Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 208/МА2025/00017

 

Д******* С******* цахилгаан т******* с*******

ХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Давааренчин даргалж, Ерөнхий шүүгч Я.Туул, Б.Эрдэнэхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сэлэнгэ аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 149/ШШ2025/00033 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч Д******* С******* цахилгаан т******* с******* ХК

Хариуцагч Сэлэнгэ аймгийн ******* сумын ******* *******

Нэхэмжлэлийн шаардлага: Цахилгаан эрчим хүч хэрэглэсэн төлбөр 48,135,819 төгрөг гаргуулах тухай

Хэргийг хариуцагчийн төлөөлөгч Ё.Б******* гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2025 оны 03 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Эрдэнэхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М******* /цахим/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б /цахим/ нарыг оролцуулан, тэмдэглэлийг шүүх хуралдааны нарийн бичгийн дарга хөтлөв.

ТОДОРХОЙЛОХ ХЭСЭГ:

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ:

... Сэлэнгэ аймгийн ******* сумын ******* *******эй 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Аж ахуйн нэгжийг цахилгаан эрчим хүчээр хангах гэрээг байгуулж уг гэрээ нь 2025 оны 02 дугаар сарын 22-ны өдөр хүчин төгөлдөр болно. Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.2-т заасныг зөрчин цахилгаан эрчим хүч хангах гэрээнд заасан үүргээ биелүүлэхгүй 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн өр үүсгэж 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн байдлаар 41,857,233 төгрөгийн өр төлбөртэй байна. Сэлэнгэ аймгийн ******* сумын ******* ******* цахилгаан эрчим хүчний өр төлбөрөө барагдуулаагүй тохиолдолд цахилгаан эрчим хүчийг түдгэлзүүлэх тухай албан бичгүүдийг 2024 оны 03, 07, 08 дугаар саруудад удаа дараа хүргүүлсэн боловч өр төлбөрөө барагдуулахгүй, гэрээний үүргээ биелүүлэхгүй байна. Түүнчлэн 2024 оны 09 дүгээр сард Сэлэнгэ аймгийн ******* сумын Засаг даргад төлбөрийг барагдуулах талаар хамтран ажиллах хүсэлтийг уламжилсан. Иймд тус компаниас хугацаандаа төлөгдөөгүй эрчим хүчний төлбөр 41,857,233 төгрөг, Эрчим хүчний тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 болон тухайн аж ахуй нэгжтэй байгуулсан гэрээний 5.6, 5.7, 5.8 дугаар зүйл заалтуудад заасны дагуу түүнд ногдох алданги 6,278,585.10 төгрөг нийт 48,135,819 төгрөгийн ашигласан цахилгаан эрчим хүчний төлбөрийг гаргуулж төлбөрийг барагдуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбартаа:

... Сэлэнгэ аймгийн ******* сумын ******* эмнэлэг нь 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар 41,857,233 төгрөгийн өр төлбөрийг 11 сард төлж барагдуулсан болно гэжээ.

 

Сэлэнгэ аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 149/ШШ2025/00033 дугаартай шийдвэрээр:

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар Хариуцагч Сэлэнгэ аймгийн ******* сумын ******* эмнэлгээс Цахилгаан эрчим хүч хэрэглэсэн төлбөрөө хугацаанд нь төлөөгүйн алданги 3,139,292 төгрөгийг гаргуулж Нэхэмжлэгч Д******* С******* цахилгаан т******* с******* ХК-д олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг 3,139,292 төгрөгийн шаардлагыг хангах үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д******* с******* цахилгаан т******* с******* ХК-иас Улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 398,650 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Сэлэнгэ аймгийн ******* сумын ******* эмнэлгээс Улсын тэмдэгтийн хураамжид 65,179 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д******* с******* цахилгаан т******* с******* ХК-д буцаан олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдэж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарлан шийдвэрлэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Ё.Б******* давж заалдах гомдол

1.Сэлэнгэ аймгийн ******* сумын ******* эмнэлэг нь Д******* Сэлэнгэ цахилгаан т******* станцын цахилгааны төлбөрийг хугацаанд нь барагдуулаагүй учир алданги 6,278,585.10 төгрөгийн Д******* сэлэнгэ цахилгаан т******* с******* ХК-ны нэхэмжлэлийг үндэслэн 50% хөнгөлөлт үзүүлэн 3,139,292 төгрөгийг ******* сумын ******* эмнэлгээс гаргуулан төлүүлэх шийдвэрийг эргэн харж үзнэ үү хэмээн хүсэлт гаргаж байна.

