Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 210/МА2025/00518

 

 

 

*******ы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч М.Баясгалан, Т.Гандиймаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 192/ШШ2025/00789 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: *******ы нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******-д холбогдох

Зээлийн муу ангиллын мэдээллийг хэвийн болгож бүртгүүлэхийг даалгах тухай үндсэн, зээлийн гэрээний үүрэгт 63,656,036 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах сөрөг нэхэмжлэлтэй хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Т.Гандиймаа илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр *******-тай зээлийн гэрээ байгуулж, 159,986,000 төгрөгийг 4 жилийн хугацаатай зээлсэн. Уг гэрээний дагуу 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 120,000,000 төгрөг, 12 дугаар сарын 30-ны өдөр 38,719,000 төгрөг, 2022 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр 1,080,000 төгрөгийг төлснөөр үндсэн зээлийг бүрэн төлж, зээлийн үлдэгдэлгүй болж, гэрээний үүргээ хугацаанаасаа өмнө биелүүлсэн.

1.2. 2022 оны 1 дүгээр сард зээлийн эргэлзээтэй ангилал үүсгэж, 2024 оны 7 дугаар сард муу ангилал руу шилжүүлсэн байна. Ингэхдээ ******* нь Активыг ангилах, активын эрсдэлийн сан байгуулж, зарцуулах журмын хавсралт 1, 2-т заасан үзүүлэлтээр зээлийг ангилж, харьцуулан дүгнэж, *******анд илгээх ёстой. Гэтэл хавсралт 2-т заасан үзүүлэлтээр зээлийн ангиллыг гаргаагүй, тус журмыг буруу хэрэглэж буруу зээлийн мэдээллийг зээлийн мэдээллийн санд нийлүүлсэн. Энэ нь миний хууль ёсны эрх ашгийг зөрчиж, банкны баталгаа гарахгүй болсноор харилцагч компаниудад банкны баталгаа өгч, зээлээр тоног төхөөрөмж худалдан авч, оруулж ирэх боломжгүй нөхцөл байдал үүссэн.

1.3. Иймд зээлийн мэдээллийг муу ангилалтай гэж илгээсэн нь үндэслэлгүй тул зээлдэгчийн зээлийн мэдээллийг хэвийн болгож, *******анд бүртгүүлэхийг хариуцагчид даалгаж өгнө үү.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1. Тухайн үед ******* *******, *******, ******* нар нь 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн зээлийн гэрээгээр 420,000,000 төгрөг зээлсэн ба бизнесийн үйл ажиллагаа доголдсоны улмаас зээлийг төлөх боломжгүй нөхцөл байдал үүслээ, зээлийн төлбөрийг 2 хувааж, үүргийг хуваасан тохиолдолд зээлээ төлөөд явах боломжтой гэж хүсэлт гаргасныг хүлээн авч, 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр нэхэмжлэгчтэй зээлийн гэрээ байгуулсан.

Тухайн гэрээгээр ******* нь 159,986,202 төгрөгийг 48 сарын хугацаатай, 16.8 хувийн хүүтэй зээлдүүлэх, ******* нь ******* *******, *******, ******* нарын хуримтлагдсан хүүгийн тал 62,342,704 төгрөгийн хамт төлөх үүрэг хүлээж, эхний 12 сард үндсэн зээл төлөхгүйгээр хүүгээ төлөхөөр гэрээ байгуулсан.

2.2. Дээрх зээлийн үндсэн төлбөрийг төлж байсан боловч 2021 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс хүүгийн хугацаа хэтэрч эхэлсэн. Үүнтэй холбоотой Активыг ангилах, активын эрсдэлийн сан байгуулж, зарцуулах журамд заасны дагуу активыг ангилах, активын эрсдэлийн сангийн доод шаардлагын хэрэгжилтийн тайланг дотоод ангилал, аргачлалын тооцооллын хамт *******анд хүргүүлсэн.

Активыг ангилах, активын эрсдэлийн сан байгуулж, зарцуулах журмын хавсралт 1-т ...Зээл хэвийн бол 1-30 хоногийн хугацаатай, анхаарал хандуулах бол 90 хоногоос дээш, хэвийн бус бол 91-180 хоног, эргэлзээтэй бол 181-360 хоног, 361 хоногоос дээш бол муу ангилалтай гэж зохицуулсан тул нэхэмжлэгч *******ы зээлийн мэдээлэл нийлүүлэгдсэн.

