| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Самбуугийн Оюунчимэг |
| Хэргийн индекс | 102/2016/05697/И |
| Дугаар | 184/ШШ2016/00488 |
| Огноо | 2016-08-03 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 08 сарын 03 өдөр
Дугаар 184/ШШ2016/00488
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүргийн 5-р хороо, Баянголын 27-р гудамж 26 тоотод оршин суух, 61 настай, эрэгтэй, Боржигон овогт Цэвэлдамбын Энхтайваны нэхэмжлэлтэй,
хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч болохыг тогтоолгох тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Энхтайван, нарийн бичгийн дарга Б.Цэнд-Аюуш нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Ц.Энхтайван шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие 1955 онд Архангай аймгийн төвд 1955 онд төрсөн ба ээж Цэвэлдамбын нэрээр овоглосон юм. Намайг бага байхад миний аав, ээж хоёр салсан. Би том болоод өөрийн аавын нэрийг Дамдин гэдгийг мэдсэн. Ээжийг Цэвэлдамба гэдэг. Анх 18 нас хүрээд ажил хийж эхлэхдээ хөдөлмөрийн дэвтэрт аавын нэрээр овоглосон юм. Батлан хамгаалахын төв архиваас цэргийн лавлагаа авахад мөн л Дамдингаар гарсан.
Төрсөний гэрчилгээний лавлагаа нь Энхтайван биш Энхтуяагаар гараад байна. Яагаад Энхтуяа гэж бичснийг ойлгохгүй байна. Өндөр насны тэтгэвэр тогтоолгоход овог зөрүүтэй болоод өндөр насны тэтгэвэрт гарч чадахгүй байна. Хөдөлмөрийн дэвтэр дээр Дамдинхүүгийн Энхтайван гэсэн байгаа. Ингээд бүх баримтууд зөрөөд байгаа юм.
Иймд Дамдинхүүгийн Энхтайваны хөдөлмөрийн дэвтэрийн жинхэнэ эзэмшигч Цэвэлдамбын Энхтайван гэж тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Боржигон овогт Цэвэлдамбын Энхтайван нь хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргажээ.
Ц.Энхтайван нь 1972 оны 06 дугаар сарын 19-ний өдөр нээлгэсэн хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч болох нь нэхэмжлэгчийн тайлбар, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Иргэний баримтын архивын хэлтсийн 2015 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 102/003605 тоот төрсний бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэх, 58 тоот төрсний гэрчилгээ гэсэн баримтуудаар тогтоогдож байна.
Ц.Энхтайваны иргэний үнэмлэх дээр “ Цэвэлдамбын Энхтайван, 1955 оны 3 дугаар сарын 10-ны өдөр төрсөн” гэж, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Иргэний баримтын архивын хэлтсийн 2015 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 102/003605 тоот төрсний бүртгэлийн лавлагаанд “... эцэг Лувсангийн Дамдин, эх Данзангийн Цэвэлдамба, 1955 оны 3 дугаар сарын 10-ны өдөр төрсөн, Архангай аймгийн Цэцэрлэг сумын 58-т бүртгүүлсэн” гэж, 58 тоот төрсний гэрчилгээнд “Цэвэлдамбын Энхтайван, 1955 оны 3 дугаар сарын 10-ны өдөр Архангай аймагт төрсөн” гэж бичсэн байгаа нь Хөдөлмөрийн дэвтрийн “Дамдинхүүгийн Энхтайван, төрсөн он 1955” гэж бичсэнтэй харьцуулан дүгнэхэд эцэг, эхийн нэр, төрсөн он, сар, өдөр, төрсөн газар нь тохирч байна.
Мөн Улсын бүртгэлийн ерөнхий газрын Иргэний баримтын архивын хэлтсийн 2015 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 102/003605 тоот төрсний бүртгэлийн лавлагааны дээд талд эцэг Лувсангийн Дамдин, доод талд нь эцгийг Дамдинхүү гэсэн байгаа нь нэхэмжлэгчийн хөдөлмөрийн дэвтрийн эцгийн нэртэй, дээрх лавлагаанд төрснийг 58 дугаарт бүртгэсэн гэсэн байгаа нь нэхэмжлэгчийн төрсний гэрчилгээний дугаартай тохирч байгаа болно.
Иймд Ц.Энхтайваныг Дуурь бүжгийн Улсын театраас 1972 оны 6 дугаар сарын 19-ний өдөр олгогдсон хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-т зааснаар Дуурь бүжгийн Улсын театраас 1972 оны 6 дугаар сарын 19-ний өдөр олгогдсон хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь Боржигон овогт Цэвэлдамбын Энхтайван мөн болохыг тогтоосугай.
2.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба нэхэмжлэгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ОЮУНЧИМЭГ