2.Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 21-р зүйлийн 21.1.16-д ******* эмнэлгийн барилга байгууламж хөдлөх хөрөнгийн ашиглалт, засварын зардлыг аймаг, орон нутаг хариуцахаар заасан тул аймгийн нэгдсэн эмнэлэг, бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн байр ашиглалт, засварын зардлыг 2024 оноос орон нутгийн төсөвт тусган шийдвэрлэхээр тусгагдсан боловч орон нутгийн төсөвт батлагдаж ирээгүйн улмаас 2024 оны 03 сараас эхлэн бага хэмжээгээр төсөв олгосноос өр үүсэх шалтгаан болсон. Орон нутгийн төсвөөс сар бүр 5975300 төгрөгийн төсвийн зарцуулах эрхийг өгч тухай бүрт нь тодорхой хэмжээгээр цахилгааны төлбөрийг төлж нийтдээ 33.098.800 төгрөгийн төлбөрийг 9 сарын хугацаанд төлсөн болно. Сар бүр олгож буй санхүүжилтээс уг байгууллага нь ус, дулааны төлбөрийг ч бас төлж байсан. /баримтыг задаргаагаар харуулав/

3.Манай байгууллага нь удаа дараа дээд шатны байгууллагад хүсэлт гаргаж байсны улмаас 09 сард нэмэлт тодотгол хийгдэж үндсэн төлбөр болох 41,857,233 төгрөгийн төлбөрийг төлж барагдуулсан болно.

4.ЭМДЕГ-н үндэсний зөвлөлийн 06-р тогтоолын 2.4.8-д Орон нутгийн ЭМБ-н байр ашиглалттай холбоотой тогтмол зардлыг аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлгүүдийн хувьд орон нутгийн төсвөөс санхүүжүүлэх бөгөөд энэ тогтоолын хүрээнд олгох санхүүжилтийг байр ашиглалттай холбоотой тогтмол зардлыг санхүүжүүлэхгүй гэж заасны дагуу алдангийн төлбөрөөс чөлөөлж, Мөн улсын тэмдгийн хураамжаас чөлөөлөх, хөнгөлөх тухай хуулийн 03-р бүлгийн 41.1.4-т тэмдэгтийн хураамжийн төлбөрөөс тус тус чөлөөлж өгнө үү гэжээ.

Хариуцагч итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Манайх зөвхөн гэрэл цахилгаан биш тогтмол зардлууд бүгд орон нутгийн төсвөөс санхүүжнэ гээд Эрүүл мэндийн яамнаас шийдвэр гараад 2024 онд орон нутгийн төсөвт суугдаагүйн улмаас хугацаа алдсан. Зөвхөн гэрэл биш ус, халаалт гэх мэт зардлууд байдаг. Өнгөрсөн жил бол оны эхнээс төсөвт суутгаагүй тодотгол хийгдэнэ гэж явсаар байгаад хугацаа алдаад алданги тооцох хэмжээнд хүрчихлээ. Энэ удаа төлбөрөөс чөлөөлж өгнө үү тэгэхгүй бол орон нутгаас төсөв тавиулдаг тэр хэмжээгээр энэ алдангийг төл гэсэн төсөв орж ирдэггүй учир хүндрэлтэй байна чөлөөлж хөнгөлж өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Манайх алдангийг тооцоог нотлох баримтаар хүргүүлсэн. Зөвхөн 1 сар дээр алданги нэхэмжилсэн. Анхан шатны шүүхийн шийдвэр алданги олгох шийдвэр гарсан. Давж заалдах шатны шүүх хуралдаанд үүнийг дэмжиж оролцож байгаа учраас чөлөөлөх бууруулах нөхцөл байдал байхгүй гэв.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй Д******* С******* цахилгаан т******* с******* ХК-ийн нэхэмжлэлтэй хэргийг бүхэлд нь хянан хэлэлцэв.