2.3. Активыг ангилах, активын эрсдэлийн сан байгуулж, зарцуулах журмын 2.9.1-д заасан активын ангиллыг дээшлүүлэх нөхцөл зээлдэгчийн хувьд бүрдээгүй учраас тус журамд заасны дагуу зээлийн мэдээллийг нийлүүлсэн. Энэ журмыг банк зөрчсөн тохиолдолд *******наас зөрчлийн акт тогтоож, торгуулах эрсдэлтэй байдаг тул активын ангиллын журам зөрчиж хийх, нийлүүлэх боломжгүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

3. Хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

3.1. ******* нь өөс 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр ЗГ/202146788395 тоот зээлийн гэрээ байгуулан 159,986,202 төгрөгийн хөрөнгө оруулалтын зээлийг 48 сарын хугацаатай, жилийн 16.8 хувийн хүүтэй зээлж авсан. Зээлийн барьцаанд 2 ширхэг орон сууц, автомашин барьцаалуулсан.

3.2. Зээлдэгч 2022 оны 9 дүгээр сарын 27-ны өдрөөс хойш зээлийн хүүгийн төлөлт хийгээгүй тул зээлийн хүү 63,642,742 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 13,294,47 төгрөг нийт 63,656,036 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулж өгнө үү.

4. Сөрөг нэхэмжлэлд гаргасан нэхэмжлэгчийн тайлбарын агуулга:

4.1. ******* нь зээлийн гэрээний төлбөрийг 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 120,000,000 төгрөг, 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 38,719,565 төгрөг, 2022 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр 1,080,000 төгрөгийг төлж, зээлдэгчийн зээлийн данс 0.00 үлдэгдэлтэй болгож гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн тул зээлийн төлбөрийг ашиглаагүй хугацааны хүү төлөх үүрэг гэрээгээр хүлээгээгүй тул сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч *******-д холбогдох зохигч талуудын хооронд байгуулагдсан 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн ЗГ/20214688395 дугаартай зээлийн гэрээний дагуу үүссэн зээлдэгчийн зээлийн Муу ангиллын мэдээллийг Хэвийн болгож засуулахыг хариуцагчид даалгуулах тухай нэхэмжлэгч *******ы нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч *******д холбогдох зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 63,656,036.66 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгүүдээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа хариуцагч ******* татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 59 дүгээр зүйлийн 59.4, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч *******аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 957,900 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******-иас сөрөг нэхэмжлэлийн шаардлагад улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 546,430 төгрөгөөс 273,215 төгрөгийг улсын төсвийн орлогоос буцаан гаргуулан хариуцагч *******-д олгож шийдвэрлэжээ.

6. Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

6.1. 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 3Г/202146788395 тоот зээлийн гэрээгээр 159,986,202 төгрөгийн зээл авсан. Харин 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 35/202146788395-1 тоот зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээгээр хавсралтад оруулсан өөрчлөлтөөр хариуцагчийн хүүгийн төлбөр хэсэгт 62,342,704 төгрөгийг тэмдэглэсэн, энэ нь үндсэн зээлийн хүү огт биш харин ******* *******, *******, ******* нарын зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэлийн үлдэгдэл төлбөр болно.

Уг үлдэгдэл төлбөрийг миний бие төлөх үүрэг хүлээсэн хэдий ч одоо маргаж байгаа гол үндэслэл нь уг зээлийн мэдээллийг *******анд явуулахдаа үндсэн зээлийн хүүгийн үлдэгдэл мэтээр хүргүүлсэн нь үндэслэлгүй.

*******ны Активыг ангилах, активын эрсдэлийн сан байгуулж, зарцуулах журам-ын 1.12.1-д Зээл буюу гэрээний дагуу олгосон мөнгөн хөрөнгийн төлбөрийг үүрэг гүйцэтгэгчээс шаардах эрх үүсгэж байгаа санхүүгийн хөрөнгө; байхаар заасан бөгөөд уг бүртгэгдсэн төлбөр нь өөр этгээдийн бүртгэлтэй зээл харин миний бие төлөх үүрэг хүлээсэн этгээд юм.

Активыг ангилах, активын эрсдэлийн сан байгуулж, зарцуулах журам-ийн 1.12.2. Бусад актив-т хамаарах үүргийг заасан бөгөөд энэхүү 62,342,704 төгрөгийн үүрэг нь аль активт хамаарах нь тодорхойгүй.

