаа ах хоёр хөөцөлдөж байгаад Эрдэнэ-Уянга дарга хохирогч Амарсанаа ахын хамар хэсэг рүү нь цохиход Амарсанаа ах хамар хугарчихлаа гээд орилсон. Тэгэхээр нь би Амарсанаа ахын нүүр рүү харахад хамар нь хөхөрчихсөн, шүднээс нь цус гарчихсан байсан. ...Тэгээд Эрдэнэ-Уянга дарга би машинаа барина гээд машинаа асаасан. Амарсанаа ах намайг чаддаг юм бол дайраад яваарай гээд машины хойд талд гараад зогссон. Тэгтэл Эрдэнэ-Уянга дарга машины хойд талд гарч ирээд би Амарсанааг холдуулж байя, чи машинаа хойшоо ухраагаад аваад гарчих гээд би машинаа холдуулж байхад Амарсанаа, Эрдэнэ-Уянга ах хоёр хоорондоо хөөцөлдөөд зууралдаад байсан. Тэгтэл машины толинд харахад Амарсанаа ах Эрдэнэ-Уянга дарга хоёр хоёулаа газарт уначихсан байсан. Тэгээд Эрдэнэ-Уянга дарга машин дээрээ гүйж ирээд за явъя гээд би машинаа асаагаад хөдлөөд явсан юм. Энэ явдал болоход Мянганмягмар зуслан дээрээ Эрдэнэ-Уянга даргын хүүг нь хараад үлдсэн байсан юм. Энэ явдлыг би ганцаараа эрүүл байсан болохоор сайн харсан. Харин Жанчив ах машин дотор уусан архиндаа согтоод тасраад уначихсан байсан болохоор хараагүй, мэдээгүй. Гантөмөр ах согтоод, дүнхүүрчихсэн, юу болж байгааг ч мэдэх сөхөөгүй зогсож байсан. ...Би 2018 оны 7 дугаар сарын 18-ны өдөр мэдүүлэг өгөхөд Эрдэнэ-Уянга дарга намайг “өөрийнхөө биеийг хамгаалаад зүгээр түлхсэн” гэж мэдүүлэг өгөөрэй гэж хэлсэн болохоор би даргаас айгаад цагдаагийн байгууллагад зориуд худал мэдүүлэг өгсөн юм. ...Мянганмягмарыг анх мэдүүлэг өгөх үед нь Эрдэнэ-Уянга дарга надаас асууж байгаад адилхан мэдүүлэг өгөөрэй гэж хэлсэн болохоор би Мянганмягмарт болсон явдлын талаар худал мэдүүлэг зааж өгсөн юм. ...Зуслангийн байшингаас 7-н буудал руу явах үед Амарсанаа ахын биед гэмтэл учраагүй байсан. ...Би цагдаагийн байгууллагад анх гэрчээр мэдүүлэг өгөхдөө худал мэдүүлэг өгсөн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна…” гэсэн мэдүүлэг /хх-147-153/,

 

          Шүүгдэгч Б.М шүүх хуралдаанд “...2018 оны 6 дугаар сарын 22-ны өдөр казарамд байхад С.Э дарга 2 цэрэг явуулчих гэж хэлсэн. Очиход манай найзын зуслангийн байшинд доторлогоо, дулаалга хийгээд өгчих 1 хоногийн чөлөө өгье гэсэн. Даргын өрөөнд орж найзыг нь хүлээсэн. 21.00 цагийн үед найз нь ирээд 23.00 орчим зуслан дээр очсон. Бид хоёрыг маргааш ажилтай юм чинь эрт унтаж амар гэсэн. Орой 03.00 цагийн үед 2 хүн архи барьж орж ирсэн. Өглөө 06.00 цагт боссон. 07.00 цагийн орчим С.Э дарга хүнтэй маргасан. Намайг хүүхэд харж бай би Өсөхөөг аваад найзынхаа найзыг хүргэж өгөөд ирье гэсэн. Тэрнээс хойш юу болсныг мэдэхгүй...” гэв.

