| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Самбуугийн Оюунчимэг |
| Хэргийн индекс | 102/2016/05702/И |
| Дугаар | 184/ШШ2016/00508 |
| Огноо | 2016-08-05 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 08 сарын 05 өдөр
Дугаар 184/ШШ2016/00508
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн шүүхийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунчимэг даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүргийн 17-р хороо, Өнөр хороолол, 61 байр 6 тоотод оршин суух, Сартуул овогт Лхамрагчаагийн Эрдэнэбилэгийн нэхэмжлэлтэй
хариуцагчийг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цэнд-Аюуш оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Л.Эрдэнэбилэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Иргэн Э.Мөнхцоожид холбогдуулж 3 487 500 төгрөгийг шүүхийн журмаар гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан боловч шүүхээс хариуцагчийн хаяг тодорхойгүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг удаа, дараа хүлээн авахаас татгалзаж, хэрэгсэхгүй болгох зэргээр шүүгчийн захирамж гарч байсан. Э.Мөнхцоож нь албан ёсны Иргэний үнэмлэхийн хаягтаа оршин суудаггүй, харин Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 12-р хороо, Булгийн 13-595 тоот хаяг дээр хадам ээж Жавзандуламын /91402054/, өмчлөлийн хашаанд нь хууль ёсны нөхөр болох Энхбат мөн хүүхдийнхээ хамт /96741088/ гэр бариад тусдаа амьдарч байгаа. Мөн Олон Улсын худалдааны төвд хүүхдийн хувцасны лангуу ажиллуулдаг юм.
Иймд хариуцагч Э.Мөнхцоожийн оршин сууж байгаа албан ёсны хаягийг тодорхой болгуулж нэхэмжлэгч би түүнд холбогдох нэхэмжлэлээ дахин шүүхэд гаргах хүсэлтэй байгаа тул Э.Мөнхцоожийг эрэн сурвалжлуулж өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Л.Эрдэнэбилэг нь Э.Мөнхцоож нь 3 487 500 төгрөгийг зээлсэн, зэээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй, мөнгөө төлөөгүй ба түүний оршин байгаа газар мэдэгдэхгүй, хаана амьдарч байгаа нь тодорхойгүй тул хариуцагчийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргажээ.
Л.Эрдэнэбилэг нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд ба оршин суугаа газар нь мэдэгдэхгүй байгаа болох нь нэхэмжлэгчийн тайлбар, шүүхийн мэдэгдэх хуудас, Чингэлтэй дүүргийн 12-р хорооны Засаг даргын тодорхойлолт зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 101/ШЗ2016/18878 дугаар шүүгчийн захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.9-д заасан буюу хариуцагчийн хаяг тодорхойгүй гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Иймд Л.Эрдэнэбилэгийн Э.Мөнхцоожийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 100.1-д “Нэхэмжлэгч өөрөө болон төлөөлөгч, өмгөөлөгчийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн бол тэдгээрийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж болно” гэж заажээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь өөрийн эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар хүсэлтийг ирүүлсэн тул түүнийг оролцуулалгүйгээр хэргийг шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-д зааснаар Эрдэнийн Мөнхцоожийг эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-д зааснаар хариуцагчийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Цагдаагийн байгууллагад даалгасугай.
3. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба нэхэмжлэгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ОЮУНЧИМЭГ