Хэрэгт авагдсан 2025 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн Зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга-д бичигдсэнээр 2022 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн байдлаар зээлийн төлбөр 0 буюу зээлийн төлбөр байхгүй, харин 2024 оны 7 дугаар сарын 24-ний өдөр зээлийн төлбөрийн үлдэгдэл 46,620,000 төгрөг байна. Өөрөөр хэлбэл, уг хуулгаар 2022 оны 9 дүгээр сарын 27-ны өдрөөс 2024 оны 7 дугаар сарын 24-ний өдөр хүртэлх хугацаанд зээлийн төлбөргүй байсан, харин 2024 оны 7 дугаар сарын 24-ний өдөр буюу миний бие уг ******* *******-ийн үлдэгдэл төлбөрийг төлсөн өдөр уг зээлийн хүү хуримтлагдсан гэж гарсан байгаа нь алдаатай. Энэхүү төлбөр нь миний зээлээс хуримтлагдсан хүүгийн төлбөр биш.

6.2. Хариуцагч ******* нь ******* *******, *******, ******* нарын зээлийн гэрээний үүргийг дуусгавар болгон өөрт ногдох зээлийн үүргийг бүхэлд нь шилжүүлэн авах байсан хэдий ч надад зээлийн үүргийг бүхэлд нь бус 159,986,202 төгрөгийн үндсэн зээлийг үүргийг шилжүүлж улмаар үлдсэн зээлийн төлбөрийг өмнөх дуусгавар болох ёстой байсан гэрээнд үлдэгдэл болгон үлдээсэн бөгөөд нэг зээл дээр хоёр этгээд зээлийн түүх үүсгэж улмаар муу ангилалд хамруулсан болно. Ийм бүртгэл хийх зохицуулалт байхгүй юм.

******* *******, *******, ******* нарын зээлийн гэрээний үүргийг дуусгавар болгож улмаар шинээр зээлийн гэрээ байгуулж, зээлийн мэдээлэл зөвхөн миний нэр дээр хийгдэх ёстой. Гэтэл 62,342,704 төгрөгийн үлдэгдэл нь ******* *******-тай байгуулсан зээлийн гэрээний үлдэгдэл хэвээр хаагдаагүй бүртгэлтэй байсаар байгаа бөгөөд миний бие шинээр уг төлбөрийг төлөхөөр гэрээ байгуулснаар дуусгавар болоогүй давхар бүртгэгдэж байсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдоно.

Нэхэмжлэгчтэй байгуулсан гэрээнд зээлийн хүүгийн төлбөр гэж гэрээний хавсралтад бичигдсэн 62,342,704 төгрөгийг үндсэн зээлийн хуримтлагдсан хүү мэтээр мэдээллийн санд илгээсэн болох нь зээлийн дансны дэлгэрэнгүй хуулгаас харагдаж байна. Энэ нь үндсэн зээлийн үүргийг гүйцэтгээгүй, хугацаандаа төлөөгүйгээс хуримтлагдаж бий болсон хүү биш юм.

6.3. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ энэхүү зээл нэг этгээдээс нөгөө этгээдэд шилжихдээ ямар нөхцөл журмаар шилжсэн, ийнхүү шилжсэний дагуу хийгдсэн зээлийн мэдээлэл үнэн зөв хийгдсэн эсэх, зэрэг нөхцөл байдлыг дүгнэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитой үнэлээгүй.

Нэхэмжлэгчид үүрэг шилжсэнд бус түүнд шинээр бий болсон зээлийн үүргийн хуримтлагдсан хүү мэтээр актив үүсгэн мэдээллийг илгээсэн нь Зээлийн мэдээллийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.12 заалтыг зөрчиж улмаар буруу мэдээлэл өгсөн гэж үзэх үндэслэл болж байна. Иймд анхан шатны тойргийн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж өгнө үү.

7. Давж заалдах гомдолд хариуцагчийн гаргасан тайлбарын агуулга:

7.1. 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр ******* *******, *******, ******* нарын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан. Тухайн үед зээлдэгч нар нь ковид-19 цар тахлын нөхцөл байдал, банкны зээлээр худалдаж авсан экскаватор шатсан зэрэг бизнесийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлсөн зээлдэгчийн нөхцөл байдлыг харгалзан үзэж, талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээнд удаа дараа бүтцийн өөрчлөлт оруулсан. 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр *******тай зээлийн үндсэн үлдэгдэл 319,972,404 төгрөг, зээлийн хүү 124,685,408 төгрөгийг тус тус хоёр хувааж, хувьцаа эзэмшигч *******, ******* нартай гэрээ байгуулсан.