          түүний мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагчаар мэдүүлсэн: “…Энэ явдал болсны дараа намайг цэргийн анги дээрээ байхад Эрдэнэ-Уянга дарга байлдагч Өсөхбаяр хоёр надтай уулзаж “цагдаагаас дуудаад байна, чи цагдаад гэрчээр мэдүүлэг өгөхдөө болсон явдлын талаар Өсөхбаяртай адилхан мэдүүлэг өгчхөөрэй” гэж Эрдэнэ-Уянга дарга надад хэлсэн юм. Тэгээд би болсон явдлын талаар худал мэдүүлэг өгсөн юм…” гэсэн мэдүүлэг /хх-156-160/,

 

          Хохирогч П.Амарсанаа шүүх хуралдаанд “...2018 оны 6 дугаар сарын 23-ны 09.00-10.00 цагийн орчим 7 буудалд ломбарданд гинжээ тавиад Б.Өт 10.000 төгрөг тамхины мөнгө гээд өгсөн. Би 100.000 төгрөг өгөөд нэг виски аваад үлдсэн мөнгөөр нь шатахуун хийчих гэж хэлсэн. С.Э мөнгийг булааж аваад халаасандаа хийчхээд өгөөгүй. Тэрнээс болж маргаан үүссэн. “Оргил” худалдааны төвийн бичлэг байсан боловч надад өгөхгүй байсан. Би тухайн газар ажиллаж байсан харуулын утсан дээр бичлэгийг хуулуулсан байсан боловч 2 сарын дараа мөрдөгчөөс бичиг гарах үед устсан байсан. Салгах гээд намайг Б.Ө барьж байхад С.Э намайг цохиж унагаагаад өшиглөсөн. Би босож чадахгүй хэвтэж байгаад босож ирэхэд энэ хүн зугтаасан байсан. Гантөмөрт миний өмгөөлөгч Санчиндорж үг заасан зүйл байгаагүй. Гантөмөрийг анх мэдүүлэг өгөхөд С.Э согтуу авч ирээд байцаагч нь архийг нь гаргаж байж мэдүүлэг авсан гэж Гантөмөр надад тайлбарлаж байсан. Б.М байгаагүй гэж удаа дараа хэлсээр байхад байцаагч байсан мэтээр мэдүүлэг авсан. Эхний байцаалтад Б.Ө, С.Э нар л ирдэг байсан. С.Э би чамайг зодоогүй надад гэрч байгаа би чамаас уучлалт гуйгаад байх шаардлага байхгүй гэсэн байр суурьтай байсан. Камерын бичлэгт өшиглөж байгаа нь тодорхой байсан. Би бичлэгийг хэрэгт авуулах талаар удаа дараа шаардсан боловч огт аваагүй. Би энэ хүнийг өдөж хоргоож зодооныг эхлүүлсэн зүйл байхгүй. Шалтгаан нь 100.000 төгрөгийг Б.Өт өгөхөд булааж авснаас болсон. 100.000 төгрөгийг ч тэр чигээр нь аваад явсан. Тэрнээс хойш энэ хүнтэй уулзаагүй. Цагдаа дээр 2 удаа таарсан. Утсаар янз бүрээр ярьсан зүйл байхгүй. Надад гэрч байгаа гээд байхаар нь шүүхээр асуудлыг шийдүүлнэ гэж хэлсэн. Би урьд нь энэ хүнийг мэдэхгүй. Намайг юугаа ч мэдэхгүй согтуу байсан гэж ярьж байна. Би зодуулсны дараа хамгийн ойр байсан цагдаагийн хэлтэс дээр очоод тэндээс Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст очиж мэдүүлэг өгсөн. Хагалгаа хийлгэсэн 1.460.000 төгрөг нэхэмжилнэ. Мөн дээд шүд хөдөлсөн, нүдний ухархай цөмөрсөн. Цаашид эмчилгээ хийлгэнэ. Цаашид гарах зардлаа иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү. Надаас уучлалт гуйгаагүй, гомдолтой байна...” гэв.

түүний мөрдөн байцаалтад хохирогчоор мэдүүлсэн: “…Би Эрдэнэ-Уянгад зодуулах үед Жанчив машин дотор унтаж байсан болохоор болсон явдлын талаар мэдэхгүй. Би анх хохирогчоор мэдүүлэг өгөхдөө цохиулсандаа болоод толгой манараад болсон явдлыг бүдэг бадаг санаад байсан. ...Эрдэнэ-Уянгатай хамт байсан хоёр байлдагчийн нэг нь буюу байлдагч Мянганмягмар нь Эрдэнэ-Уянгын хүүхдийг нь хараад зуслан дээр үлдсэн…”  гэсэн мэдүүлэг /хх-130-133/,

 

гэрч Б.Гантөмөрийн “... Тухайн үед Амарсанаа, Эрдэнэ-Уянга хоёр нь цэрэг мөнгө өгсөн гээд тэр хоёр хоорондоо маргалдаад байснаа барьцалдаж ноцолдоод байсан. ...Тэр хоёр болохоор автомашины зогсоол дээр зогссон маргасан байдалтай байсан. Жанчивын мөнгөлөг өнгийн машиныг нэг цэрэг жолооч барьчихсан явж байсан. ...Эрдэнэ-Уянга нь Амарсанаагийн толгой руу нь нэг удаа гараараа цохиход Амарсанаа газар унасан. Тэгээд Амарсанааг газар уначихсан байхад нь Эрдэнэ-Уянга нэг удаа өшиглөсөн. Цэрэг нь машинаа жолоодоод зам дээр гараад зогсож байхад Эрдэнэ-Уянга нь зугтаагаад машиндаа очиж суугаад явсан ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 71-73/,