2.Нэхэмжлэгч Д******* С******* цахилгаан т******* с******* ХК нь хариуцагч ******* сумын нэгдсэн ******* холбогдуулан гаргасан 2022 оны 02 дугаар сарын 22-ний өдрийн гэрээний үүрэгт үндсэн төлбөр 41,857,233 төгрөг, хугацаандаа үүргээ гүйцэтгээгүйн улмаас түүнд ногдох алданги 6,278,585.10 төгрөг, нийт 48,135,819 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

3.Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч Д******* С******* цахилгаан т******* с******* ХК нь хариуцагч ******* сумын нэгдсэн эмнэлэг нарын хооронд 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ байгуулсан байх ба гэрээний тал болох Д******* С******* цахилгаан т******* с******* ХК нь ******* сумын эмнэлгийг гэрээний үүргээ биелүүлээгүй гэж, хариуцагч нь төсөвт байгууллагын санхүүжилт саатсаны улмаас төлбөр төлөх хугацааг хожимдуулсан, алдангиас чөлөөлж өгнө үү гэж маргасан байна.

4.Анхан шатны шүүхэд хэрэг хянан хэлэлцэгдэх шатанд хариуцагч байгууллага цахилгааны үндсэн төлбөр 41,857,233 төгрөгийг төлж барагдуулан алдангиас чөлөөлүүлэх хүсэлт гаргасан ба анхан шатны шүүхээс алдангийн 50 хувийг хөнгөлж 3,139,292 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч байгууллагад олгож, 3,139,292 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хариуцагч байгууллага эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргажээ.

Хариуцагч ******* сумын нэгдсэн эмнэлгийн дарга давж заалдах гомдлын үндэслэлээ ....Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 21-р зүйлийн 21.1.16-д ******* эмнэлгийн барилга байгууламж хөдлөх хөрөнгийн ашиглалт, засварын зардлыг аймаг, орон нутаг хариуцахаар заасан тул аймгийн нэгдсэн эмнэлэг, бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн байр ашиглалт, засварын зардлыг 2024 оноос орон нутгийн төсөвт тусган шийдвэрлэхээр тусгагдсан боловч орон нутгийн төсөвт батлагдаж ирээгүйн улмаас 2024 оны 03 сараас эхлэн бага хэмжээгээр төсөв олгосноос өр үүсэх шалтгаан болсон. Орон нутгийн төсөвт алдангид төлөх мөнгө төлөвлөгдөөгүй тул алдангийн төлбөрөөс чөлөөлж өгнө үү гэж тайлбарласан.

5.Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж буй шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэл хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянан үзнэ гэж заасны дагуу давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн хэргийг хянаж, хариуцагч байгууллагын давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй боловч нэхэмжлэгчийн хариуцагч байгууллагад холбогдох шаардлагад зохигчдын хооронд үүссэн маргаан, хэргийн үйл баримт хэрэгт авагдсан баримтад дараах дүгнэлт хийж анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

Талуудын хооронд 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ байгуулсан байх ба уг гэрээ 3 жилийн хугацаатай байгуулагдсан хүчин төгөлдөр гэрээ байх бөгөөд хариуцагч байгууллага 2024 оны 02 дугаар сараас эхлэн гэрээний үүргээ зөрчин 2024 оны 11 дүгээр сард үндсэн төлбөрийг төлсөн нь нотлогдсон талууд энэ талаар маргаангүй, анхан шатны шүүхээс үйл баримтыг зөв тогтоож, эрх зүйн дүгнэлтийг хууль зүйн үндэслэлтэй хийжээ.