*******тай 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 48 сарын хугацаатай гэрээ байгуулагдаж, жилийн 16,8 хүүтэй, 159,986,202 төгрөгийн үндсэн зээлийг олгосон. Тухайн зээлийг олгохдоо ******* *******-ийн үлдэгдэл хүүгийн төлбөрийг уг зээлийн хамт үргэлжлүүлэн төлөхөөр тохиролцож, гэрээг байгуулсан. Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарьт эхний 12 сард үндсэн зээлийн төлбөр төлөхгүй, хүүгийн үлдэгдэл 62,342,704 төгрөгийг төлөхөөр тохиролцсон. Тухайн гэрээний дагуу нэхэмжлэгч нь эхлээд үндсэн зээлийг төлсөн боловч зээлийн хүү болон өмнөх гэрээний хүүгийн үлдэгдлийг төлөөгүй.

2024 оны 6 дугаар сард хүүгийн үлдэгдэл 63,000,000 төгрөгийн тодорхой хэмжээг бууруулж, *******-ийн зүгээс нэхэмжлэгчийн 6 хувийн зээлийг шийдвэрлэж, барьцаа хөрөнгийг бусдад худалдах хүсэлт гаргасан. Уг хүсэлтийн дагуу *******-ийн зүгээс нэхэмжлэгчид 6 хувийн зээлийг шийдвэрлэж, барьцаа хөрөнгийг бусдад худалдсан үнийн дүнгээс 2024 оны 7 дугаар сарын 24-ний өдөр зээлийн хүүгийн төлөлт хийсэн.

2022 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр үндсэн зээлийн төлбөрт 1,080,173 төгрөгийг төлснөөр үндсэн зээлийн төлбөрийг төлж дуусгасан боловч уг хугацаанд зээлийн хүүгийн төлбөрийг төлж байгаагүй учраас зээлийн мэдээллийн сангийн ангиллыг засах боломжийг алдсан.

7.2. ******* нь 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн гэрээний хувьд зээлийн төлбөрийг төлж, 2022 оны 9 дүгээр сарын 24-ний өдрөөс 2024 оны 7 дугаар сарын 24-ний өдрийг хүртэлх хугацаанд зээлийн төлбөргүй гэж тайлбарладаг. Гэвч зээлийн гэрээний дагуу 2022 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр үндсэн зээлийг төлж дуусгасан боловч үүнээс өмнө *******ны зээлийн мэдээллийн санд эргэлзээтэй ангилалд бүртгэгдсэн, зээлийн хүүгийн төлбөрийг төлөөгүй учраас активыг ангилах журмын дагуу муу ангилалд бүртгэгдсэн.

*******-ийн зүгээс *******ны гаргасан журмыг мөрдөж ажиллах ёстой. Мөн Банкны тухай хуулийн 35 дугаар зүйл, Банк эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу банк нь *******наас гаргасан журам, тухайн байгууллага дотооддоо гаргасан журмын дагуу активын ангиллыг хийж, зээлийн мэдээллийг *******анд хүргүүлэх ёстой. Иймд *******-ийн зүгээс хууль болон журамд зааснаар активын ангиллыг хийж, зээлийн мэдээллийг нийлүүлсэн, хууль зөрчөөгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-д холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгүүдийг барьцаанаас чөлөөлөхийг даалгах нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зээлдэгчийн зээлийн муу ангиллын мэдээллийг хэвийн болгож бүртгүүлэхийг даалгах гэж нэхэмжлэлээ өөрчилсөн байх ба уг нэхэмжлэлийг хариуцагч эс зөвшөөрч, зээлийн гэрээний үүрэгт 63,656,036 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг нэхэмжлэгч биелүүлсэн үндэслэлээр нэхэмжлэлээсээ татгалзжээ.

3. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлээд дараах үйл баримтыг зөв тогтоосон байна. Үүнд:

3.1. ******* *******, *******, ******* нар нь *******-тай 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр ******* нь 420,000,000 төгрөгийг, 36 сарын хугацаатай, жилийн 19.2 хувийн хүүтэй, хөрөнгө оруулалтын зориулалтаар зээлдүүлэх, ******* *******, *******, ******* нар гэрээнд заасан хуваарийн дагуу зээлийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээжээ. /1хх-ийн 90-92 дугаар тал/

3.2. ******* *******-ийн хувьцаа эзэмшигч *******, ******* нар нь дээрх зээлийн мөнгөн хөрөнгөөр худалдан авсан экскаватор шатсаны улмаас үйл ажиллагааны орлогоор зээлийн төлбөрийг төлөх боломжгүй үндэслэлээр тус гэрээний зээлийн үндсэн төлбөрийн үлдэгдэл 319,972,404 төгрөг, хуримтлагдсан хүү 124,685,408 төгрөгийг хувьцаа эзэмшигч нарт тэнцүү хувааж, үүргийг гүйцэтгүүлэх хүсэлт гаргажээ.

Дээрх хүсэлтийг үндэслэн талууд 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр ******* нь 159,986,202 төгрөгийг, 48 сарын хугацаатай, жилийн 16.8 хувийн хүүтэй зээлдүүлэх, ******* нь гэрээнд заасан хуваарийн дагуу зээлийн төлбөр болон ******* *******, *******, ******* нарын зээлийн гэрээний дагуу төлвөл зохих хуримтлагдсан хүүгийн тал хувь болох 62,342,704 төгрөгийг төлөх үүргийг тус тус хүлээсэн байна. /1хх-ийн 4-6, 119, 120 дугаар тал/

Мөн 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ-г байгуулж, 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн гэрээний зээлийн үлдэгдэл төлбөр, зээлийн хуримтлагдсан хүү болон шилжүүлэн авсан хүүгийн төлбөр төлөх хуваарь, хугацаанд өөрчлөлт оруулжээ. /1хх-ийн 7 дугаар тал/

3.3. Дээрх зээлийн гэрээний дагуу хариуцагч байгууллагаас зээлийн мөнгөн хөрөнгө болох 159,986,202 төгрөгийг 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр дансаар олгож, уг зээлийн төлбөрийг нэхэмжлэгч нь 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс 2022 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэл хугацаанд, хүүгийн төлбөрт 53,642,742 төгрөгийг 2024 оны 7 дугаар сарын 24-ний өдөр тус тус төлж, хүүгийн төлбөрөөс үлдсэн хэсгийг хариуцагч байгууллага авахаас татгалзаж, зээлийг хаасан үйл баримт тогтоогдсон. /1хх-ийн 12, 2хх-ийн 72 дугаар тал/

3.4. Талууд дээрх үйл баримтад маргаагүй, харин зээлийн мэдээллийн санд зээлийн мэдээлэл буруу илгээсэн эсэх асуудлаар маргасан үйл баримтыг шүүх зөв тогтоожээ.

4. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн, улмаар зээлийн өр шилжих тохиролцоо хийгдэж, *******-д ******* *******, *******, ******* нарын төлөх зээлийн хүүгийн өр төлбөрөөс 62,342,704 төгрөгийг ******* хариуцан төлөхөөр хэлцэл хийгдсэн талаар зөв дүгнэсэн байх ба энэхүү өр шилжих хэлцэл нь Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.8, 124 дүгээр зүйлийн 124.1 дэх хэсэгт нийцжээ.

Ийнхүү нэхэмжлэгч нь гэрээний дагуу ******* *******, *******, ******* нарын өр төлбөрийг өөртөө шилжүүлэн авснаар Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1 дэх хэсэгт заасан зээлийн хүүгийн төлбөр төлөх үүргийг биелүүлэх үүрэгтэй гэж үзнэ. Иймд шилжүүлэн авсан зээлийн хүүгийн өр нь үндсэн зээлийн хүү биш тул зээл болон бусад активт хамаарахгүй гэх нэхэмжлэгчийн гомдол үндэслэлгүй.

4.1. Талуудын 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний дагуу нэхэмжлэгч нь нэмэлт гэрээ байгуулах хүртэл зээлийн үндсэн төлбөрт 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 120,000,000 төгрөг, мөн оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 49,521 төгрөг, 11 дүгээр сарын 21-ний өдөр 9,850 төгрөг, 11 дүгээр сарын 24-ний өдөр 4,900 төгрөг, 12 дугаар сарын 20-ны өдөр 2,365 төгрөг, 12 дугаар сарын 30-ны өдөр 38,719,565 төгрөг тус тус төлж, зээлийн үлдэгдэл 1,200,000 төгрөг болж, шилжүүлэн авсан өрийг төлөөгүй болох нь хэргийн 1хх-12, 48 дугаар талд авагдсан ******* дахь *******ы эзэмшлийн дансны хуулга болон талуудын тайлбараар тогтоогдож байна.

