Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 12 өдөр

Дугаар 184/ШШ2016/00581

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                                                        

            Сонгинохайрхан дүүргийн шүүхийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунчимэг даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүргийн 1-р хороо, толгойт 119-14 тоотод оршин суух, эмэгтэй, ИЛ86071300 регистрийн дугаартай, Дулдий овогт Норхлоогийн Эрдэнэтуяа нэхэмжлэлтэй

хариуцагчийг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цэнд-Аюуш оролцов. 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Н.Эрдэнэтуяа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Хариуцагч Н.Батбиш нь надаас Сонгинохайрхан дүүргийн 1-р хороо, толгойтын 59-89 тоотод байрлах дугуй засварын газрын эзэмших гэрчилгээг “Газрын албанд ажилладаг хүнээр газрын бичиг гаргуулж өгнө”...гэж залилан мэхэлж, 2014 оны 10 дугаар сараас 2015 оны 5 дугаар саруудад 20 000-3 000 000 төгрөгийг удаа дараалан авч, нийт 7 620 000 төгрөгийг авч надад хохирол учруулсан.

Н.Батбиш нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаар учирсан хохирол 1 200 000 төгрөгийг төлсөн бөгөөд үлдэгдэл хохирлыг нөхөн төлөхөө бичгээр илэрхийлсэн боловч өнөөдрийг хүртэл барагдуулаагүй байна. Үүний улмаас Н.Батбишээс үлдэгдэл төлбөр 6 420 000 төгрөг гаргуулахаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн шүүгчийн 102/ШЗ2016/21380 дугаар захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. Н.Батбиш нь оршин суугаа тодорхой хаяг байхгүй, хаана байгаа нь тодорхойгүй байгаа учир иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Н.Батбишийг эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад                                                                                                           

  ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч  Н.Эрдэнэтуяа нь хариуцагч Н.Батбишийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

Н.Батбиш нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд ба оршин суугаа газар нь мэдэгдэхгүй байгаа болох нь нэхэмжлэгчийн тайлбар, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 102/ШЗ2016/21380 дугаартай шүүгчийн захирамж зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 102/ШЗ2016/21380 дугаар шүүгчийн захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д заасан  буюу хариуцагчийн хаяг тодорхойгүй гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Иймд Н.Эрдэнэтуяагийн Н.Батбишийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.      

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д “Нэхэмжлэгч өөрөө болон төлөөлөгч, өмгөөлөгчийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн бол тэдгээрийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж болно” гэж заажээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь өөрийн эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар хүсэлтийг  ирүүлсэн тул түүнийг оролцуулалгүйгээр хэргийг шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ: 

           

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-д зааснаар ЗЙ83081456 регистрын дугаартай, Норовын Батбишийг эрэн сурвалжилсугай.

 

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-д зааснаар хариуцагчийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Цагдаагийн байгууллагад даалгасугай.

          

           3. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй

           

           4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба нэхэмжлэгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                               С.ОЮУНЧИМЭГ