Эрчим хүчний тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д Эрчим хүчээр хангагч нь гэрээнд заасан хугацаанд эрчим хүчний төлбөрөө төлөөгүй буюу зохих ёсоор төлөөгүй хэрэглэгчид хугацаа хожимдуулсан хоног тутамд төлөгдөөгүй төлбөрийн үнийн дүнгийн 0.5 хүртэл хувьтай тэнцэх алданги ногдуулна гэж, талуудын хооронд байгуулагдсан дээрх гэрээний 5.8-д хэрэглэгч нь гэрээнд заасан хугацаанд төлбөрөө төлөөгүй үнийн дүнгээс хоног тутамд 0.5 хүртэл хувийн алданги хангагчид төлнө гэж зааснаар нэхэмжлэгч байгууллага алдангийг хууль болон гэрээнд заасны дагуу нэхэмжлэх эрхтэй.

Гэвч нэхэмжлэгч байгууллага хугацаа хэтэрсэн хоног тутамд алдангийн хэмжээг тооцоогүй боловч хариуцагч байгууллага нь орон нутгийн харьяаны төсөвт байгууллага бөгөөд орон нутгийн төсөв бүрдээгүй, төсвийн татан төвлөрүүлэлт удааширсантай холбоотой өөрөөс бус хөндлөнгийн нөхцөл байдлын улмаас гэрээний үүргээ хугацаанд биелүүлээгүй хожимдуулсан хүндэтгэн үзэх шалтгаан, төсөвт алданги төлөх санхүүжилт тусгадаггүйн улмаас алданги төлөх чадваргүй зэрэг хариуцагчийн эдийн засгийн хүндрэлтэй бодит нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д Анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болно гэж зааснаар шүүхээс алдангийн хэмжээг багасгах боломжтой бөгөөд талуудын хооронд байгуулсан гэрээний биелэгдээгүй үнийн дүнтэй харьцуулахад алдангийн хэмжээ их биш байж болох боловч орон нутгийн төсвөөс санхүүждэг байгууллагын хувьд төсөвлөгдөөгүй зардал нь хэт өндөр байх нь тухайн байгууллагын хувьд түүнчлэн ард иргэдээс татвар хураамжаар бүрддэг төсвийн хувьд тооцоолоогүй хүндрэл бэрхшээл болохыг харгалзан үзэж нэхэмжлэгчээс тогтоосон алдангийн хэмжээг багасган 5,278,585 төгрөгийн алдангиас хариуцагчийг чөлөөлөх хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.

Иймд Сэлэнгэ аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 149/ШШ2025/00033 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтуудад өөрчлөлт оруулан, 2 дахь заалтыг хүчингүй болгож, 3 дахь заалтад нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг өөрчлөн шийдвэрлэсэнтэй холбоотой улсын тэмдэгтийн хураамжийн өөрчлөлтийг оруулан шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сэлэнгэ аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 149/ШШ2025/00033 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг:

Эрчим хүчний тухай хуулийн 31.2, 31.3, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагаар үндсэн төлбөрт 41,827,233 төгрөг төлөгдсөн болохыг дурьдаж, алданги 1,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэлийн шаардлагаас 5,278,585 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай гэж,

 

3 дахь заалтыг:

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д******* с******* цахилгаан т******* с******* ХК-иас Улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 398,650 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Сэлэнгэ аймгийн ******* сумын ******* эмнэлгээс Улсын тэмдэгтийн хураамжид ....1 сая төгрөгт тохирох төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д******* с******* цахилгаан т******* с******* ХК-д буцаан олгосугай гэж тус тус өөрчлөлт оруулан, 2 дахь заалтыг хүчингүй болгож бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа шүүгчийн 383 тоот захирамжаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Г.ДАВААРЕНЧИН

ШҮҮГЧИД Я.ТУУЛ

Б.ЭРДЭНЭХИШИГ