Улмаар, талууд 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр нэмэлт гэрээ байгуулж, уг гэрээгээр зээлийн үлдэгдэл 1,200,000 төгрөг, 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс мөн оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүртэл хуримтлагдсан хүү 861,239 төгрөг, шилжүүлэн авсан зээлийн хүүгийн өр 62,342,704 төгрөг нийт хүү 63,203,943 төгрөгийг 2023 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл хугацаанд сар бүр хэсэгчлэн төлөхөөр тохирсон. Уг гэрээний дагуу нэхэмжлэгч нь 2022 оны 5 дугаар сарын 20-ны өдрөөс 2022 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр хүртэл зээлийн үлдэгдэл төлбөрийг төлж дуусгасан, харин хүүгийн төлбөрийг 2024 оны 7 дугаар сарын 24-ний өдөр төлжээ. /2хх-ийн 57, 71, 72, 85 дугаар тал/

Хэрэгт авагдсан дээрх баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч нь зээлийн болон шилжүүлэн авсан хүүгийн төлбөрийг тогтоосон хуваарийн дагуу төлөх үүргээ биелүүлээгүй, мөн уг үүргээ биелүүлээгүй гэрээний ерөнхий хугацааг 1 жил 3 сараар хэтрүүлсэн байх ба зээлийн активын ангиллаар муу ангилалд бүртгэгджээ.

Зээлийн мэдээллийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.7, 6.1.8, 6.1.13 дахь хэсэгт зааснаар зээлийн мэдээлэлд зээл, төлбөр төлөх хугацаа, хуваарь, хүүгийн хэмжээ, хугацаа хэтрүүлж гүйцэтгэсэн болон гүйцэтгээгүй зээл, төлбөрийн дүн, зээлийн ангиллын талаарх мэдээлэл хамаарч байх ба энэ талаарх үнэн зөв, бодитой мэдээллийг зээлийн мэдээллийн санд банк нийлүүлэх үүрэгтэй болохыг мөн хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 17.3 дахь хэсэгт заажээ.

Харин зээл болон бусад активыг хугацааны болон чанарын үзүүлэлтээр ангилж, тус тусад нь үнэлгээ гаргаж, аль доогуур үнэлгээгээр ангиллыг тогтоож, эрсдэлийн санг байгуулж, энэ талаарх мэдээллийг *******анд хүргүүлэх, ******* нь тухайн ангиллыг үнэн зөв хийсэн эсэхэд хяналт тавих үүрэгтэй талаар *******ны ерөнхийлөгч, Сангийн сайдын 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн А-155/134 дугаар хамтарсан тушаалаар баталсан Активыг ангилах, активын эрсдэлийн сан байгуулж, зарцуулах журам-ын 1.3, 1.13, 2.1.1, 3.6.1, 4.7-д тус тус зохицуулсан.

Хариуцагч байгууллагаас нэхэмжлэгчийн зээлийн ангиллыг хийснийг холбогдох эрх бүхий этгээд болох ******* хүлээн авч, бүртгэсэн байх тул зээлийн ангиллыг буруу хийсэн буюу буруу зээлийн мэдээлэл нийлүүлсэн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй гэж шүүх дүгнэсэн нь нотлох баримтыг хуульд заасан журмаар үнэлсэн байхаас гадна дээрх хуулийн зохицуулалтыг зөв хэрэглэсэн байна.

5. Хариуцагч байгууллага нь нэхэмжлэгчид холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 63,656,036 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах сөрөг нэхэмжлэл гаргасан, үүнээс 10,000,000 төгрөгт холбогдох шаардлагаас татгалзаж, үлдсэнийг нэхэмжлэгч төлсөн үндэслэлээр нэхэмжлэлээсээ татгалзсаныг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүх нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон нь хуульд нийцсэн, энэ талаар хариуцагч байгууллага гомдол гаргаагүй.

6. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 192/ШШ2025/00789 дугаар  шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.  

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Э.ЗОЛЗАЯА

  ШҮҮГЧИД  М.БАЯСГАЛАН

Т.ГАНДИЙМАА