| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Загдаагийн Болдбаатар |
| Хэргийн индекс | 185/2019/0552/Э |
| Дугаар | 546 |
| Огноо | 2019-05-31 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | П.Ганбаатар |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 05 сарын 31 өдөр
Дугаар 546
2019 5 31 2019/ШЦТ/546
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж,
нарийн бичгийн дарга Д.Хандсүрэн,
улсын яллагч П.Ганбаатар,
шүүгдэгч А.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт А.Г холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1909017670505 дугаартай хэргийг 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1989 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 31 настай, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, “Тайгер Стийл” ХХК-д гагнуурчин ажилтай, ам бүл 3, эх, дүүгийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сум 6 дугаар баг Үндсэн тосгон 84 брак гудамж 01 тоотод оршин суух хаягтай, одоо Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо Тоосгоны 33 дугаар гудамжны 06-86а тоотод түр оршин суудаг, урьд ял шийтгэлгүй А.Г,
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Яллагдагч А.Г нь 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдрөөс 23-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо “Хоймор” төвийн орчим иргэн Б.Ариунтуяаг гэр бүлийн таарамжгүй харьцааны улмаас буюу хардан зодон эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, таславч мурийлт, 2 нүдний зовхинд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас А.Гыг 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдрөөс 23-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо “Хоймор” төвийн орчим иргэн Б.Ариунтуяаг гэр бүлийн таарамжгүй харьцааны улмаас буюу хардан зодон эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, таславч мурийлт, 2 нүдний зовхинд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, шүүгдэгчид холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллагдагчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналаа бичиж хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүх шүүгдэгч А.Гт холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5-д зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Шүүгдэгч А.Г нь 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдрөөс 23-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо “Хоймор” төвийн орчим иргэн Б.Ариунтуяаг гэр бүлийн таарамжгүй харьцааны улмаас буюу хардан зодон эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, таславч мурийлт, 2 нүдний зовхинд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь:
Хохирогч Б.Ариунтуяа “хамтран амьдрагч Ганбаатарын талаар мэдүүлэг өгөхөд татгалзах зүйлгүй, мэдүүлэг өгнө. 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдрөөс 23-нд шилжих шөнө Монгол 3 дугаар сургуулиас хамтран амьдрагч Ганбаатар машинтай ирж авсан. Тухайн үед би машины ар талын суудал дээр суугаад удаагүй байж байтал Ганбаатар надад хандаж чи энэ болтол намайг дууддаг хэн юм бэ гэж хэлээд надтай маргаан үүсгэж эхлээд миний гар утсыг булааж аваад бүх байгаа дугаар руу залгаж эхэлсэн. Ингээд би тэр залгасан хүмүүстэй нь яриад үүнээсээ үүдэж бид 2 бие биенийгээ хардсан маргаан болоод би Ганбаатарын нуруу руу 1-2 удаа цохисон. Дараа нь Ганбаатар намайг зөрүүлээд нүүр рүү гараараа маш хүчтэй 1 удаа цохисон. Тэгээд миний хамраас цус гараад цусаа арчаад цус тогтсон. Тэгээд би Ганбаатарт хандаж намайг гэрт хүргэж өг гэж хэлсэн чинь за гэж хэлээд гэрт хүргэж өгсөн. ...Одоо А.Гт гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй, бид хоорондоо эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэсэн мэдүүлэг /хх-8, 20/,
Хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээний ¹5277 тоот актын “…Б.Ариунтуяагийн биед хамар ясны хугарал, таславч мурийлт, 2 нүдний зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. ...Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. ...Шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...Хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт,
Шүүгдэгч А.Гын мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагчаар өгсөн “…би өмгөөлөгчгүй мэдүүлэг өгнө, Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Ариунтуяагийн хажуу талын суудал дээр суугаад чи яагаад ингээд байгаа юм бэ гэхэд Ариунтуяа чи надаас салах гэж байгаа гэл үү, чамайг хүн тоохгүй болгоод өгье гэж хэлээд самардаад байхаар нь би болиоч гээд баруун гараараа савж нүүрийг нь цохисон. Шүүх эмнэлгийн дүгнэлттэй би танилцсан, уг гэмтлийг би учруулсан, хүлээн зөвшөөрч байна …” гэсэн мэдүүлэг болон хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Шүүгдэгч А.Г нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн нь хуульд заасан шаардлагыг хангасан байгаагаас гадна шүүгдэгч А.Г нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан, прокуророос яллагдагчид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагч А.Гт танилцуулсан нь хуульд нийцсэн байна.
Иймд шүүх шүүгдэгч А.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын харгалзан шүүгдэгч А.Гт 500 нэгжээр торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч А.Г нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч А.Г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч А.Гт 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан А.Г нь торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг тайлбарласугай.
4.А.Г нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
5.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
6.Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7.Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол А.Гт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.БОЛДБААТАР