Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 210/МА2025/00551

 

 

*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч Э.Золзаяа, Т.Гандиймаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 197/ШШ2025/01303 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч *******т холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 3,786,300 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Гандиймаа илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянан үзээд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 3,005,000 төгрөг, алданги 781,300 төгрөг нийт 3,786,300 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч зээлийн үлдэгдэл төлбөр төлөхийг зөвшөөрч, хүү, алданги шаардах эрхгүй гэж маргажээ.

3. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмаар үнэлж, дараах үйл баримтыг зөв тогтоосон. Үүнд:

3.1. Талууд 2024 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Зээлийн гэрээ-г байгуулж, гэрээгээр ******* нь 6,000,000 төгрөгийг, өдрийн 2 хувийн хүүтэй зээлдүүлэх, ******* нь тохирсон хугацаанд зээл, хүүгийн хамт төлөх үүргийг тус тус хүлээж, өдрийн төлөлт 120,000 төгрөг, зээлийг 7 хоногт 2 хувааж төлөхөөр харилцан тохирчээ. /хх-ийн 8-10 дугаар тал/

3.2. Дээрх гэрээний дагуу ******* нь 2024 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 6,000,000 төгрөгийг дансаар шилжүүлсэн, ******* зээлийн гэрээний үүрэгт нийт 4,840,000 төгрөг төлсөн, энэ талаар зохигч маргаагүй. /хх-ийн 11 дүгээр тал/

4. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж тодорхойлж, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар зөв дүгнэсэн. Харин зээлийн хүү шаардах эрхийн үндэслэлийн талаар дүгнэхдээ хэргийн нотлох баримтыг буруу үнэлсэн алдааг давж заалдах шатны шүүхээс залруулан дүгнэж, шийдлийг хэвээр үлдээх нь зүйтэй байна.

4.1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгөн хөрөнгийг шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээх бөгөөд зээлийн мөнгөн хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлдүүлэгчид зээлийг буцаан шаардах эрх үүснэ. Энэ талаарх шүүхийн дүгнэлт зөв болжээ.

4.2. Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт Байнга, ашиг олох зорилгоор олгох мөнгөн зээлийн үйл ажиллагааг энэ хуульд заасны дагуу эрх бүхий этгээдэд бүртгүүлсний үндсэн дээр Монгол Улсын иргэн эрхэлж болно гэж заасан.

Нэхэмжлэгч нь мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдээр бүртгүүлээгүй тул дээрх хуульд заасан журмаар хүү шаардах эрхгүй.

4.3. Харин Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт Нэг удаагийн шинжтэй, эсхүл ашиг олох зорилгогүй зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно гэжээ.

Талуудын байгуулсан гэрээний 2.2-т зээлийн хүү өдрийн 2 хувь гэж тогтоосон нь банк, банк бус санхүүгийн байгууллагаас хэрэглээний зээлийн хүүгийн хэмжээг сарын 1.5-1.8%-иар тогтоосон байгаатай /www.nso.mn/ харьцуулан үзэхэд илтэд өндөр тогтоогдсон байх тул дээрх гэрээг нэг удаагийн шинжтэй, ашиг олох зорилгогүй гэж дүгнэх үндэслэлгүй байна.

Иймд нэхэмжлэгч хуулийн дээрх зохицуулалтаар хүү шаардах эрхгүй байх боловч анхан шатны шүүх хүүгийн хэмжээг багасган өдрийн нэг хувиар тооцож, талуудын гэрээгээр тогтоосон зээлийн төлбөр төлөх хэмжээ, хугацааг үндэслэн гэрээний хугацаанд үндсэн зээл 6,000,000 төгрөг, хүүгийн төлбөрт 630,000 төгрөг нийт 6,630,000 төгрөг хариуцагч төлөх үүрэгтэй, үүнээс түүний төлсөн 4,840,000 төгрөгийг хасаж, зээлийн гэрээний үүрэгт 1,790,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэнд хариуцагч гомдол гаргаагүй байх тул энэ шийдлийг хэвээр үлдээх нь талуудын зарчимд нийцнэ.

4.4. Түүнчлэн, гэрээний 2.2.2-т нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээ 0.5 хувь гэж тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1, 232.6 дахь хэсэгт заасан алдангийн зохицуулалттай нийцэхгүй гэж шүүх дүгнэж, холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн, энэ талаар нэхэмжлэгч гомдол гаргаагүй.

5. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 197/ШШ2025/01303 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 33,710 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дугаар зүйлийн 7511.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх учир магадлалд хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД

 

ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА

 

Т.ГАНДИЙМАА