Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 01 өдөр

Дугаар 184/ШШ2016/00464

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунчимэг даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, зээлийн 3-41В тоотод оршин суух, 27 настай, эмэгтэй, Тогооч овогт Батсайханы Аззаяагийн нэхэмжлэлтэй,

 хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай хэргийг хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Аззаяа, түүний өмгөөлөгч М.Балжинсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цэнд-Аюуш нар оролцов.                                                                                                                                                                                                                                                       

                                                                                                              ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

 Нэхэмжлэгч Б.Аззаяа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 Би шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Б.Аззаяа би Э.Бямба-Одтой 2009 оны 3 дугаар сарын 09-ний өдөр танилцаж, 2009 оны 5 дугаар сарын 20-ны өдрөөс гэр бүл болсон. Хамт амьдрах хугацаанд 2010 оны 6 дугаар сарын 21-ний өдөр том хүү Содбаяр, 2014 оны 02 дугаар сарын 02-ны өдөр дунд хүү Сод-Эрдэнэ, 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр бага хүү Сод-Отгон төрсөн. Э.Бямба-Од нь Сүхбаатар аймагт айлын адуу маллах ажил хийдэг байсан ба ажлаа хийж явахдаа ой хээрийн түймэрт өртөж, адуугаа галаас аврах гэж яваад харамсалтайгаар амь насаа алдсан. Тэр айлын адууг маллаж байсан юм.

Бид гэрлэлтээ бүртгүүлээгүй ба хүүхдүүдийн төрсний гэрчилгээ миний нэр дээр байдаг. Би  тэжээгчээ алдсаны тэтгэмж авах гэсэн юм. Мөн гэрлэлтээ баталуулаагүй байсан тул хүүхдүүдийг надаар овоглосон байгаа. 3 хүүхдийг эцгээр нь овоглож, гэр бүлийн тэжээгч нь байсан гэдгийг тогтоолгох хүсэлтэй байна.

           Иймд намайг Э.Бямба-Одтой 2009 оны 5 дугаар сарын 20-ноос 2016 оны 4 дүгээр сарын 20-ныг хүртэл хамтын амьдралтай байсныг тогтоож өгнө үү гэв.

 

 Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд

                                                                                                                   ҮНДЭСЛЭХ НЬ:

 

             Нэхэмжлэгч Тогооч овогт Батсайханы Аззаяа нь Насан заан овогт Энэбишийн Бямба-Одтой хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай  нэхэмжлэл гаргажээ.

            Б.Аззаяа, Э.Бямба-Од нар нь 2009 оны 5 дугаар сарын 20-ноос Э.Бямба-Одыг нас барсан буюу  2016 оны 4 дүгээр сарын 20-ныг хүртэл хамтын амьдралтай байсан ба хамтын амьдралын хугацаанд 2010 оны 6 дугаар сарын 21-д хүү А.Содбаяр, 2014 оны 02 дугаар сарын 02-д хүү А.Сод-Эрдэнэ, 2016 оны 4 дүгээр сарын 22-д хүү А. Сод-Отгон нарыг төрүүлсэн болох нь нэхэмжлэгчийн тайлбар, нас барсны 0000178390 тоот гэрчилгээ, Г-365, 1116004397, 1116970064 тоот төрсний гэрчилгээнүүд, гэрч Э.Нямбат, Э.Чимэдбалдир нарын мэдүүлэг зэргийн баримтуудаар тогтоогдож байна.

            Иймд  Б.Аззаяагийн нэхэмжлэлийг хангаж, түүнийг Э.Бямба-Одтой  2009 оны 5 дугаар сарын 20-ноос  2016 оны 4 дүгээр сарын 20-ныг хүртэл  хамтын амьдралтай байсныг тогтоож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

            Нэхэмжлэгч нь “гэрлэлтээ баталуулаагүй байсан тул хүүхдүүдийг надаар овоглосон байгаа. 3 хүүхдийг эцгээр нь овоглож, гэр бүлийн тэжээгч нь байсан гэдгийг тогтоолгох хүсэлтэй байна” гэж тайлбарласан.

            Нэхэмжлэгч нь Б.Аззаяа нь  хүү А.Содбаяр, А.Сод-Эрдэнэ, А. Сод-Отгон нарыг эцгээр нь овоглох асуудлаа холбогдох захиргааны байгууллагат нь хандаж шийдвэрлүүлэх нь зүйтэй байна.

            Мөн Б.Аззаяагийн Э.Бямба-Одтой хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай шаардлагыг хангаж шийдвэрлэсэн ба Э.Бямба-Од нь гэр бүлийн тэжээгч нь байсан гэж үзэж шийдвэрлэсэн болно.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон 

                                                                                                                           ТОГТООХ НЬ:

           

1.Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-д зааснаар Тогооч овогт Батсайханы Аззаяаг Насан заан овогт Энэбишийн Бямба-Одтой 2009 оны 5 дугаар сарын 20-ноос  2016 оны 4 дүгээр сарын 20-ныг хүртэл  хамтын амьдралтай байсан болохыг тогтоосугай.

 

2. Нэхэмжлэгчийг  шүүгчийн захирамжаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлсөн болохыг дурдсугай.

 

3.  Нэхэмжлэгч нь Б.Аззаяа нь хүү А.Содбаяр, А.Сод-Эрдэнэ, А. Сод-Отгон нарыг эцгээр нь овоглох асуудлаа холбогдох захиргааны байгууллагат нь хандаж шийдвэрлүүлэх эрхтэйг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба нэхэмжлэгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                             С.ОЮУНЧИМЭГ