 

гэрч Н.Бат-Өлзийгийн “... Би 2018 оны 6 дугаар сарын 23-ны өдөр 09 цаг 10 минутын үед ажил дэрээ ирэхэд машины зогсоол дээр нэг машины ард 2 хүн маргалдчихсан цаад талд нь нэг цэрэг хувцастай хүн тэр 2-ын дундуур нь орж болиулах гээд зогсож байсан. Тэгээд би ажил руугаа ороод 30 орчим минут болоод эргэж гарч ирэхэд 2 согтуу залуу зогсож байсан. Нэг залуугийнх нь ам хамраас нь цус гарчихсан намайг утсаа өг би хүнтэй ярих гэж байна. Би цэргийн хурандаа байна. Ална шүү гээд байсан. Тэгж байгаад тэр 2 согтуу залуу замын цаад талд гараад таксинд суугаад явсан ... Тухайн үед камерууд шатчихсан бичлэг хийгдээгүй байсан ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 94-95/,

гэрч Г.Бямбанямын “... Манай гадна талын авто машины зогсоол руу харсан 2 камерын хашаан дээр байрлуулсан камер нь шатчихсан ажиллахгүй байсан. Манаачийн байран дээр байрлах камерт мөнгөлөг саарал өнгийн Марк-X маркийн машин орж, гарч байгаа бичлэг болон нэг цэрэг малгайтай эрэгтэй хүн нэг хүнийг авч явах гэж байгаа бололтой татаж байгаа дүрс бичигдсэн байсан. Манай байшингийн буланд нэг эрэгтэй хүн зогсож байгаа дүрс бичигдсэн байсан. Машиныг хашаанаас гарахад нь 2 эрэгтэй уг машины хойноос цуварч гуйж байгаад буцаад нэг эрэгтэй нь орж ирж байгаа дүрс бичигдсэн байсан. Камерын бичлэгт хүмүүс хоорондоо ноцолдож, зодолдож, нэгнийгээ цохисон, өшиглөсөн, түлхсэн дүрс бичигдээгүй байсан. Уг дүрсүүд нь бичлэгт цухас орж, гарсан бичлэг л байсан ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 96-97/,

 

Хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээний ¹7995 тоот актын “…П.Амарсанаагийн биед тархи доргилт, баруун хацар ясны нумны далд хугарал, хамар ясны хугарал, таславчийн мурийлт, зүүн нүдний дээд зовхи, доод зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамрын уг, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, баруун зүүн дээд, доод үүдэн 1-р шүдний сулрал, доод уруулын зөөлөн эдийн няцрал, дотор салстын язарсан шарх, баруун, зүүн тохойн зулгаралт гэмтэл тогтоогдлоо. ...Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ. ...Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна... ...Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой…” гэсэн дүгнэлт, /хх-39/,

 

шүүгдэгч нарын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-113, 161, 166/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх-115, 1623, 168/, Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-114, 162, 167/, Хувийн байдлыг тогтоосон баримт /хх-116, 120, 169-171/, хохирлын баримт /хх-23-26/, Мөрдөн байцаалтын ажиллагааг дуусгаж, хэргийн материалыг байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчид танилцуулсан тэмдэглэл /хх-187-190/ зэргийг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

          Шүүгдэгч С.Э нь 2018 оны 6 дугаар сарын 23-ны өдөр Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Оргил” худалдааны төвийн гадна авто зогсоол дээр хохирогч П.Амарсанаагийн нүүрэн тус газар нь цохиж, өшиглөж, түүний эрүүл мэндэд “тархи доргилт, баруун хацар ясны нумны далд хугарал, хамар ясны хугарал, таславчийн мурийлт, зүүн нүдний дээд зовхи, доод зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамрын уг, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, баруун зүүн дээд, доод үүдэн 1-р шүдний сулрал, доод уруулын зөөлөн эдийн няцрал, дотор салстын язарсан шарх, баруун, зүүн тохойн зулгаралт” бүхий эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь дээр дурдсан хохирогч П.Амарсанаа, гэрч Б.Гантөмөр, Н.Бат-Өлзий, Г.Бямбаням нарын мэдүүлгүүд, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн №7995 тоот актын дүгнэлт, шүүгдэгч Б.Ө, Б.М нарын яллагдагчаар өгсөн мэдүүлгүүд, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар,

          мөн шүүгдэгч С.Э нь 2018 оны 6 дугаар сарын 23-ны өдөр Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Оргил” худалдааны төвийн гадна авто зогсоол дээр хохирогч П.Амарсанааг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийн гэрч Б.Ө, Б.М нарыг зориуд худал мэдүүлэг өгүүлэхээр ятгасан болох нь шүүгдэгч Б.Ө, Б.М нарын яллагдагчаар өгсөн мэдүүлгүүд, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар,

 

          Шүүгдэгч Б.Ө нь эрүүгийн 1809030220080 дугаартай яллагдагч С.Э нь 2018 оны 6 дугаар сарын 23-ны өдөр Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Оргил” худалдааны төвийн гадна авто зогсоол дээр хохирогч П.Амарсанааг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх хэргийн мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн,

          Шүүгдэгч Б.М нь эрүүгийн 1809030220080 дугаартай яллагдагч С.Э нь 2018 оны 6 дугаар сарын 23-ны өдөр Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Оргил” худалдааны төвийн гадна авто зогсоол дээр хохирогч П.Амарсанааг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх хэргийн мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн болох нь дээр дурьдсан хохирогч П.Амарсанаагийн мэдүүлэг, Хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээний ¹7995 актын дүгнэлт, шүүгдэгч Б.Ө, Б.М нарын сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон.

          Шүүгдэгч С.Эрдэнэ-Уянгын хохирогч П.Амарсанаагийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг,

          мөн түүний хохирогч П.Амарсанаагийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийн гэрч Б.Ө, Б.М нарыг зориуд худал мэдүүлэг өгүүлэхээр ятгасан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг,

          шүүгдэгч Б.Ө, Б.М нарын мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг тус тус бүрэн агуулсан, прокуророос тэдгээрийн үйлдлийг зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

          Иймд шүүгдэгч С.Эрдэнэ-Уянгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргүүдийг үйлдсэн, шүүгдэгч Б.Ө, Б.М нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд  тус тус тооцож, тэдгээрт хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч С.Эрдэнэ-Уянгын гэм буруутай үйлдлийн улмаас П.Амарсанаагийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бөгөөд хохирогч П.Амарсанаагийн зүгээс хавтаст хэрэгт гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохиролд 1.272.770 төгрөгийг баримтаар нэхэмжилснийг шүүх үндэслэлтэй гэж үзэж шүүгдэгч С.Эас 1.272.770 төгрөгийг гаргуулж, хохирогчид олгож шийдвэрлэв.

Мөн хохирогч П.Амарсанаа нь цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай гэсэн тул түүний цаашид гарах эмчилгээний зардал болон бусад хохирлоо иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээх нь зүйтэй гэж үзэв.

 

Шүүгдэгч С.Э, Б.Ө, Б.М нарын дээрх үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлуудын аль аль нь тогтоогдсонгүй.

 

Шүүхээс шүүгдэгч нарт дараах байдлаар Эрүүгийн хариуцлага хүлээлгэв.

Шүүгдэгч С.Эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар,

мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч С.Эд оногдуулсан дээрх ялуудыг тус тусад нь эдлүүлэхээр,

шүүгдэгч Б.Ө, Б.М нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг 3 сараар хасаж, 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж шийдвэрлэв.      

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Б.Ө, Б.М нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч С.У Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

мөн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч Б.Ө, шүүгдэгч Б.М нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Шүүгдэгч С.У Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар 240 /хоёр зуун дөчин/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар,

Эрүүгийн хуулийн 21.5 дугаар зүйлийн 1-д зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар,

Шүүгдэгч Б.Ө, Б.М нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1-д зааснаар мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг 3 сарын хугацаагаар хасаж, 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ялтан С.Эд оногдуулсан ялуудыг тус тусад нь эдлүүлсүгэй.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан С.Э, Б.Ө, Б.М нар нь торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг тайлбарласугай.

 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан С.Э нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг тайлбарласугай.

 

6.Ялтан С.Э, Б.Ө, Б.М нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

7.Иргэний хуулийн 497, 505 дугаар зүйлүүдэд зааснаар шүүгдэгч С.Эас 1.272.770  төгрөгийг гаргуулж, хохирогч П.Амарсанаад олгосугай.

 

8.Хохирогч П.Амарсанаа нь гэм буруутай этгээдээс цаашид гарах эмчилгээний зардал болон бусад хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус нээлттэй үлдээсүгэй.

 

9.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

10.Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

11.Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол С.Э, Б.Ө, Б.М нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхийг дурдсугай.

 

                       

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     З.БОЛДБААТАР